Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2017/0853

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А******* ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, *******-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг бүртгэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад төлбөр төлсөн тэмдэглэгээ хийхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, У.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Манай ХХК нь Хэнтий аймгийн Ц******* сумын нутагт байрлах Их зүүн нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр авч, ээлжит жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлсөн. Дээрх талбай дээрээ бүхэлд нь буюу 455.01 гектар талбайд хайгуулын ажлын үр дүнг танилцуулж, Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлт гаргуулсны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан.

Бид 455.01 гектар талбай дээрээ бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байсан ба хэдэн гектар талбайд ашиглалтын зөвшөөрөл олгох нь тодорхойгүй байсан учраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлөхөө түр хойшлуулж байсан. Гэтэл Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтэс бүхэлд нь ашиглалтын зөвшөөрөл олгох боломжгүй гэж дүгнэсний дагуу талбайн 154.56 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон юм.

Хайгуулын үлдсэн талбайн 300.45 гектар талбай дээрээ ээлжит жилийн төлбөрөө 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлж бүртгүүлэхээр өгсөн боловч бүртгэл хийхгүй байна. 2017 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдөр амралтын өдөр байсан болно. Хайгуулын талбайн ээлжит жилийн төлбөртэй холбоотой асуудал нь манай компанийн буруугаас болоогүй төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал. Иймд ХХК-ийн ХV-020222 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг бүртгэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, төлбөрийг бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлахдаа: ХХК-ийн ХV******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүртгэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад төлбөр төлсөн тэмдэглэгээ хийхийг даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дугаартай шийдвэрийн ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж бүртгэхийг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа.

Бид ашиглалтын өргөдөл гаргасан 455.1 гектар талбайдаа зургаа хийлгэж,

эрлийн маршрут гаргаж хайгуулын ажил хийж, 50.4 сая төгрөгийн зардал гаргаж тойрох хуудсаар зуруулсан. Тухайн талбайдаа хүрэхгүй бол тойрох зурагддаггүй. Хайгуулын ажлын тайлангийн хамгийн эхэнд байгаа тойрох хуудаст Санхүү, Уул уурхайн хэлтэс гээд бүгдээр нь гарын үсэг зуруулдаг. Аль нэг нь шаардлага хангагдаагүй нөхцөлд гарын үсэг зурдаггүй. Жишээ нь 455.1 гектар дээр 50 гаруй сая төгрөг зардал гаргасан ба энэ нь тухайн талбай бүхэлдээ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх нөхцөл нь бүрдсэн болоод тойрох хуудаст зурагдаж зөвшөөрөл олгогдож байгаа. Тиймд бидний зүгээс 455.1 гектар талбайн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрхтэй гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтэд *******-******* дугаартай 455.1 гектар талбай бүхий Их Зүүн нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр АВАД ХХК-д олгосны дагуу тус компани 2016 онд алтны шороон ордын хайгуулыг эрлийн маршрут 10 тууш километр, шурф нэвтрэлт 85 шурф, 215 тууш метр, шурфын сорьцлолт 377 метр, байр зүйн зураглал 455 гектар технологийн туршилт хайгуулын үндсэн ажлуудыг гүйцэтгэж, Жалга Их Зүүн алтны шороон ордын геологийн нөөцийг тогтоосон байна гэж бичсэн байгаа.

Бид ашиглалтын зөвшөөрөл хүсч өргөдөл өгөхөд тусгай зөвшөөрөл, хавсралтуудыг хавсарган Ашигт малтмал, газрын тосны газарт өгдөг. Тийм учраас ашиглалтын тусгай зөвшөөрлөө хүлээгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа үлдсэн талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн. Гэтэл төлбөр төлсөн талаар хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тэмдэглэл хийхгүй байгаа. Улмаар тусгай зөвшөөрөл цуцалсан. Иймд төлбөр төлөөгүй үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл цуцалсан нь үндэслэлгүй.

Бид анх очиж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх үедээ хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдаж болзошгүй талаар баталгаажуулж асууж, лавлаж байсан. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр солбицолд өөрчлөлт оруулснаас хойш төлбөр төлөх хугацаа нь болсон тул асууж лавласан. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн орой 17 цаг 30 минтуын орчим ашиглалтын тусгай зөвшөөрөл болон хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд, холбогдох бичиг баримтаа авч хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхөөр банкин дээр очих гэтэл ажлын цаг дууссан гээд чадаагүй, 6 дугаар сарын 19-ний өдрийн өглөө очиж төлбөрөө төлсөн. 2017 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдөр амралтын өдөр байсан. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт төлөх ёстой төлбөрөөс 3 хувийн алданги тооцон төлсөн. 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 7/3600 тоот тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг манайх хүлээж аваагүй. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ХХК-ийн нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсан хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн хоёр дахь жилийн төлбөрийг бүртгэж өгөхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг даалгах тухай, дахин 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 540 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Хэнтий аймгийн Ц******* сумын нутаг Их зүүн нэртэй 455.01 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг анх Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 330 дугаар шийдвэрээр " ХХК-д олгосон байна.

Тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй заалтын хүрээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бөгөөд Хэнтий аймгийн Ц******* сумын нутаг Их зүүн нэртэй 154.56 гектар бүхий талбайд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 326 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-020841 тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... Хайгуулын талбай дээрээ буюу бүхэлд нь /455.01/ хайгуулын ажлын үр дүнг танилцуулж ЭБМЗ дүгнэлт гаргуулсны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан. Бид талбайн 445.01 гектар дээрээ бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авна гэж өргөдөл гаргасан байсан ба хэдэн гекгар талбайд ашиглалт олгох нь тодорхойгүй байсан учраас хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөхөө түр хойшлуулж байсан. Гэтэл Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтэс нь бүхэлд нь ашиглалт олгох боломжгүй гэж дүгнэсний дагуу талбайн 154.56 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон юм. Хайгуулын талбайн 300.45 га талбай дээрээ ээлжит жилийн төлбөрөө 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нийт 87,135 төгрөг төлж бүртгүүлэхээр өгсөн боловч бүртгэл хийхгүй байна гэж бичсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө заасан хугацаанд хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайнхаа ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний дотор төлөх үүрэгтэй болохыг нэхэмжлэгч компаниас гаргасан 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 013 тоотын хариу болгож Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1/4702 тоотоор, мөн тус компанийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 21 тоотын хариу болгож 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/5994 тоотоор тус тус хариу өгч байсан.

Хэдийгээр нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх... заалтыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-д үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах заасан чиг үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд хураан авч бүртгэх боломжтой юм.

Гэтэл нэхэмжлэгч дээр дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийнхөө төлбөр төлөх хугацааг хэзээ, хэдэн төгрөгийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн мэдэж байсан байна. Улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанчлан ... хайгуулын талбайн ээлжит жилийн төлбөртэй холбоотой асуудал нь манай компанийн буруугаас болоогүй төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж буй нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 7/3600 албан тоотоор хүргүүлсэн бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалж улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 7/6368 тоотоор хүргүүлсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хурал дээр нэмж гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлбөрөө төлсөн байх ёстой. Тухайн өргөдөл гаргаж буй компани хэдий хэмжээний талбайд өргөдөл гаргасан түүнийг бүртгэж авдаг. Тэгээд дотоод хяналтын хуудсаар хянагдаж Уул, уурхайн хэлтэст хяналт тавьж ямар нэгэн байдлаар шаардлага хангахгүй бол манайхруу буцаадаг. Өөрөөр хэлбэл гаргасан өргөдлийг хүлээн аваад хянах явцад тухайн хэмжээнд ашиглах зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг судалж үздэг.

Шинжээч зөвхөн дүгнэлт гаргадаг. Түүнээс биш ямар хэмжээгээр, аль талбайд ашиглалтын зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах талаар заадаггүй. Зөвхөн хайгуулын ажил хийсэн тухай болон нөөц тогтоох боломжтой тухай л дурдсан байгаа болохоос хэмжээний талаар огт байхгүй. Хэмжээний асуудлыг Уул, уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэс нь холбогдох журмын дагуу хянаж, шалгасан байдаг.

Нэхэмжлэгчээс өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхайн судалгааны хэлтэс нь хуульд заасан чиг үүргийн хувьд уг өргөдлийг хянан үзэж уг талбайд бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, солбицолд өөрчлөлт оруулах ёстой гэж мэдэгдсэн бөгөөд бид энэ хүрээнд хяналт тавьж, ашиглалтын зөвшөөрөл олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан зохицуулалтын хүрээнд 154.56 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаар шийдвэрээр ашиглалтын 20841 дугаартай тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилж төлөх талаар тодорхой заасан. Гэтэл энэ нь 87.135 төгрөгийн төлбөрийн асуудал байсан бөгөөд нэхэмжлэгч компани төлбөр төлөх ёстой талаар мэдэж байсан хирнээ хуульд заасан журмын дагуу үүргээ биелүүлж төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч компаниас энэ талаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 13 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан бөгөөд түүний хариуд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, холбогдох журмын дагуу төлбөрөө төлсөн байх ёстой бөгөөд өргөдөл гаргасан компани болон захиргааны байгууллагууд биелүүлэх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 30 хоногийн 3 хувиар тооцож, төлөх ёстой үнийн дүн буюу 87135 төгрөгийг 0,3 хувиар үржүүлээд дахин 30 хоногоор үржүүлж алдангийг тооцдог. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусахаар байсан. Үүнээс хойш 30 хоногийн хугацаанд буюу 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор алданги төлөх үүрэгтэй байсан талаар тоотоор хариу өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу ХХК-д 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 7/3600 тоот цуцлах талаарх мэдэгдлийг Кадастрын хэлтэст бүртгэлтэй тухайн аж ахуйн нэгжийн албан ёсны хаягаар явуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Гэрчээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ашиглалт, шилжүүлэлтийн тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Ц.Баатарбилэг мэдүүлэхдээ: Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдлөө өгч байх үед би томилолттой байсан. Миний ажлыг орлон хийж байсан н.Наранцацралт гэж хүн мэдэж байгаа байх. Өөрчлөлтөд дахин өргөдөл гаргадаггүй. Тухайн үед Уул, уурхайн хэлтсээс нөөцийн хэмжээнд тааруулж талбайн солбицолд өөрчлөлт оруулах шаардлага тавьсны дагуу нэхэмжлэгч компаниас өөрчлөлт оруулах тухай албан бичиг авдаг. Түүнийг үндэслэн манай байгууллагын зураг зүйн мэргэжилтэн анх ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн солбицолд өөрчлөлт оруулсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч солбицлоо өөрсдөө өөрчилж ирдэг. Анх 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 455 га талбайн хэмжээгээр кадастрын зураг хийлгээд манай байгууллагад албан ёсоор авч ирж бүртгүүлээд кадастрын системд бүртгүүлж дугаар авч бүртгэдэг бөгөөд тухайн үед н.Наранцацралт гэх хүн уг өргөдлийг хүлээж авсан гарын үсэг байна.

Албан бичгийг үндэслэн К2 маягтыг шинээр гаргаж буй талбайд шинэчлэн бүртгэдэг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тухайн компаниас шилжүүлж гаргуулж авдаг. Түүнийг би хүлээн авч зураг зүйн мэргэжилтэнд шилжүүлдэг. Харин зураг зүйн мэргэжилтэн компаниас ирсэн солбицол зураг, албан бичгийн дагуу ашиглалт хүссэн өргөдлийн анх хүссэн солбицлоос нь боломжит солбицолд өөрчлөлт оруулдаг.

ХХК-иас ирж уулзаж энэ талаар асууж байсан талаар санахгүй байна. Уг нь Ашиглалтын тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан өдөр л бүх зүйл тодорхой болж хэдэн төгрөг төлөхөө мэдэх боломжтой байсан. Миний ажил ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуульд заасан бичиг баримтын бүрдэл хэсгийг шалгаж түүний дагуу системд бүртгэж, хяналтын хуудас нээж, дотоод хяналтын хуудасны жагсаалтын дагуу тус бүрийн мэргэжилтэнд өгч хянуулдаг. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, *******-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг бүртгэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад төлбөр төлсөн тэмдэглэгээ хийхийг даалгах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хайгуулын зөвшөөрөлтэй талбайдаа бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн байсан, хэдий хэмжээний талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох нь тодорхойгүй байснаас хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй байсан, ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад үлдсэн талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн байхад тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэл хийхээс татгалзаж улмаар тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөөгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

Харин хариуцагч хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайнхаа ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний дотор, алдангийг 6 дугаар сарын 11-ний дотор төлөх үүрэгтэй, хугацаандаа төлбөр, алдангийг төлөөгүй тул цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж, хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж тайлбарлажээ.

Талуудын тайлбар, хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 330 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Ц******* сумын нутагт Жалга-Их зүүн нэртэй 455.01 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг " ХХК-д анх 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон байна.

" ХХК-ийн уг талбайдаа 2016 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд ХХ-04-06 дугаартай дүгнэлтээр Жалга-Их зүүн алтны шороон ордод 2016 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах алтны геологийн бодитой нөөцийг ... зохиогчийн тооцоолсон хувилбараар хүлээн авч, хүлээн авсан алтны геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн, улмаар уг дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Н/23 дугаар тушаалаар ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах Жалга-Их зүүн алтны шороон ордын нөөцийг хүлээн авсан байна.

Хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч " ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн 455.01 гектар талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч уул уурхайн шинэ ашиглалтын талбайн кадастрын зураг, холбогдох баримтуудыг хавсарган өргөдөл гаргасан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар өргөдлийг хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зураг зүйн шүүлт хийж, ахлах мэргэжилтэн талбай том тайлбар авах, солбицолд өөрчлөлт оруулах гэж 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч буй талбайн хэмжээг 154.6 гектар болгон багасган ашиглалтын зөвшөөрөл хүссэн талбайн зураг солбицолд өөрчлөлт оруулан дахин хүргүүлсэн, хариуцагч байгууллага талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан материалыг хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зураг зүйн шүүлт, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эрх зүйн шүүлт хийж, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 326 дугаар шийдвэрээр Их зүүн нэртэй 154.6 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-020841 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгож, ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай 154.6 гектараар багасч 300.45 гектар болж өөрчлөгдсөн-ийг бүртгэжээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч " ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хайгуулын зөвшөөрөлтэй үлдсэн 300.45 гектар талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 87.135 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсний алданги 8.000 төгрөгийг тус тус төлсөн байх боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийн хавсралтад төлбөр төлснийг бүртгэхээс татгалзаж, улмаар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ талаар мэдэгдэл хүргүүлжээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч " ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон MV-020841 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болон ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтууд дээр тусгай зөвшөөрөл, 1, 2 дугаар хавсралт, кадастрын зургийн хамт хүлээн авсан болохоо тэмдэглэсэн, хайгуулын зөвшөөрөлтэй үлдсэн 300.45 гектар талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 87.135 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөнөөс үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 455.01 гектар талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн байсан, хэдий хэмжээний талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох нь тодорхойгүй байснаас хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг тооцож төлөх боломжгүй байсан, 06 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад дараагийн ажлын өдөр нь үлдсэн 300.45 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлсөн гэж тайлбарлах нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэйн дээр тухайн талбайд 2016 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авч дүгнэлт гаргасан, дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын шийдвэрээр нөөцийг хүлээн авсан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт болон нөөц хүлээн авсан шийдвэрт нөөц тогтоогдсон талбайн хэмжээг заагаагүй, хайгуулын ажлын тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтэд мөн л хийгдсэн хайгуулын ажлын тоо хэмжээ, хайгуулын ажлаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийг тогтоосноос биш ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломжтой талбайн хэмжээг заагаагүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг буруутгахгүй.

Түүнчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зураг зүйн шүүлт хийж талбайн хэмжээ, солбицолд өөрчлөлт оруулж кадастрын зургийг хийлгэсний эцэст дахин зураг зүйн болон эрх зүйн шүүлт хийж, тодорхой хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, үүний дараагаар үлдсэн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ногдох тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг, мөн хугацаа хэтрүүлсний алдангийг төлсөн байх тул хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан жил бүр урьдчилан төлөх тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн хэмжээг мөн зүйлийн 34.3-т зааснаар уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэн мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-т зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хамааран гектар тутамд өөр үнийн дүнгээр тооцон төлөх тул ашиглалтын зөвшөөрөл олгогдсоны дараа хайгуулын зөвшөөрөлтэй үлдсэн 300.45 гектар талбайн хэмжээгээр тооцож төлсөн нь хуульд нийцсэн байна.

Тодруулбал дээр дүгнэснээр хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг үүсэх үед тухайн талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан, уг өргөдлийг шийдвэрлэсэн төрийн захиргааны байгууллага 154.6 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-020841 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосныг үндэслэн ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай 154.6 гектараар багасч 300.45 гектар болж өөрчлөгдсөн-ийг бүртгэсэн, энэ хэмжээгээр хайгуулын талбайг тооцон урьдчилан төлөх буюу 2017-2018 онд хийгдэх хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлсөн, ийнхүү ашиглалтын зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэгдэх хүртэл энэ хугацаанд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алдангийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т зааснаар төлсөн байна.

Тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудаст 2017 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдөр 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 87.135 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн талаар эрх бүхий этгээд тэмдэглэл үйлдсэн хэдий ч ийнхүү хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлэн төлсөн шалтгаан нөхцлийн талаар тодруулалгүй, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шүүлт хийж 6 дугаар сарын 06-ны өдөр талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 06 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан хайгуулын талбайн зарим хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй үлдэх талбайн хэмжээ солбицлыг хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэж өгсөн атлаа 05 дугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх байсан, энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж MV-020841 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгохдоо ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хайгуулын тусгай зөвшөөрлөөс шинээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай 154.6 гектараар багасч 300.45 гектар болж өөрчлөгдсөн гэж тэмдэглэсэн хавсралтын хамт тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэн өгсөн, өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөх талбайн хэмжээний өөрчлөлтийг хариуцагч байгууллага 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хийж, тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хэмжээгээр төлбөрийг төлсөн байхад тус компанийн 2017 оны 06 дугаар сарын 20, 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан төлбөрийг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн татгалзсан нь үндэслэлгүй байна.

Ийнхүү тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр А******* ХХК-ийн *******-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр, түүнчлэн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлөгдсөн хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөгдсөнийг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д зааснаар сэргээж, хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс үргэлжлүүлэн тооцохыг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөнийг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, *******-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг бүртгэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, *******-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг, хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад төлбөр төлсөн тэмдэглэгээ хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэлээ.

Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж буй ч хариуцагчийн шийдвэрийг илтэд хууль бус гэж буруутгаагүй тул хариуцагч төсвийн байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулаагүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнээс хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ гэж зааснаар хариуцагч байгууллага 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 7/3600 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч А******* ХХК-д энэ талаар мэдэгдэл хүргүүлсэн нь тус байгууллагын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээж аваагүй хэмээн тайлбарладаг ч үүнийгээ нотлоогүйг, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч хаягийн өөрчлөлтөө төрийн захиргааны байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан А******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, *******-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөр төлснийг бүртгэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, *******-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүртгэж, хавсралтад тэмдэглэгээ хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА