Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
Хэргийн индекс | 101/2023/00437/И |
Дугаар | 101/ШШ2024/01754 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2024/01754
2024 04 02 101/ШШ2024/01754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.А-д холбогдох,
24,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч,
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Хариуцагч Ж.А нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Б.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Б.У нь 2022 оны 5 дугаар сарын дундуур иргэн Ж.Атай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний ноос ноолуур угаах үйлдвэрт 258 кг ноолуурыг тухайн үеийн ханш 31,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон юм.
Тухайн үед Ж.А нь өөрийн 5 тонн ноолуур байгаа хамтад зараад өгье, 1 кг ноолуурыг 120,000 төгрөгөөр зарж борлуулахаар тохиролцсон бөгөөд зараад өгвөл 1 кг тутамд 5,000 төгрөг өгөхөөр ярилцсан.
Гэтэл мөнгөө ч өгөхгүй, ноолуур ч өгөөгүй байгаа билээ. Иргэн Ж.Агаас 258 кг ноолуурын үнэ болох 31,000,000 төгрөгийг шаардахаар чиний ноолуурыг 1 кг-ийг нь 98,000 төгрөгөөр зарсан. Би өгөх боломжгүй гэдэг хариу өгдөг.
Ж.Ад холбогдуулан цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, иргэний шүүхийн шийдэх маргаан гэж шийдвэрлэсэн. Уг тогтоолд дурдсанаар тэрээр Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ 258 кг ноолуурыг хүлээлгэж өгсөн, цааш нь худалдсан гэдгээ тодорхой хэлсэн байдаг.
Анх ноолуурыг Ж.Агийн агуулах доторх жин дээр хэмжээд 258 кг-ийг түүнд хүлээлгэж өгсөн. Тэгээд н.Г, н.Б гэдэг 2 хүнийг дагуулж ирээд агуулахад байсан ноолуурын чанарыг үзэж, ялгалт хийсэн. Тэдний агуулахад 800-900 кг ноолуур байсан бөгөөд ноолуур нь тухайн үедээ чанарын шаардлага хангасан буюу тоос шороо, хялгас багатай байсан.
Тэгээд Дундговь аймгаас ирсэн ноолуур шаардлага хангахгүй байсан учраас бүтэн өдөржин ноолуурыг ялгахад анхны үзүүлсэн ноолуурын дээжээс өөр байсан учир цааш нь 5 тонныг нийлүүлэх гэж байсан компани руугаа боломжгүй гэдгээ н.Б, н.Г 2 хэлчихээд явсан. Тэгээд 258 кг ноолуураа буцааж авъя гэтэл Ж.А тухайн үедээ нэг хятад хүнтэй хамт ирчихээд өгөхгүй гээд өгөөгүй.
Үүнээс хойш ноолуураа авъя гэж удаа дараа шаардаж байсан боловч би танай ноолуурыг цааш нь зарчихсан, ноолуурын үнэ буучихсан, өгөхгүй гээд өнөөдрийг хүргэсэн. Тийм учраас Ж.Агийн ноос ноолуурын агуулахад 258 кг ноолуурыг хүлээлгэж өгсөн нь үнэн, мөн буцааж аваагүй гэдэгт Ж.А маргадаггүй, үүнийг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй.
2023.05.18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар талд хариуцагчийн:Би цагдаа дээр авсан гэдгээ хэлсэн. Би ноолуур манайд ирэхийг бол мэдсэн. Тэрийгээ би цагдаад хэлсэн. Би надтай урьд өдөр нь яриад, 258 кг ноолуур хөдөөнөөс ирсэн танай агуулахад хүлээлгэж өгье гэдэг асуудлыг яриад, би өглөө нь авчирч өгнө гэдэг байдлаар хандаад, хүлээж авсан гэсэн тайлбар өгсөн байдаг.
Хариуцагчийн ирүүлсэн С ХХК-ийн баримт, Ж.Эийн тайлбар зэргээс үзэхэд Ж.Э нь С ХХК-д 5347 кг ноолуурыг, кг-ийг 98,000 төгрөг, нийт 547,000,000 төгрөгөөр ноолуурыг зарчихсан болох нь тогтоогдож байдаг бөгөөд энэ ноолуур дотор нь Б.Уын ноолуур хамт байсан.
Мөн хэргийн 64-65 дугаар талд Ж.Эийн тайлбарт:Дундговь аймгаас н.Боос ирсэн 2080кг ноолуур, миний 1100 кг, мөн 1500 кг ноолуур, үүн дээр илүү 258 кг ноолуурыг худалдахаар өгсөн гэж дурдсан байдаг. Энэ тайлбарыг бичиж өгсөн Ж.Э бол хариуцагч Ж.Агийн дүү бөгөөд ашиг сонирхол нэг улс бөгөөд нэг нь хөдөөгөөс зуучилдаг, нэг нь ноолуурынхаа угаах үйлдвэрээр дамжуулж зардаг юм.
Тэгэхээр талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн биш харин Ж.А нь 258 кг ноолуурыг авсан мөртлөө буцааж өгөхгүй байгааг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна.
Ер нь бол Ж.Агаас авсан 5 тонн ноолуур дээр 258 кг ноолуураа нэмээд, 5258 кг болгоод цааш нь н.Б гэдэг хүний үйлдвэрт зарах зорилготой байсан. Тэгээд мөнгө нь цаад үйлдвэрээс ирэхээр мөнгийг Ж.Агаар дамжуулж авах байсан. Үүнээс өөрөөр Ж.Ад ноолуурыг худалдсан явдал биш юм.
Нөгөө талаас хэргийн 65 дугаар талд н.Э гэдэг хүний тайлбар дотор Дундговь аймгаас н.Боос ирсэн 2080кг ноолуур, миний 1100 кг, мөн 1500 кг ноолуур, үүн дээр илүү 258 кг ноолуурыг худалдахаар өгсөн гэж дурдсан байдаг. Энэ Ж.Э нь Ж.Агийн дүү бөгөөд ашиг сонирхол нэгдмэл, нэг нь хөдөөнөөс зуучилдаг, нэг нь ноолуурынхаа угаах үйлдвэрээр дамжуулж ноолуураа зардаг.
Тухайн үед анх зах зээлийн ханш 1кг ноолуур нь 120,000 төгрөг байсан учраас энэ ханшаар тооцож 31,000,000 төгрөг нэхэмжилсэн, энэ дүнгээр бодоход 30,960,000 төгрөг байх ёстой.
Нэхэмжлэлийн шаардлагыг Ж.Агийн дээр дурдсан шүүх хуралдаан дээр өгсөн тайлбар, мөн Прокурорын тогтоол дээрх мэдүүлэг, хэргийн 64-68 талд авагдсан Ж.Эийн тайлбар, гэрч н.Г, н.Б нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг баримтууд нотолно.
Дээрх Ж.Эийн тайлбарт 1 кг ноолуурыг 95,000 төгрөгөөр худалдсан гэж байгаа учир 258 кг ноолуурын үнэ 24,510,000 төгрөг болж байх тул үүгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж байна.
Иймд хариуцагч Ж.Агаас 258 кг ноолуурын үнэ болох 24,510,000 төгрөгийг гаргуулж нэхмжлэгч Б.Ут олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Ж.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ч.А нь татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Ж.А миний бие нь Б.Уын ноолуурыг зарж борлуулахаар ямар ч тохиролцсон зүйл байхгүй, нэхэмжлэгч Б.У нь намайг Цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан бөгөөд түүний гомдол худал гэдэг нь нотлогдож, тогтоогдсон тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл мөн адил иргэний хэргийн шүүхэд үндэслэлгүй худал зүйл бичиж, мөнгө нэхэмжилж хууль хяналтын байгууллагад хүндрэл учруулж байна. Б.У нь тухайн үед миний 5 тонн ноолуурыг 120,000 төгрөгөөр зарж кг тутмаас 5,000 төгрөг авна гэж тохирсон. Б.У нь 2022.05.06-нд хүмүүсээ дагуулан ирж ноолуураа үзэн тохиролцоод 2022.05.09 болон 2022.05.10-нд ноолуураа ангилж ялган эхэлсэн боловч 2022.05.11-15-ны өдрүүдэд ирээгүй. Энэ хооронд ноолуурын ханш унаж дээрх ноолуурыг С ХХК-д кг тутмыг 98,000 төгрөгөөр борлуулж нийт 85,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байх ба харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явц нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлж байгаа юм байна.
Гэвч Ж.А нь бусдын хөрөнгийг хууль бусаар олж авсан зүйл байхгүй, ийнхүү хууль бусаар олж авсны үндсэн дээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг зөвшөөрөхгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.У нь 258 кг ноолуурыг өөрийнхөө эхнэрийн ажилладаг компанид зарах зорилготой, гэхдээ тэрээр энэ ноолуурыг өөрийнх гэдгийг мэдэгдэх сонирхолгүй, зөвхөн тэр 5 тонн ноолуур дунд багтаагаад зарах зорилготой байсан нь тогтоогддог.
Үүнээс үзэхэд Б.У нь ямар ч байсан агуулахад ноолуур авчирсан гэдэг үйл баримт байгаа боловч 258 кг болох нь огт тогтоогдохгүй, яг хэдэн килограмм байсан нь мэдэгдэхгүй, үүнийгээ нотолсон баримт байхгүй. Түүнээс гадна н.Г гэдэг хүний гэрчийн мэдүүлэг яригддаг, тэрээр нэхэмжлэгчийн эхнэр, тэрээр хуульд заасны дагуу гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзэж байна.
Мөн цагдаагийн байгууллагад Ж.А нь ноолуураа аваарай гэснээс бусдад худалдана гэж хэлээгүй байдаг. Түүнээс гадна 258 кг ноолуурыг хүлээлгэж өгсөн гэдэг баримт байхгүй, түүнд ноолуурыг хүлээн авсан гэж зарлагын баримт гэж үйлдэж өгсөн баримт байдаггүй.
Түүнчлэн ноолуурын үнийг яаж хэрхэн тодорхойлоод байгаа нь баримтгүй, 120,000 төгрөг, 98,000 төгрөг, 95,000 төгрөг гэдэг тодорхойгүй, Ж.Эийн тайлбарт дурдсан үнэ хүртэл эргэлзээтэй. Ер нь бол үнэ хэд байсан талаарх нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадахгүй байхаас гадна баримтаар нотлохгүй байна.
Хариуцагчаас Ж.Эийн тайлбарыг гаргаж өгсөн шалтгаан нь тэрээр ноолуурыг худалдсан, гэхдээ тэрээр өөрийнхөө ноолуурыг бусдад худалдсан болохыг нотлох зорилгоор гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Б.У ер нь ноолуурыг Ж.Ад биш, харин тэр агуулах дотор байсан хүнд хүлээлгэж өгсөн, гэвч ноолуурыг хүлээж авсан хүн хэн нь тодорхойгүй байдаг. Тэр агуулах дотор байсан ноолуур бол Ж.Агийнх биш, Ж.Эийн ноолуур байсан.
Иймд Б.Уын 258 кг ноолуурыг Ж.А хүлээж авсан, ийнхүү хүлээж авсан ноолуураа бусдад худалдаад үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. /хх 12-13/
3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 88888888 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, Б.Уын 2022.09.25-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт гаргасан гомдлын хуулбар, 2022.10.19-ний өдөр Н.Бт олгосон итгэмжлэл, Б.У болон өмгөөлөгч Ж.Ч нарын хооронд байгуулагдсан хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Уаас 2024.04.01-ний өдөр Ж.Чд олгосон итгэмжлэл/хх 1-6, 97, 146/,
3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Ж.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Ж.А болон өмгөөлөгч Д.Г нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, С ХХК санхүү бүртгэлийн албаны Тооцооны үлдэгдлийн баталгаа, шилжүүлгийн мэдээлэл гэх нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар баримт, Ж.А болон өмгөөлөгч Ч.А нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалаа үзүүлэх гэрээ, Ж.Э гэх хүний 2023.05.09 огноотой, тус шүүхэд хаягласан, нотариатаар гэрчлүүлсэн тайлбар, Ж.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дундговь аймгийн тойргийн нотариатч Г.Мын үйлдсэн 2023.05.12-ны өдрийн 0087 дугаартай Гарын үсэг гэрчилсэн тухай баримт, гарын үсгийн бүртгэлийн хуудасны хуулбар /хх 9,12-13, 36-37,46-51,64-68/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокуроын газрын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 88888888 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, гэрч М.Б, Д.Г нарт хууль сануулсан баримт, 2023.05.16-ны өдрийн шүүх хуралдааны явцад тэднийг гэрчээр асуусан зүйлийн тэмдэглэл /хх 21-23,74-75,79-86/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ж.Ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн 24,510,000 төгрөг гаргуулах тухай болгож, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.
2. Хариуцагч нь агуулахад байсан бусдын ноолууртай Б.Уын ноолуур холилдсон, тэрээр 258 кг ноолуурыг хүлээлгэж өгөөгүй, ийм хэмжээний ноолуур хүлээж аваагүй байтал ноолуурыг бусдад худалдаж, өөртөө ашиг олж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч нь 2022 оны 5 сард Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж.Агийн ноос ноолуур угаах үйлдвэрийн агуулахад 258 кг ноолуурыг хүлээлгэн өгсөн боловч тэрээр ноолуурыг буцаан өгөөгүй тул ноолуурын үнийг буцаан шаардсан гэж тайлбарласан.
4.1. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022.07.26-ны өдрийн 88888888 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбар, гэрч Ц.Б, Д.Г нарын мэдүүлэг, хариуцагчаас ирүүлсэн Ж.Эийн тайлбар, С ХХК-ийн баримт нотолно гэжээ.
5. Талууд 2022 оны 5 сард хариуцагч Ж.Агийн ноос ноолуур угаадаг үйлдвэрийн агуулахад нэхэмжлэгч Б.Уын ноолуур ирсэн үйл баримтын талаар маргаагүй боловч ноолуур хүлээлгэн өгсөн эсэх, ноолуурын хэмжээ, түүний үнийн талаар маргасан.
6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 88888888 дугаар тогтоолд авагдсан Ж.Агийн мэдүүлэгт Б.Уын ноолуур ирснийг үгүйсгээгүй боловч хичнээн хэмжээний ноолуур гэдэг тодорхой тусгагдаагүй байна. /хх 22-23/
6.2. Гэрч Д.Г нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд : ...258 кг гэдгийг жин дээр тавьж хэмжсэн. ...Гарын үсэгтэй баримт миний утсанд байгаа...баримтыг падаан дээр үйлдсэн...Гарын үсэгтэй баримт байгаад байгаа. Хэний гарын үсэг гэдгийг мэдэхгүй. ...Ж.Агийн түүхий эдийг хариуцаад складанд нь зогсож байсан хоёр ажилчин нь хүлээж авсан. ... гэж мэдүүлсэн боловч энэхүү мэдүүлэгт дурдсан зарлагын баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болно. /хх 75-83/
6.3. Гэрч Ц.Б нь : ...5 тонн ноолуураас гадна Б.У ноолуур байгаа хамт өгнө гэж хэлж байсан.... Б.У үйлдвэр рүү оруулж тавьсан эсэхийг би мэдээгүй. Тэр агуулахад тавьсан эсэхийг агуулах хариуцаж байгаа хүмүүс мэдэж байгаа. Би тэр агуулахад байсныг мэдээгүй, байгаад холилдсон эсэхийг ч мэдээгүй. Ямар ч гэсэн ноолуур авах гэж байгаад цуцалсан.... гэж мэдүүлсэн. /хх 84-86/
6.4. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 33333333 дугаар захирамжаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Ж.Эээс нотлох баримт гаргуулах, түүнийг гэрчээр асуулгах, түүний Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан байх тул түүний тайлбарыг нэг талын баримт гэж үзэх учир 1 кг ноолуурын үнэ 95,000 төгрөг гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. /хх 131-132/
6.5. Мөн хариуцагчаас ирүүлсэн, хэргийн 46-50 талд авагдсан С ХХК-ийн санхүү бүртгэлийн албаны гэх тооцооны үлдэгдлийн баталгаа, шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангахгүй байх тул уг баримтуудыг шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хассан болохыг дурдах нь зүйтэй. /хх 46-49/
7. Дээр дурдсан эдгээр баримтыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь 258 кг ноолуурыг хариуцагч Ж.Агийн ноос ноолуур угаах үйлдвэрийн агуулахад хүлээлгэж өгсөн гэх, өөрөөр хэлбэл 1 кг нь 95,000 төгрөгийн үнэ бүхий нийт 24,510,000 төгрөгийн, 258 кг ноолуурыг хариуцагч түүнд буцаан өгөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.
Үүнээс үзэхэд, талуудын хооронд ямар нэг үүрэг үүссэн эсэх, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан эсэх нь тогтоогдох учиртай.
9. Зохигчийн тайлбар, тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд үндэслэлгүй хөрөнгө олж авсан этгээд нь хариуцагч Ж.А гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл 24,510,000 төгрөгний үнэ бүхий, 258 кг ноолуурыг, нэхэмжлэгч Б.Уаас хүлээн авсан гэх баримтгүй, өөрөөр хэлбэл түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан байдал нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.
10. Иймд хариуцагч Ж.Ад холбогдох, 24,510,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан, хариуцагч Ж.Ад холбогдох, 24,510,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ