Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2017/0578

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0578

Улаанбаатар хот

 

А.Бумчумаагийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч А.Бумчумаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0517 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Бумчумаагийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0517 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Бумчумаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Бумчумааг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан А.Бумчумаагийн ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлснөөс зохих татвар суутгалыг хийж тэтгэмжид олгосон 3 678 924 төгрөгийг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бумчумаа нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Иргэн А.Бумчумаа нь Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12, Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэж баталгаажуулах шаардлага бүхий тушаалыг хүчингүй болгох, хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Нэхэмжлэл гаргагч А.Бумчумаа нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргаар томилогдсон бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-д зааснаар бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд шүүхийн шийдвэр гарсан үед бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон байна.

Шүүх энэхүү хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0517 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч А.Бумчумаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэж баталгаажуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Ц.Чинзоригтыг 10 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Ц.Чинзоригтыг 10 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...А.Бумчумаа нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргаар томилогдсон бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т зааснаар бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд шүүхийн шийдвэр гарсан үед бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон байна” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар “4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, хорооны 2016 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээгээр “хангалтгүй” дүгнэгдсэн” гэсэн үндэслэлээр А.Бумчумааг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол огцруулах саналыг хүргүүлэхээр, 32.4-д дээд шатны Засаг дарга хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэхээр заасан бөгөөд хариуцагч А.Бумчумааг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргаас огцруулах тухай саналаа тус хорооны иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлээгүй дээрх хуулийн зүйл, заалтыг зөрчсөн байна.

Энэ талаар анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “шүүхийн шийдвэр гарах үед бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР