Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 43

 

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:114/2016/0050/3

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4/2 дугаар байрны ******* тоотод оршин суух, Ашабагад овгийн  *******гийн *******ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын З.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

                   Нэхэмжлэгч З.*******

                   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд

                   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ:- Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч намайг нэрийн жагсаалтаас хассан тухай Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ий өдрийн 11 дугаартай тогтоолтой танилцаад эс зөвшөөрч, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д “Орон нутгийн хурлын сонгуультай холбогдуулан тухайн шатны сонгуулийн хооронд холбогдох маргааныг тухайн сонгуулийн хороо байрлаж байгаа нутаг дэвсгэрийн захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан дараах үнэдслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Нэр  дэвшигч  З.*******  миний  бие  нь  Сонгуулийн  тухай  хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д “ банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байна” 154.3.2-д “ Албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх”, 15.3.3-д “ Нэр дэвшигч нь аль нэг компаний 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх” гэж заасан нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа тул орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.5-д “Энэ хуульд заасан өр төлбөргүй тухай нэр дэвшигчийн мэдүүлэг”-ийг үнэн зөв бөглөж өгсөн ийнхүү үнэн зөв мэдүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.6-д “ нэр дэвшигчийн энэ хуульд заасан өр төлбөрийг нотолсон татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт” гэж заасны дагуу тус Сонгуулийн хороонд 2016 оны 5 дугаар сарын 12–ны өдөр миний бүрдүүлж, ирүүлсэн материалд авагдсан Татварын болон ШШГА-ны тодорхойлолтоор нотлогдох ба дээрх баримтуудыг үндэслэн нэр дэвшигчээр тухайн өдөр бүртгэсэн.

Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасан хугацаанд бүртгэхээс өмнө надтай нэг тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа Б.Ганпүрэвийн гаргасан өргөдлийн дагуу намайг өр төлбөртэй эсэх асуудлыг аймгийн Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тул намайг нэр дэвшигчээр бүртгэсэн. Гэтэл нэр дэвшигчийг бүртгэсний дараа намайг хуульд заасан үндэслэлгүйгээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан байна.

Тухайлбал: Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар “Нэхэмжлэгч ХХБ-ны Дархан салбарт 564,721,895.96 төгрөгийг төлөх, төлөхгүй бол барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн тухай” Элит хөгжил ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэрт заасны дагуу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ШШГА хийгдэж байгаа юм.

Дээрх шүүхийн шийдвэрт Элит хөгжил ХХК-иас зээлийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн болохоос бус иргэн З.*******аас ямар нэгэн төлбөр гаргуулах тухай заагаагүй болохыг ойлгоход заавал эрх зүйн тусгай мэдлэг шаардлагагүй, зөвхөн монгол хэлээр уншдаг, уншсан зүйлээ ойлгодог байхад хангалттай. Өөрөөр хэлбэл компаниас мөнгө гаргуулах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал компаний өр төлбөрийг 51-ээс доош хувийн хувьцаа эзэмшдэг хувьцаа эзэмшигч, эсвэл гүйцэтгэх захиралд хариуцуулах ёстой гэж үзэх шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдэл хэнд ч, тэр тусмаа ямар нэгэн албан тушаалтанд байхгүй юм. Мөн улсын бүртгэлийн лавлагаагаар миний бие нь “Элит хөгжил” ХХК-ийн 34%-ийн хувьцаа эзэмшдэг нь тодорхой байгаа юм. Гэтэл компанийн өр төлбөрийг хувьцаа эзэмшигч хариуцах үндэслэлгүй тухай тайлбарыг гаргаж өгсөөр байтал Сонгуулийн хорооны ажилтнууд нь өр төлбөртэй гэх зохиомол үндэслэлээр намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан хууль бус шийдвэрт гомдолтой байна.”Элит хөгжил” ХХК-ийг 3 хүн эзэмшдэг, компанийн дүрмээр 34 хувийг эзэмшдэгээ би нуугаагүй, компанийн хувьд өр төлбөртэй байгаа, эдийн засгийн хямралтай холбоотой асуудал байгаа.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- З.******* нь Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу сонгуульд нэр дэвшсэн.Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуульд заасан зарчмыг баримтлахгүй ажиллаж байна. Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн бүртгэлээс хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2 дахь заалтаар  баримтлаж шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 154 дүгээр зүйлийн 154.3.2, 154.3.3 гэсэн заалтуудыг нэмж тайлбарлаж байна. Хариуцагч талын гаргаж байгаа  хуулийн 154.3.1, 154.3.3 нь 2 өөр заалт байгаа, нэг асуудлаар 2 өөр асуудал гаргаж ирээд байна.З.*******ын “Элит хөгжил” ХХК нь зээлийн өртэй байгаа нь үнэн, шүүгчийн захирамжаар тогтоогдож байгаа, компанийн 2013 онд батлагдсан улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээгээр З.******* нь 34 хувийн хувьцаа эзэмшдэг болох нь нотлогдож байна. Хуульд компанийн 51 хувь буюу түүнээс дээш хувьцаа эзэмшдэг талаар зохицуулсан байгаа. Харин иргэн З.******* хувь хүнийхээ хувьд өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолтуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын улсын ерөнхий бүртгэгч Ж.Наранбаатарын гаргасан тодорхойлолт, Татварын хэлтсийн өгсөн тодорхойлолтоор авч өр төлбөргүй болохоо нотлосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Нэр дэвшигч З.*******ыг Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн бүртгэлээс хассан үндэслэл нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  03 дугаар шүүгчийн захирамжаар “Элит хөгжил” ХХК-ийн гишүүд болох З.*******, Д.Бямбацогт, А. Баттогтуур нараас ХХБ-нд 1,490,779 төгрөгийг гаргуулж ХХБ-ны Дархан салбарт олгох шийдвэр бүхий баримт юм. Мөн З.*******ын хувьцаа эзэмшдэг “Элит хөгжил” ХХК нь ХХБ-нд 564,721,895.96 төгрөгийн өртэйгээ хүлээн зөвшөөрсөнийг захирамжид дурьдагдсан байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1,154.3.2,154.3.3-д заасан зөрчил байсан учир  хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан болно.

Шүүх хуралдаанд З.******* өөрөө өр төлбөртэй талаараа ярьлаа, шүүхийн шийдвэрээр 500 гаруй сая төгрөгийн, нийгмийн даатгалын шимтгэлийн 38 сая төгрөг, татварын 8.8 сая төгрөгийн өртэй хүн байна, энэ тухай баримтууд Сонгуулийн хороонд ирсэн байгаа. З.*******ын сонгогдох эрхийг дээд зэргээр хүндэтгэн шүүх хуралдаанд оролцож байна. Хэргийн оролцогчийн хувьд шинжээч томилуулах, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаа тул эрх зүйн туслалцаа авч оролцох зэрэг саналууд байгаа боловч нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөх вий гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж байгааг анхаарч байгаа байх гэж бодож байна.

Нэр дэвшигч нь сонгогдох эрхтэй боловч иргэн хүн хуулийн зүйл заалт, иргэнийхээ үүргийг биелүүлэх үүрэгтэй байгаа, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг тус тус хариуцагчаар татан оролцуулсан ба шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгч Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргыг хариуцагчаар татан оролцуулахаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын З.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь Дархан-Уул аймгийн Монгол ардын намаас нэр дэвшигч З.*******ыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасан шаардлага хангасан гэж үзэж 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Монгол ардын намаас нэр дэвшигчдийг 2 дугаар хавсралтаар бүртгэж, хавсралт  жагсаалтын 23 дугаарт “******* *******, Монгол ардын нам, 15 дугаар тойрог” гэж бүртгэсэн байна.

Мөн Сонгуулийн хороо нь аймгийн сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч З.*******ыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих өртэй, нэр дэвшигчийн ирүүлсэн мэдүүлэгт өр төлбөрийн талаар мэдүүлээгүй зөрчлийг гаргасан гэж үзэж 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор нэр дэвшигч З.*******ыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан шийдвэрийг гаргасан байна. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгуулийн хорооны шийдвэрт дурьдсан хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь заалт З.*******д хамаарахгүй болохыг тайлбарласан болно.

Шүүхээс аймгийн Сонгуулийн хорооны баримт бичигт үзлэг хийж З.*******аас 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өр төлбөрийн талаарх мэдүүлэг, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, улсын ерөнхий гүйцэтгэгч Ж.Наранбаатараас шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөргүй тухай 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 506 тоот албан бичгээр албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай тодорхойлолт, Үндэсний Татварын албаны 1605110155375 дугаартай цахим тодорхойлолтоор нэр дэвшигч З.******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй” гэж зааснаар өр төлбөргүй болох нь тогтоогдож байна.

 

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэр дэвшигч гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг” гэж тодорхойлсноос үзэхэд нэр дэвшигч нь “иргэн” байхыг шаардаж байх бөгөөд нэхэмжлэгч З.*******ын хувьд  Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгогдох” иргэнийхээ эрхийн дагуу нэр дэвшигчээр бүртгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан “Элит хөгжил” ХХК-ийн улсын бүртгэлийн 1911009081 тоот гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2013 онд бүртгүүлсэн компанийн дүрэм, нэхэмжлэгчийн тайлбараар З.******* нь компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдож байна. “Элит хөгжил” ХХК нь Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 539 тоот албан бичгээр 8.831.786 төгрөгийн татварын, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 547 тоот албан бичгээр 37.776.452 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар 564.721.895 төгрөгийн тус тус өр төлбөртэй болох нь нотлогдож байна.

 

Иймд нэр дэвшигч З.*******ыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д “ банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй”, 154.3.2-д “албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй”, 154.3.3-д “ нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээг хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй”, 157 дугаар зүйлийн 157.2.5-д “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг” гэсэн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд З.******* нь компанийн 51 ба түүнээс дээш хувьцаа эзэмшдэг болох нь тогтоогдохгүй байхад хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “ нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасныг баримтлан нэр дэвшигч  З.*******ыг нэрийн жагсаалтаас хассан нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч З.******* нь нэр дэвшигч иргэнийхээ хувьд өр төлбөргүй талаар мэдүүлэг, мөн холбогдох байгууллагуудаас түүнийг өр төлбөргүй болох тухай тодорхойлолт, баримтуудыг гаргаж өгсөөр байтал “нэрийн жагсаалтаас хасах үндэслэл илэрсэн” гэж  иргэн Б.Ганпүрэвийн өргөдлийг хүлээн авч  сайтар хянаж шалгалгүйгээр  шийдвэрлэсэн нь иргэн З.*******ын Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгогдох” эрхийг зөрчсөнөөс гадна Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хууль дээдлэх”, 5.1.5-д “ ... үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэж заасан зарчимтай нийцэхгүй байна.

   Иймд нэхэмжлэгч З.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын З.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 154 дүгээр зүйлийн 154.3.1, 154.3.2, 154.3.3, 157 дугаар зүйлийн 157.2.5, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын З.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

   2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч З.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА