Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0398

 

Иргэн З.Бадралын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч З.Бадрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан хийж, Дархан уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн З.Бадралын нэхэмжлэлтэй, Дархан уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11  дүгээр тогтоолын З.Бадралд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэр дэвшигч З.Бадралыг Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн бүртгэлээс хассан үндэслэл нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар "Элит хөгжил" ХХК-ийн гишүүд болох З.Бадрал, Д.Бямбацогт, А. Баттогтуур нараас ХХБ-нд 1,490,779 төгрөгийг гаргуулж ХХБ-ны Дархан салбарт олгох шийдвэр бүхий баримт юм. Мөн З.Бадралын хувьцаа эзэмшдэг "Элит хөгжил" ХХК нь ХХБ-нд 564,721,895.96 төгрөгийн өртэйгээ хүлээн зөвшөөрснийг захирамжид дурьдагдсан байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1,154.3.2,154.3.3-д заасан зөрчил байсан учир хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан болно.

Шүүх хуралдаанд З.Бадрал өөрөө өр төлбөртэй талаараа ярилаа, шүүхийн шийдвэрээр 500 гаруй сая төгрөгийн, нийгмийн даатгалын шимтгэлийн 38 сая төгрөг, татварын 8.8 сая төгрөгийн өртэй хүн байна, энэ тухай баримтууд Сонгуулийн хороонд ирсэн байгаа. З.Бадралын сонгогдох эрхийг дээд зэргээр хүндэтгэн шүүх хуралдаанд оролцож байна. Хэргийн оролцогчийн хувьд шинжээч томилуулах, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаа тул эрх зүйн туслалцаа авч оролцох зэрэг саналууд байгаа боловч нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөх вий гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж байгааг анхаарч байгаа байх гэж бодож байна.

Нэр дэвшигч нь сонгогдох эрхтэй боловч иргэн хүн хуулийн зүйл заалт, иргэнийхээ үүргийг биелүүлэх үүрэгтэй байгаа, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 154 дүгээр зүйлийн 154.3.1, 154.3.2, 154.3.3, 157 дугаар зүйлийн 157.2.5, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.Бадралын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын З.Бадралд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг /З.Бадрал нэхэмжлэгчтэй/ эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.   Анхан шатны шуух нотлох баримтыг буруу үнэлсэн, дутуу цуглуулсан

Шүүх хариуцагчаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын талаар дүгнэлт хийсэнгүй. Тухайлбал З.Бадралын хувьцааг нь эзэмшдэг Элит хөгжил ХХК нь татварт болон нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй тухай нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Гэтэл шүүх нотлох баримтуудыг харьцуулан үзэж дүгнээгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "нотлох үүрэг"-ээ хэрэгжүүлсэнгүй.

Нэхэмжлэгч өөрөө энэ байдлыг/хугацаа хэтэрсэн өртэй болохоо/хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт хангалттай авагдсан байгаа.

Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч холбогдох баримтыг 1 .хуулийн хугацаанд, 2. үнэн зөв, З.Бүрэн гүйцэт бүрдүүлэх өгөх үүрэгтэй. Хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд л нэр дэвшигчээр бүртгэгдэж "сонгогдох эрх"-ээ эдлэх боломжтой.

Анхнаасаа З.Бадрал нь хувьцаа эзэмшдэг компани нь өр төлбөртэй талаар мэдүүлээгүй, харин иргэн Б.Ганпүрэвийн мэдээллээр илэрсэн болохыг тэмдэглэхийг хүсэж байна.

Түүнчлэн улсын бүртгэлийн 2013 оны гэрчилгээгээр 34 хувь эзэмшдэг гэж шүүх дүгнэх шийдвэрлэсэн. 2013 онд хэдэн хувь эзэмшиж байсан нь биш гагцхүү 2016 оны Сонгуульд нэр дэвших үед тухайн компанийн хэдэн хувийг эзэмшдэг вэ гэдэг чухал. Шүүх "нотлох үүрэг"-ийнхээ дагуу З.Бадрал 51 хувь эзэмшдэг эсэх нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байжээ.

2.   Шүүх хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Мөнхцэцэг миний бие биечлэн оролцох тул товыг мэдэгдэхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч З.Бадралыг “Сонгуулийн тухай хуульд заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих өртэй” гэх шалтгаанаар нэрийн жагсаалтаас хассан байна.

Гэтэл З.Бадрал Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй” байх гэж зааснаар өр төлбөргүй болох нь Шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, Үндэсний татварын албаны цахим тодорхойлолт зэргээр тогтоогдсон бөгөөд Аймгийн сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор энэ баримтыг үндэслэж нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

Түүнчлэн, З.Бадрал нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Элит хөгжил” ХХК-ийн захирал буюу тус компанийн 33.4 хувийн хувьцаа эзэмшигч болохоо мэдүүлсэн байна. Гэтэл хариуцагчаас “Элит хөгжил” ХХК-ийн шүүхээр тогтоогдсон өр төлбөрийг З.Бадралд хамаатуулан нэр дэвшигчийн бүртгэлээс хасч шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3-т “нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй” байх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

З.Бадрал нь “Элит хөгжил” ХХК-ийн 33.4 хувийг эзэмшдэг болох нь дээрх хуулийн хязгаарлалтад хамаарахгүй байх тул тухайн хуулийн этгээдийн өр төлбөрийн асуудал нэхэмжлэгч иргэний нэр дэвших үйл ажиллагаанд саад болохооргүй байх тул хариуцагчийн гомдлыг хангаж хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ