Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 152

 

М.А нарын иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Ч.Б, Л.Б, П.М нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                    Б.Мөнхтуяа

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга:  Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0864 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0075 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: М.А, С.Ц, Х.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Нэхэмжлэгч: О.Н, С.Д, Ц.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Нэхэмжлэгч: Г.И, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ч.Жадамбаа, Б.Ганпүрэв,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх, Б.Бат-Учрал,

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, П.Сумъяасүрэн,

Гуравдагч этгээд: Д.Б өмгөөлөгч Б.Батбаяр нар.

Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Амартүвшин болон хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал, гуравдагч этгээд Д.Б  түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0864 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 6 дугаар зүйлийн 6.4, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 36 дугаар зүйлийн 36.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  иргэн М.А, Н.Б, Г.Б, С.Д, Г.И, Ц.Н, О.Н, Х.Ч, С.Ц  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Л.Б, П.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0075 дугаар магадлалаар:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 864 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 6 дугаар зүйлийн 6.4, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 36 дугаар зүйлийн 36.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг” гэснийг “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2,  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1” гэж,   2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 200 төгрөг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, урьдчилан төлсөн 70.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол  

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Бат-Учрал гомдолдоо: ... Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “ ... хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус 14 дүгээр байр нь ... 288 өрхтэй ба Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт иргэн Д.Б ийн бүрдүүлэн өгсөн санал нь 118 өрхөөс авснаас 3 хүн дэмжээгүй санал өгсөн. Энэхүү дэмжсэн саналыг нийт өрхийн тоотой харьцуулахад 35 хувьтай тэнцэх 101 санал өгсөн атал газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар 288 өрхөөс 15 өрх эсэргүүцсэн, бусад нь дэмжсэн, талаар бодит байдалд нийцээгүй хуурамч мэдээлэлд үнсэслэн дэмжсэн нь 84 дүгээр тогтоолоор батлагсдан журмын 3.2.3-т заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болно ....” гэжээ.

4. “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-д санал авах хувийн талаар тусгасан зохицуулалт байхгүй бөгөөд, уг хувь саналыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр бүлэг /Барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах/-ийн 4.10-т Зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулаагүй, саналаа ирүүлээгүй тохиолдолд тухайн байршилд барилгажихыг дэмжиж саналаа өгсөнд тооцно гэж заасны дагуу тухайн саналаа ирүүлээгүй өгөөгүй иргэдийн саналыг дэмжсэнд тооцсон. Мөн журмын 4.11-т санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно гэж заасанчлан эсэргүүцсэн санал 70 хувьд хүрээгүй болно.

5. Мөн магадлалд “хэдийгээр дээрх журмын 3.2.3-т санал авах оршин суугчдын тодорхой хувийг зааж тодорхойлоогүй ч нийт өрхийн 35 хувийн дэмжсэн саналыг авсныг “оршин суугчдаас бичгээр санал авах” шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байх ба хурлын шийдвэр нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 “Нийтийн эрх ашгийг эрхэмлэх”, 5.1.2 “Олон нийтийн оролцоог хангах” зарчмыг зөрчжээ” гэсэн.

6. Давж заалдах шатны шүүх нь 84 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг хэрэглэх нь цаг хугацааны хувьд зүйтэй гэж дүгнэсэн мөн тус журамд иргэдийн санал авах хувийг заагаагүй болохыг тогтоосон атлаа журмын яг ямар заалтыг зөрчсөн ямар үйл ажиллагаа нь хууль дүрэм журмыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийлгүй зарчим зөрчсөн мэтээр тайлбарласан нь өөрөөр үндэслэлгүй болсон.

7. Нийт иргэдийн 35 хувийн саналыг бичгээр авсан байх нь баримтаар нотлогдсоор байхад уг үйл ажиллагааг буруутган дүгнэхдээ “Оршин суугчдаас бичгээр санал авах” шаардлагыг хангаагүй мэтээр дүгнэсэн нь өөрөө утгын алдаатай хэргийг хэлбэрэлтгүй нэг мөр шийдвэрлэх зарчмыг зөрчсөн байхаар байна. Дээр дурдсанчлан 84 дүгээр тогтоолоор батлагдсан журамд санал авах хувь хэмжээг зааж өгөөгүй байдаг бөгөөд харин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д санал авах асуудлыг зохицуулсан байдаг болно. Газар доорх авто зогсоол барих асуудал нь өөрөө барилгын үйл ажиллагаа тул тус үйл ажиллагаанд тухайн журмын заалтыг мөн хэрэглэх Архитектур төлөвлөлтийн даалгавар болон, барилгын эх загвар зураг батлах, эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох зэрэг барилгатай холбоотой бүхий л үйл ажиллагаа нь тухайн журамд хамаарагддаг тул тус журам уг маргаанд хэрэглэгдсэн болно. Үүнийг шүүх үнэн зөв дүгнээгүй, дүгнэлт өгөөгүй. /Хариуцагч уг асуудлаар маргадаг болно./

8. Газар барилгажилтын зөвлөлийн хурал нь хууль дүрэм журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх захирамж нь үндэслэлтэй хуулийн дагуу гарсан болно.

9. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

10. Гуравдагч этгээд Д.Б ийн өмгөөлөгч Г.Батбаяр гомдолдоо: ... шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх гэгч зүйл нь маргаан бүхий газарт тэдэнд газар эзэмших, төсөл хэрэгжүүлэх эрх олгоход чиглэгдсэн байгааг анхаарч үзээгүй шүүхийн шийдвэрийг буруу гаргахад нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэх 9 хүн “...манай байрны хүн тус газарт авто зогсоол барьвал бидэнд татгалзах зүйл алга…” гэх тайлбарыг шүүхийн шатанд өгсөн байна. Энэ нь ЗХШХШТХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь хэсгийг зөрчихөд хүргэсэн.

11. Шүүх ЗХХШТХ-ийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт заагдсан хэргийн оролцогч Д.Б ийг маргаанд татан оролцуулахдаа мөн хуулийн 22.1 дэх хэсэгт заагдсаныг зөрчин шүүгчийн захирамж гарган оролцуулаагүй. Захиргааны маргаан анх 2016.09.26-нд эхэлсэн. Маргаан шүүхэд хянагдаж байх явцад гуравдагч этгээдээр оролцож байсан БЗД-ийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн Д.Б ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх тухайн хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан. Гэтэл “...Энэ нь хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг зөрчсөн байх тул хууль ёсны эрх ашиг нь илүүтэй зөрчигдсөн байгаа энэхүү этгээдийг хуульд нийцүүлэн шүүгчийн захирамж гарган оролцуулах нь зүйтэй байгаа...”   тухай   2017.05.23-ны   өдрийн   0359   тоот   магадлалын   /хх-ийн 122 тал/ хянах хэсэгт тодорхой зааж өгсөн байхад анхан шатны шүүх биелүүлээгүй.

12. Ийнхүү гуравдагч этгээдийг шүүхэд дуудан ирүүлж түүнд эрх үүрэг танилцуулах, нөлөөллийн мэдүүлэг, хэрэгтэй танилцуулсан тогтоолд гарын үсэг зуруулах ажиллагааг шүүгчийн туслах бие даан явуулсан байна. Энэ нь шүүгчийн туслах нь гуравдагч этгээдийг бие даасан шийдвэр гарган хэрэгт оролцуулах эрхтэй гэсэн ойлголтыг бий болгосноороо хуулийг нэг мөр хэрэглэж ойлгох гэсэн хууль ёсны зарчмыг алдагдуулсан байна. ЗХШХШТХ-ийн 22.1 дэх хэсэгт “...хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэснээр анхан шатны шүүгчийн захирамжаар Д.Б ийг хэрэгт оролцуулах нь зөв байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд өөрөө хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүгч татан оролцуулах захирамж гаргаснаар процесс зөвтгөгдөх болж байна. Гэтэл энэхүү шүүгчийн хуулиар олгосон эрхийг шүүгчийн туслах эдэлсэн байна.

13. ЗХШХШТХ ноцтойгоор зөрчигдөж, шүүх хэт нэг талыг барьж ажилласан болохыг   нотлох   баримтыг   гомдолд   хавсаргав.   Үүнд:   2017.08.25-ны   өдрийн 128/ШЗ2017/5329 тоот захирамж гарган Д.Б ийг оролцуулахаар бэлтгэж, дугаар авч байсан боловч үүнийгээ мартаж орхисныг давж заалдах шатны шүүх залруулах ЗХШХШТХ зөрчигдсөнийг харуулж байна. Шүүхийг шүүгчийн туслах төлөөлөн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх үүргийг хүлээж байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг шүүгчийн буруу биш, туслахын алдаа гэж үзсэн нь буруу байна.

14. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөн “...хэдийгээр шүүгч захирамж гарган гуравдагч этгээдээр оролцуулаагүй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй…” гэсэн нь хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болсон байна. Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүх Д.Б ийг захирамж гарган оролцуулаагүйгээс болж түүний эрх зүйн байдал ойлгомжгүй болж ЗХШХШТХ-ийн 22.3-д зааснаар оролцож байгаа юм уу эсхүл мөн хуулийн 22.4 дэх хэсэгт заагдсан эрхээр оролцож байгаа нь тодорхойгүй болж гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн. Хэрвээ захирамжаар оролцсон Д.Б  нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох байсан. Учир нь Д.Б  нь 14-р оршин суугчдын 80 хувийн саналыг авсан байсан гэдгээ шаардлагын хүрээнд тодорхой болгох байсан.

15. Мөн 0359 тоот магадлалд нэхэмжлэгч гэх есөн хүний хууль ёсны /ЗХШХШТХ-ийн 3.1.3/ яг ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байгааг нарийвчлан тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт өгөх үүргийг анхан шатны шүүхэд даалгасан байхад шүүх биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэх этгээдүүдийн хуулиар олгогдсон эрх ашиг үүсээгүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн нь ЗХШХШТХ-ийн 17.3 дахь хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна. Энэ нь хэргийг буруу шийдвэрлэх үндсэн нөхцөл болсон. Энэ талаар 0075 тоот магадлалд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

16. Маргаан бүхий газарт авто зогсоол бариулах санал өгсөн оршин суугчдын тоог шүүх зөв тогтоож чадаагүйгээс ЗХШХШТХ-ийн 34.2 дахь хэсэг зөрчигдсөн.

17. Шүүх СӨХЭЗБТХ-ийн 4.1.6, Барилгын тухай хууль, Газрын тухай хуулийн 3.1.9, 4.1.6, 6.4, 12.2 дахь заалтуудыг баримтлан нийтийн ашиг сонирхолд хамаарах эрх мөн гэж тогтоосон байна. Гэвч шүүх нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхтэй этгээдийг зөв тогтоож чадаагүй нь ЗХШХШТХ-ийн 18.2, 18.3 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн болохыг харуулж байна.

18. Маргаан бүхий орчны газрыг хариуцан ажилладаг “Мандах хоёр” СӨХ нь Газрын тухай хуулийн 441.1-д зааснаар газраа ашиглах эрхээ аваагүй байгаа нь хууль ёсны хүрээнд үүссэн эрх байхгүй байгааг харуулж байгааг шүүх анхаарч үзээгүй.

19. Оршин суугчдын эсэргүүцсэн саналын тоо хэмээн шүүх гаргасан нь ЗХШХШТХ-ийн 123.2.2 дахь хэсгийг зөрчихөд хүргэсэн. Учир нь уг саналыг дээрх есөн тооны түр оршин суугч иргэд /ихэнх нь тухайн газарт амьдардаггүй/ цуглуулахдаа “...энэ газарт 6 давхар үйлчилгээний барилга барих гэж байна...энэ нь Д.Б ийн хувийн эзэмшил болох гэж байна…” хэмээн зар тарааж, иргэдийг төөрөлдүүлэх аргаар цугларсан нотолсон баримт байгааг шүүх анхаарч үзээгүй /2-р хх-ийн 231-237-р хуудас/ нь ЗХШХШТХ-ийн 123.2.2 дахь хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна. Иргэний үнэмлэх дээр байгаа хаягийн бүртгэл нь иргэний сууц өмчлөх эрхийг баталсан эрх зүйн баримт биш байхад шүүх түүнийг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл СӨХЭЗБТХ-ийн 4.1.2 “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлдэг байхад хаягийн бүртгэлээр нэхэмжлэгч нарыг сууц өмчлөгч гэж тодорхойлсон. Шүүх сууц өмчлөгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзсэн бол ЗХШХШТХ-ийн 18.2 дахь хэсгийг хэрэглэх байхад хэрэглээгүй нь нэхэмжлэгчийн эрх ашиг гэдэг ойлголтыг алдагдуулсан. Хэрвээ СӨХ хамааралгүй гэж үзсэн бол шүүх ЗХШХШТХ-ийн 18.3 дахь хэсгийг баримтлахаар байхад үүнийг зөрчсөн нь ЗХШХШТХ-ийн 123.2.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

20. “Нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол гэгч зүйл нь өөрсдөө барилга баривал эсэргүүцэхгүй бариулна…” гэсэн итгэл үнэмшил, нэхэмжлэлд үндэслэгдсэн байгааг шүүх анхаарч үзээгүй.

21. Маргааны зүйл нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхолд хамааралгүй нөхцөл байдалд бөгөөд газрын хөрснөөс доошхи /0 тэнхлэг/ орчинд маргалдаж байгаа гэдгийг шүүх анхаарч үзээгүйгээс хэргийг буруу шийдвэрлэхэд хүргэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрх газрын хэвлийд хэрхэн зохицуулагдсан хуулийн харилцааг дурдаагүй. Шүүх орчны газар гэсэн эрх зүйн харилцааг баримталсан. Орчны газар гэдэгтэй хэн ч маргаагүй гэхдээ уг орчны газрыг орчин үеийн шийдэлд нийцүүлэн газар дор болгох нь зөв боловч үүний эзэмшигч нь байрны оршин суугч байх ёстой гэж буруу гэж нэхэмжлэгч нар маргасан нь маргааны гол зүйл байсныг шүүх ойлгоогүй. Хэргийг хянах явцад гарсан 2017.05.23-ны өдрийн 0359 тоот магадлалд “...нэхэмжлэгчдийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзсэн нь шийдвэрт тодорхой дүгнэгдээгүй... хэргийг дахин шийдвэрлэхдээ энэ талаар зөв тодорхойлж, дүгнэлт өгөх шаардлагатай гэснийг анхан шатны шүүх зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхийн 0075 тоот магадлалыг гаргахдаа шүүх анхаарч үзээгүй нь хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдөж байгааг харуулж байна.

22. Шүүх ЗХШХШТХ-ийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн 7.1.2 дахь хэсэгт заагдсаныг нэхэмжлэгч зөрчсөн байгааг шүүх анхаарч үзсэн боловч хууль зөрчсөн дүгнэлт хийж зевтгөсөн нь ЗХШХШТХ-ийн 123.2.2 дах хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл магадлалын хянах хэсгээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж байгааг зөвтгөж болно гэсэн зүйл баримталсан шүүх хууль зөрчсөн байгааг харуулж байна.

23. Давж заалдах шатны шүүх нийслэлийн Засаг дарга 2015.12.01-ний өдрийн А/933 дугаар захирамж гаргасан нь хууль зөрчсөн гэж дүгнэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.1, 14.2 дахь хэсэгт заагдсаныг зөрчсөн гэж маргаанд хамааралгүй хамааралгүй хэрэглэх ёсгүй хуулийн заалтийг нэхэмжлэгчид ашигтайгаар буруу тайлбарласан.

24. Маргаан бүхий газрын өмчлөгч нь ИХ-ийн 102.4 дэх хэсэгт заагдсан этгээд байсан байна. Уг хэлцэл ИХ-ийн 90.1 дэх хэсэгт заагдсанаар хууль ёсны эзэмшигч нь БЗД-ийн Засаг даргын Тамгын газар байгаа нь зөв байсныг шүүх анхаарч үзээгүй. Иймд давж заалдах шатны шүүх НЗД-ын А/933 тоот захирамжийг буруутгасан.

25. Сууц өмчлөгч гэж СӨХЭЗТХ-ийн 4.1.2 дахь хэсэгт заагдсан этгээдийг сууц өмчлөгч гэж үздэг байхад шүүх хуулийн энэхүү заалтыг буруу хэрэглэн тайлбарласнаас түр оршин суугч иргэдийг нэхэмжлэгчээр оролцуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хэрэгт хавсаргах шаардлагатай байхад шүүх энэ ажиллагааг хийгээгүй орхигдуулсан. Шүүх сууц емчлөгчийг тодорхойлохдоо хаягийн бүртгэлээр баримталсан нь хуулийн тусгайлан зохицуулсан хэм хэмжээг алдагдуулан хуулийг буруу тайлбарлахад хүргэсэн.

26. Нэхэмжлэгч нар ЗХШХШТХ-ийн 14.3 дахь хэсэг зөрчигдсөн байхад үүнийг үнэлж дүгнээгүй нь ЗХШХШТХ-ийн 123.2.2 дахь хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хавтаст хэргүүдэд хавсаргагдсан байгаа хувийн хэрэг 1-ийн /212, 40, 4, 6, 7, 8 хуудас/ оршин суугчдыг төлөөлөн Оюунчимэг нарын иргэд 2016 оны 06 сард НЗД-д хандан гомдол гаргаж 2016.06.09-ний өдөр уг шийдвэрийг цуцлах боломжгүй тухай мэдэгдсэн хариу авч байсан боловч 14.1 дэх хэсэгт заагдсанаар 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ эдлээгүй. Харин газар доорх авто зогсоол барихаар гуравдагч этгээд Д.Б  ирсэн өдөр буюу 2016.09.26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу НЗД Э.Бат-Үүл татгалзсан шийдвэр гаргаснаас хойш /2016.06.09/ даруй 110 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад түүнийг шүүх хүлээн авч захиргааны маргаан үүсгэсэн байна. Энэ нь захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг нэхэмжлэгч нар хэтрүүлсэн байгааг харуулж байна. ЗХШХШТХ-ийн 14.1, 14.2, 14.4 дэх хэсгүүд зөрчигдсөн байна.

27. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.21-ний өдрийн 864 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.25-ны өдрийн 0075 дугаар магадлалыг ЗХШХШТХ-ийн 129.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

28. Гуравдагч этгээд Д.Б  гомдолдоо: ... Анхан болон давж заалдах шатны шүүх нь НИТХ-аас гарсан 84-р тогтоолын утга санааг анзаарсангүй. Энэ тогтоолын 3.2.3-т “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд авто зогсоол барих тохиолдолд мэдээлэл бүхий самбарыг “барилгажих талбайд 7-оос доошгүй хоног байршуулан оршин суугчдаас бичгээр санал авах” гэж заасан. Хавтаст хэрэг 1,2-ын нийт 453 хуудас материалд саналын тоо тодорхой байхад анхан шатны шүүх 100, давж заалдах шатны шүүх нь 135 гэсэн бодит бус зерүүтэй дүгнэлтийг гаргасан.

29. Хавтаст хэрэг 1-40-р хуудсан дахь мэдээллийн самбарын утга санааг анхаарсангүй. Уг самбарт бичсэн утга нь эсэргүүцсэн оршин суугчид саналаа бичгээр өөрсдийн биеэр НХТЕТГ-т өгөх, хэрэв гомдол ирүүлээгүй тохиолдолд дэмжсэнд тооцно гэсэн утга бүхий самбарыг байршуулсан хугацаанд нэг ч иргэн эсэргүүцсэн гомдол гаргаагүй нь хавтаст хэрэгт тодорхой харагддаг. Үүнийг шүүх анхаарч үзсэнгүй. Эдгээр иргэдийн эсэргүүцсэн санал нь тухайн заасан хугацаанаас хойш бүтэн жил гарны дараа “нар, салхи хааж, хувийн 6-н давхар барилга барих гэж байна” гэсэн худал мэдээллээр иргэдийн тархийг угааж авсан хууль бус санал юм. /Эдгээрийн 40 орчим санал нь хаяг ондоо/ Энэ нь хавтаст хэрэг 2-ын арын хуудсанд байх СD-гээр нотлогдож байхад анхаарч үзэлгүйгээр нэг талыг барьсан шийдвэр гаргажэз.

30. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Ганпүрэв нь хэлэхдээ, хавтаст хэрэг 3-ын 32-р хуудсанд хариуцагч талыг хууль зөрчсөн гэж хэлээгүй гэв. Мөн 3-ын 83-р хуудсанд нийтийн ашиг сонирхол гэдэг байдлаар маргаагүй гээд байхад шүүх яаж дүгнээд байгааг ойлгохгүй байна.

31. Давж заалдах шатны шүүх нь 9-н хүний эрх ашиг яаж зөрчигдсөнийг магадлал дээрээ бичнэ гэсэн боловч огт дурдсангүй.

32. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнхийн гэр бүлийн ашиг сонирхол илт байгааг х/х 2-ын арын хуудсанд байгаа бичлэг, мөн х/х 2-ын 231, 237-р хуудсууд шүүх анхаарсангүй.

33. Хоёр шатны щүүхээс эдгээр иргэдийи эрх ашиг яаж зөрчигдөж хохирсон болохыг дурдаагүй мөртлөө нэхэмжлэгч талын шаардлагыг хангана гээд шийдвэр гаргаад байгааг эрс эсэргүүцэж байна. Хажуугийн барилгын насжилтанд нөлөөлөхгүй гэдгийг мэргэжлийн бүх байгууллагууд нь дүгнэлтээ гаргасныг хавтаст хэрэг 1-н 10 хуудаст хавсаргасан байгааг шүүх үзэж дүгнэсэнгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

34. “Иргэдийн саналыг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авна. Дээр заасан хугацаанд багтаан ирүүлээгүй саналыг хүчингүйд тооцно” гэж НЕТГ-аас баталсан мэдээллийн самбар дээр тодорхой заасан заалтыг шүүх анхаарч үнэн зөв дүгнэлт өгсөнгүй. /хх 1-ийн 40-р хуудас/

35. Бүх хууль журмыг чандлан мөрдөж төсөл ажлыг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулсан миний хувьд маш их гомдолтой байна. Хууль журамд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

36. Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Амартүвшин гомдолдоо: ... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

37. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт “... захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан байдаг.

38. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь нэгдүгээрт хууль бус акт байх, хоёрдугаарт нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхыг хуулиар шаардаж байна.

39. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн тул уг захиргааны акт нь хууль зөрчөөгүй, тус актыг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

40. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг өөрсдийн амьдарч буй орчны газарт авто зогсоол бариулах, эс бариулах шийдвэр гаргах эрхтэй гэж үзсэн хэрнээ тэдний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар дүгнэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.

41. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй ...” гэж заасан.

42. Тухайн хэрэгт хариуцагч болон гуравдагч этгээд Д.Б , Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар тус бүр давж заалдах гомдол гаргасан байхад анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

43. Тодруулбал, оршин суугч иргэдэд маргаан бүхий газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх аль аль нь үүсээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгааг гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах гомдолдоо дурдан шүүх хуралдаанд тайлбарласан боловч тус шүүх энэ асуудлын талаар магадлалдаа тусгаагүй.

44. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий газрыг Сууц өмчлөгчдийн холбооны орчны газар гэж үзээд өөрсдийн эрх ашгийг хөндөгдөж байна хэмээн шүүхэд хандсан байдаг.

45. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “... газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг газар эзэмших” гэж заасан байдаг.

46. Гэтэл тухайн байрны Сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн газрын алба болон дүүргийн Газрын албанд тухайн газрыг эзэмших, ашиглах талаар Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу албан ёсоор гаргасан өргөдөл, хүсэлт бүртгэгдээгүй байдаг.

47. Иймд нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

48. Энэ талаар гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо тусгасан боловч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх үүргээ биелүүлэлгүй, хууль зөрчсөн болох нь уг асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байдлаас харагдаж байна.

49. Шүүх хуулийг нэг мөр хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “... гуравдагч этгээд Д.Б ийн гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна ...” гэж дурдсан байна.

50. Хэргийн оролцогчоос гаргасан гомдол үндэслэлтэй байвал тухайн шийдвэрийг хүчингүй болгох нь дараагийн шатны шүүхийн үүрэг гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна хэмээн өөрийн гаргасан дүгнэлтийнхээ эсрэг дүгнэлт гаргаж байгаа нь шүүх хуулийг нэг мөр хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

51. Гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлээ тодорхойлж, шүүхийн магадлалдаа тусгах ёстой байсан.

52. Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож, хараат бус өөрийн дотоод итгэл үнэмшлээр хэргийг шийдвэрлээгүй, хэт нэг талд үйлчилсэн.

53. Маргаан бүхий газарт тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол барих ажлыг дэмжсэн иргэдийн материалыг шалгаж, саналыг бататгах замаар тус дүүргийн Тамгын газрын 306 тоот өрөөний 266477 болон хувийн 88005287 дугаарын утаснаас мэргэжилтэн О.Оюунсанаа, Д.Мөнх-Эрдэнэ нар 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ярьж баталгаажуулсан.

54. Улмаар тус төслийг дэмжсэн санал өгсөн иргэдийн 2 боть материалаас 94 иргэнийг түүвэрлэн сонгож баталгаажуулахад 29 иргэнтэй тодорхой шалтгааны улмаас холбогдож чадаагүй. Холбогдсон 65 иргэнээс дэмжсэн саналтай 60 иргэн, өмнө өгсөн дэмжсэн саналаасаа татгалзсан 1 иргэн, эргэлзээтэй буюу шийдвэр гаргаагүй 4 иргэн байсан.

55. Үүнийг хувьд шилжүүлэн тооцоход 92.31 хувь нь дэмжсэн, 1.54 хувь нь татгалзсан, 6.15 хувь нь эргэлзээтэй байсан болох нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн илтгэх хуудсаар тогтоогддог.

56. Анхан шатны шүүх 29 оршин суугчдын 20 санал нь зөрүүтэй байсан тул дэмжсэн иргэдийн саналыг баталгаажсан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

57. Бидний зүгээс өөрсдөд байгаа нотлох баримт болох санал өгсөн иргэдийн 2 боть материалаас дээрх баталгаажуулалтыг хийхдээ оршин суугчдын иргэний үнэмлэхний хуулбар дээрх овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг нэг бүрчлэн тодруулж асуугаад үнэн зөв гэсэн хариултын үндсэн дээр саналыг баталгаажуулсан.

58. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь гуравдагч этгээдийн дээрх ажиллагаанд үнэлэлт өгөөгүй, тухайн санал баталгаажуулалт хийсэн илтгэх хуудсыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх магадлалдаа тусгаагүй нь шүүх хэт нэг талд үйлчилсэн гэж үзэхэд хүргэж байна.

59. Иймд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, шүүх хуулийг нэг мөр хэрэглээгүй болохыг хяналтын шатны шүүх анхаарч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            60. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

          61. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун талд байршуулан “тохижилт бүхий газар доорх авто зогсоолын” зориулалтаар, 1921 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгожээ.

            62. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “... орчны газар гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг /ойлгох/’-оор заасны дагуу маргаан бүхий захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон 1921 м.кв талбай нь орон сууцны 14 дүгээр байрны “орчны газар” болох талаар шүүхүүд зөв дүгнэсэн, түүнчлэн, хариуцагч орон сууцны хороолол дундах нийтийн эдэлбэр, орчны газрыг дахин төлөвлөхдөө Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т “... /хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд/ нийтийн эрх ашгийг эрхэмлэх, олон нийтийн оролцоог хангах”-аар заасныг зарчмыг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            63. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, 14 дүгээр байр нь 288 өрхтэй, эдгээр өрхийн дийлэнх олонхи нь өөрсдийн “орчны газар”-таа “тохижилт бүхий газар доорх авто зогсоол” байгуулахыг дэмжээгүй байхад нийслэлийн Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанд “...нийт 288 өрхөөс 15 нь дэмжихгүй бусад нь дэмжиж байгаа” гэх бодит байдалд нийцэхгүй танилцуулга хийгдэж, шийдвэр гаргасан нь тус “14 байрны оршин суугчдын саналыг бодитоор үнэлээгүй”, оролцоог хангаагүй гэж үзэх үндэслэл мөн юм.

            64. Түүнчлэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх барьж байгуулах журам”-д өөрчлөлт орж, мөн өдрөөс хүчин төгөлдөр болсон, уг журам нь тухай асуудлыг нарийвчлан зохицуулсан журам байх тул хариуцагч нийслэлийн Засаг дарга маргаан бүхий 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамж гаргахдаа уг тогтоолд заасан нөхцөл, хэрэгжилтийг хангах үүрэгтэй байсан, өөрөөр хэлбэл, уг журмын 3.9-д “... санал өгвөл зохих иргэдийн 80 хувь дэмжсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээдээр авто зогсоол барихаар ирүүлсэн саналыг “Газар барилгажилтын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэх”-ээр заасны дагуу хэлэлцсэн эсэхийг хянах байтал, бодит байдал дээр “санал өгвөл зохих иргэдийн 80 хувь нь дэмжээгүй” байхад  уг 14 дүгээр байрны орчны газарт  “тохижилт бүхий газар доорх авто зогсоолын” зориулалтаар, 1921 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон нь дээрх хууль болон журмын заалтуудад нийцээгүй, нэхэмжлэгч нарын “амьдардаг орчны газраа ашиглахтай холбогдсон асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох эрх”-ийг зөрчсөн гэх үндэслэлтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

65. Харин, давж заалдах шатны шүүх “... авто зогсоол барих асуудлыг шийдвэрлэх үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам” үйлчилж байсан” гэж зөв дүгнэлт хийсэн боловч шүүх Газар барилгажилтын зөвлөлийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд бус маргаан бүхий нийслэлийн Засаг даргын  2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх ёстойг анхаараагүй, “Газар барилгажилтын зөвлөлийн хурал ... /хийх үед/ мөрдөгдөж байсан журмыг хэрэглэнэ” гэж буруу дүгнэлт хийсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолын холбогдох заалтад нийцсэн эсэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.    

            66. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-д санал авах хувийн талаар тусгасан зохицуулалт байхгүй”, “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр бүлэг ... /-т заасныг баримтлах ёстой/” гэх, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн  “... нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөөгүй”, “... нэхэмжлэгч гэх этгээдүүдийн хуулиар олгогдсон эрх ашиг үүсээгүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн, ...  нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхтэй этгээдийг шүүх зөв тогтоож чадаагүй” гэх, нэр бүхий иргэд шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад “... шүүх нь ЗХШХШТХ-ийн 18.2, 18.3 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн” гэх үндэслэлүүдийг хүлээж авах боломжгүй.

            67. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн М.Батмөнхийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийг хувийг түүнд гардуулж, мөн өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох гуравдагч этгээдийн эрх, үүрэг болон хэргийн материалыг танилцуулсан, М.Батмөнх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувиар бүрэн оролцож явсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй нь “М.Батмөнхийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй” гэх үндэслэл болохооргүй байх тул гуравдагч этгээд М.Батмөнхийн өмгөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            68. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх М.Батмөнхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах тухай шүүгчийн захирамжийг зохих ёсоор хэрэгт хавсаргаагүй нь буруу боловч, энэ нь  гуравдагч этгээд М.Батмөнхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох “ноцтой” зөрчил биш, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.

            69. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “... /хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд/ нийтийн эрх ашгийг эрхэмлэх”-ээр, 5.1.2-т “... /хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд/ олон нийтийн оролцоог хангах”-аар, 14 дүгээр зүйлийн 14.2-т “...  нийслэл ... -ийн Засаг дарга ... төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгах”-аар, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “...албан тушаалтан ... хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох...”-оор тус тус заасныг баримталсаныг буруутгах үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан “... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн ... өөрчлөх” бүрэн эрхийн хүрээнд байна.

            70. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нар, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0075 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.А нарын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Д.Б өөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нийслэлийн Засаг дарга, гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг дарга нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА