Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 75

 

М.А нарын иргэдийн 

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Л.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Б, гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, П.С, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 864 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, М.А нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 864 дүгээр шийдвэрээр:  Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 6 дугаар зүйлийн 6.4, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 36 дугаар зүйлийн 36.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн М.А, С.Ц, Х.Ч, О.Н, С.Д, Ц.Н, Н.Б, Г.Ид, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Л.Б, П.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Маргаан бүхий акт буюу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн  Баянзүрх дүүргийн  Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгохдоо Сууц өмчлөгчдийн   холбооны    эрх   зүйн   байдал,    нийтийн   зориулалттай   орон   сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно гэж заасны дагуу тус СӨХ нь өөрөө хүсэлт гаргасны дагуу өөрийн эзэмшлийн газрыг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу ашиглаж байгаа бөгөөд 14 дүгээр байр руу орсон орон сууцны хороолол доторх туслах авто зам нь маргаан бүхий газарт хамаарахгүйг анхан шатны шүүх хамаарч байгаа мэтээр үндэслэх хэсэгт бичсэн,  мөн Газрын тухай хуулийн 3.1.9,  12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал нь маргаан бүхий газарт хамааралгүй заалтыг холбож нэхэмжлэгчийн болон 14 дүгээр байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд хамааралтай гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч нар маргаан бүхий акт буюу 2015 оны А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт газар эзэмших эрх олгосон захирамжийг Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   106.3.1-ийг   баримтлан нэхэмжлэл гаргасан, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0359 дугаартай магадлалд маш тодорхой "нэхэмжлэгчдийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзсэн болох нь шийдвэрт тодорхой дүгнэгдээгүй, мөн энэхүү байгууламж баригдсанаар нэхэмжлэгчдийн зөрчигдөж болзошгүй гэх эрх, ашиг сонирхлыг хэргийг дахин шийдвэрлэхдээ зөв тодорхойлж, дүгнэлт өгөх шаардлагатай" гэсэн байхад анхан шатны шүүх дүгнэлт  хийсэнгүй   нэхэмжлэлийн   үндэслэх   хэсэгт огт дурдсангүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1.”захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан үндэслэл болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0864 дугаар шийдвэр болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр гуравдагч этгээд миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд шууд байдлаар нөлөөлж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэх хүрээнд  140 сая орчим төгрөгийг гаргасан бүх баримт хуулийн дагуу бүрдүүлсэн. Тохижилт хийж байгаа болохоос ямар нэгэн барилга байшин барьж нар салхи хаах гэж буй үйлдэл хийгдэхгүй, хийгдэх ч боломжгүй. НЗДТГ-аас санаачилж  баталсан  төслийг хувь хүний хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь төсөлт ажлыг хийхэд 140.000.000 төгрөгийн бодит хохирол учраад байхад 5 өрх айл өөрсдийн хувийн эрх ашгийг нийтэд хамааруулж гомдол гаргаснаар бусдын зөрчигдсөн эрх ашгийг нягталж үзэлгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь энэхүү төсөлт ажлыг санаачлан зохих шатны бүх байгууллагуудаар үнэлэлт дүгнэлт гаргуулсан байхад оршин суугчдын эрх ашгийг хөндсөн гэх нотлох баримтгүй үндэслэлээр намайг хохироосон шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан. Уг байрны оршин суугчдаас 198 хүн энэхүү төслийг эсэргүүцсэн гэх боловч санал   авах  хуулийн   хугацаанаас 1 жилийн дараа энэхүү материалаа бүрдүүлсэн байдаг. Төсөл хэрэгжүүлэхээр санал авах явцад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт эсэргүүцсэн оршин суугчийн санал албан ёсоор байхгүй, энэ нь хэрэгт хавсаргагдаагүй, нотлох баримтгүй үндэслэлгүй юм. Уг төслийг хэрэгжүүлж байхад гомдол санал гаргаагүй хэрнээ 1 жилийн дараа авсан саналаар шүүхдэж буй нь эдгээр иргэд өөрсдөө хууль зөрчиж байгаа үйлдлийг харуулж байна. Ямар хэлбэрээр хууль бус санал авсан нь хавтаст хэрэгт миний өгсөн баримтаар нотлогдсон байгаа. Миний бие 2015 оны 5-р сарын 15-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 84 дүгээр тогтоолын дагуу хууль, журам зөрчсөн үйлдэл огт хийгээгүй, СӨХ-оос болон оршин суугчдаас авсан 70-аас дээш хувь нь дэмжсэн баримт байхад анхан шатны шүүхээс тогтоогдохгүй гэж үзэж байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Нэхэмжлэгчдийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.2 дах хэсэгт заагдснаар шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүх хэргийг хянан үзэхдээ гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтыг үзсэн эсэх нь тодорхойгүй, нээлттэй шүүх хуралдаан болж байхад надад хэлэх ярих маш олон зүйл байсан боловч ямар ч боломж гаргаж өгөөгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлсэн, нэхэмжлэгчийн зөрчигдөж болзошгүй гэх эрх, ашиг, сонирхолыг хэргийг дахин шийдвэрлэхдээ зөв тодорхойлж, дүгнэлт өгөх шаардлагатай гэж хэргийг буцааж байхад түүнийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхойлогдоно. Энэ нь шүүх ЗХШХШТХ-ийн 34.1, 34.2 дах хэсгийг зөрчсөн байна. Шүүх 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолыг удирдлага болгоод байгаа нь буруу. Учир нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дугаартай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Тогтоолын 3 дугаар зүйлд шүүх түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолын хүрээнд шаардагдах материалыг бүрдүүлэн өгч хянуулан дэмжигдсэн болно. Гэтэл 175 дугаар тогтоол нь шийдвэр гарсны дараах тогтоол тул миний материалтай хамааралгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

 

Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т “Баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх Зх2м хэмжээтэй самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байршуулна...”, 4.6-д                  “...Баригдах барилгын талаарх саналыг бичгээр, зсвэл зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулах замаар гаргаж болно...”, 4.10-т “...Зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулаагүй, саналаа ирүүлээгүй тохиолдолд тухайн байршилд барилгажихыг дэмжиж саналаа өгсөнд тооцно...” гэж тус тус заасан байна. Үүнээс үзэхэд мэдээллийн самбар байршуулсан 14 хоногийн хугацаанд байрны оршин суугчдын 20-иос илүү хувь нь үндэслэл бүхий татгалзсан саналыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт ирүүлээгүй л бол газар барилгажилтын хурлаар асуудлыг хэлэлцэж, газар эзэмших эрх олгох боломжтой бөгөөд оршин суугчдаас тохижилт бүхий газар доорх авто зогсоол барихыг эсэргүүцсэн саналаа зөвлөлийн хуралд албан ёсоор ирүүлээгүй тул дэмжсэн гэж үзэх үндэслэлтэй. Тус төслийг дэмжсэн санал өгсөн иргэдийн материалын 1, 2 дугаар ботиос 94 иргэнийг түүвэрлэн сонгож баталгаажуулахад 29 иргэнтэй тодорхой шалтгааны улмаас холбогдож чадаагүй. Холбогдсон 65 иргэнээс дэмжсэн саналтай 60 иргэн, өмнө өгсөн дэмжсэн саналаасаа татгалзсан 1 иргэн, эргэлзээтэй буюу шийдвэр гаргаагүй 4 иргэн байсан бөгөөд үүнийг хувьд шилжүүлэн тооцоход 92.31 хувь нь дэмжсэн, 1.54 хувь нь татгалзсан, 6.15 хувь нь эргэлзээтэй байсан болох нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн илтгэх хуудсаар тогтоогдож байна. Оршин суугч иргэдэд маргаан бүхий газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх аль аль нь үүсээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн оршин суугчид тохижилт бүхий ажлыг хийлгэхгүй байх шийдвэр гаргах эрхтэй гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Мөн шүүх гуравдагч этгээд Д.Б-ийн тохижилт бүхий газар доорх авто зогсоол барих үйл ажиллагаа нь 14 дүгээр байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд хамааралтай гэж үзсэн атлаа энэ талаар тодорхой дүгнэлт тусгаагүй нь ойлгомжгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хэд хэдэн хэргийн оролцогч гомдол гаргасан  тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч М.А  нарын иргэдээс “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “сууц өмчлөгчдөд зориулсан орчны газрыг бусдад эзэмшүүлснээр эзэмших, ашиглах эрх зөрчигдөж орон сууцны байшингийн насжилт, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө, 14 дүгээр байрны 288 өрхийн оршин суугчдын 70 хувийн зөвшөөрлийг авалгүйгээр авто зогсоол барих төслийн ажлыг хариуцуулж өгсөн нь холбогдох журмыг зөрчсөн” гэж маргасан. 

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун талд тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар, 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрх олгожээ. 

Дээрх газарт тохижилт бүхий авто зогсоол барих төслийг хэрэгжүүлэхээр иргэн Д.Б-өөс Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн өдөр материалаа хүлээлгэн өгсөний дагуу Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрээр маргаан бүхий байршилд тохижилт бүхий авто зогсоол барихыг дэмжсэн байна. 

Уг хурлаар маргаан бүхий газарт авто зогсоол барих асуудлыг шийдвэрлэх үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам” үйлчилж байсан байх ба журмын Гуравдугаар зүйлийн 3.1-д “Төлөвлөсөн байршлаас бусад байршилд иргэн, хуулийн этгээдээс зогсоол барьж байгуулахаар ирүүлсэн саналыг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага хүлээн авна”, 3.2-т “Ирүүлсэн санал нь дор дурдсан шаардлагыг хангасан байна”, 3.2.3-т “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд авто зогсоол барих тохиолдолд мэдээлэл бүхий самбарыг барилгажих талбайд 7-оос доошгүй хоног байршуулан оршин суугчдаас бичгээр санал авсан байх” гэж тус тус заасан бөгөөд энэхүү журмыг Газар барилгажилтын зөвлөл баримталж ажиллах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус 14 дүгээр байр нь 8 орцтой, орц бүрдээ 36 өрх, нийт 288 өрхтэй байх ба Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөны газарт иргэн Д.Б-ийн бүрдүүлэн өгсөн “Баригдах барилгын заагдсан хязгаарт санал авах хуудас”-аар авсан санал нь 118 өрхөөс авсанаас 3 хүн дэмжээгүй, 9 хүний иргэний үнэмлэхийг баталгаажуулаагүй, 5 хүн дахин хариу өгөхөөр, бусад нь дэмжсэн санал өгчээ.

Энэхүү дэмжсэн саналыг нийт өрхийн тоотой харьцуулахад 35 хувьтай тэнцэх 101 хүн санал өгсөн атал Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар 288 өрхөөс 15 өрх эсэргүүцэж, бусад нь дэмжсэн, бүгд иргэний үнэмлэхээр баталгаажсан талаар бодит байдалд нийцэхгүй хуурамч мэдээлэлд үндэслэн тухайн байршилд тохижилт бүхий авто зогсоол барихыг дэмжсэн нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3.2.3-т заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Хэдийгээр дээрх журмын 3.2.3-т санал авах оршин суугчдын тодорхой хувийг зааж тодорхойлоогүй ч нийт өрхийн 35 хувийн дэмжсэн санал авсныг “оршин суугчдаас бичгээр санал авах” шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байх ба Газар барилгажилтын зөвлөлийн хурлын шийдвэр нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 “нийтийн эрх ашгийг эрхэмлэх”,  5.1.2 “олон нийтийн оролцоог хангах” зарчмыг зөрчжээ.

Анхан шатны шүүх цаг хугацааны хувьд дараа нь гарсан буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ыг Газар барилгажилтын зөвлөл зөрчсөн талаар дүгнэлт хийсэн нь буруу, энэ талаар гаргасан гуравдагч этгээд Д.Б-ийн гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамж гарах үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам” үйлчилж байсан байх ба уг журмын 1.5-д “Газар барилгажилтын зөвлөлийн хурлын дүгнэлтийг үндэслэн авто зогсоол барих газрын асуудлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх бөгөөд газрын эрх нь авто зогсоолыг ашиглалтад оруулах хүртэл тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газарт хадгалагдана” гэж заасан.

Гэтэл Газар барилгажилтын зөвлөлийн журам зөрчсөн шийдвэрт үндэслэн хариуцагч нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий А/933 дугаар захирамж гаргаж Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газар эзэмшүүлсэн нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана”, 14.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ зүйлийн 14.1-д заасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгана” гэж заасныг зөрчсөн, тодруулбал нэхэмжлэгч оршин суугчдын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор батлагдсан журамд заасан санал өгөх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэстэй.

Харин анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 359 дүгээр магадлалын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд Д.Б-ийг оролцуулсан байх боловч гуравдагч этгээдээр татсан захирамж гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байгаа ч хэрэгт авагдсан баримтаар гуравдагч Д.Б-д нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг тайлбарлан, мэтгэлцэх боломжийг ханган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүн хуульд зааснаас зөрүүтэй байхад нөхөн төлүүлээгүй ч магадлалаар нөхөн төлүүлэх боломжтой байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглээгүй, маргаан бүхий акт гарах үед Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлээгүй байсныг анхааралгүй уг хуулийг хэрэглэсэн, шууд зохицуулалт агуулаагүй хуулиудыг хэрэглэсэн зэрэг хууль хэрэглээний алдаа гаргасаныг зөвтгөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүдээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 864 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 6 дугаар зүйлийн 6.4, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 36 дугаар зүйлийн 36.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг” гэснийг “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2,  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1” гэж,   2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 200 төгрөг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, урьдчилан төлсөн 70.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нийслэлийн Засаг дарга болон гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээд Д.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Д.БАТБААТАР 

                       ШҮҮГЧ           Э.ЗОРИГТБААТАР   

                       ШҮҮГЧ           О.НОМУУЛИН