Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 01913

 

 

 

 

 

 

 

 

 

Ё.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02494 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ё.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ё.Б-, Б.Б- нар 2011 оны 11 сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч нь 88.12 мкв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид 103 000 000 төгрөгөөр худалдсан. Нэхэмжлэгч Ё.Б- нь уг 103 000 000 төгрөгийн зарим хэсгийг бэлэн мөнгөөр зарим хэсгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч хариуцагчид төлсөн. Ингээд 2016 оны 4 сард нэхэмжлэгч нь өөрийн худалдан авсан орон сууцны хэмжээ нь бодит байдал дээр 79.76 мкв талбайтай болохыг олж мэдсэн байдаг. Үүнийг хариуцагч Б.Б-д мэдэгдэхэд би өөрөө хэмжүүлнэ гээд явсан ч буцааж хариу өгөөгүй. Ингээд хариуцагч өөрөө нэхэмжлэгчид анх тохирсноос дутуу хэмжээтэй байр худалдсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч анх 8.36 мкв талбай дутуу байна, үүний зөрүү 9 785 000 төгрөг, банкинд төлж байгаа хүүний зөрүүгээ тооцоход нийтдээ 20 000 000 төгрөг болж байна гэж хэлэхэд хариуцагч арай их байна, багаар тохиръё гэж хэлснээр нэхэмжлэгч, хариуцагч нар 2016 оны 11 сарын 21-ний өдөр өр, авлага барагдуулах тухай хэлцлийг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч Б.Б- нь нийт 15 000 000 төгрөгийг гэрээнд заасан төлөвлөгөөт хугацааны дагуу буюу 2016 оны 12 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 6 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 30-ны дотор үлдэгдэл 10 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон. Ийнхүү гэрээний хугацаанд өр барагдуулагч Б.Б- нь гэрээний үүргийнхээ тодорхой хэсгийг нэхэмжлэгчийн байнгын шаардлагын үндсэн дээр биелүүлсэн бөгөөд нийт 8 000 000 төгрөгийн өрийг төлсөн. Гэвч үлдсэн 7 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацааныхаа дагуу буюу одоо болтол төлж барагдуулаагүй байгаа юм. Нэхэмжлэгч Ё.Б- нь уг хугацаанд Б.Б-д хэлцэлд заасан үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьсаар ирсэн боловч Б.Б- нь энэхүү байдлыг үл тоон, нэхэмжлэгчийг хохироож байгаа байдал үүссэн тул ийнхүү шүүхэд хандахад хүрсэн болно. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл болох 7 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ё.Б- нь 2011 оны 11 сарын 28-ны өдөр хариуцагч болон Б.Б-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, Б.Б-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө түр 66 дугаар байр, 18 тоот 88.12 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг гэрээний дагуу Б.Б- нь орон сууцыг хүлээлгэн өгсөн ба тухайн үедээ тохиролцоод 103 000 000 төгрөгөөр тооцон төлсөн байдаг. Гэтэл Ё.Б- болон түүний эхнэр нь танайх байр зарахдаа мкв-ийг нь дутуу тооцож өгсөн байна. Зөрүү 15 000 000 төгрөг гарч байна, хурдан өгөхгүй бол цагдаа шүүхэд хандаж, байрны бүх төлбөрөө буцаан гаргуулах болно гэх зэргээр айлган сүрдүүлж 5 жилийн дараа өр авлага барагдуулах хэлцэл хийсэн байдаг. Уг хэлцлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 8 000 000 төгрөгийг төлсөн. Хариуцагчийн зүгээс нэмж мөнгө төлөх боломжгүй талаар хэлэхэд хуулийн дагуу хандаж гаргуулна, байрны болон бусад холбогдох зардлуудыг гаргуулна гэх зэрэг байдлаар хандаж, өнөөдрийг хүртэл зүй зохисгүй авир гаргаж байна. Тухайн үедээ өөрсдийн танил компаниар хэмжилт хийлгэсэн гэж ярьдаг боловч нийт хэдэн мкв дутсан, ямар тооцооллоор 15 000 000 төгрөгөөр тооцож хэлцэл хийсэн нь тодорхойгүй байгаа ба тухайн үед худал хуурмаг зүйл ярьж сүрдүүлж хэлцэл хийж уг хэлцлийнхээ дагуу дээрх төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас 7 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ё.Б-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 126 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Б-од олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Ё.Б-  нь 2011 оны 11 сарын 28-ны өдөр хариуцагч болох Б.Б-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Б-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, түр 66 дугаар байрны 18 тоот 88.12 мкв-тай 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг гэрээний дагуу Б.Б- нь орон сууцыг хүлээлгэн өгсөн ба тухайн үедээ тохиролцоод 103 000 000 төгрөгөөр тооцон төлсөн байдаг. Гэтэл Ё.Б- болон түүний эхнэр нь танайх байр зарахдаа мкв-ыг нь дутуу тооцож өгсөн байна. Зөрүү 15 000 000 төгрөг гарч байна, хурдан өгөхгүй бол цагдаа шүүхэд хандаж, байрны бүх төлбөрөө буцаан гаргуулах болно гэх зэргээр айлган сүрдүүлж, 5 жилийн дараа авлага барагдуулах хэлцэл хийсэн байдаг. Уг хэлцлийн дагуу 8 000 000 төгрөгийг төлсөн. Хариуцагчийн зүгээс нэмж мөнгө төлөх боломжгүй талаар хэлэхэд хуулийн дагуу хандаж гаргуулна, байрны болон бусад холбогдох зардлуудыг гаргуулна гэх зэрэг байдлаар хандаж, өнөөдрийг хүртэл зүй зохисгүй авир гаргаж байна. Тухайн үедээ өөрсдийн танил компаниар хэмжилт хийлгэсэн гэж ярьдаг боловч нийт хэдэн мкв дутсан, ямар тооцооллоор 15 000 000 төгрөгөөр тооцож, хэлцэл хийсэн нь тодорхойгүй байгаа ба тухайн үед худал хуурмаг зүйл ярьж сүрдүүлж хэлцэл хийж, уг хэлцлийнхээ дагуу дээрх төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ё.Б- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

Талууд 2011 оны 11 сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Б.Б- нь 3 өрөө, 88 мкв орон сууцыг 2018 оны 8 сарын 25-ны өдөрт багтаан худалдан авагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Ё.Б- нь орон сууцны төлбөрт 103 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 18-21-р тал/

 

Зохигчид 2016 оны 11 сарын 21-ний өдөр Өр авлага барагдуулах тухай” хэлцлийг хийсэн байх бөгөөд уг хэлцлээр хариуцагч Б.Б- нь орон сууцны талбайн хэмжээг буруу тооцсоноо хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ё.Б-од 2016 оны 12 сарын 25-ны дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 6 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 30-ны дотор 10 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, үүнээс хариуцагч нь 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбар болон бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4-р тал/

 

Нэхэмжлэгч Ё.Б- нь 2016 оны 11 сарын 21-ний өдрийн өр, авлага барагдуулах тухай хэлцлийн дагуу үлдэх 7 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хариуцагч Б.Б-гаас 7 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Б-од олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгч нь 2016 оны 11 сарын 21-ний өдөр байгуулагдсан “Өр авлага барагдуулах тухай” хэлцлийг цагдаа, шүүхэд өгнө, байрны бүх төлбөрөө буцаан гаргуулна гэх зэргээр айлган сүрдүүлж хийсэн гэх боловч дээрх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                               ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ