Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00366

 

 Ё.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02494 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1913 дугаар магадлалтай,

 Ё.Батболдын нэхэмжлэлтэй,

Б.Базар-Адъяад холбогдох,

Худалдан авсан орон сууцны талбайн зөрүү төлбөрт 7,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маралгуа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.Батболд, Б.Базар-Адъяа нар 2011 оны 11 сарын 28-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч нь 88.12 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид 103,000,000 төгрөгөөр худалдсан. Нэхэмжлэгч Ё.Батболд нь уг 103,000,000 төгрөгийн зарим хэсгийг бэлэн мөнгөөр зарим хэсгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч хариуцагчид төлсөн. Ингээд 2016 оны 4 сард нэхэмжлэгч нь өөрийн худалдан авсан орон сууцны хэмжээ нь бодит байдал дээр 79.76 м.кв талбайтай болохыг олж мэдсэн байдаг. Үүнийг хариуцагч Б.Базар-Адъяад мэдэгдэхэд би өөрөө хэмжүүлнэ гээд явсан ч буцааж хариу өгөөгүй. Ингээд хариуцагч өөрөө нэхэмжлэгчид анх тохирсноос дутуу хэмжээтэй байр худалдсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч анх 8.36 м.кв талбай дутуу байна, үүний зөрүү 9,785,000 төгрөг, банкинд төлж байгаа хүүний зөрүүгээ тооцоход нийтдээ 20,000,000 төгрөг болж байна гэж хэлэхэд хариуцагч арай их байна, багаар тохиръё гэж хэлснээр нэхэмжлэгч, хариуцагч нар 2016 оны 11 сарын 21-ний өдөр өр, авлага барагдуулах тухай хэлцлийг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч Б.Базар-Адъяа нь нийт 15,000,000 төгрөгийг гэрээнд заасан төлөвлөгөөт хугацааны дагуу буюу 2016 оны 12 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 6 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 30-ны дотор үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон. Ийнхүү гэрээний хугацаанд өр барагдуулагч Б.Базар-Адъяа нь гэрээний үүргийнхээ тодорхой хэсгийг нэхэмжлэгчийн байнгын шаардлагын үндсэн дээр биелүүлсэн бөгөөд нийт 8,000,000 төгрөгийн өрийг төлсөн. Гэвч үлдсэн 7,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацааныхаа дагуу буюу одоо болтол төлж барагдуулаагүй байгаа юм. Нэхэмжлэгч Ё.Батболд нь уг хугацаанд Б.Базар-Адъяад хэлцэлд заасан үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьсаар ирсэн боловч Б.Базар-Адъяа нь энэхүү байдлыг үл тоон, нэхэмжлэгчийг хохироож байгаа байдал үүссэн тул ийнхүү шүүхэд хандахад хүрсэн болно. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл болох 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Батболд нь 2011 оны 11 сарын 28-ны өдөр хариуцагч болон Б.Базар-Адъяатай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Б.Базар-Адъяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө түр 66 дугаар байр, 18 тоот 88.12 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг гэрээний дагуу Б.Базар-Адъяа нь орон сууцыг хүлээлгэн өгсөн ба тухайн үедээ тохиролцоод 103,000,000 төгрөгөөр тооцон төлсөн байдаг. Гэтэл Ё.Батболд болон түүний эхнэр нь танайх байр зарахдаа м.кв-ыг нь дутуу тооцож өгсөн байна. Зөрүү 15,000,000 төгрөг гарч байна, хурдан өгөхгүй бол цагдаа шүүхэд хандаж, байрны бүх төлбөрөө буцаан гаргуулах болно гэх зэргээр айлган сүрдүүлж 5 жилийн дараа өр авлага барагдуулах хэлцэл хийсэн байдаг. Уг хэлцлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 8,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагчийн зүгээс нэмж мөнгө төлөх боломжгүй талаар хэлэхэд хуулийн дагуу хандаж гаргуулна, байрны болон бусад холбогдох зардлуудыг гаргуулна гэх зэрэг байдлаар хандаж, өнөөдрийг хүртэл зүй зохисгүй авир гаргаж байна. Тухайн үедээ өөрсдийн танил компаниар хэмжилт хийлгэсэн гэж ярьдаг боловч нийт хэдэн м.кв дутсан, ямар тооцооллоор 15,000,000 төгрөгөөр тооцож хэлцэл хийсэн нь тодорхойгүй байгаа ба тухайн үед худал хуурмаг зүйл ярьж сүрдүүлж хэлцэл хийж уг хэлцлийнхээ дагуу дээрх төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02494 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Базар-Адъяагаас 7,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ё.Батболдод олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Базар-Адъяагаас 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Батболдод олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1913 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ё.Батболд нь 2011 оны 11 сарын 28-ны өдөр хариуцагч болох Б.Базар-Адъяатай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Базар-Адъяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо: 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө түр 66-18 тоот 88.12 м.кв-тай 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг гэрээний дагуу Б.Базар-Адъяа нь орон сууцыг хүлээлгэн өгсөн ба тухайн үедээ тохиролцоод 103,000,000 төгрөгөөр тооцон төлсөн байдаг. Гэтэл Ё.Батболд болон түүний эхнэр нь танайх байр зарахдаа мкв-ыг нь дутуу тооцож өгсөн байна. Зөрүү 15,000,000 төгрөг гарч байна, хурдан өгөхгүй бол цагдаа шүүхэд хандаж, байрны төлбөрөө буцаан гаргуулах болно гэх зэргээр айлган сүрдүүлж, 5 жилийн дараа авлага барагдуулах хэлцэл хийсэн байдаг. Уг хэлцлийн дагуу 8,000,000 төгрөг төлсөн. Хариуцагчийн зүгээс нэмж мөнгө төлөх боломжгүй талаар хэлэхэд хуулийн дагуу хандаж гаргуулна, байрны болон бусад холбогдох зардлуудыг гаргуулна гэх зэрэг байдлаар хандаж, өнөөдрийг хүртэл зүй зохисгүй авир гаргаж байна. Тухайн үедээ өөрсдийн танил компаниар хэмжилт хийлгэсэн гэж ярьдаг боловч нийт хэдэн м.кв дутсан ямар тооцооллоор 15,000,000 төгрөгөөр тооцож хэлцэл хийсэн нь тодорхойгүй байгаа ба тухайн үед худал хуурмаг зүйл ярьж сүрдүүлж хэлцэл хийж, уг хэлцлийнхээ дагуу дээрх төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02494 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 1913 магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн болно. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Ё.Батболд нь хариуцагч Б.Базар-Адъяад холбогдуулан худалдан авсан орон сууцны талбайн зөрүү төлбөрт 7,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Зохигч 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Б.Базар-Адъяа Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 66 дугаар байрны 18 тоот, 88 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 103,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Ё.Батболд гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулах үүрэг тус тус хүлээжээ.

 Гэрээний дагуу худалдагч орон сууцыг хүлээлгэн өгсөн, худалдан авагч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан 88 м.кв талбайд хүрээгүй, худалдан авагчид хохирол учруулсан үндэслэлээр талууд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өр, авлага барагдуулах тухай хэлцэл байгуулж, худалдагч Б.Базар-Адъяа худалдан авагч Ё.Батболдод хохиролд 15,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.

 Дээрх үнийн дүнгээс худалдагч 8,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч Ё.Батболд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч нь Өр, авлага барагдуулах тухай хэлцэл-ийг айлган сүрдүүлж хийсэн боловч 8,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх Өр, авлага барагдуулах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар хүчин төгөлдөр гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу биш боловч зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх засаагүй байна.

 Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2011 онд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдсан орон сууцны талбайн хэмжээг буруу тооцсоноос худалдан авагчид хохирол учирсныг худалдагч зөвшөөрч, 2016 онд Өр, авлага барагдуулах тухай хэлцэл байгуулжээ.

 Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, худалдагч доголдолтой эд хөрөнгө худалдсанаас худалдан авагчид хохирол учирсныг худалдагч зөвшөөрч, талууд Өр, авлага барагдуулах тухай хэлцэл байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй үндэслэлээр өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулахаар худалдан авагч шаардлага гаргажээ.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй, худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд дээрх шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгуулахаар шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно, энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1., 254.2.-т тус тус зохицуулжээ.

 Талууд Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-ээр орон сууцны 1 м.кв талбайн үнийн талаар тохиролцоогүй боловч худалдагч дутуу талбайн хэмжээгээр худалдан авагчид хохирол учирсныг зөвшөөрч, зохих төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсоныг үндэслэн хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь талуудын зарчим, хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.7.-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тооцно гэжээ.

 Зохигч худалдах-худалдан авах гэрээг 2011 онд байгуулсан боловч хариуцагч доголдлыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сард хэлцэл хийж, хохирлыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохирсон, нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 Хариуцагчаас Өр, авлага барагдуулах тухай хэлцэл-ийг айлган сүрдүүлж хийсэн гэх боловч энэ талаар хэрэгт баримтгүй, шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад тулгуурласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1913 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02494 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...186 дугаар зүйлийн 186.1 дэх... гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.2.-т... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧИД                                        Х.СОНИНБАЯР

                                                                   Г.ЦАГААНЦООЖ

                                                             Д.ЦОЛМОН

                                                                      Х.ЭРДЭНЭСУВД