Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1911

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01805 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Давадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн  анхан  шатны  шүүхийн 2016 оны 6 сарын 22-ны өдрйн 159 тоот шүүхийн шийдвэрээр Ч.Б-өөс  47 400 000 төгрөг гаргуулж, Ш.А-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 1 500 000 төгрөг төлсөн төдийгүй Ч.Б-ийн тэтгэврийн дансыг хаасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ч.О нь С.Ц-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203014170 дугаартай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 байрны 17 тоот, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, дээрх төлбөрт тооцуулахаар 2018 оны 10 сарын 31-ний өдөр 4/18152 тоот мэдэгдлийг өгөөд байна. Уг мэдэгдэлд дээрх орон сууцыг 95 900 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн өнөөгийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Иймд орон сууцны өмчлөгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00159 дүгээр захирамжаар Ч.Б-өөс 47 600 000 төгрөгийг гаргуулж, Ш.А-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч.Б-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.Б-ийн хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014170 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамж 13/2-байрны тоот 17 тоот, 48 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 9 сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 10 сарын 01-ний  өдөр  хураан авч, хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 266 дугаар тогтоолоор "Мөнх-Оргил трейд" ХХК-ийг томилоход 95 900 000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 10 сарын 31-ний өдөр төлбөр төлөгчийн хаягаар эхнэр С.Ц- байсан бөгөөд гарын үсэг зурахгүй гэж мэдүүлж, 4/18152 дугаар албан бичгийн нэг хувийг гардуулж өгсөн. Мөн төлбөр төлөгчид 4/18579 дугаартай анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 11/15 дугаартай албадан дуудлага худалдааны тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 2018 оны 11 сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлах явцад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 181/Ш32018/12861 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг тус албанд даалгаж захирамжилсан тул албадан дуудлага худалдаа явагдаагүй болно. Төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлсэн шүүхээс томилогдсон болон манай ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдийн хооронд илэрхий зөрүү байхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар 55.7, 122 дугаар сарын 122.5-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014170 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 байрны 17 тоот, 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 55/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн С.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч С.Ц- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр барагдуулах ажиллагааны хөрөнгийн үнэлгээнд гомдол гарган үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хэт нэг талыг баримталсан буюу үндсэн төлбөр барагдуулах ажиллагааг хамгаалсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоосон, шийдвэр гүйцэтгэгчийн эрх, үүргийг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үүргийг зөрчсөн үндэслэлүүдийг ач холбогдол өгөлгүй, нотлох баримтуудыг үнэлж дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүхээс шийдвэр гаргахдаа хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад, төлбөр төлөгчийн хөндөгдсөн эрх, шинжээчийн хуульд заасан үүргээ зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгчийн эрхийг нь хязгаарласан зэргийг зөв зүйтэй үнэлж, дүгнэсэнгүй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргасан "Дельтамон" ХХК-ийн шинжээч, үнэлгээчин үнэлгээг хийхдээ харьцуулалтын аргыг хэрэглэн дүгнэлтээ гаргасан. Гэвч ижил байршилд байрлах боловч 4 өрөө нэг ширхэг орон сууцтай харьцуулж, тухайн 4 өрөө орон сууцыг үнэлэхдээ 200 000 000 төгрөг хэмээн харьцуулсан. Харин нэхэмжлэгчийн 2 өрөө орон сууцыг шууд утгаараа түүний тал хэмээн үзэж үнэлгээний тал дүнгээр буюу 100 000 000 төгрөг гэж үзэн үнэлгээний дүгнэлтээ гаргасан. Мөн шүүхийн журмаар томилогдсон шинжээч болох “Дельтамон" ХХК нь зөвхөн нэг орон сууцны үнийг жишиг болгон, хаанаас, ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүй дээрх үнэлгээг тайландаа хавсаргасан нь Үнэлгээний Олон Улсын стандартыг зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн үнэлгээг гаргахдаа 1 давхрын байрлалтай байрыг өөр давхарт байрлах байртай харьцуулан үл хөдлөх хөрөнгийн үнийг жишиг болгож судалсан зэргээс шалтгаалан тухайн гаргасан үнэлгээ нь үндэслэл бүхий гэж үзэхгүй байна. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                       

 

Нэхэмжлэгч С.Ц- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00159 дүгээр захирамжаар хариуцагч Ч.Б- нь 47 400 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.А-д төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 18-19-р тал/

 

Төлбөр төлөгч Ч.Б-өд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хариуцагч НШШГГ- нь 2016 оны 9 сарын 27, 2017 оны 4 сарын 16, 2017 оны 8 сарын 18-ны өдөр тус тус хүргүүлж, барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203011170 дугаартай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 байрны 17 тоот, 48 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2016 оны 9 сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 10 сарын 01-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргажээ. /хх-ийн 22, 29, 32, 23-24, 47-48-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад өмчлөгч буюу нэхэмжлэгч С.Ц- нь 180 000 000 төгрөгийн санал өгч, төлбөр авагч Ш.А- нь шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар талууд үнийн саналд харилцан тохиролцоогүй байна. /хх-ийн 39-41-р тал/

 

Иймд хариуцагч НШШГГ- нь “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь улсын бүртгэлийн Ү-2203011170 дугаартай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 байрны 17 тоот, 48 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 95 900 000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-ийн 55, 60-74-р тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч “Дельтамон” ХХК нь дээрх орон сууцыг 100 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээ гаргасан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээнээс илэрхий зөрүүгүй байгаа талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн, үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт доогуур гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бармтаар тогтоогдоогүй, хариуцагч нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дах  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО  

                                   ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

            Г.ДАВААДОРЖ