Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1805

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШ-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг, нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 0159 тоот шүүхийн шийдвэрээр Ч.Батмөнхөөс 47,400,000 төгрөг гаргуулж Ш.Анармаад олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 1,500,000 төгрөг төлсөн төдийгүй Ч.Батмөнхийн тэтгэврийн дансыг хаасан байгаа. Гэтэл НШрын шийдвэр гүйцэтгэгч н.Оюунбилэг гэгч С.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203014170 дугаартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 байрны 17 тоот, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, дээрх төлбөрт тооцуулахаар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4/18152 тоот мэдэгдлийг өгөөд байна. Уг мэдэгдэлд дээрх орон сууцыг 95,900,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн өнөөгийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ болсон байна. Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлт үүнийг нотолно.

Иймд орон сууцны өмчлөгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул НШрын үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 181/ШШ2016/00159 дүгээр захирамжаар Чадаагийн Батмөнхөөс 47,600,000 төгрөгийг гаргуулж Ш.Анармаад олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Ч.Батмөнхийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.Батмөнхийн хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014170 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамж 13/2 байрны тоот 17 тоот, 48 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хураан авч хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилоход 95,900,000 төгрөгөөр үнэлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгчийн хаягаар эхнэр С.Ц байсан бөгөөд гарын үсэг зурахгүй гэж мэдүүлж, 4/18152 дугаар албан бичгийн нэг хувийг гардуулж өгсөн.

Мөн төлбөр төлөгчид 4/18579 дугаартай анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 11/15 дугаартай албадан дуудлага худалдааны тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлах явцад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 181 /Ш32018/12861 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг тус албанд даалгаж захирамжилсан тул албадан дуудлага худалдаа явагдаагүй болно.

Төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлсэн шүүхээс томилогдсон болон манай ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдийн хооронд илэрхий зөрүү байхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч НШарт холбогдуулан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 55/Ш тоот 95,900,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ч.Батмөнхөөс 47,400,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 200,000 төгрөгийн хамт гаргуулж Ш.Анармаад олгохоор шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 159 дүгээр захирамжид 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 406 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо ажиллагаа явагдаж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.Батмөнх, Б.Батхишигт, Б.Батжаргал, С.Ц нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014170 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 байрны 17 тоот, 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууц /цаашид “орон сууц” гэх/-ыг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 154/09-27 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16281104 тоот тогтоолоор хурааж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 266 тоот тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлсэн байна.

 

Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 95,900,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ тухай НШар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4/18152 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн, өмчлөгч С.Ц 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд гаргаж, шүүх ажиллагааны явцад түүний хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснээр ажиллагаа зогссон байна.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан харьяаллын дагуу тус шүүхэд гаргасан энэ гомдлоо мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа болох үнэлгээний талаар мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор тус шүүхэд гаргасан тул шүүх гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэнэ.

 

С.Ц нь үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан, үнэлгээ тогтоолгох зорилгоор шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдоогүй тул шүүх зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэл бүхий эсэхийг хянан шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн гомдлын шаардлага, түүний агуулгад нийцнэ гэж үзлээ.

 

Орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар “Мөнх-Оргил Трейд” ХХК 95,900,000 төгрөгөөр, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 126,614,000 төгрөгөөр, шүүхээс томилогдсон шинжээч “Дельтамон” ХХК 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 100,000,000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.

 

Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий гурван үнэлгээчин нь орон сууцны зах зээлийн үнэ цэнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан арга, аргачлалын дагуу явуулж, жишиг үнийн аргаар тогтоогдсон үнэлгээнд илүү ач холбогдол өгч, тухайн аргад суурилсан үнэлгээгээр зах зээлийн үнэ цэнийг тогтоосон байх ба ийнхүү үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Үнэлгээ хийхдээ:

- “Мөнх-Оргил Трейд” ХХК нь нэг байршилд байрлах, барилгын хийц, бүтээцийн хувьд ижилхэн тоосгоор баригдсан, талбайн хэмжээ /47,9-68 м.кв/ болон ашигласан хугацаа ойролцоо 3 ширхэг орон сууцтай харьцуулж, 1 м.кв-ын үнийг 1,997,100 төгрөг буюу нийт үнийг 95,900,000 төгрөгөөр,

-  “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь байршил ойролцоо боловч барилгын хийц, бүтээцийн хувьд өөр, бүрэн цутгамал болоод төмөр бетон каракас бүхий 47-93 м.кв талбай бүхий 3 ширхэг орон сууцтай харьцуулж, 1 м.кв-ын үнийг 2,637,800 төгрөг буюу нийт үнийг 126,614,000 төгрөгөөр,

-      “Дельтамон” ХХК нь ижил байршил дахь, ашигласан хугацаа ойролцоо 4 өрөө нэг ширхэг орон сууцтай харьцуулж, 1 м.кв-ын үнийг 2,083,000 төгрөг буюу нийт үнийг 100,000,000 төгрөгөөр тус тус тогтоосон байдаг.

 

 “Мөнх-Оргил Трейд” ХХК болон “Дельтамон” ХХК-ийн тогтоосон үнэлгээ илэрхий зөрүүгүй байхад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ нь тэднээс өндөр дүнтэй гарсан нь үнэлгээ хийсэн цаг хугацаанаас өөр байснаас гадна харьцуулагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь тоосгон бус харин илүү өртөгтэй бүрэн цутгамал болон тоосго, блокоор дүүргэсэн төмөр бетон каракас бүхий өөр бүтээц, хийцтэй байснаас болжээ.

 

Үнэлгээний зах зээлийн буюу жишиг үнийн хандлагын арга нь тухайн цаг хугацаанд зах зээл дээр худалдаалагдаж буй ижил төстэй тухайлбал, байршил, хийц, хэмжээ, ашигласан хугацаа зэрэг хүчин зүйл ойролцоо үл хөдлөх хөрөнгөнүүдийн арилжааны мэдээллийг ашиглаж хөрөнгийн үнэ, цэнийг тодорхойлдог тул эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжилж байгаа өнөө үед өөр өөр цаг хугацаанд, өөр өөр хөрөнгөтэй харьцуулагдан хийгдсэн үнэлгээ харилцан адилгүй гарах боломжтой тул шүүх дээрх 3 өөр цаг хугацаанд хийгдсэн, өөр дүн бүхий үнэлгээнүүдийг нэгийг нөгөөгөөр шууд үгүйсгэх боломжгүй юм.

 

“Мөнх-Оргил Трейд” ХХК нь орон сууцыг нэг байршилд байрлах, ижил бүтээц, хийц, өрөөний тоо бүхий, ашигласан хугацаа ойролцоо 3 ширхэг орон сууцтай харьцуулах замаар жишиг үнийг тогтоосон бөгөөд үнэлгээ нь шинжээч “Дельтамон” ХХК-ийн тогтоосон үнэлгээнээс илэрхий зөрүүгүй байгаа тул шүүх тухайн үнэлгээг үндэслэл бүхий гэж үзлээ.

 

Иймд “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул С.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014170 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 байрны 17 тоот, 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 55/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн С.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 17 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА