Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0972

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх  захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Иргэн М.Гийн нэхэмжлэлтэй

   Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох

   “Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Шар овогтой Гийг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 3 мандат бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар тойрогт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр авсан бөгөөд сонгуулийн сурталчилгааны хугацаанд Сонгуулийн тухай хуулийн дагуу сурталчилгааны компанит ажлаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр явагдсан санал хураалт болон 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон нэмэлт санал хураалтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар тойрогт 3756 сонгогчийн санал авч санал хураалтын дүнгээр хамгийн олон санал буюу 1 дүгээрт жагссан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 116-119 дүгээр зүйлийг ноцтой зөрчин 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоол гэх захиргааны акт гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалтыг тус тус үндэслэн Ш.Г намайг "...сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай хууль бус шийдвэр гаргалаа. Уг хууль бус шийдвэрийн улмаас Ш.Г миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх ноцтой зөрчигдөж, ард түмний өгсөн саналыг үгүйсгэх гэсэн бусармаг үйлдэл болж байна.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт Сонгуулийн дүн гарсаны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно гэж заасан. Хуульд заасан үндэслэл тогтоогдвол гэдэг нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно гэж заасан байдаг. Сонгуулийн тухай хуулийн 117 дүгээр зүйлийн 117.1, 117.2 дахь хэсэгт заасан зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд нь мэргэжлийн байгууллага буюу цагдаа, шүүхийн байгууллага юм. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага зөрчлийг хянаж, шалгасны үндсэн дээр шүүх зөрчлийг хянан шийдвэрлэснийг хуульд заасан үндэслэл гэж үзнэ. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах эрх нь байдаг боловч зөрчлийг эрх бүхий байгууллагаас шалгаж, захиргааны шийтгэл оногдуулсны дараа Сонгуулийн хороо эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл өөрт нь олгогдоогүй зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Ш.Гийг нэрсийн жагсаалтаас хассан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэр дэвшигчийн жагсаалтаас нэр дэвшигчийг хасах эрх Сонгуулийн хороонд байдаг. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс хянан шийдвэрлээд захиргааны шийтгэл оногдуулсан бол шүүхийн шийдвэрт үндэслэн өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй. Сонгуулийн тухай хуулийн 117.1, 117.2 дахь хэсэгт зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана, шүүгч шийдвэрлэнэ гэж зааж өгсөн. Гэтэл Сонгуулийн хороо зөрчлийг өөрсдөө хянан шалгаад шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.6 дахь хэсэгт энэ хуульд заасан захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд энэ хуульд өөрөөр заагаагүй бол холбогдох хууль тогтоомжийг баримтална гэж заасан. Холбогдох хууль тогтоомж нь Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны зөрчлийг хянан шалгах, шийдвэрлэх эрх бүхий субъект нь шүүгч, цагдаагийн байгууллага, хилийн цэрэг, дотоодын цэргийн ангийн дарга гэх мэт тодорхой зааж өгсөн.

Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх гэж заасан. Сонгуулийн байгууллагад өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх эрх хэмжээ байгаа. Үүнийг Сонгуулийн тухай хуулийн 111, 114 дүгээр зүйлд зааж өгсөн. Зөрчлийг шалгах эрх хэмжээ Сонгуулийн хороонд хуулиар болон онолын хувьд ч олгогдоогүй.

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны хурлын ирц бүрдсэн эсэх нь тодорхойгүй, хуралдаанд 7 гишүүн оролцсоноос 2 гишүүн нь байхгүй, гарч явсан. Мөн Хуралдааны нарийн бичгийн дарга н.Мэндсайхан нь тэмдэглэлд гарын үсэг зураагүй байдаг. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Сонгуулийн хорооны шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна гэж заасан. Үүнээс үзэхэд Сонгуулийн хорооны дотоод үйл ажиллагаа хууль бус болох харагдаж байна. Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  дугаар тогтоолыг 58 дугаар тогтоол хууль бус тул хүчингүй болгож, орон нутгийн сонгуульд сонгогдсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Ш.Гийг оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, Д.Ж нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулах Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Сонгуулийн хорооны шийдвэрээр байгуулсан. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Нэхэмжлэгч Ш.Г Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан.

Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд Ардчилсан намаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Г нь сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах хууль бус ажиллагааг эрчимтэй явуулж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Монгол ардын намын хорооны өргөдөл болон Монгол ардын намаас нэр дэвшигч Н.О*******, М.Бя*******, Б.А******* нар гомдол ирүүлсэн. Энэхүү өргөдөл, гомдлыг шалгахад нэр дэвшигч Ш.Г нь өөрөө болон Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар тойрогт ухуулагчаар ажиллаж байсан Ж.О*******ээр дамжуулан сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан нь ухуулагч Ж.О*******ийн сонгогч Я*******, н.С******* нартай Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгөөд 20.000 төгрөг өгч авахаар тохиролцож буй нь бичлэгээс харагдаж байна.  

Иргэн О.А******* сонгогч Г.Г*******, Н.Д******* нар “сонгуулиа өгөөд мөнгө авах талаар буй бичлэг зэргээр бүрэн тогтоогдсон байна. (СD, түүнд бичигдсэн үйл баримтыг бичгэн хэлбэрт оруулсан тэмдэглэлийн хамт хавсаргав)

Иргэн Ж.О*******, О.А******* нар нь нэр дэвшигч Ш.Гийг дэмжихийн тулд түүнээс мөнгө авч, сонгогч Я*******, Г.Г*******, Н.Д*******, н.С******* нарт 20.000 өгөхөөр амалсан, мөнгө өгч байгаа нь бичлэгээр илэрсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдсон үйл баримтуудаар нэр дэвшигч Ш.Г Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.14. дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн.

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны хурлын товыг гишүүдэд нарийн бичгийн дарга мэдэгдсэн бөгөөд хурал эхлэхэд нийт  долоон гишүүн хүрэлцэн ирсэн байсан. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу уг хурал хүчин төгөлдөр ирцтэй болсон.

Улмаар Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөн гэх нэхэмжлэгч Ш.Гийн асуудлыг хэлэлцэх үед хоёр гишүүн хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан. Сонгуулийн хорооны хурал үргэлжилж гомдолд хавсаргасан бичлэгийг үзэж судлан, нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн хуралд оролцсон гишүүдийн олонх үзэж 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоол гарсан.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан “аливаа этгээд”, 70.5 заасан “эрх бүхий этгээд” гэдэгт нэр дэвшигч Ш.Г, ухуулагч Ж.О*******, иргэн О.А******* нар хамаарч байгаа болно.

Дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт заасан "мөнгө, эд зүйл тараах”, 70.5.10 дахь хэсэгт заасан “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, ... мөнгө... тараах”, 70.5.14 дэх хэсэгт “сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах", 70.5.16 дэх хэсэгт заасан “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” зэрэг заалтыг ноцтой зөрчсөн байна.

Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгуулийн талаар ялгамжтай зохицуулсан байна. Нэхэмжлэгчээс тайлбарлаж буй заавал цагдаагийн байгууллагаар шалгуулж, шүүхийн шийдвэр гарсан байх ёстой гэсэн шаардлага нь Улсын Их Хурлын сонгуульд хамааралтай.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн хорооны нэр дэвшигч бүртгүүлсний дараа Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийг нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх эрхтэй байна. Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын сонгуультай адил шүүхийн шийдвэр шаардаагүй, харин ерөнхийлөгчийн сонгуультай адил урьдчилан тогтоох, шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаардахгүй, зөвхөн “илэрвэл” гэх нөхцөлийг харгалзан үзэж байгаагаар адил байна. Харин сонгуулийн нэр дэвшигчийн мөн чанараас шалтгаалан нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах субьектээрээ өөр өөр байна. Энэхүү зохицуулалтын эрэмбийн дагуу татгалзах үндэслэл илэрсэн тохиолдолд 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх хороонд хуулиар олгогдсон тул Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан. Хуралдаанд оролцсон нийт бүрэлдэхүүн 9 гишүүний гуравны хоёр хувь нь 6 гишүүн болно. Тэгэхээр хуралдаанд 7 гишүүн оролцсон. Сонгуулийн тухай хуулийн 27.3 дахь хэсэгт Сонгуулийн хорооны ажилтан, албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхисон, тасалсан тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно гэж заасан.

Хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлд гарын үсэг зураагүй байдаг. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт сонгуулийн хорооны шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна, 27.5 дахь хэсэгт энэ хуулийн 27.2 дахь хэсэгт заасан хуралдаанаас гарсан шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй гэж заасан. Тэгэхээр нарийн бичгийн дарга гарын үсгээ зурахгүй байх эрх хэмжээ байхгүй. Сонгуулийн хорооны хуралдаанд хуульд нийцэж явагдсан.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж заасан. Тэгэхээр сонгуулийн тухай хууль тогтоомж гэдийг тодорхойлох ёстой. Сонгуулийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль, хуульчилсан актаас бүрдэнэ. Үүнийг зөрчсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Энэ нь өнөөдрийн маргааны зүйл биш юм. Өнөөдрийн маргааны зүйл маань нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан нь Сонгуулийн хорооны эрх хэмжээний асуудал мөн үү гэдэг асуудал юм. Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдвол нэрсийн жагсаалтаас хасах эрх хэмжээтэй юм. Уг маргаанд захиргааны шийтгэл ногдуулах асуудал яригдахгүй. Энэ нь захиргааны акттай холбогдох маргаан юм.

Нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл нь “нэг" дэх хэсэгт дурдсан сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгөн хөрөнгө гаргасан, тараасан үйл баримт болно. Үүнийг заавал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг хуулиар шаардаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээтэй холбон үзэж болно. Дээрх үндэслэлээс үзэхэд хууль тогтоогч нь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах эрх зүйн үндэслэл, шаардлагыг ялгамжтайгаар тогтоосныг шүүх анхааран үзэхийг хүсч байна.

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар Орон нутгийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Ш.Гийг оруулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад энэ асуудал яригдах боломжгүй юм.

Сум, дүүргийн сонгуулийн хорооны эрх хэмжээг Сонгуулийн тухай хуулийн 34 зүйлд зааж өгсөн. Тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах үүрэгтэй болохыг зааж өгсөн. Иймд нэр дэвшигчтэй холбоотой өргөдөл гомдлыг Сонгуулийн хороо хянан шалгаж, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д заасны дагуу Ш.Гийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан. Хууль тогтоогчоос Сонгуулийн тухай хуулиар 3 шатны сонгуулийн үйл ажиллагааг ялгамжтайгаар зохицуулж өгсөн. Хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалт нь тухайн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хангах зорилготой зохицуулалт гэж үзэж байгаа. Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасахын тулд заавал шүүхийн шийдвэр гарсан байхыг шаардаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль өөр зохицуулалттай. Харин орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг Сонгуулийн хороо бие дааж зохион байгуулж байгаа. Тус Сонгуулийн хороо хуульд нийцсэн шийдвэр гаргасан.

Сонгуулийн тухай хууль нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан. Уг хууль урьд өмнө явагдаж байсан сонгуулийн үйл ажиллагаанд гарч байсан алдаа дутагдлыг засаж өгсөн байдаг. Ийм учраас тус хуульд “аливаа этгээд”, “сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд” гэдэг нэр томьёог оруулж өгсөн. Энэ хуулиар сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах болон бусад аливаа хууль бус ажиллагааг явуулах бүх боломжийг хаасан. Гэтэл сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тарааж, хууль бус үйл ажиллагаа явуулчихаад иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гишүүн болно гэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Сонгуулийн хороо уг асуудлыг шалгах эрхгүй гэж эрх хэмжээг нь үгүйсгэж болохгүй. Сонгуулийн хороо сонгуулийн үйл ажиллагааг шударга явуулахын төлөө л ажилласан. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан аливаа этгээд, 70.5-д заасан сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь тус хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үйл ажиллагааг явуулсан.

Иймд Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолоор Ш.Гийн нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс Ш.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Ш.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш.Г “Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Шар овогтой Гийг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

            Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолоор[1] Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт заасныг баримтлан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас Баянзүрх дүүргийн 5 дугаар тойрогт нэр дэвшигч Шарын Г нь сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч Ш.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[2] Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас тус дүүргийн 5 дугаар тойрогт нэр дэвшсэнийг бүртгэжээ.

            Улмаар Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд 5 дугаар тойргоос нэр дэвшигчдийн санал хураалтын дүн[3] гарч Ш.Г 3756 иргэний санал авч, нийт сонгогчдын 46.15 хувийг эзэлж, хамгийн олон саналыг авчээ.

            Баянзүрх дүүргийн Монгол ардын намын хорооны дэд дарга болон нэр дэвшигч нараас Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд гомдол[4] гаргасны дагуу Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг гаргасан байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Улсын Их хурлын сонгуулиар сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах, мөнгө эд зүйл тараавал уг хориглосон үйлдэл, үйл ажиллагаа шүүхийн шийдвэрээр тогтоогдсоны үндсэн дээр сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах хуулийн зохицуулалт Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааж өгсөн.

            Харин Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ.” гэж зааснаас үзвэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа гаргавал заавал шүүхийн шийдвэрээр тогтоогдохыг шаардахгүй, Сонгуулийн хороо өөрөө бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах эрхтэй гэж тогтоолынхоо үндэслэлийг тайлбарлаж байна.

            Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг;”, 70 дугаар зүйлийн 70.15. “Энэ хуулийн 70.1-д заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:”, 111 дүгээр зүйлийн 111.6 “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд энэ хуульд өөрөөр заагаагүй бол холбогдох хууль тогтоомжийг баримтална.”, 117 дугаар зүйлийн 117.1 “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана.”, 117.2. “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийн талаар шууд ирүүлсэн гомдол, мэдээллийг шүүгч шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл шүүгч гомдол, мэдээлэлд дурдсан үйл баримт, нотлох баримтыг шалгуулахаар тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад даалгавар өгнө”, 165 дугаар зүйлийн 165.1 “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн хуулийн заалтуудаас үзвэл Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1. “мөнгө, эд зүйл тараах;” 70.5.16. “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах;” хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулбал цагдаагийн байгууллага шалгаж, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна.

            Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлээс 119 дүгээр зүйл хүртэлх хуулийн заалт нь Улсын Их хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн хурлын сонгуульд аль алинд нь хамаарах нийтлэг зохицуулалт бөгөөд дан ганц 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол” гэсэн үг байхгүй байгаа нь Сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлалыг гажуудуулан хэрэглэх үндэслэл болохгүй юм.

            Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т “ сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах” гэсэн эрх хэмжээний хүрээнд Сонгуулийн тухай хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, тогтоолыг гаргасан гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

            Дээр дурдсан Сонгуулийн тухай хуулийн заалтаас үзвэл Сонгуулийн хороонд зөрчлийг шалгаж, хянан шийдвэрлэх эрх хэмжээг олгоогүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4 дэх хэсэгт заасан эрх нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнийг шалган тогтоохоос бусад сонгуулийг явуулах өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамааралтай заалт байна.

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/602 дугаар албан бичгээр “Тус шүүхэд сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуультай холбоотой Ш.Гт холбогдох сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл хийсэн талаарх захиргааны шийтгэл ногдуулах тухай баримт сэлт ирээгүй” гэсэн лавлагааг[5] тус шүүхэд ирүүлжээ.

            Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолд нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Сонгуулийн хорооны шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байгааг тэмдэглэв.

            Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонгуулийн хорооны ирц бүрдээгүй, 2 хүн оролцоогүй тул хурлын шийдвэр хүчингүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны гишүүдийг томилсон байна[6].

            Хэрэгт авагдсан Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар тэмдэглэлээс[7] үзвэл томилогдсон гишүүдээс 7 гишүүн хуралд оролцсон байх бөгөөд 2 гишүүн нь хуралдааныг орхин гарчээ. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.”, 27.3. “Сонгуулийн хорооны ажилтан, албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхисон, тасалсан тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно.” гэж зааснаар хуралдаан хуульд заасан ирцтэйгээр хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гомдол гаргасан иргэдээс гомдолдоо хавсаргасан нотлох баримт гэж дүрстэй бичлэгийг /СD дээр хуулбарласан/ шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг бичлэг болон бичлэгт гарсан хүмүүсийн харилцан ярилцсан бичлэгийг цаасан дээр буулган ирүүлсэн баримт нь хуульд заасан арга хэрэгслээр авагдаагүй байх тул тэдгээрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гэж үзээгүй, шүүх үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

            Шүүх уг сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэхдээ Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо 2016 оны 58 дугаар тогтоолыг гаргахдаа Сонгуулийн хууль тогтоомжийн дагуу гаргасан эсэхийг хянасан бөгөөд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх талаарх асуудал нь өөр эрх зүйн маргаан байх тул Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан “аливаа этгээд”, 70 дугаар зүйлийн 70.5-д заасан “эрх бүхий этгээд” гэсэн нэр томьёог тайлбарлаагүй, зөрчил гаргасан гэх иргэд нь Ш.Гтэй холбоотой эсэх талаар хянах эрхгүй тул эдгээр асуудалтай холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дүгнэлт өгөөгүй болно.

            Иймд Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно.” гэж заасан хуулийн заалтыг буруу хэрэглэж, зөрчлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэвэр байхгүй байхад сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг гаргасан байх тул уг тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Шар овогтой Гийг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.15, 111 дүгээр зүйлийн 111.6, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.3, 161 дүгээр зүйлийн 161.4, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Шар овогтой Гийг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж, Ш.Гт олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Л.ӨЛЗИЙЖАРГАЛ