Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 0034

 

 

 

 

 

 

 

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Н.Д

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Б овогт Б-н Б

 

Б.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр          аймгийн           сумын       багийн        тоотод оршин суух иргэн Б.Д-г цахим хэрэгсэл ашиглан “барьцаагүй зээл олгоно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж “барьцаагүй зээл олгоно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Быг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 67 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж,

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох хорих ялаар сольсон 67 хоногийн хугацаагаар хорих ялыг,

            мөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн         дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн          дугаартай шүүгчийн захирамжаар хассан хоногийг тооцож, шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 22 хоногийн ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 29 хоногийн хугацаагаар тогтоож,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 3 жил 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Д эсэргүүцэлдээ:

 

“... Шүүгдэгчид оногдуулсан 6 хорих ял болон түүний 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сая төгрөгийн торгох ялыг 1 хоногийг 15.000 төгрөгөөр тооцож хорих ялд шилжүүлэхдээ бутархай гарсан тоог 1 хоногт нэмж /1.000.000 : 15.000 = 66.6/ нийт 67 хоногийн хоног гаргасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Шүүгдэгч Б.Бын 2021 оны 04 дүгээр сард бусдыг залилсан хэргийг нөхөн илрүүлж энэ шийтгэх тогтоолоор буюу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ял оногдуулж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 29 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Б.Бын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарч байх ба шүүгдэгч хорих ял шийтгүүлснээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байтал Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд заасан “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг хэсэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу ... зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Н.Д-н эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Temo Hands Best нэртэй фэйсбүүк хаяг ашиглан “...Барьцаагүй зээл олгоно ... Таньд 11.000.000 төгрөгийн зээл гаргаж өгье. Сарын хүү 420.000 төгрөг болно. Одоо 470.000 төгрөг төлөх хэрэгтэй, зээл нэг цагийн дотор гарна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Б.Д-г төөрөгдөлд оруулж, түүнээс 470.000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ХААН банкин дахь Б.Д-н харилцах дансны хуулга /хх 46/, Ц.П-н харилцах дансны хуулга /хх 78/,

 

хохирогч Б.Д-н “...зар тавьсан байхаар нь би уг мэдээллийн доод талд нь мэдээлэл авъя гэж бичсэн. Тэгтэл удалгүй Temo Hands Best нэртэй фэйсбүүк хаягнаас миний хувь чат руу мессэнжерээр орж ирээд танд хэд хэрэгтэй юм бэ гэж чат бичихээр нь би зөрүүлээд надад яг одоо 4 сая төгрөг хэрэгтэй байна. Танайх 11 сая төгрөг гаргах боломжтой юм уу гэж асуутал хариуд нь манайх 100 сая хүртэл төгрөгийн зээл гаргадаг гэж хариу бичсэн. Ингээд надад хариу бичихдээ 11 сая төгрөг гаргаж өгнө. Уг мөнгөний сарын хүү 420.000 төгрөг болно, харин одоо та надад 470.000 төгрөгийг урьдчилгаа хүү болгож өгөх ёстой... гээд Хаан банкны данс явуулаад утга хэсэг дээр нь 10939 гэсэн кодоо бичээрэй гэсэн ... би данс руу хийсэн ... нэг цагийн дараа миний дансанд ямар ч мөнгө орж ирээгүй ... блок хийгээд бүх мэдээллээ устгачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 134-135, 139-140/,

 

шүүгдэгч Б.Бын гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 145-146, 163/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бын гэм бурууг хянан хэлэлцэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч, хохирогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх Б.Бт хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг  баримтлалгүй шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Б урьд нь гэмт хэрэг үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн          дугаартай шийтгэх тогтоолоор 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн         дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил хорих ялаар, нийт 4 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, хорих ял эдэлж байсан байна.

Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн         дугаартай захирамжаар Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, нийт 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүний эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 3 жилийн хугацаагаар хорих ял, 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэхдээ болон шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн хорих ялыг тооцохдоо тооцооллын шинжтэй алдаа гаргасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасанчлан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг нь хорих ялын нэг хоногтой тэнцэх ба ийнхүү тооцвол 1.000.000 : 15.000 = 66.6 хоног гарах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 4-т “Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна” гэж заасан тул дээрх хугацааг 66 хоног буюу 2 сар 6 хоногоор тооцох нь зүйтэй юм.

 

Мөн шүүгдэгч нь энэ хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тооцсон байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялыг 2 жил 4 сар 22 хоног гэж 3 хоногийн зөрүүтэй тооцсон байна.

 

Түүнээс гадна Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.т Залилах  /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солино ... гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч нь урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 1 жил 1 сар 10 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж байсан боловч түүний 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хугацаанд хамаарч байгаа, мөн хуулийн 3.2-т заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал болон 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан өршөөлд хамаарахгүй гэмт хэрэгт тусгагдаагүй байна.

 

Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 470.000 төгрөгийг хохирогч Б.Д-д төлсөн /хх 218/, байнга оршин суух газрын хаягтай, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ зэрэг нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай хуулийн зохицуулалтад хамаарч байна.

 

Шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т заасныг баримтлан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжтой боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.т заасны дагуу дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний эдлээгүй үлдсэн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тогтоох юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялд нэмж нэгтгэж тооцвол шүүгдэгч Б.Бын нийт эдлэх ялын хугацаатай дүйцэж байна.

 

Иймд прокурорын “ ... торгох ялыг 67 хоногийн хорих ялаар тооцохдоо буруу тооцсон..., хорих ялыг Өршөөлийн тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй ... ” гэсэн  эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Бт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн         дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 66 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн        дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг сольсон 66 хоног хорих ялыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн         дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн           дугаартай захирамжаар өршөөн хэлтрүүлсэн 1 жил 1 сар 10 хоногийг тооцож, эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 19 хоногийн ялд тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 25 хоногоор тогтоосугай” гэж,

 

шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “3 жил 29 хоног” гэснийг “3 жил 25 хоног” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ