Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

2022         02            11                                    2022/ШЦТ/49

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,    

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2125001590389 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Б

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ тосгон 23-3 тоотод оршин суух иргэн Б.Д-г цахим хэрэгсэл ашиглан “барьцаагүй зээл олгоно” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Д-гийн “...2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаа шалгаж байхад “барьцаагүй зээл олгоно” гэсэн том зар тавьсан байхаар нь би уг мэдээллийн доод талд нь “мэдээлэл авья” гэж бичсэн. Тэгтэл удалгүй Temo Hands Best гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас миний хувь чат руу мессенжерээр орж ирээд “танд хэд хэрэгтэй юм бэ” гэж чат бичихээр нь би зөрүүлээд “надад яг одоо 4.000.000 төгрөг хэрэгтэй байна, танайх 11.000.000 төгрөг гаргах боломжтой юм уу” гэж асуутал “манайх 100.000.000 төгрөгийн зээл гаргадаг” гэж хариу бичсэн. Ингээд надад хариу бичихдээ “11.000.000 төгрөг гаргаж өгнө, уг мөнгөний сарын хүү 420.000 төгрөг болно, харин одоо та надад 470.000 төгрөгийг урьдчилгаа хүү болгож өгөх ёстой. Та мөнгөө хийвэл манай компаниас оператор таны чат руу чинь бүх мэдээлэл өгнө, код явуулна” гэж хэлээд миний чат руу хаан банкны 5400209570 гэсэн данс явуулаад “утга хэсэг дээр нь 10939 гэсэн кодоо бичээрэй” гэж хэлсэн. Би уг хүний хэлсний дагуу 470.000 төгрөгөө Хаан банкны 5400209570 гэсэн данс руу хийгээд утга хэсэг дээр нь 10939 гэсэн кодыг нь бичээд явуулсан. ...Би тэр өдөржингөө харсан боловч хариу байхгүй болохоор нь Temo Hands Best фейсбүүк хаяг руу орох гэтэл блок хийгээд бүх мэдээллээ устгачихсан байсан учраас залилуулснаа мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 134-136 дахь тал/,

яллагдагч Б.Б-ын “...2021 оны 4 дүгээр сарын дундуур цахим хаягтаа “хүүгүй зээл олгоно” гэж байршуулахад нэрийг сайн мэдэхгүй хүн “зээл яаж олгодог вэ” гэж асуухаар нь “урьдчилгаа өгвөл зээл олгоно” гээд ийм материал хэрэгтэй гэдгийг хэлж өгсөн. Тухайн хүн “танайх хэдэн төгрөгийн зээл гаргадаг вэ” гэхээр нь “100.000.000 төгрөг хүртэлх зээлийг гаргадаг” гэсэн чинь “надад 4-5 сая төгрөг хэрэгтэй байна, нэмж гаргах уу, гарвал 11.000.000 төгрөгийг гаргах уу” гэхээр нь “гаргана харин урьдчилгаа хүү 470.000 төгрөгийг төлнө” гэхэд “найдвартай юм уу” гэж асууж байсан. Тэгээд би покер тоглоом хариуцан ажиллуулдаг Пүрэвдорж гэх хүний нэр дээрх Хаан банкны дансыг тухайн хүнд өгсөн, би өөрийнхөө тоглодог код буюу 10939 дугаартай кодыг “утга дээр энэ кодыг бичээрэй” гэж хэлсэн, “мөнгөө явуулчихлаа” гэхээр нь тухайн хүний хаягийг блок хийсэн, 400.000 төгрөгийг өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны 451042946 тоот данс руу татаж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 163 дахь тал/,

хохирогч Б.Д-гийн “...2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Temo Hands Best гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “барьцаагүй зээл гаргаж өгнө” гэж хэлээд 5400209570 гэсэн данс руу 470.000 төгрөг авч залилсан.” гэх гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 11, 12-16 дахь тал/,

Б.Б-ын Төрийн банкны MN900034241200031163 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 20, 35-37 дахь тал/,

хохирогч Б.Д-гийн Хаан банкны 5090408187 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 46 дахь тал/,

Б.Б-т 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 165-166 дахь тал/,

Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 168 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 181 дэх тал/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 169-177/,

хоригдол Б.Б 2 жил 4 сар 22 хоногийн ял үлдсэн талаарх ялын тооцоо /хавтаст хэргийн 200 дахь тал/

хохирогч Б.Д-д 470.000 төгрөгийг төлсөн баримт /хавтаст хэргийн 218 дахь тал/, хохирогчийн “Б.Б нь надад учруулсан 470.000 төгрөгийг төлж барагдуулсан тул миний бие гомдол, саналгүй” гэсэн хүсэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 372 дугаартай шүүгчийн захирамж зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос мөн Б.Боос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар;

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ тосгон 23-3 тоотод оршин суух иргэн Батсүхийн Даваасүрэнг цахим хэрэгсэл ашиглан “барьцаагүй зээл олгоно” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 470.000 төгрөгийг нь залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх хохирогч Б.Д-гийн “...2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр...Temo Hands Best гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас миний хувь чат руу мессенжерээр орж ирээд “танд хэд хэрэгтэй юм бэ” гэж чат бичихээр нь би зөрүүлээд “надад яг одоо 4.000.000 төгрөг хэрэгтэй байна, танайх 11.000.000 төгрөг гаргах боломжтой юм уу” гэж асуутал “манайх 100.000.000 төгрөгийн зээл гаргадаг” гэж хариу бичсэн. ...уг хүний хэлсний дагуу 470.000 төгрөгөө Хаан банкны 5400209570 гэсэн данс руу хийгээд утга хэсэг дээр нь 10939 гэсэн кодыг нь бичээд явуулсан. ...мэдээллээ устгачихсан байсан учраас залилуулснаа мэдсэн.” гэх,

яллагдагч Б.Б-ын “...2021 оны 4 дүгээр сарын дундуур цахим хаягтаа “хүүгүй зээл олгоно” гэж байршуулахад нэрийг сайн мэдэхгүй хүн “зээл яаж олгодог вэ” гэж асуухаар нь “урьдчилгаа өгвөл зээл олгоно” гээд ийм материал хэрэгтэй гэдгийг хэлж өгсөн. ...“мөнгөө явуулчихлаа” гэхээр нь тухайн хүний хаягийг блок хийсэн, 400.000 төгрөгийг өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны 451042946 тоот данс руу татаж авсан.” гэх мэдүүлгүүдээр,

хохирогч Б.Д-гийн “...2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Temo Hands Best гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “барьцаагүй зээл гаргаж өгнө” гэж хэлээд 5400209570 гэсэн данс руу 470.000 төгрөг авч залилсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гаргасан өргөдөл, холбогдох баримтууд, Б.Б-ын Төрийн банкны дансны хуулга, хохирогч Б.Д-гийн Хаан банкны 5090408187 дугаартай дансны хуулга, хохирогчийн “Б.Б нь надад учруулсан 470.000 төгрөгийг төлж барагдуулсан тул миний бие гомдол, саналгүй” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.Б нь цахим хэрэгсэл ашиглан “барьцаагүй зээл олгоно” гэсэн зар тавьж,  “Temo Hands Best” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас хохирогчтой холбогдон өөрийгөө “100.000.000 төгрөг хүртэлх зээлийг гаргадаг” мэтээр ойлгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон 470.000 төгрөгийг нь шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

“Залилах” гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б-ын бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар шилжүүлэн өөртөө олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж “барьцаагүй зээл олгоно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         

          Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар;

Шүүх шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж “барьцаагүй зээл олгоно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүгдэгч Б.Б нь 2021 онд хоёр удаа буюу Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,

          Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж нийт 4 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байхад нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль” батлагдсан байна.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 372 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн дагуу түүнд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 270 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг хассан, одоо 2 жил 4 сар 22 хоногийн ялын үлдэгдэлтэй талаарх ялын тооцоо бүхий баримт хавтаст хэргийн 200 дахь талд авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ ял дээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 66 хоногоор тооцож, нийт 8 сар 6 хоногийн хорих ял оногдуулж, өмнөх хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 22 хоногийн хорих ялыг нэмж 3 жил 28 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Р.Бямбажаваас “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хорих ялаар солиход татгалзахгүй, энэ тогтоолоор шийдвэрлэж байгаа хэргийг шүүгдэгчийн хохирол төлсөн болон биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.”  гэсэн санал, дүгнэлтийг гаргасан болно.

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж,  

         3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж,

7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн энэ гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, мөн залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан шаардлагыг хангаж байгаа хэдий боловч шүүгдэгчийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж байхад нь  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 372 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж түүний эдлэх ялаас 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг хассан байна.

Иймээс шүүгдэгчийг дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжгүй юм.

Шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 67 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 67 хоногийн хугацаагаар хорих ялыг,

          мөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 372 дугаартай шүүгчийн захирамжаар хассан хоногийг тооцож, шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 22 хоногийн ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 29 хоногийн хугацаагаар тогтоож,

          оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  

мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.   

Бусад асуудлын талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Дд учруулсан хохирол 470.000 төгрөгийн төлсөн тухай баримт хавтас хэргийн 218 дахь талд авагдсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж “барьцаагүй зээл олгоно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 67 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох хорих ялаар сольсон 67 хоногийн хугацаагаар хорих ялыг,

          мөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 372 дугаартай шүүгчийн захирамжаар хассан хоногийг тооцож, шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 22 хоногийн ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 29 хоногийн хугацаагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 3 жил 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

          8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ