Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2016/0341

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар Б******* ХХК болон Х******* ХХК-уудийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б******* ХХК,

Х******* ХХК

Хариуцагч: Ашигт малтмалын газар,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Б******* ХХК-ийн Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт орших Д******* нэртэй 1106,33 гектар талбайтай NE-******* тоот өргөдлийн дугаарыг хууль бусаар цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Өргөдлийн бүртгэлээс хасах тухай 366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Б******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох NE-******* дугаартай өргөдлийн бүртгэлийг сэргээж, аймгаас дэмжсэн саналын хуудсыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б******* ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, эсхүл илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, өмгөөлөгч Л.Б*******, нэхэмжлэгч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Г*******, хариуцагч Ашигт малтмалын газар, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн ерөнхий захирал Х.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь геологи хайгуул, уул уурхайн ашиглалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний уул уурхайн компаниудын нэг бөгөөд ажлынхаа цар хүрээг өргөтгөх зорилгоор төрөөс зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох цахим бүртгэлд амжилттай оролцон Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт "Д*******" нэртэй 1106,33 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 53 минутад үйлчилгээний хөлсөнд 250 000 төгрөг тушааж, өргөдлийн бүртгэлийн NЕ-******* дугаараар бүртгэгдэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох боломжтой болсон тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Ат №6-492 тоот мэдэгдлээр саналын хуудсыг хүргүүлсэн юм.

Энэхүү саналын хуудсын хариу 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирсэн бөгөөд тус аймгаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдэд Говь-Алтай аймгийн Засаг дарга 100% татгалзсан хариуг /Баян-Өлгий, Завхан, Баянхонгор гэх мэт бүгд адил 100 хувь дэмжээгүй/ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн болно.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Монгол улсын Засгийн газрын шийдвэр гартал уг асуудлыг хүлээсэн бөгөөд үүний дараагаар 2015 оны 05 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Ч.С, Уул уурхайн яамны сайд Р.Ж нар Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан аймгуудын Засаг дарга нартай уулзаж төрийн бодлого хэрэгжүүлэхэд аймгуудаас ирж буй Засаг дарга нарын дэмжихгүй санал их хэмжээгээр ирж байна, төрийн бодлого алдагдаж байна. Төрөөс зарласан талбай учраас энэ асуудал дээр аймгууд дэмжих шаардлагатай. Мөн тухайн талбай эзэмшдэг газрын гэрчилгээний төлбөрийг, уул уурхайн үйл ажиллагаа явуулсан компанийн орлогын тодорхой хувийг орон нутагт өгдөг болгох, Засгийн газрын тогтоол гарсны үндсэн дээр Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгууд дараагийн саналын хуудасуудад дэмжиж байх нэг шийдэлд хүрсэн тул манай компани нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны 15/07 албан тоотоор Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүсэлт гарган 2 дахь саналын хуудсыг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш тун удалгүй Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын талбайн гектар тутамд 5000 төгрөгийг мөн ашиглалт явуулсан тохиолдолд ашигт малтмалын ордын нөөц ашигласны 30 хүртэл хувийг орон нутгийн хөгжлийн санд оруулах болсноор аймгууд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналуудыг ирүүлж эхэлсэн юм.

Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NЕ-******* дугаартай өргөдөлд "Дэмжсэн" саналыг гаргаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлж байх хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр "Өргөдлийн бүртгэлийг цуцлах тухай" №366 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар аймгаас дэмжсэн санал ирээгүй гэх үндэслэлээр манай өргөдлийн NЕ-******* дугаартай өргөдлийн бүртгэлийг цуцалсан шийдвэр гаргасан байна.

Энэ гаргасан 366 дугаар шийдвэрийг үндэслээд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т заасан хэсгийг үндэслэн Н.Чын гарын үсэг зурсан албан бичгийг 9 гэсэн утас руу 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12:07 цагт, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагт залгасан боловч утас нь холбогдохгүй байсан тул 05 дугаар сарын 15-ны өдөр шууданд өгсөн. Гэтэл 05 дугаар сарын 12-нд шууданд өгч явуулсан байсан. Захирал н.Дунгаамаа н.О нар гадаад явсан нь гадаад паспортоор харагддаг. 05 дугаар сарын 08-ны өдөр 341 тоот шийдвэрийг 05 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 минутад вэб сайтад тавиад энэ тухай олон нийтэд мэдээлсэн байдаг. 05 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хэн ч мэдээгүй. 05 сарын 12-ны өдөр Мягмар гараг байсан, 05 дугаар сарын 15-ны өдөр нь Баасан гараг байсан. Манай захирлууд 5 дахь өдрийн орой Монголд ирсэн. 05 дугаар сарын 18-ны өдөр Даваа гараг байгаа. Тухайн үед цахимаар бүртгэх бүртгэлийг долоо хоног бүрийн Даваа гарагийн өглөө 8 цагаас ажил цуглахаас өмнө цахимаар явуулдаг байсан.

Ийм хууль бус шийдвэрийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс гаргасны уршгаар Ашигт малтмалын газрын Кадастрын даргын хууль бус шийдвэрээс өмнө гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын дэмжсэн санал өргөдлийн бүртгэлд бүртгэгдэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болгосны зэрэгцээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс өргөдлийн бүртгэл цуцалсныг манай компанид огт хэлэлгүй, тэр бүү хэл олон нийт болон манай компани өөрөө ч энэ шийдвэрийн тухай мэдээгүй байхад манай зохиосон өргөдлийн координатуудыг тэр чигээр нь хуулбарлан өөр нэр бүхий компани өргөдөл гарган цахимаар бүртгүүлснээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь бусдын талбайг дээрэмдэх үйл ажиллагааг албан тушаал эрх мэдлээ ашиглан зохион байгуулттайгаар хууль зөрчиж байна.

Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөдлийн талаар мэдэхээр Кадастрын хэлтэст ирсэн. Цахимын бүртгэлийг хартал манай өргөдлийн талбайд Х******* гэдэг компани 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөдлийн дугаар гаргаад өргөдөл өгсөн байсан. Говь-Алтай аймгийн Засаг даргаас асуухад танайд зөвшөөрсөн хариу гарсан байгаа. Аймгийн Засаг даргаас дэмжсэн тухай саналын хуудсыг факсаар авсан. 05 дугаар сарын 20-ны өдөр манайх 1 цэгийн үйлчилгээнд ирсэн байсан. Манай саналын хуудас нь ирсэн байна, мөн энэ талбайг хүчингүй болгуулсан тухай олон нийтэд мэдээлэл очоогүй байхад Х******* ХХК яагаад давхцаж, яг манай 7-н солбицол газрын хэмжээтэй адилхан хүний тогтоосон координатыг хууль бусаар хэн олж мэдсэн нь үл мэдэгдэх журмаар өргөдлөө өгсөн байсан. Бид бодохдоо Ашигт малтмалын газрын хуулийн хэлтсийн дарга С.Дашдаржаа гэдэг хүн өөр компанид өгсөн байх гэж ойлгодог. Энэ компани хууль бусаар орж ирсэн байна. Өргөдлийн дугаар цуцалсан тухай хэн ч мэдээгүй. Аймгаас Засаг дарга дэмжсэн талаар албан ёсоор ирж мэдэгдсэн. Мэдээллийн шүүлтээр бол хэн түрүүлж өгсөн компани түрүүлж орох ёстой. Дэмжсэн санал ирснээс хойш 7 хоногийн дараа Ашигт малтмалын газраас санал хүссэн өргөдөл явсан. Говь-Алтай аймгаас саналын хуудас ирсэн. 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргаас 159 тоот саналын хуудсаар Х ХХК-д энэ компанид тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн саналын хуудас ирсэн юм.

Манай компаниас 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн №3923 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм.

2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай компаниас Уул уурхайн яамны сайд Р.Жийн нэр дээр гомдол гаргасан бөгөөд Уул уурхайн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жоос Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үгийн нэр дээр 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 7/1419 тоотыг ирүүлсэн юм.

2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс "Б***** ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай Хяналт-шинжилгээний ажлын тайлан" гарсан бөгөөд үүний дараа Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 06 дугаар арын 17-ны өдрийн №1/15 тоот Албан даалгавраар 2015 оны 06 дугаар сарын 20-ны дотор "Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс Б******* ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгож, NЕ-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийг сэргээх" шийдвэрийг гаргасаар байтал манай компанийн асуудал Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс дээр өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байсаар байна.

Иймд "Б*******" ХХК-ийн Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт орших "Д*******" нэртэй, 1106,33 гектар талбайтай NЕ-******* тоот өргөдлийн дугаарыг хууль бусаар цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн "Өргөдлийн бүртгэлээс хасах тухай" 366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №1/15 тоот "Албан даалгаврыг" үндэслэн "Б*******" ХХК-ийн ашигт малтмалыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох NЕ-******* дугаартай өргөдлийн бүртгэлийг сэргээж, аймгаас дэмжсэн саналын хуудсыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн захирал Ц.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Г******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Манай компанийн зүгээс 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/19 бичгээр Уул, уурхайн яаманд гаргасан гомдлыг уг яам хянан Хяналт шинжилгээ, дотоод аудитын газар /ХШҮДАГ/-ын дүгнэлт, болон Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч Д.Үд хүргүүлсэн албан даалгаврыг 2015 оны 09 дүгээр 04-ний 3/1943 тоот албан бичгээр ирүүлсэн. Уг дүгнэлт болон албан даалгаварт Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот даалгаврыг хүчингүй хэмээн үзэж, "Х*******" ХХК-ийн NЕ-0 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг үргэлжлүүлэн хянахаар шийдвэрлэсэн боловч Ашигт малтмалын газраас хууль бус үйл ажиллагаагаа /эс үйлдэхүй/ үргэлжлүүлэн явуулсаар байна.

Тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан. Манай компанийн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-0 дугаарт бүртгэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэж заасан. Хайгуулын тусгай олгож эхлэх өргөдлийн дугаарыг цахимаар олгож байгаа нь сонирхогч оролцоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн нөлөөллийг багасгаж, кадастрын хэлтсийг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлсэн ач холбогдолтой гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл энэ нь тухайн өргөдел гаргагчийн хүсэлтийг хүлээж аваад, авсан даруйдаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд нь тухайн өдөрт нь багтааж хариу өгөх боломжийг бий болгож байгаа ингэснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасны дагуу хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэл бий болсон.

Түүнчлэн Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.6-д "Уралдаант шалгаруулалт зарласан этгээд шалгаруулалтад оролцогчоос түүнд оролцохыг зөвшөөрсөн хариу буюу холбогдох материалыг хүлээн авснаас хойш саналаасаа татгалзах эрхгүй бөгөөд татгалзсан тохиолдолд болзол хангасан оролцогч зарласан шагналыг авахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу Ашигт малтмалын газар одоо манайд олгосон өргөдлийн цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Нэгэнт Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NЕ-0 дугаарт бүртгэсэн тул цаашид Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар уг хуульд тодорхой заасан боловч хууль бус үндэслэлээр буюу дээр дурдсан үндэслэлүүдээр уг үйл ажиллагааг одоо хүртэл авч хэрэгжүүлэхгүй, хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхийг хязгаарлаж байна.

Захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтнууд нь захиргааны эрх зүйн харилцаанд шийдвэр гарган, үйл ажиллагаа явуулж субъект болж байдаг ч гаргаж буй нь шийдвэр нь хуульд заасан эрх хэмжээнийх нь хүрээнд нийцсэн, хууль болон бусад хэм тусгагдсан шаардлагыг хангасан байх ёстой гэдэг нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж буй хэнд ч ойлгомжтой асуудал.

Түүнчлэн нийтийн эрх зүйн "зөвшөөрснөөс бусдыг хориглоно" гэсэн үндсэн зарчмын дагуу эрх бүхий төрийн албан хаагч нь хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг болохоос тухайн бүрэн эрхийг өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар ашиглах эрх эдэлдэггүй. Гэтэл Н.Ч нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн өөрт ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор Говь-Алтай аймгийн Засаг даргаас ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хоёр дахь удаагаа дахин санал авсан байна. Хэдийгээр зөвхөн зөвшөөрсөн хариу ирүүлэх зорилгоор үндэслэлгүйгээр удаа дараа санал авах албан бичгийг явуулж байсан ч дэмжих боломжгүй гэсэн хариуг ирүүлж байсан тул тухайн тендерийг хуулийн дагуу хүчингүй болгож олон нийтэд нээлттэйгээр ашигт хайгуулын тендерийг дахин зарласан юм. Гэсэн хэдий ч нэгэнт "Б******* ХХК-ийн хувьд хүчингүй болгохоор шийдвэрлэн, дахин олон нийтэд нээлттэйгээр хайгуулын тендер зарласан талбайд Говь- Алтай аймгийн Засаг даргаас сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн хариу ирүүлсэн нь,

Нэгдүгээрт: цаг хугацааны хувьд нэгэнт дуусгавар болсон харилцаа тул ахин авч үзэх үндэслэлгүй,

Хоёрт: тухайн асуудалд шууд сонирхлын зөрчилтэй "Б*******" ХХК тухайн албан бичгийг Ашигт малтмалын газарт өөрийн биеэр хууль зөрчин авчирч өгсөн,

Гуравт: захиргааны байгууллагын шийдвэр нь хуульд нийцсэн байх, мөн хуулийг ямар нэг байдлаар зөрчөөгүй байхаас гадна хуулиас эх үндэстэй, түүнд тулгуурлан гарсан байх ёстой гэсэн зарчмуудыг ноцтой зөрчиж байна.

Дээрх хууль бус албан бичгийг үндэслэн Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс Б******* ХХК-ийн өргөдлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж өгөх талаарх гомдлыг хянан үзэж, тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан хяналт ажлын тайлангийн төсөлд Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч Д.Ү 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр "Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг цуцлах" гэсэн цохолт хийсэн байдаг /хуулбарыг нэхэмжлэлд хавсаргасан/ бөгөөд улмаар 2015 оны 06 сарын 16-ны өдөр Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс дээр дурдсан хяналт үнэлгээний ажлын тайлан гэнэт өөрчлөгдөж, үүний дараа буюу 2015 оны 06 сарын 17-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын 1/15 тоот албан даалгавраар 06 дугаар сарын 20-ны дотор "Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс Б******* ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгож, NЕ-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийг сэргээх шийдвэрийг гаргасан байна.

Д.Ү нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 13.1.5, 13.1.8 дахь заалтууд болон Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.4-т заасан албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох; 5.3.5-д бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох гэсэн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, түүнчлэн Засгийн газрын Агентлагын эрх зүйн байдлын тухай 8 дугаар зүйлийн 8.3-т заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Дээр дурдсанаар Ашигт малтмалын тухайн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.2.3 дахь заалтыг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан тул дээрх талбай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох өргөдлийн талбайд бүртгэгдэн дахин зарлагдсан юм. Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу манай компани тус хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангаж хамгийн түрүүнд өргөдөл гаргаж NE-0 дугаарт бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэл бий болсон. Гэтэл Ашигт малтмалын газрын даргын дээрх 1/15 тоот албан даалгаврын улмаас "Х*******" ХХК-ийн Говь-Алтай аймгийн Е******* сумын Д******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл авах эрх бодитоор зөрчигдсөөр өнөөдрийг хүрлээ.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газар болон уг газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хууль болон Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахгүйгээр уг ажиллагааг үндэслэлгүйгээр таслан зогсоосон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т Захиргааны акт" гэж "нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг" ойлгохоор заасан.

Захиргааны актын үндсэн чиг үүрэг нь хуулийг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Хууль ерөнхий хийсвэр зохицуулалтыг агуулдаг байхад захиргааны акт хуулийг амьдралын яг тодорхой тохиолдолд хэрэгжүүлж гардгаараа онцлогтой. Иймд захиргааны акт нь шуурхай нөлөөлөл бүхий, төрийн албадлагын аргаар гүйцэтгэл нь хангагдсан, нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн захиргааны захирамжилсан үйл ажиллагааны хэлбэр юм.

Энэ утгаараа Ашигт малтмалын газрын даргын 1/15 тоот албан даалгавар нь ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулах ажиллагааг хуулийн дагуу үргэлжлүүлэн явуулахад шууд саад учруулсан эрх зүйн үр дагавар бий болгож байгаа захирамжилсан үйл ажиллагаа мөн бөгөөд Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "Б*******" ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайланг ч тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэхэд нөлөөлж буй байдал болон нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гаргасан захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Дээр дурьдсан захиргааны актуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.7, 9.1.9 дэх заалтуудыг зөрчсөн илт хууль бус акт гэж үзэж байна.

Манай компанийн гаргасан гомдлын дагуу Уул, уурхайн яамнаас дүгнэлт гарган, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү****гийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг хүчингүй хэмээн үзэж, Х*******" ХХК-ийн NЕ-0 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг үргэлжлүүлэн хянахаар шийдвэрлэсэн боловч Ашигт малтмалын газраас манай өргөдлийг үргэлжлүүлэн хянах талаар ямарч үйл ажиллагаа явуулахгүй /захиргааны акт, эс үйлдэхүй/ байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т захиргааны байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл болно.

Нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд нийцүүлэн дараах байдлаар нэмж тодруулж байна. Үүнд:

1. Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "Б*******" ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, эсхүл илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх.

2. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэттэгч Д.Үгийн болон Кадастрын хэлтсийн "Х*******" ХХК-ийн NЕ-0 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг үргэлжлүүлэн хянах талаар захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоон, манай компанийн хууль ёсны эрхийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн өмгөөлөгч Л.Б******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

...Энэ хавтаст хэрэг шинжлэн судалж байхад хоёр нэхэмжлэгчтэй холбоотой, хариуцагчтай холбоотой тусгай зөвшөөрөл хүсч гаргасан 4-н өргөдөл, санал нотлох баримтаар ирсэн байна. Хамгийн анхных нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай санал, дараагийнх нь он, сар, өдөргүй 05 сарын 04-ний өдрийн санал, 05 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай санал, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 159 дүгээр санал, энэ 4-н саналд аваад үзэхэд 26-ны өдрийн саналыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дурдаад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна гэсэн үг, өгүүлбэртэй санал байдаг. Энэ саналын хувьд 23 өргөдлийн саналыг Ашигт малтмалын газарт тухайн үед ирүүлж байсан гэдэгт орсон байгаа.

2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/612 Говь-Алтай аймгийн Засаг даргаас Кадастрын хэлтсийн өргөдлийн дагуу санал өгөх боломжгүй байна. Иймд танай байгууллага хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсье гэсэн байдаг. Дэмжсэн дэмжээгүй, зөвшөөрөөгүй үндэслэлээ хуулийн дагуу дурдаагүй.

2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай санал Дэмжихгүй байгаа хууль зүйн үндэслэлээ бичнэ үү гэсэн хэсэг зай хоосон байдаг.

2015 оны 06 дугаар сарын өдрийн 02-ны 159 дүгээр санал өгөх хуудас Х******* ХХК-д зөвшөөрөхгүй байгаа үндэслэл гээд хуулийн дагуу дурдсан байна.

366 дугаар шийдвэрийг гаргахад үндэслэл болсон 04 дүгээр сарын 04-ний өдрийн саналд огноо байхгүй, он сар өдөр байхгүй, дэмжихгүй байгаа үндэслэл гэж юм дурдагдаагүй, дэмжиж байгаа ч гэж дурдаагүй эргээд иймд танай байгууллага хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсье гэсэн бичигтэй. Урдаа албан тооттой. Нөгөө гурван саналд бол дэмжсэн дэмжээгүй үндэслэлээ бичсэн албан тоот ирж байгаагүй. Тэгэхээр энэ 4-н саналыг юу гэж тайлбарлах гээд байна гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар мэдэгдлийг хүлээн авмагц аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын болон тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх үүрэгтэй гэсэн болохоос хариу хүргүүлнэ гэсэн заалт байхгүй.

Дээрээс нь хариуцагч, нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа Шуудан холбооны тухай хуулийн дагуу ерөнхийдөө багцаагаар 40 хоногийн дотор шийддэг гэж байгаа боловч хуулиас гадуур зохицуулсан журам байхгүй. Тэрийг нь нийтээр хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх тухай хуульд орсон, батлагдсан, Хууль зүйн яаманд бүртгүүлсэн журам өнөөдөр харагдахгүй байна. Зөвхөн амаараа 40 хоногийн дотор багцаагаар шийдвэрлэнэ гэж яриад байна. Үүнийг тайлбарлахдаа дахин дэмжих буюу 2 дахь удаагаа дэмжих бол 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн санал байгаа. Гэтэл хуулийн дагуу шийдье гэсэн санал нь 05 дугаар сарын 02-ны өдөр буюу 36 хоногийн дараа хуулийн дагуу шийдье гэсэн санал ирүүлсэн байдаг. Энэ нь хариу өгөхгүй болон хугацаандаа хариу өгөхгүй бол зөвшөөрсөн гэж ойлгож байна.

Энэ 40 хоногийн асуудал болохоор 04 дүгээр сарын 02-ны өдөр аймгаас 2 дахь удаагаа санал авах, 05 дугаар сарын 04-ний өдөр 1 хуулийн дагуу шийдье гэсэн, 05 дугаар сарын 05-ны өдөр дэмжиж байна гэсэн асуудал ороод ирдэг. Аль нь ч орж ирсэн байсан хуульд заасан 30 хоногийн хугацааг өнгөрөөсөн байна. Өөрөөр хэлбэл санал хугацаандаа ирээгүй бол зөвшөөрсөнд тооцно гэж хуульд заасан байдаг. Энэ үндэслэлээр шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас тусгай зөвшөөрөл олгохыг хүсч гаргасан өргөдөл өгөх саналын хуудсуудыг харьцуулан шинжлэн судалж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан заалтыг үндэслээд 366 дугаар шийдвэрийн Б******* ХХК-д холбогдох 2 дахь хэсгийг хүчингүй болгож, өргөдлийн бүртгэлийг сэргээж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэв.

 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

..."Б*******" ХХК 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдэн Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт орших "Д*******" нэртэй 1106.33 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дах хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэг "Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар аймаг, Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана" гэсэн заалтын дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 6/492 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Б*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NЕ-******* дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэг "Аймаг, Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ьргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ" гэсэн заалтын хуулийн хугацаанд буюу 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын 17 дугаар Дэмжихгүй саналыг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газарт ирүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын санал болон хавсралтаар ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн Есөн булаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 05 дугаарын тогтоол, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд "Б****" ХХК-ийн Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт орших "Д****" нэртэй 1106.33 гектар талбайтай NЕ-******* тоот өргөдлийн дугаарыг хууль бусаар цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн "Өргөдлийн бүртгэлээс хасах тухай" 366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст "Б*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох NЕ-******* тоот өргөдлийн бүртгэлийг сэргээж, аймгаас дэмжсэн саналын хуудсыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ашигт малтмалын газрын дарга Д.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэг. "Х****" ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Е******* сумын нутаг дэвсгэрт орших "Е*******" нэртэй талбайд 1106 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-0 дугаартаa өргөдлийг Кадастрын хэлтэст гаргасан байна.

Уг өргөдөл нь NE-0 өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10.15-10.30 цагийн хооронд өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад мөн хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангасан байсан.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж энэ талаар 2015 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 6/4037 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авсан даруй авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй саналыг 2015 оны 06 дугаар 02-ны өдөр Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасны дагуу дээрх Говь-Алтай аймгийн Засаг даргын саналыг үндэслэн Говь-Алтай аймгийн Е******* сумын нутаг дэвсгэрт орших "Е*******" нэртэй талбайд 1106 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохгүй байх нөхцөл бүрдсэн байсан.

Хоёр. Энэ үед "Х*******" ХХК y, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал нь Ашигт малтаалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь заалтыг зөрчсөн байх тул манай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NЕ дугаартай өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгож өгөх гомдлыг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид гаргасан.

Мөн "Х*******" ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/10 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 159 дугаартай саналыг хүчингүй болгуулахаар тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул уг шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг авахгүй байх хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн захирамж, нэхэмжлэлийн хамт Кадастрын хэлтэст ирүүлсэн.

Түүнчлэн тухайн талбайд өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан "Б*******" ХХК-нь тусгай зөвшөөрөл олгохгүй байгаатай холбоотой гомдлыг тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчид гаргасан байсан бөгөөд Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэс уг компанийн гаргасан гомдол холбоотой асуудлыг шалган доорх дүгнэлтийг гаргасан байна.

Уг дүгнэлтэд Говь-Алтай аймгийн Е******* сумьш нутагт орших "Д*******" нэртэй 1106.33 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NЕ-******* дугаартай "Б*******" ХХК-ийн өргөдөлд тус аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналыг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дахин саналыг ирүүлсэн байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаартай шийдвэрээс тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх саналтай гэжээ.

Энэ хэлтсийн саналыг үндэслэн тус газрьш даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаартай шийдвэрээс тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, "Б*******" ХХК-ийн ИЕ-******* дугаартай өргөдлийн эрхийг сэргээхийг Кадастрын хэлтэст даалгасан 1/15 дугаартай даалгаварыг гаргасан.

Гурав. Тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 дугаартай даалгаварыг гарсаны дараа "Б*******" ХХК-нь тусгай зөвшөөрөл олгохгүй байгаатай холбоотой гомдлыг Уул уурхайн яаманд гаргасантай холбогдуулан тус яамны 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3/1489 тоот албан бичгээр дээрх 2 компанийн гаргасан гомдлыг нягтлах шаардлагатай байгаа тул шалгалтын дүн гартал уг маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан тул энэхүү албан даалгаварын биелэлт түдгэлзсэн.

Үүний дараа Уул уурхайн яамны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаар сарын 05-ны өдрийн 3-1766 тоот албан бичгүүдийг ирүүлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Е******* сумьш нутагт орших "Д*******" нэртэй 1106.33 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-******* дугаартай "Б*******" ХХК-ийн өргөдөлд Кадастрын хэлтэс тус аймгийн Засаг даргаас саналыг 2 удаа авсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзээд "Х*******" ХХК нь шүүхэд аймгийн Засаг даргын саналыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх тул тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон Ашигт малтмалын хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хэрэгжүулж ажиллахыг Кадастрын хэлтэст даалгасан.

Тиймээс Тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2015 оны 06 дугаар гарын 17-ны өдрийн 1/15 дугаартай даалгавар нь биелэгдээгүй болох нь Уул уурхайн яамнаас өгсөн дээрх даалгаваруудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ашигт малтмалын газар болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Б*******" компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Говь-Алтай аймгийн Е******* сумын д******* нэртэй 1106 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Энэ өргөдөл нь 25022 гэсэн дугаарт бүртгэгдсэн. Өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын хуульд заасан ажиллагаа явуулсан. Тухайн үед явж үзэхэд Ашигт малтмалын тухай хуулиар хориглосон гэж заасан газартай давхцаагүй байсан тул тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд Говь-Алтай аймгийн Засаг даргад санал хүргүүлсэн. Говь-Алтай аймгийн Засаг дарга хариу албан бичигт боломжгүй гэсэн хариуг явуулдаг. Тухайн Засаг даргын дэмжээгүй гэсэн санал ирүүлсний үндсэн дээр 2015 оны 05 дугаар сарын 12-ны 366 дугаартай шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Энэ үед Х******* ХХК 05 дугаар сарын 19-ний өдөр өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл татгалзсан шийдвэр гарсны дараа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. Нэхэмжлэгч Б******* ХХК хайгуулын талбай дээр тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. Өргөдлийг бүртгэж авсан. Өргөдлийг бүртгэж авахаас өмнө Б******* ХХК-ийн өргөдлийг хүлээж авахаас татгалзсан шийдвэр байгаа учраас Б******* ХХК-ийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй.

Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн хүсэлтийг үндэслээд цахим санал авах мэдэгдлийг явуулсан. Дахин ирүүлсэн саналдаа санал өгөх боломжгүй гэсэн гэхдээ дараагийн саналаараа дэмжсэн гэсэн санал ирсэн. Дэмжсэн саналын хугацаа хэтэрч ирсэн байгаа. Шуудангийн тухай хуульд байхгүй, нийтээр дагаж мөрдөх журам байхгүй гэж байна. Шуудангийн тухай хуульд алслагдсан аймаг, орон нутагт 5 хоног гэдгийг барьж шийдсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуульд Засаг дарга мэдэгдэл авснаас хойш 30 хоног гэж заасан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэлийн санал үндэслэлгүй байна.

Х******* ХХК-ийн Ашигт малтмалын газрын даргын албан тоотыг хүчингүй болгуулах шаардлага байгаа. Уг албан даалгавар маань хэрэгжээгүй байгаа. Мөн албан даалгавар нь захиргааны шинжтэй акт биш гэж ойлгож байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн тухайд 2015 оны 05 сарын 18-ны өдөр дугаар олгож 19-ний өглөө 10 цаг 15 минутанд өргөдлийг хүлээж авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 17-д заасан хянан шийдэх ажиллагаа явсан. Тухайн үед өргөдлийг хянан шийдвэрлэж байх явцад өмнө нь хуулийн шаардлагад түрүүлж ирсэн өргөдөл байгаагүй учираас цааш шүүж үзэхэд ямар нэгэн хуулийн шаардлага зөрчөөгүй байсан. Иймд 2015 оны 05 дугаар сарын 27-нд Говь-Алтай аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрөл олгох боломжтой саналаа ирүүлнэ үү гэсэн албан бичиг явуулсан. Аймгийн засаг даргаас дэмжихгүй гэсэн санал ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т дэмжихгүй гэсэн санал ирсэн тохиолдолд өргөдийг хүлээж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Яг энэ үед 2 компанитай холбоотойгоор гомдол санал Ашигт малтмалын газар болон, Уул уурхайн яамд ирсэн. Үүнтэй холбоотойгоор дотооддоо энэ ажлыг хянан шалгах үүрэгтэй ажлын хэсэг гарч дүгнэлтээр Болд Гянт Болд ХХК-д олгох нь зүйтэй юм гэсэн хяналт үнэлгээний ажлын тайланг үндэслээд түрүүлж гаргасан Болд Гянт Болд ХХК-ийн өргөдлийг татсан шийдвэрээ хүчингүй болго гэсэн албан даалгавар гарсан.

Энэ албан даалгавар гарсан боловч энэ албан даалгавар гарсны дараа Х******* ХХК нь тусгай зөвшөөрөл олгохгүй байгаатай холбоотой дахин Уул уурхайн яаманд өргөдөл гаргасан. Уул уурхайн яамнаас дахиад ажлын хэсэг гарсан. Энэ 2 компаний асуудлыг хянан шийдвэрлэж, нягтлан шалгах ажлын хэсэг гарсан. Үүний дараа Уул уурхайн яамнаас 2015 оны 07 дугаар сарын 03-ний 3/1615, 08 дугаар сарын 05 өдрийн 3/1766 тоот албан бичгүүдийг ирүүлсэн. Энэ албан бичгүүдэд Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт орших Д******* нэртэй 1106.33 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн Болд Гянт Болд ХХК-д ашиг малталын хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт ирсэн.

Үүнийг аль алийг шийдэх боломжгүй болсон.

Түрүүн дурдаж байсан Х******* ХХК-ийн өргөдөл гаргасантай холбоотойгоор гомдол гаргасан. Тэр үед Ашигт Малтмалын Газрын даргаас албан даалгавар өгч Хяналт шалгалт, мэдээллийн хэлтсээс бусад холбогдох албан тушаалтнууд ажлын хэсэг гарч дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг үндэслээд Ашигт Малтмалын Газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ү нь Б******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан. Өөрөө хэлбэл татгалзсан шийдвэрээ хүчингүй болох, эргүүлэн олгох талаар албан даалгавар гаргасан. Энэ маргалдагч 2 компанийн өргөдөл гомдол удаа дараа Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газар ирж байсан учраас өнөөдрийн байдлаар албан даалгавар биелэгдээгүй.

Дарааллын хувьд яривал Б******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр он дарааллын хувьд түрүүлж гарсан учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б******* ХХК нь анх 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдөр тус шүүхэд:

- Б******* ХХК-ийн Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт орших Д******* нэртэй 1106,33 гектар талбайтай NE-******* тоот өргөдлийн дугаарыг хууль бусаар цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Өргөдлийн бүртгэлээс хасах тухай 366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Б******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох NE-******* дугаартай өргөдлийн бүртгэлийг сэргээж, аймгаас дэмжсэн саналын хуудсыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах,

Х******* ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд:

... -Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б******* ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, эсхүл илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх,

- Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үгийн болон Кадастрын хэлтсийн Х******* ХХК-ийн NE-0 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг үргэлжлүүлэн хянах талаар захиргааны акт гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоон, манай компанийн хууль ёсны эрхийг баталгаажуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Захиргааны хэргийг нэгтгэх тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1572 дугаар захирамжаар Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй мөн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэгтгэсэн.

Х******* ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 159 дүгээр саналыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн 9 дүгээр захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байх тул нэхэмжлэгч Х******* ХХК-ийн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үгийн болон Кадастрын хэлтсийн Х******* ХХК-ийн NE-0 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг үргэлжлүүлэн хянах талаар захиргааны акт гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоон, манай компанийн хууль ёсны эрхийг баталгаажуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тусгаарласан тус хэргийг,

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Г*******аас шүүх хуралдааны явцад тодруулан Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б******* ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох[1] нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд,

Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******ээс шүүх хуралдааны явцад тодруулсан ...Б******* ХХК-ийн Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт орших Д******* нэртэй 1106,33 гектар талбайтай NE-******* тоот өргөдлийн дугаарыг хууль бусаар цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Өргөдлийн бүртгэлээс хасах тухай 366 дугаар шийдвэрийн Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,[2] Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Б******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох NE-******* дугаартай өргөдлийн бүртгэлийг сэргээж, аймгаас дэмжсэн саналын хуудсыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тус тус хэлэлцсэн болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Б******* ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт Д******* нэртэй 1106,33 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдөл[3] гаргасан байх бөгөөд тус газар нь өргөдлөөр олгох талбайд хамаарч байсан тул Кадастрын хэлтсээс Б******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Д******* нэртэй талбайд санал авах мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр явуулж, Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б******* ХХК болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нийт 23 компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Зөвшөөрөхгүй санал[4] ирүүлсэн байна.

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин мэдэгдэл[5] хүргүүлж Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр ... санал өгөх боломжгүй гэсэн 1/612[6] тоот албан бичиг ирүүлснээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 366 дугаартай Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр[7] гаргасны дараа Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Дэмжиж байна гэсэн 13 дугаартай санал[8] нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газарт ирсэн болох Ашигт малтмалын газрын Ирсэн бичгийн бүртгэлийн карт-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х******* ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөдлийн бүртгэлийн дугаар авч 19-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт Е******* 1106,33 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байх бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 6/4037[9] тоот мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлж Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... зөвшөөрөхгүй гэсэн 159 тоот саналыг[10] ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б******* ХХК болон Х******* ХХК-уудаас Уул уурхайн сайд, төрийн нарийн бичгийн даргад хандан удаа дараа гомдол гаргасан байх ба Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаас,

- 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3/1615 тоот албан бичгээр[11] ... Говь-Алтай аймгийн Е******* сумын Д******* нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудалд холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг нарийвчлан судалж, шүүн таслах байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах,

- 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3/1766 тоот албан бичгээр[12] ... Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх чиг үүрэг нь Ашигт малтмалын газарт байгаа тул холбогдох хууль тогтоомжийн дагуу дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэж ажиллах,

- 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3/1942 тоот албан тоот албан бичгээр[13] Х******* ХХК-ийн NE-0 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг үргэлжлүүлэн хянах гэсэн чиглэлийн тус тус өгсөн байна.

 

Б******* болон Х******* ХХК-уудын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Д******* болон Е******* нэртэй талбайнууд нь Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт орших 1106,33 гектар хамарч байх ба солбилцлын зөрүүгүй давхцаж байгаа нь кадастрын тойм зураг[14], нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс Маргаан бүхий 366 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд манай байгууллагын маш их хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулсан талбайн мэдээллийг Ашигт малтмалын газрын ажилтнууд Х******* ХХК-д солбилцлын зөрүүгүй дамжуулснаас болж энэ маргаан үүсч бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Мөн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай талбайд Х******* ХХК орж ирэхэд Говь-Алтай аймгийн Засаг даргаас манай Д******* нэртэй талбайд дэмжсэн санал гарсан тус газарт хүрэлцэн ирээгүй байгаа болохыг амаар мэдэгдсээр байхад Х******* ХХК-ийн өргөдлийг хүлээн авч улмаар Б******* ХХК-д дээрх дэмжсэн саналыг үндэслэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь хууль бус юм гэж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Говь-Алтай аймгийн Засаг даргын Дэмжсэн санал нь цаг хугацааны хувьд маргаан бүхий 366 дугаар шийдвэр гарсны дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагад ирсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж,

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ашигт Малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч нь Говь-Алтай аймгийн Засаг даргаас ямар ч үндэслэлгүйгээр 2 удаа санал авсан, цаг хугацааны хувьд нэгэнт дуусгавар болсон харилцааны хувьд Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б******* ХХК-ийн өргөдлийн бүртгэлийг сэргээх хянах тухай тайлан гаргаж, дарга Д.Үгаас 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр албан даалгавар үйлдсэн нь төрийн захиргааны байгууллага хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Мөн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр боловсруулсан албан бичгийг нэг хоногийн дотор өөрчлүүлж улмаар Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тайлан гэх баримт бичгийг гаргуулж, уг тайланг үндэслэн Ашигт малтмалын газрын дарга 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1/15 дугаартай албан даалгавар үйлдсэн нь хууль бус юм хэмээн хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ХШҮСМ-ийн хэлтсийн саналыг үндэслэн тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаартай шийдвэрээс Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, "Б*******" ХХК-ийн ИЕ-******* дугаартай өргөдлийн эрхийг сэргээхийг Кадастрын хэлтэст даалгасан 1/15 дугаартай даалгаврыг гаргасан ба Уул уурхайн яамнаас уг маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан тул энэхүү албан даалгаврын биелэлт түдгэлзсэн, биелэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус маргажээ.
 

1. Б******* ХХК-ийн Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт орших Д******* нэртэй 1106,33 гектар талбайтай NE-******* тоот өргөдлийн дугаарыг хууль бусаар цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Өргөдлийн бүртгэлээс хасах тухай 366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Б******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох NE-******* дугаартай өргөдлийн бүртгэлийг сэргээж, аймгаас дэмжсэн саналын хуудсыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б******* ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын нутаг Д******* нэртэй 1106,33 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хамгийн түрүүнд гаргаж өргөдлийг хүлээж авсан нь Ашигт малтмалын газрын өргөдлийн хувийн хэргийн товъёог, ... дотоод хяналтын хуудас[15]-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын газрын санал авах тухай 23 дугаар мэдэгдэлд бүгдэд нь татгалзсан хариу өгсөн учраас дахин санал авах мэдэгдлийг явуулсан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үүнийг үгүйсгээгүй, Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд санал авах мэдэгдлийг холбогдох аймаг, Нийслэлийн Засаг даргад хэдэн удаа хүргүүлэх талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй, мөн дахин санал авахыг хориглосон зохицуулалт байхгүй тул Б******* ХХК-ийн өргөдөлд санал авах мэдэгдлийг дахин хүргүүлсэнд хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч Х******* ХХК-ийн ... хууль бус үйлдэл хийж 2 удаа санал авах мэдэгдэл явуулсан гэсэн тайлбарыг мөн зөвтгөх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн ...төрийн албан хаагч нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг болохоос тухайн бүрэн эрхийг өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар ашиглах эрх эдэлдэггүй гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлтэй хэдий ч Кадастрын хэлтсийн дарга Н.Ч нь өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар 2 удаа санал авсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайнуудын ихэнх хувьд нь эхний удаа Дэмжээгүй санал өгсөн тул тухайн компаниудын өргөдөлд санал авах мэдэгдлийг дахин явуулсан гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй бөгөөд ардчилсан нийгмийн нэг шалгуур нь олон ургалч үзлийг хөхүүлэн дэмжихэд оршдог. Энэ утгаараа ардчилсан нийгэмд Хориглосноос бусдыг зөвшөөрөх эрх зүйн зохицуулалтын хэв маяг үйлчилдэг тул дахин санал авах мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэнд хариуцагчийг буруутгах боломжгүй.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр огноологдож 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газарт ирсэн Санал өгөх боломжгүй гэсэн огноо, дугааргүй саналын хуудсыг үндэслэсэн болох нь гэрч Д.Одончимэгийн ... Манай байгууллага бичиг хэргээр дамжуулан аймгаас саналыг ирүүлсэн байгааг авдаг. Дэмжихгүй байвал Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар олгохоос татгалзсан шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгч талд үүнийг үндэслэн татгалзсан шийдвэрийг өгсөн байгаа. Миний бие төслийг боловсруулж хуулийн хэлтсийн даргад танилцуулна. ... Шийдвэрийн төсөл манай дээр боловсрогдож, хяналтыг хуулийн хэлтсээс хийж түүний дараагаар Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарна. ... Говь-Алтай аймаг руу олон компаниуд явж саналыг асуугаад ирье гэж явсан. Бидний хувьд өмнө нь санал өгсөн учраас дахиж санал өгөх боломжгүй гэдэг утгыг илэрхийлсэн болов уу гэж ойлгож байна. ... өмнө нь ирсэн 2 санал болох дэмжихгүй боломжгүй гэсэн саналыг үндэслэсэн..[16] мэдүүлэг, дээрх огноо дугааргүй саналын хуудас болон албан бичгийг Д.Одончимэгт 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хуваарилсан Н.Ч гэсэн гарын үсэгтэй Ирсэн бичгийн бүртгэлийн карт[17]-аар нотлогдож байна.

Иймд хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн саналыг үндэслэж гаргасан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Нөгөө талаас Говь-Алтай аймгийн Засаг даргын Санал өгөх боломжгүй гэсэн нь Б******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй гэсэн утгыг илэрхийлэхгүй байх бөгөөд үгийн шууд утгаар нь авч үзвэл санал өгсөн гэж үзэхгүй.

Мөн дээрх Санал өгөх боломжгүй гэсэн албан бичиг нь цаг хугацааны хувьд 2 дахь удаагаа мэдэгдэл хүргүүлснээс хойш 34 хоногийн дараа Ашигт малтмалын газарт ирсэн болох нь Ирсэн бичгийн бүртгэлийн карт-аар нотлогдож байх тул 05 дугаар сарын 06-ны өдөр ирсэн дэмжээгүй гэсэн нь 05 дугаар сарын 04-ний саналыг үндэслэж маргаан бүхий актыг гаргасан гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Аймаг, Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж заасан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ... хуульд 30 хоног гэж заасан байгаа, холын аймгуудад албан бичиг хүргэх, ирэх хугацааг тооцохоор практикт 40 орчим хоног болдог гэсэн тайлбар зэргээс дүгнэн үзвэл 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэл явуулснаас хойш хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн байхад Говь-Алтай аймгийн Засаг дарга нь тухайн мэдэгдлийг хэзээ хүлээн авсныг тодруулалгүйгээр шууд татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Санал өгөх боломжгүй саналын хуудас нь огнооноос хойш 2 хоногийн дараа, 05-ны өдрийн Дэмжиж байна санал нь огнооноос хойш 13 хоногийн дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газарт ирсэн байх тул практикт баримталдаг гэх хугацааг 40 хоногоор тооцох боломжгүй байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Аймаг, Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах-аар хуульчилсан байх ба Говь-Алтай аймгийн Засаг дарга дээрх хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нэгэнт Дэмжсэн байх тул нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Манай байгууллагын координатыг Ашигт малтмалын газрын ажилтнууд хууль бусаар өөр компанид шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь захиргааны хэргийн харъяалан шийдвэрлэх маргаан биш байх тул дүгнэлт хийх шаардлагагүй.

Харин маргаан бүхий захиргааны актад өргөдөл гаргагчийн гомдол гаргах эрхийг хангаагүй хариуцагчийн буруутай үйлдэл нь нэхэмжлэгч байгууллагууд болон хариуцагч нарын хооронд маргаан үүсэх нөхцөл бүрдүүлснийг дурьдах нь зүйтэй.

 

2. Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б******* ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, эсхүл илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Х******* ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөдлийн бүртгэлийн дугаар авч 19-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Говь-Алтай аймгийн Е******* сумын нутагт Е******* 1106,33 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл[18] гаргасан байх бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 6/4037[19] тоот мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлж Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... зөвшөөрөхгүй гэсэн 159 тоот саналыг[20] ирүүлсэн бөгөөд Х******* ХХК-д хайгуул тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ямар нэг шийдвэр гараагүй байна.

Нэхэмжлэгч Б*******-аас Ашигт малтмалын газар болон Уул уурхайн сайдад хандан удаа дараа гомдол гаргасан байх ба Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б******* ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан[21]-г /цаашид хяналт шинжилгээний ажлын тайлан гэх/ гаргаж 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үгаас 1/15 дугаар албан даалгаврыг[22] гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан байх бөгөөд маргаан бүхий хяналт шинжилгээний ажлын тайлан нь нэхэмжлэгч Б******* ХХК-аас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч тус байгууллагад 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 015/38[23] тоот албан бичгээр гаргасан гомдлыг хянан үзэж гаргасан дүгнэлт байх тул цаг хугацааны хувьд дуусгавар болсон харилцаа гэж үзэхгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т маргаан бүхий захиргааны акт гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох, 8.1.3-т захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах гэж тус заасан байх бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст, Кадастрын хэлтсийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянан үзэх бүрэн эрх нь Ашигт малтын газрын даргад тус тус хадгалагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан байх бөгөөд Б******* ХХК-ийн өргөдлийг хянан үзсэн мэргэжилтнүүд нь гомдолд дурьдсан асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж удирдах албан тушаалтандаа танилцуулж, удирдах албан тушаалтнаас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан болох нь гэрч Б.Хонгорзул, А.Отгонбаатар нарын мэдүүлэг[24], Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны 1/4664 албан тоотоор тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х******* ХХК-ийн ...15-ны өдөр цагдаа руу явдаг албан бичгийг 16-ны өдөр тайлан болгож тайлан болгож толгойг нь өөрчлөөд Д.Ү дарга албан даалгавар гаргасан нь төрийн албан хаагчийн ёс зүй болон хууль тогтоомжийг зөрчсөн, дээд байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус гэсэн тайлбарууд үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү****гаас 1/15 дугаар албан даалгавар нь биелэгдээгүй болох нь нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар болон уг албан даалгаврын Биелэлт хэсэгт тэмдэглэгээ хийгдээгүй байгаагаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Х******* ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг тул нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-******* дугаартай өргөдлийн бүртгэлийг сэргээж, Говь-Алтай аймгийн Е******* сумын нутаг дахь Д******* нэртэй 1106,33 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-ийн Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б******* ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б******* ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ