Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 253

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралт “Газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтын 7 дугаарт байх Ж овогтой Д-д Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантын 3 дугаар багийн нутаг Дээд Жаргалантын “Угалз”-д байх 1505 м2 талбайтай газар эзэмшүүлэх” гэсэн хэсгийг хүчингүй болгох, Б.М намайг Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн “Нурамтын эргийн хамар даваа” гэх хаваржааны 1505 м2 газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах, Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг гарсан өдрөөс нь хойш өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байсан нь хууль бус эс үйлдэл байсан болохыг тогтоолгох, дээрхи хууль бус эс үйлдлийн улмаас надад учруулсан хохирол болох хууль зүйн туслалцааны 1.000.000, замын зардал 409.260, нийт 1.409.260 төгрөг нөхөн гаргуулах”

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2017/0040 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0181 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ө нарыг оролцуулж,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2017/0040 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.ж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралтын 7 дугаарт бичигдсэн Л-н Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар захирамжийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй нь хууль бус үйлдэл байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “...Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн “Нурамтын эргийн хамар даваа” гэх хаваржааны газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах...” гэснийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “...өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, замын зардал 409.260 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийн шаардлагаас замын зардал болох 67.200 /жаран долоо мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, бусад 1.342.060 /нэг сая гурван зуун дөчин хоёр мянга жар/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0181 дүгээр магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2017/0040 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ө-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. Миний бие Б.М-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Т-т холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Л.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2017/0040 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0181 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Нэхэмжлэгчээс анх 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/148 тоот захирамжийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн Дээд жаргалантын Угалз 1505 м2 өвөлжөөний газар, эзэмших эрхтэйг баталгаажуулсан газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралт Газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтын 7 дугаарт байх Ж овогтой Д-д Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантын 3 дугаар багийн нутаг Дээд жаргалантын Угалз-д байх 1505м2 газар эзэмшүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилсөн билээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа захиргааны хуульд заасны дагуу явагдсан бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор гаргана” гэж хуульчилсан байна. Хэдийгээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжтай нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч эрх залгамжлагч нар 2016 онд танилцсан, 2017 оны 10 сард энэ талаар шүүхэд хандсан байгаа нь хуульд заасан хугацааг дууссан үед шүүхэд хандан шийдвэрлүүлжээ. Дээрхи асуудлаар шүүгчээс ямар нэгэн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн захирамж гаргаагүй болно.

6. Миний үйлчлүүлэгч Л.Д нь 1964 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багт Дээд жаргалантын ногоон дэнж гэх газарт төрж, өөрийн ээж Л, хойд эцэг Д нартай хамт амьдарч байсан. Ингээд 1969 онд намайг 5 настай байхад ээж нь нас барж би хойт эцэгтэйгээ хамт үлдсэн. Ингээд 3 жилийн дараа хойд эцэг Д мөн л нас барж ах Д гэх төрсөн ахындаа хоцорсон. Тухайн үед айлд байхдаа Дээд жаргалантын ногоон дэнжид мал маллаж тоглож өссөн. Ингээд 1986 онд хань С.О-тай танилцаж гэр бүл болсон бөгөөд 1987 онд өөр газар нутаглаж байгаад 1988 онд анхны хүүгээ төрдөг жилээс Дээд жаргалантын Угалз гэх газарт нутаглаж эхэлсэн. Дээд Жаргалантын Угалзад нутаглаж байхад Л.Б гэх айл Дээд жаргалантын аманд байх малын тэжээлийн цэгт жолоочоор ажиллан тэндээ нутаглаж байсан. Ингээд манайх Дээд жаргалантын Угалзанд байнгын өвөлжиж байсан. Л.Д-гийнх зун болохоор Хамар даваа гэх газарт нутаглаж, өвөл Дээд Жаргалантын Угалз гэх газраа байнгын өвөлжсөөр байдаг байсан бөгөөд тухайн өвөлжөөгөө эзэмшихээр 1998 онд Монгол улсын иргэний газар эзэмших эрхийн гэрээг авч жил бүр төлбөрийг нь төлсөөр ирсэн. Тухайн гэрээг 20 жилийн хугацаатай хийж 2002 онд Газрын тухай хууль гарсантай холбогдуулан Эрдэнэцогт сумын Дээд жаргалантын Угалз гэх өвөлжөөний газар эзэмших 15 жилийн хугацаатай эрхийг авч газар эзэмших эрхийн 0071628 дугаар гэрчилгээг 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Тухайн үед нэхэмжлэгч Л.Б гуайнх хамтран эзэмшиж байгаагүй бөгөөд 2005 оноос нэг удаа өвөлжсөн, мөн саахалт голдуу байсан. 2016 оны хавар Иргэдийн нийтийн хурал болоход газрын даамал Н болон Засаг дарга Т, багийн дарга М нар нь Л.Б болон Ж нарыг газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдээ Л.Д-гийнхаас өмнө авсан болгож бүгдийг зассан байсныг мэдээд хурал дээр хэлж анхааруулж байсан гэж шүүхэд тайлбар гаргасан.

7. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд тухайн маргаан бүхий өвөлжөөний газарт төрсөн цагаасаа нутаглаж 1998 болон 2005 онд хуульд заасны дагуу гэрчилгээгээ авч газрыг эзэмшсээр ирсэн. Дээрхи асуудлаар гэрч шүүх хуралдаанд оролцож мэдүүлсэн байтал шүүхийн шийдвэрт гэрч оролцсон талаар тусгагдаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ч мөн зөрчигдсөн байна.

8. Гэтэл тус анхан шатны шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн 31.3-т зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэх мэтчилэн хуульчилсныг дурьдаад, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Л.Б-ын эзэмшиж байсан газарт Л.Д хүсэлт гарган, үүний үндсэн дээр хариуцагчаас газрыг давхардуулан олгосон мэтээр дүгнэж хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн байна гэж үзэж байна. Учир нь Л.Б, Л.Д нар нь 1990-ээд оноос анх газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авч хуульд зааснаар газрын татвараа төлж эзэмшиж ирсэн байхад шүүхээс Л.Б-ын гаргаж өгсөн, газар эзэмших эрхийн гэрчилгээний он cap өдрийг урагшлуулан зассан засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбаруудыг үнэлэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасныг Давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн гэж үзэж байгаа болно.

9. Гуравдагч этгээдээс тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэгчтэй тухайн маргаан бүхий газрыг хамтран эзэмшихэд татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т “Газар эзэмшигч нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.” мөн 52 дугаар зүйлийн 52.7-т “Өвөлжөө хаваржааны доорхи газрыг Монгол улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж тус тус заасан байхад нэхэмжлэгч нар нь өөрсдийн эрх ашгийг хөндөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тус маргаан бүхий захирамжаас үүдэлтэйгээр нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй болно.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зорилтыг тодорхойлохдоо “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл хэн нэгэн өөрийн болон бусдын эрх ашиг сонирхол хөндөгдлөө гэж үзвэл маргаан үүсгэхээр зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, нэхэмжлэгч Л.Б, гуравдагч этгээд Л.Д нар нь тус маргаан бүхий газар нь 1998 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хамтран эзэмшиж, айл саахалт өвөлжиж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь ямар нэгэн байдлаар өөрсдийн эрх зөрчигдсөн талаар маргаан үүсгэж байгаагүй, тэд хамтран газрыг эзэмшиж, эрхээ эдэлж үүргээ хүлээсэн амьдарсаар өнөөдрийг хүрсэн байтал хэн нэгний би гэсэн үзлээс үүдэлтэйгээр бусдын эрх ашгийг /гуравдагч этгээдийг/ хохироосонд гомдолтой байна.

11. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2017/0040 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0181 дүгээр магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

13. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Б, /эрх залгамжлан авагч Б.М/, гуравдагч этгээд Л.Д нарт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн Дээд жаргалант “Угалз” нэртэй 1505 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус бүр гэрчилгээ олгосон, уг өвөлжөөнд өвөлжиж байсан нь тогтоогдож байна.

14. Улмаар талуудын хооронд өвөлжөөний газрын маргаан үүсч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолоор Дээджаргалантын Угалзын өвөлжөөний эзэмшигчээр Л-н Д, хамтран эзэмшигчээр Л-гийн Б нарыг тогтоож, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамж гарч, тэрхүү шийдвэрийг үндэслэн 636216 тоот “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

15. Талуудын маргаж буй өвөлжөөний газрын талаар анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасантай нийцэхгүй байна.

16. Айл өрх нэг газар хэд хэдээр хамтран буудалхыг “хот айл” гэж нэрлэж заншсан уламжлалт ойлголт бөгөөд тэдгээр өрхүүд өвөлжөө, хаваржааны газрыг тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал зэргийг харгалзан доорхи газраа дундаа хамтарч эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д тухайлан нээж өгчээ.

17. Хариуцагчаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь анхнаасаа хамтран эзэмшиж байсан дээрх нөхцөл байдлыг харгалзан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 52 дугаар захирамжаар тус өвөлжөөний газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт хамтран эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь буруу биш байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг анх дангаараа эзэмшиж байхад гуравдагч этгээдэд давхцуулж эзэмшүүлсэн мэтээр дүгнэж “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралтын 7 дугаарт бичигдсэн Л-н Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн, ингэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг үндэслэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

18. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2017/0040 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0181 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.ж, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “...Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаар захирамжийн хавсралт “Газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтын 7 дугаарт байх Ж овогтой Д-д Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантын 3 дугаар багийн нутаг Дээд Жаргалантын “Угалз”-д байх 1505 м2 талбайтай газар эзэмшүүлэх” гэсэн хэсгийг хүчингүй болгох...” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтыг “Хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох хууль зүйн туслалцааны 1.000.000, замын зардал 409.260 төгрөг нийт 1.409.260 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН