Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:114/2016/0049/3

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, 4 дүгээр байрны ******* тоотод оршин суух, Харчин овгийн  *******гийн *******ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 291 тоот нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах

2. Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын С.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

3. Нэмэгдүүлсэн шаардлага: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд С.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгөх” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

                        Нэхэмжлэгч С.*******

                        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантулга, Б.Идэржавхлан нар

оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ:-Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 291 тоот нийцлийн талаар дүгнэлт, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөрт ногдох хэсгийг   хүчингүй    болгуулахаар,   мөн  нэмэгдүүлсэн  шаардлага  Сонгуулийн  хороонд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах  нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие нь Дархан-Уул аймгийн орон нутгийн сонгуулийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 20  дугаар тойрогт  бие  даан  нэр  дэвших  мөрийн  хөтөлбөрөө  Дархан-Уул аймгийн

                                                                                                                                                                                                                  С\Documents and Settings\Захиргаа\Desktop\ Шийдвэр.doc

Аудитын газарт 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хянуулж дүгнэлт гаргуулахаар өгсөн боловч  Аудитын газар хүлээн аваад 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчимд дуудаж холбогдох хуулиудтай нийцээгүй байна гэсэн дүгнэлтийг залруулга хийлгэлгүй гаргаж өгсөн бөгөөд мөн өдрийн 17 цаг 10 минутад мөрийн хөтөлбөрөө засч залруулан битүүмжилж Аудитын газар хүлээлгэн өгсөн боловч Аудитын газрын дарга Б.******* нь миний мөрийн хөтөлбөрийн материалыг хүлээн авсан боловч 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 35 минутад албан хаагч аудитор нь 9903-6806 гэсэн дугаараас миний 9939-5189 дугаар уруу Булганчимэг та 2-ыг “үзэхгүй”гэсэн мессежийг илгээсэн. Гэвч мөрийн хөтөлбөр хүлээн авах хугацааг 2016 оны 05 дугаар сарын 11 хүртэл сунгасан, бие даан нэр дэвшигч Баярцогт зэрэг хүмүүсийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан байсан.

Иймд аймгийн Аудитын газрын дарга Б.******* нь ашиг сонирхлын зөрчилтэй улмаас Сонгуулийн хуульд нийцсэн дүгнэлт гаргаж өгөхгүй миний сонгогдох эрхэнд халдаж байгаа тул Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 291 тоот Нийцлийн талаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 05 дугаар сарын 14-нд нэр дэвшүүлэхэд шаардлагатай бүх нотлох баримтуудаа бүрдүүлж өгөхөд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь заалт, 157 дугаар зүйлийн 157.7 дахь заалт, 158 дугаар зүйлийн 158.1.2, 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгож нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна.

Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газрын шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантулга шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа:- аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч С.******* нь өөрийн мөрийн хөтөлбөрийг аймгийн Аудитын газарт 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08.40 цагт өөрийн биеэр өгснийг нууцын ажилтан бүртгэж авсан байна. Бие даан нэр дэвшигч С.*******ын мөрийн хөтөлбөрт аудитор Ч.Гантулга хүлээн авч мөрийн хөтөлбөр нь хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд аудит хийж, дүгнэлтийг гаргасан. Мөрийн хөтөлбөрт нийт 18 арга хэмжээ тусгагдсан байсан бөгөөд дээрх 18 дэвшүүлсэн асуудлууд нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугар зүйлийн 67.4.1-д “...эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох”, 67.4.4-д “үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх”, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “ судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх”, 5.1.5-д “нөөц бололцоонд үндэслэсэн байх”зэрэгтэй нийцэхгүй байна.

Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль,Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуультай нийцээгүй байсан. Мөн мөрийн хөтөлбөр нь дотроо зорилго, зорилт, хамрах хүрээ, дэвшүүлэх асуудал, шийдвэрлэх асуудлыг тодорхойлж заасан байх ёстой. Гэтэл С.*******ын мөрийн хөтөлбөр жагсаалт хэлбэртэй байсан. Эдийн засгийн тооцоолол нь ******* тэрбум төгрөг байсан, гэтэл манай аймгийн жилийн төсөв 10-15 тэр бум төгрөг байдаг зэргээр нийцэхгүй байсан гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэржавхлан шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа:- миний бие С.*******ын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. С.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай,  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байх, 67 дугаар зүйлийн 67.5.2 бие даан нэр дэвшигч гэж заасан байна. Бие даан нэр дэвшигч С.*******ын мөрийн хөтөлбөр нь дээрх хуулиудад нийцээгүй гэсэн дүгнэлтийг Аудитын байгууллага өгсөн тул Сонгуулийн хороо Аудитын газрын дүгнэлтийг үндэслэн олонхийн саналаар бүртгэхээс татгалзсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

 

1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 291 тоот нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газарт Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 20 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч С.******* нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д  зааснаар мөрийн хөтөлбөрөө хянуулахаар 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Аудитын газарт өгч,  2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нийцлийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, мөрийн хөтөлбөрийг дахин боловсруулан 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17.10 цагт Аудитын газарт хүлээлгэн өгөхөд хүлээн авсан боловч мөрийн хөтөлбөрийг хянах хугацаа тухайн өдрийн 17.00 цагаар дуусгавар болсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч  бүртгэлээр 2016 оны 5 дугаар сарын 6, 9-ний өдрүүдэд мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан байна гэж үзэхээр байна.

Аудитын газраас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “бие даан нэр дэвшигч С.*******ын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2016 онд Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нийцээгүй болно” гэсэн 291 дүгээр дүгнэлтийг гаргасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралд гаргасан тайлбартаа С.*******ын гаргасан мөрийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулийн 67  дугаар зүйлийн 67.4.1-д “мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох”, 67.4.4-д “үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх”, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “ судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх”, 5.1.5-д “нөөц бололцоонд үндэслэсэн байх” зэрэг заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч С.*******ын мөрийн хөтөлбөрт дурьдсан асуудал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөтийн тухай хуульд нийцсэн эсэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр нь тооцоо судалгаанд үндэслэгдсэн эсэхийг хянах үүрэгтэй байхад дээрх хуулиудаас гадна олон төрлийн хууль, журам, үзэл баримтлалд нийцээгүй гэж дүгнэсэн боловч ямар зүйл заалттай нийцэхгүй байгаа тухай дурьдаагүй, Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд Аудитын газар  дүгнэлт хийх эрхгүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн нь Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх ...” гэж заасан зарчимтай нийцэхгүй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Аудитын газраас гаргасан дээрх дүгнэлт нь өөрөө хуульд нийцээгүй, ойлгомжгүй, дээрх нийцлийн талаарх дүгнэлтийг Аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* нь нийцлийн аудит гэж баталгаажуулах тушаал  гаргасан нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөж гаргана” гэж заасантай болон  67 дугаар зүйлийн 67.5-д “ ...мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх  тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна” гэж заасантай нийцээгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус акт болох нь тогтоогдож байна.

Иймд иргэн С.*******ын Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгогдох эрх”-ийг хязгаарласан, хуулийн шаардлагыг хангаагүй, маргаан бүхий хууль бус акт болох Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 291 тоот нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын С.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн Сонгуулийн хороонд С.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгөх” шаардлагын тухайд:

Хариуцагч Аудитын газар нь Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн  20 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч С.*******ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хянахдаа хуулийн шаардлага хангаагүй дүгнэлт гаргасан, мөн аудитын дүгнэлт болон тайлбар зөрүүтэй, шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгуулийн тухай хуулийн 67  дугаар зүйлийн 67.4.1-д “мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох”, 67.4.4-д “үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх” гэж заасныг зөрчсөн, дэвшүүлсэн асуудлууд нь амлалтын шинжтэй байсан тайлбарлаж байгаа боловч дүгнэлтдээ энэ талаар дурьдаагүй, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчилд Аудитын газар нь дүгнэлт хийх эрхгүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна.

Иймд хуульд заасан шаардлагыг хангаагүй, ойлгомжгүй дүгнэлтийг үндэслэн Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор С.*******ыг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “ ...үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” заасан зарчимтай нийцэхгүй байх тул дээрх тогтоолын бие даан нэр дэвшигч С.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож,  Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т заасан бие даан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангуулан аймгийн Сонгуулийн хороо бие даан нэр дэвшигч С.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, иргэн С.*******ын Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгох, сонгогдох” эрх, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно”гэж зааснаар нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг хангах үндэслэлтэй байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-д заасан бие даан нэр дэвшигчид тавигдах шаардлагад мөрийн хөтөлбөрийн талаар дурьдаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1,70.2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.4, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 67 дугаар зүйлийн 67.5, 157 дугаар зүйлийн 157.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 291 тоот нийцлийн талаарх дүгнэлт,  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын С.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 20 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч С.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газар, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.ЭНХТУЯА