Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0407

 

Иргэн С.Батбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхмжлэгч С.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн С.Батбаярын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо, Дархан-Уул аймгийн Аудитын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 291 дүгээр нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын С.Батбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд С.Батбаярыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газар шүүхэд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч С.Батбаяр нь өөрийн мөрийн хөтөлбөрийг аймгийн Аудитын газарт 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 40 минутад өөрийн биеэр өгснийг нууцын ажилтан бүртгэж авч, аудитор Ч.Гантулга түүний мөрийн хөтөлбөр нь хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхэд аудит хийж, дүгнэлтийг гаргасан. Мөрийн хөтөлбөрт нийт 18 арга хэмжээ тусгагдсан байсан бөгөөд дээрх 18 дэвшүүлсэн асуудлууд нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4.1-д “...эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох”, 67.4.4-д “үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх”, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх”, 5.1.5-д “нөөц бололцоонд үндэслэсэн байх”зэрэгтэй нийцэхгүй байна.

Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуультай нийцээгүй байсан. Мөн мөрийн хөтөлбөр нь дотроо зорилго, зорилт, хамрах хүрээ, дэвшүүлэх асуудал, шийдвэрлэх асуудлыг тодорхойлж заасан байх ёстой. Гэтэл С.Батбаярын мөрийн хөтөлбөр жагсаалт хэлбэртэй байсан. Эдийн засгийн тооцоолол нь 25 тэрбум төгрөг байсан. Гэтэл манай аймгийн жилийн төсөв 10-15 тэрбум төгрөг байдаг зэргээр нийцэхгүй байсан” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Батбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байх, 67 дугаар зүйлийн 67.5.2-т бие даан нэр дэвшигч гэж заасан байна. Бие даан нэр дэвшигч С.Батбаярын мөрийн хөтөлбөр нь дээрх хуулиудад нийцээгүй гэсэн аймгийн Аудитын газрын дүгнэлтийг үндэслэн аймгийн Сонгуулийн хороо олонхийн саналаар бүртгэхээс татгалзсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр: “Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.4, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 67 дугаар зүйлийн 67.5, 157 дугаар зүйлийн 157.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Батбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 291 дүгээр нийцлийн талаарх дүгнэлт, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын С.Батбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 20 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч С.Батбаярыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газар, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос тус бүр 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:

Шүүх хариуцагчаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын талаар дүгнэлт хийсэнгүй. Тухайлбал, С.Батбаяр аймгийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд хуульд нийцсэн эсэх, Сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэсэнгүй. Өөрөөр хэлбэл, нотлох баримтуудыг харьцуулан үзэж дүгнээгүй, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулсангүй. Ингэснээрээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “нотлох үүрэг”-ээ хэрэгжүүлсэнгүй.

Мөн С.Батбаярын “Мөрийн хөтөлбөр” Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн тодорхой заалтуудыг, тодруулбал, 67.4-д “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно”, мөн зүйлийн 67.4.1-д “мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох”, 67.4.4-д “үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх” гэж заасныг зөрчсөн талаар тайлбар гаргаад байхад хариу тайлбарыг няцаасан дүгнэлтийг шүүх хийгээгүй байх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Зүй нь, хариуцагчийн татгалзлыг яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа болох, яагаад С.Батбаярын “Мөрийн хөтөлбөр” Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй /нэг ёсондоо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх ёстой/ талаар дүгнэлт хийсэнгүй.

Мөн шүүх “... ойлгомжгүй дүгнэлтийг үндэслэн ... С.Батбаярыг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн” гэж аймгийн Сонгуулийн хороог буруутгасан. Шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд Аудитын дүгнэлтийг ойлгоогүй тул ойлгомжгүй гэж үзсэн байна. Шүүх Аудитын дүгнэлтийг ойлгоогүйн төлөө манай байгууллагыг буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Дараах нэг үндэслэл бол шүүх “Нийцлийн аудит” хийснийг хууль зөрчсөн гэж үзсэн. Төрийн аудитын тухай хуульд зааснаар аудит нь

а. санхүүгийн тайлангийн,

б. Гүйцэтгэлийн,

в. нийцлийн аудит гэсэн 3 төрөл байгаа. Үүнээс өөр төрөл байхгүй.

Нэр дэвшигч иргэдийн тухайд мөрийн хөтөлбөрт нь Нийцлийн аудит л хийдэг. Монгол Улс даяараа ийм байгаа. Гэтэл нийцлийн аудит хийсэн нь хууль зөрчсөн мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр нэг талаар аймгийн Сонгуулийн хорооны үүргийг үгүйсгэсэн байна. Учир нь, Аудитын байгууллагаар хянагдаад хууль зөрчөөгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт гарах л юм бол түүнийг авна гэж ойлгож болохгүй. Нэр дэвшигч нарын гаргасан бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан шалгах үүрэг хуулиараа аймгийн Сонгуулийн хороонд олгогдсон. Энэ эрхийнхээ дагуу нягтлан шалгасан, зөрчил илэрсэн байдлыг шүүх анхаарч үзсэнгүй.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн аудитын газар нь нэхэмжлэгч С.Батбаярын орон нутгийн хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрт нийцлийн аудит хийж, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 291 дүгээр  дүгнэлтийг гаргахдаа тайлангийн төслийг нэхэмжлэгчид өгч, санал өгч засвар оруулах боломж олгоогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Аудит дуусаж, тайлангийн төсөл бэлэн болсны дараа төрийн аудитын байгууллага дараах арга хэмжээ авна: 19.3.1. аудит хийлгэсэн байгууллагад тайлангийн төслийг өгч ажлын 10 хоногийн дотор саналаа өгөхийг хүсэх, 19.3.2. аудит хийлгэсэн байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл өөрийн дүгнэлтийг нэмэлт нотлох зүйлээр бататгах арга хэмжээ авах” гэж заасныг зөрчсөн байна. Энэ хууль бус дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлэн залруулах, нэмэлт тайлбар, санал гарган аудитын газрын тайлангийн төслийг засварлуулсны үндсэн дээр орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн шаардлага хангаж, оролцох эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн агуулгын хүрээнд дүгнэлт хийж аудитын газрын дүгнэлтийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзлээ.

Дархан-Уул аймаг дахь сонгуулийн хороо нь дээрх аудитын газрын хууль бус дүгнэлтийг үндэслэн “мөрийн хөтөлбөр нь хуульд нийцүүлэн аудитын байгууллагаар хянуулсан байх шаардлагыг хангаагүй” гэж үзэж С.Батбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байх тул хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын С.Батбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Батбаяр нь мөрийн хөтөлбөрөө хууль зөрчөөгүй байсан талаар маргаагүй бөгөөд гагцхүү дээрх хуульд заасны дагуу аудитын газрын тайлангийн төсөлтэй танилцаж мөрийн хөтөлбөрөө залруулж уг төсөлд засвар оруулах талаар санал оруулах эрх нь зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргасан байх тул уг мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4.1, 67.4.4-д заасан мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох; үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх талаар тусгахыг хориглоно гэж заасныг зөрчсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “... шүүх сонгуулийн хуулийн 67.4.1, 67.4.4-т заасныг зөрчсөн талаарх тайлбарт няцаалт хийгээгүй байж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ...” гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд нотлох баримтыг уншуулж судлуулах эрх нь нээлттэй байсан бөгөөд анхан шатны шүүх нь шүүх хуралдааны үед нотлох баримтыг тоочиж хэлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй тул  хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Б.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ