Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1962

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01818 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 632 дугаар шийдвэрээр Г.О-, З.Г нараас 100 000 000 төгрөг гаргуулж Ц.Б-, Ё.О- нарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө болох Г.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 17011, Махатма Ганди гудамж, 25 байр, 191 тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өнөөгийн зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн, үнэлгээ хийхдээ төлбөр төлөгч надад мэдэгдээгүй, намайг оролцуулаагүй, хөрөнгийн үнэлгээг дутуу тооцож гаргасан байгаа юм. Үнэлгээ дутуу хийгдсэн учир “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа шинжээчээр томилогдсон "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийн төлөөлөгчид хууль сануулаагүй, мөн энэ компани үнэлгээ тогтоох ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэхийг тодруулаагүй, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийг байлцуулаагүй нь шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу ажиллагаа явуулаагүй гэж үзнэ гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 632 дугаар шийдвэрээр З.Г, Г.О- нараас 100 000 000 төгрөгийг гаргуулж Ц.Б-, Ё.О- нарт олгохоор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма ганди гудамж, 2 дугаар байрны 191 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 5 сарын 15-ны өдрийн 17290538 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, барьцаа хөрөнгийг 2017 оны 5 сарын 24-ний өдрийн 179/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2017 оны 6 сарын 15-ны өдрийн 179/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2017 оны 6 сарын 08-ны өдөр мэдэгдэхэд, төлбөр төлөгч З.Г 210 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгч Г.О- үнийн санал ирүүлээгүй тул үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 3 сарын 12-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ-Эстимэйт" ХХК-ийг томилоход, 129 854 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2018 оны 3 сарын 30-ны өдрийн 4/5889 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч нарт мэдэгдэж, мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу 2019 оны 3 сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлэхэд, 2018 оны 4 сарын 02-ны өдөр үнэлгээг эс зөвшөөрч тус газарт хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай З.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдаагүй нотлох баримтыг иш татан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02443 дугаар шийдвэрээр З.Гын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хангаж шийдвэрлэсэн. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч З.Г нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3 сарын 30-ны өдрийн 4/5889 тоот мэдэгдэл баримт болон, тус шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02443 дугаар шийдвэр гарах тухайн үед тус тус барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар мэдсэн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д "талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж заасан. Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо тус шүүхэд 2019 оны 4 сарын 25-ны өдөр гаргасан байгаа нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй гэжээ. З.Г миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 9 сарын 17-ны өдөр гарсан 1818 дугаар шүүхийн шийдвэрт үндэслээд байгаа 02443 дугаар шүүхийн шийдвэр хэрэгт байхгүй байсан ба хэрэв хариуцагч уг асуудлаар тайлбар гаргасан буюу нотлох баримтаар хэрэгт өгсөн бол тухайн асуудлаар хэрэгт ач холбогдол бүхий тайлбар гаргаж мэтгэлцэх байсан. Мөн уг асуудлаар ямар ч нотлох баримт хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй байхад 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02443 дугаар шийдвэрийг үндэслэл болгосон нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 17-ны өдөр гарсан 01818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                       

 

Нэхэмжлэгч З.Г нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00632 дугаар шийдвэрээр Г.О-, З.Г нараас 100 000 000 төгрөг гаргуулж, Ц.Б-, Ё.О- нарт олгуулах, барьцааны эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 17011 Махатма Ганди гудамж, 25 дугаар байрны 191 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025786 дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 18-19 дүгээр тал/

 

Төлбөр төлөгч Г.О-, З.Г нар нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул төлбөр авагч Ц.Б-, Ё.О- нарын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 сарын 23-ны өдөр 512 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 21-р тал/

 

Нэхэмжлэгч З.Гд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 6 сарын 06-ны өдөр хүргүүлж, Г.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 17011 Махатма Ганди гудамж, 25 дугаар байрны 191 тоот орон сууцыг 2017 оны 5 сарын 24-ний өдөр битүүмжилж, 2017 оны 6 сарын 06-ны өдөр хураасан байна. /хх-ийн 23-24, 26-27, 28-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч Г.О-, З.Г нараас үнийн санал авахад нэхэмжлэгч З.Г нь 210 000 000 төгрөгийн санал өгч, төлбөр авагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонбаатар нь шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар талууд үнийн саналд харилцан тохиролцоогүй байна. /хх-ийн 33-34-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь уг орон сууцыг 129 854 000 төгрөгөөр үнэлсэн ба хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон 90 897 800 төгрөгөөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоожээ. /хх-ийн 35, 36-61/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлыг нэхэмжлэгч нь 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй байх боловч энэхүү хугацааг хэтрүүлсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна. Тодруулбал, хариуцагч нь 2018 оны 3 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид үнэлгээний мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 181/ШШ201802443 дугаар шийдвэр гарчээ. /хх-ийн 62, 83-86-р тал/

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээний мэдэгдлийг хүлээн аваагүй гэх үндэслэлгүй, түүний талаар мэдээгүй гэх баримтгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

                                                                                                                   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ