Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 01818

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 11 хороолол, 19 байр, 54 тоот хаягт оршин суух, Модчин овогт Загдаагийн Гэсэрбадам /РД:ФМ58030366/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Гэсэрбадам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 00632 дугаар шийдвэрээр Г.Оролмаа, З.Гэсэрбадам нараас 100,000,000 төгрөг гаргуулж Ц.Батцэцэг, Ё.Оюунжаргал нарт олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө болох Г.Оролмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 17011, Махатма Ганди гудамж, 25 байр, 191 тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өнөөгийн зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн, үнэлгээ хийхдээ төлбөр төлөгч надад мэдэгдээгүй, намайг оролцуулаагүй, хөрөнгийн үнэлгээг дутуу тооцож гаргасан байгаа юм.

Иймд үнэлгээ дутуу хийгдсэн учир Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа шинжээчээр томилогдсон “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн төлөөлөгчид хууль сануулаагүй, мөн энэ компани үнэлгээ тогтоох ажиллагаа явуулах зөвшөрөлтэй эсхийг тодруулаагүй, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийг байлцуулаагүй нь шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу ажиллагаа явуулаагүй гэж үзнэ гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00632 дугаар шийдвэрээр З.Гэсэрбадам, Г.Оролмаа нараас 100.657.950 төгрөгийг гаргуулж Ц.Батцэцэг, Ё.Оюунжаргал нарт олгохоор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Оролмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма ганди гудамж, 2 дугаар байрны 191 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 17290538 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шйдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, барьцаа хөрөнгийг 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 179/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2017 оны 06  сарын 15-ны өдрийн 179/02 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөрт хураагдсан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуү үнийн санал ирүүлэхийг 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 3/16623, 3/16624 дугаар тогтоолоор мэдэгдэхэд, төлбөр төлөгч З.Гэсэрбадам 210,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгч Г.Оролмаа үнийн санал ирүүлээгүй тул үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилоход, 129.854.000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээг 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 4/5889 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч нарт мэдэгдэж, мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу 2019 оны 03 сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлэхэд, 2018 оны 04 сарын 02-ны өдөр үнэлгээг эс зөвшөөрч тус газарт хүсэлт гаргасныг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” заасан байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Гэсэрбадам нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Тус шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00632 дугаар шийдвэрээр Г.Оролмаа, З.Гэсэрбадам нараас 100,000,000 төгрөгийг гаргуулж Ц.Батцэцэг, Ё.Оюунжаргал нарт  олгохоор шийдвэрлэжээ.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 94 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилжээ.

            “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь барьцаа хөрөнгийг 129,854,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2018 оны 03  сарын 30-ны өдрийн 4/5889  тоот мэдэгдлийг төлбөр төлөгч З.Гэсэрбадамд хуульд заасны дагуу түүний оршин суух хаягаар 2018 оны 04 сарын 01-ний өдөр шуудангаар хүргүүлж мэдэгдсэн,

            мөн тус шүүхийн 2018 оны  11 сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02443 дугаар шийдвэрээр З.Гэсэрбадамын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

            Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч З.Гэсэрбадам нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2018 оны 03  сарын 30-ны өдрийн 4/5889  тоот мэдэгдэл баримт болон,  тус шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02443 дугаар шийдвэр гарах тухайн үед тус тус барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар мэдсэн гэж үзэхээр байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан.

            Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо тус шүүхэд 2019 оны 04 сарын 25-ны өдөр гаргасан байгаа нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 1561.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болгуулах тухай З.Гэсэрбадамын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР