Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1960

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А ББСБ ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02162 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК--ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.У-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 54 720 537 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.У- нь 2019 оны 01 сарын 02-ны өдөр манай байгууллагатай 182006 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийг олгохдоо 2019 оны 01 сарын 02-ны өдөр талуудын хооронд 182006 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан Д.Цолмонгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/ Ногоон нуур гудамжны 101 дүгээр барилгын 203 тоот УБД: Ү-2203035828, ГД:000580069 дугаартай, 42.46 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 8 583 333 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2019 оны 6 сарын 30-ны өдөр төлөлт хийсэн бөгөөд энэ хугацаанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд огт төлөлт хийгээгүй бөгөөд тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд зээлдэгч Ц.У-ээс 182006 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 49 393 333 төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөр 3 900 296 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 426 908 төгрөг, нийт 54 720 537 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулагдсан 182006 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан зээлдэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамжны 101 дүгээр барилгын 203 тоот, 42.46 м.кв талбай бүхий оффисын зориулалтаар үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие зээлийн гэрээний төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлж байсан. А ББСБ ХХК- нь зээлийн гэрээний төлбөр төлөлтийн дундын тооцоог сүүлийн байдлаар надтай тооцоо нийлээгүй бөгөөд нэхэмжилж байгаа дүн зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлд тусгасан үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт  заасныг баримтлан Ц.У-ээс 46 666 667 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 053 870 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203035828 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, /14180/ ногоон гүүр гудамж, 101 барилгын 203 тоот 42,46 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 46 666 667 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501 753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 391 284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр шүүгчээс нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн талаар тодруулга авсан бөгөөд үүнд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хариулсан хариултыг үндэслэн, шүүгч нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд тодруулах ажиллагааг хийх боломжтой байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр багасган шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч байгууллагад Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон 1/454 дүгээр бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр зөвшөөрлийн хугацааг дурдаагүй байгаад нэхэмжлэгч ямар нэг байдлаар буруугүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулга авах боломжтой байсан. Түүнчлэн тусгай зөвшөөрөл нь хавсралтын хамт хүчинтэй байх боловч тухайн хаврсалтад Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгч нарын хөрөнгө нийлүүлсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дурдсан байдаг тул Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйл болон 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасны дагуу хувь хүний нууцад буюу хамгаалагдсан эрхэд халдах тул энэхүү мэдээлэл бүхий баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүйг, мөн хавсралт дээр зөвшөөрлийн хугацааг дурдагдаагүй болохыг тайлбарласан. Энэхүү хавсралттай танилцах нөхцөлийн талаар Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан байх бөгөөд энэхүү эрхээ шүүх хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт "шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу хуралдааныг хойшлуулан өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн гаргаж өгөх боломжгүй баримтыг зохих журмын дагуу холбогдох байгууллагаас гаргуулан авч, танилцах эрхээ хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Дээр дурдсан байдлаар нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөн болохыг зохих ёсоор тогтоох боломжтой байхад шүүх өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02162 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК- нь хариуцагч Ц.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54 720 537 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2019 оны 01 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А ББСБ ХХК- нь сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 50 000 000 төгрөгийг зээлдүүлэх, хариуцагч Ц.У- нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203035828 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 101 барилгын 203 тоот 42.46 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 5-10-р тал/

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч А ББСБ ХХК- нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөн эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А ББСБ ХХК--ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хэрэгт авагдсан боловч одоогоор нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд энэ нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байна. /хх-ийн 12, 13-р тал/

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтыг анхан шатны шүүх хуульд заасан журмаар гаргуулах боломжтой байсан гэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

 

Давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 812 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                          

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                             ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

                                                                                                            Г.ДАВААДОРЖ