Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ................. тоотод байрлах, А ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Б /РД:/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 54 720 537 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул оролцов.                                        

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай байгууллагатай 182006 дугаартай зээлийн гэрээг байгуулан 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийг олгохдоо 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр талуудын хооронд 182006 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан Д.гийн өмчлөлийн  дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/ гудамжны 101 дүгээр барилгын 203 тоот УБД: Ү-, ГД:  дугаартай, 42.46 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 8 583 333 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлөлт хийсэн бөгөөд энэ хугацаанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд огт төлөлт хийгээгүй бөгөөд тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд зээлдэгч Ц.Бээс 182006 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 49 393 333 төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөр 3 900 296 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 426 908 төгрөг, нийт 54 720 537 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулагдсан 182006 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан зээлдэгчийн өмчлөлийн  дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, гудамжны 101 дүгээр барилгын 203 тоот, 42.46 м.кв талбай бүхий оффисын зориулалтаар үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие зээлийн гэрээний төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлж байсан. А ББСБ ХХК нь зээлийн гэрээний төлбөр төлөлтийн дундын тооцоог сүүлийн байдлаар надтай тооцоо нийлээгүй бөгөөд нэхэмжилж байгаа дүн зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлд тусгасан үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

 

Зохигчийн  тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Ц.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54 720 537 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл, үндсэн зээлийн төлбөрт 49 393 333 төгрөг, зээлийн хүүд           3 900 296 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 426 908 төгрөг, нийт  54 720 537 төгрөг...” гэж зээлийн үүргийг тодорхойлж байна.

 

            Талууд хооронд 2019 оны 01 сарын 02-ны өдөр ЗГ182006 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч А ББСБ ХХК нь 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Ц.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд ИГ182006 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, /14180/ ногоон гүүр гудамж, 101 барилгын 203 тоот 42,46 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулжээ. /хх-5-10/

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

            Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.  

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “...банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ...”, 9 дүгээр зүйлийн 9.3-т “...тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл, эрхлэх хугацааг тодорхой заана.” гэж тус тус заасан.

 

Хэрэгт А ББСБ ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 88 дугаар тогтоолоор олгосон 1/454 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтгүйгээр нотлох баримтаар авагдсан ба тус гэрчилгээнд “хавсралтын хамт хүчинтэй” талаар тэмдэглэсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа тусгагдаагүй байна. /хх-13/

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохоо нотлоогүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгчээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлэх хүү шаардах эрхгүй болно.

 

Иймд талуудын хооронд 2019 оны 01 сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй ба бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.  

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 50 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүүд 5 250 000 төгрөг /1 750 000 x 3 сар/, нийт 55 250 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагчийг гэрээний үүрэгт нийт 8 583 333  төгрөгийн төлөлт хийсэн гэж тайлбарласан ба хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 , 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар 2019 оны 01 сарын 02-ны өдөр ЗГ182006 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагч Ц.Бээс зээлийн гэрээний үүрэгт 46 666 667 гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 8 053 870 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч Ц.Б нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 501 753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 391 284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагчид шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасанд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт  заасныг баримтлан Ц.Бээс 46 666 667 /дөчин зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 053 870 /найман сая тавин гурван мянга найман зуун далан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, /14180/ ногоон гүүр гудамж, 101 барилгын 203 тоот 42,46 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 46 666 667 төгрөг гаргуулж, А ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501 753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид            391 284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг талууд 7 хоногийн дараа бичгээр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Д.МӨНХЦЭЦЭГ