Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2016/0226

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Л.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө*******ийн Г******* 

С*******ы М******* 

Д*******гийн Б******* 

Д*******ийн Ц*******

Д*******гийн Б******* 

Цийн М 

Гын Б

М*******гийн М

М*******гийн А

М*******гийн Д

 М*******гийн Р 

Үий Ү 

Бгийн Л 

М*******гийн Кт 

Хариуцагч: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага:

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-230, А-429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-271 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г*******, С.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч Ө.Г*******, С.М******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг өртөө өвөлжөө гэдэг газрын жижигхэн амны зүүн салаанд Д******* овогтой Б******* миний бие болон бидний төрөл төрөгсдийн өвөг дээдэс 1860-аад оноос, тэдний гурав дахь үе нь болох бид өнөөг хүртэл удам залган энэ нутагт төрж өсөн, суурьшин амьдарч байна. Баруун салаанд нь 1983 оноос өнөөг хүртэл С.М*******, түүний үр хүүхэд болон монгол, казах 8 айл, уг аманд нийтдээ 14 малчин айл олон жил суурьшиж, жилийн дөрвөн улиралд уламжлалт мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Горхи тэрэлжийн Байгалийн цогцолборт газар нь улсын тусгай хамгаалалтай газар юм. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.О, Д.О нарын хууль бус тушаалаар 2014 он болон 2015 онд тус яам, түүний харьяа байгууллагуудын ажилтнуудад энэ газарт байшин барьж амьдрах, газар ашиглах зөвшөөрөл олгожээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ажилтан болон харьяа газруудад нийлээд 250 гаруй ажилтнуудад газар эзэмших эрх олгосон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагын ажилтнуудад байшин барилга барьж амьдрах зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон сайд асан С.Оы 2014 оны А/230 тоот, сайд асан Д.Оын 2015 оны А/271 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Өртөө өвөлжөө гэдэг газар амьдарч байгаа айлууд бол хязгаарлалтын бүсэл хамаарч байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу 3 төрлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Онцгой бүсэд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авна гэж заасан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд аялал жуулчлалын бүсийн дэглэмийг тогтоож өгсөн. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн. Дээрх 3 төрлөөр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан С.О 2014 оны А/230 тоот, сайд асан Д.О 2015 оны А/271 тоот утга санаа, үг үсгийн хувьд зөрөөгүй нэг нь нөгөөгөө хуулбарласан тушаал гаргахдаа үндэслэл болгосон хууль, дүрмийн заалтууд нь уг газрыг эзэмших, ашиглахтай огт хамааралгүй, "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль"-иас давж гарсан хууль бус тушаал гаргажээ. Уг тушаалд:

1. Яамны болон харьяа газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдын хүсэлтийг судлан үзэж, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх "Эко ногоон хөгжил" зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэхийг дэмжсүгэй. Захиргааны шүүх хариуцагч талаас ганцхан нотлох баримт шаардсан зураг төслөө авчирж өгнө үү гэхэд зураг төслөө хийгдэж байгаа гэсэн хариу тайлбар өгсөн. Зураг төсөл байхгүй байхад газрыг урьдчилан олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн Байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулахыг хориглох гэсэн 18 дугаар зүйлийг мэдсээр байж зориуд, санаатайгаар зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр учраас хариуцагч талд ямар ч эрх мэдэл байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу харьяалагдана. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд захиран зарцуулах эрх байхгүй. Зөвхөн хяналт тавих үүрэг байгаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд ямар үйл ажиллагаа явуулахыг заасан. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 5-д "Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглоно" гэж заажээ. Тэгвэл 11 дүгээр зүйлийн 7 дугаар заалт нь: "Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр бүр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" гэж заасан. 250 айл орон сууц барин амьдарвал тус хуулийг зөрчинө. Өнгөрсөн жил н.Саруул гэдэг хүн байшин барьсан. Саруулын нэр 250 хүний нэр дотор байхгүй. Бид хоёр дахь зайсан гарч ирэх гэж байна гэж үзээд захиргааны шүүхэд хандсан. Зайсангийн аманд зөвшөөрөл өгсөн хүмүүст ямар ч хариуцлага тооцоогүй. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичигт 14 айлын жилийн 4 улирлын бэлчээр нутаг мөн гэж тусгасан байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалтыг зөрчсөн. Дээрх баримтууд хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байгаа.

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албан бичиг ирүүлсэн. 250 айлын байшинг Эко хотхон буюу эко төсөл гэж нэрлэсэн. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ гэж заасны дагуу хот байгуулах юм бол цахилгаан бохирын шугамыг шийдвэрлэх ёстой.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б, Нийслэлийн Засаг дарга Э.Б нарт тус тус хандаад хариу ирүүлсэн албан бичиг нь 2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд байгаа. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн албан бичигт тус иргэдийн мэдээлэл мэдээллийн санд бүртгэгдээгүй, ямар нэгэн байгууламж барих зөвшөөрөл олгогдоогүй байна гэсэн хариу ирүүлсэн.

Манай оронд тарвага ховордсон байгаа учир агнахыг хориглосон. Гэтэл Өртөө өвөлжөөнд цөөн тарвага байгаа. 250 айлуудын 10 гаруй айлын газар нь тарваганы нүхэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Захиргааны шүүхээс газрын үзлэг хийсэн. Тус газар байшин баригдвал тарваганууд устаж, үгүй болно. Амьтны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд тодорхой заасан. Орон нутгийн засаг захиргаа бидний эрхийг хаан боогдуулсан. Хамгаалалтын захиргаа байхгүй газар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлж болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна гэж заасан байгаа. Гэтэл саналыг үндэслээгүй дангаар шийдвэр гаргасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмшүүлэх гэрээ байгуулах заалт байгаа. Энэ нь хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд байгаа. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн албан бичигт 3 зүйлийн талаар тусгасан. Төрийн захиргааны аж ахуйн нэгжүүд газар эзэмших эрх олгохдоо дүүргийн Засаг даргын саналыг үндэслэнэ гэж заасан байгаа.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирсэн албан бичигт газар эзэмших эрх олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримталж олгох ёстой гэж заасан. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам тус заалтыг зөрчсөн гэсэн баримт хавтаст хэргийн 22 дугаар хуудсан байгаа. 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайд асан Л.Гийн тушаал гарсан. Төрийн захиргааны төв байгууллага шийдвэр гаргахдаа дүүргийн Засаг даргын саналыг *******гүй. Налайх дүүргийн Засаг даргатай хамтарч шийдвэрлүүлэх байтал хамгаалалтын захиргаа дангаар шийдвэр гаргаж байгаа нь буруу гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайд Л.Г хэлсэн. Сайдын тушаалаас үзэхэд Налайх дүүргийн Засаг дарга саналаа боловсруулаад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам шийдвэр гаргах ёстой.

Тушаал гаргахдаа сайдууд албан тушаалаа хэтрүүлэн гаргасан. Өртөө өвөлжөө гэдэг газар амьдарч байгаа иргэдийн айлуудын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх гэж заасан байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан. Энэ нь төрөөс мал бүхий иргэдийг нутаг, бэлчээрээр хангана гэсэн үг. Монгол Улсын Үндсэн Хуульд гэж заасан байгаа. 2500 гаруй малын даацтай бэлчээр нутаг гэдгийг тогтоож өгсөн. Байшин барилга барьж байгаа хүмүүс маш бүдүүлэг хандаж байгаа. Хонины хашаан дотор байшин барих ёстой хонины хашааг зайлуул гэж хэлсэн. С.М*******гийн бие засах газар байшин барьж байгаа хүмүүсийн хашаан дотор орсон. Хонины хашааны үүднээс 6 метрийн зайд байшингийн шав тавьсан. Одоо малаа ч хашиж чадахгүй, бие засаж чадахгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд оршин суух газраа чөлөөтэй сонгох гэж заасан байгаа.

2010 оны Л.Г сайдын гаргасан тушаалыг зөрчсөн. Мөн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/466 дугаар тушаалд өвөлжөөтэй, хаваржаатай, өөрийн хашаатай бүх айлын координатыг баталгаажуулж гэрчилгээжүүл гэж заасан. Гэтэл гэрчилгээ олгохгүй байгаа. 14 айл байгаагаас 4 айлын албан ёсны гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Өмнө нь ажиллаж байсан Налайх дүүргийн Засаг даргын гарын үсэг болон Хамгаалалтын захиргааны даргын гарын үсэгтэй албан бичиг бол хүчингүй зөвхөн миний гарын үсэгтэй гэрчилгээг хүчинтэй гэж хэлсэн. Газрын гэрчилгээ авъя гэж өргөдөл өгөхөөр тус асуудлыг шийдэж өгөхгүй байна. н.Д бидэнд худлаа хэлж дарамталсан. Захиргааны шүүхэд Д гэдэг хүний гүтгэж ирүүлсэн албан бичигт 14 айл амьдардаггүй гэж заасан байгаа. Шүүхээс үзлэг хийхэд 14 айл байсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцсан н.Батсансар гэдэг хүний 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн албан бичигт Горхи-тэрэлжийн цогцолбор газарт амьдарч байгаа айлуудад газар эзэмших гэрчилгээ огт олгогдоогүй гэсэн. Эрх мэдэл албан тушаалаа ашиглан биднийг дарамталж байна.

Нэхэмжлэгч нарын асуудлаас илүү улс орны эрх ашиг хэцүү байна. Газар доорх ашигт малтмалыг гадны бүлэглэлүүд хувааж идсэн. Газар дээрх баялаг руу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам дайрч байна. Шүүхэд итгэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сайдын 3 тушаал хууль бус болохыг нотолж байна. Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эрхийн акт гаргавал захиргааны хэргийн шүүх хэлэлцэнэ. Монгол улсын сайд төрийн хуулиас дээгүүр тушаал гаргах эрх хэмжээ байхгүй. Хамгийн энгийн тайлбарлавал гурвалжингийн хууль юм.

Монгол Улсад амьдар байгаа хүн болгон тэгш эрхтэй оролцдог. Тус эрхийг Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль олгосон. Социализмын хувьд төр нь дарангуйлж хуулиас дээгүүр тушаал гаргаж иргэдээ хохироодог байсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын гурван сайд н.Д хэмээх хууль мэддэггүй хуулиас дээгүүр байгаа хүний үгэнд орж, хуулиас дээгүүр тушаал гаргаж, иргэдийн хохироож илт хууль бус шийдвэр гаргаж байна.

Тушаалд: Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтыг баримталсан. Сайд нар хууль нийцүүлээгүй тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж тушаал гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-т төрөөс орон байраар хангана гэж заасан байгаа. Төрийн албан хаагчдад Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг зөрчиж орон байраар хангана гэсэн заалт Монгол Улсын хуульд байхгүй. Төрөөс орон байраар хангах асуудал бол зөвхөн хуульд нийцүүлэн орон байраар хангах асуудал юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих гэж заасныг баримталсан. 250 хүний барилга байгууламжийг хууль зөрчин бариулахдаа ямар ч зураг төсөл хийгээгүй. Дураараа байшин барьсан. Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж тодорхой заасан байхад тус заалтыг зөрчиж тушаал гаргасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг баримталсан. Тус заалтад тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам бол зохион байгуулах ёстой. Хууль зөрчиж тушаал гаргах эрх хэмжээ байхгүй. Хууль зөрчсөн тушаал байвал яам тус тушаалыг хүчингүй болгох эрх хэмжээтэй байгаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.10-т зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад ашиглуулах газрыг тогтоох гэж заасан байгаа. Мал байхгүй иргэдэд газар ашиглах эрх олгочихоод дээрх заалтыг баримтлаад байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасан байгаа. Гэтэл гэрээний үндсэн дээр ашиглуулаагүй ямар ч үндэслэл байхгүй 8 заалтаар тушаал гаргасан.

Тушаалын үндэслэх хэсэгт байгаа 8 заалтыг судалж үзэхэд тусгай хамгаалалттай болон байгалийн цогцолбор газарт зуслан байгуулах, судалгаа хийх заалт байна уу гэхэд байхгүй байсан. Хэрвээ барилга байгууламж барих ёстой бол н.Д Налайх дүүргийн Засаг даргатай хамтран зөвшилцөлд төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд мэдэгдээд яам тушаал гаргана. Дээрх байдлаас харахад үнэхээр хууль зөрчсөн байгаа.

Хариуцагч талын хариу тайлбарыг судлан үзэхэд: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалтыг баримтлан тушаал гаргасан гэж байгаа. Зөвшөөрлийн дагуу жуулчны бааз, амралт рашаан сувиллын газар, ангийн отгийн байр гэж хуульд тодорхой зааж өгсөн. Дээр дурдсан 4 зүйлд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хяналт тавих болохоос биш хууль зөрчиж тушаал гаргана гэсэн зүйл байхгүй. Өнөөдөр миний Монголын газар нутгийг гадаадын хүмүүс газрын хэвлий дэх баялгийг ашиглаж байна. Хууль мэддэггүй н.Д шиг хувиа хсэн нөхдүүд Монгол орны дархлагдаж хязгаарлагдсан газар нутгийг эрх бүхий албан тушаалаа ашиглан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад худлаа яриад хууль бус тушаал гаргаж байна. Хамгаалалтын захиргаа Засаг даргаас санал авч зөвшилцөхгүй газар ашиглах эрх олгоно гэж тайлбарлаад байна. Зөвшилцөж хий, хамтран гэрээ байгуул гэж хуульд тодорхой заасан байгаа. Монгол Улсаас хуулиар хамгаалсан тусгай газар юм. Хууль зөрчиж тушаал гаргасан байдал нь харагдаж байна.

Хариуцагч тал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 18 дугаар зүйлийг дээрх байдлаар зөрчсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д тухайн нутаг дэвсгэр дэх сууринг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх гэж заасан үндэслэсэн гэж хариу тайлбарт бичсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Онцгой бүсэд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авна гэж тодорхой заасан байгаа. 250 хүнийг байшин барь гэж заагаагүй. Налайх дүүргийн Засаг даргыг саналыг зайлшгүй авах ёстой гэж хуульд заасан. Тушаалын үндэслэл болгосон 8 зүйл, хариу тайлбарын 4 зүйлээр хуулийн буруу тайлбарласан. Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал баталдаг. Баталсан хуулийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам байгаль орчинтой холбоотой хуулийн биелэлтэнд хяналт тавьдаг байгууллага юм. Хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл байхгүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 37 дугаар тогтоолын 5 дугаар зүйлд Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн гэдэгт эрх, үүрэг тодорхой хэмжээгээр бий болгон уламжлагдан хэрэглэгдэж байгаа. Нийтээр дагаж мөрдөн дадал хэвшил болсон зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтан зөрчсөн байхыг ойлгоно гэж заасан байгаа. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг зөрчсөн. Мөн тогтоолыг 6 дугаар зүйлд Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно гэж заасан байгаа. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 250 гаруй ажилчдыг байшин бариад амьдар гэж хуулиар зохицуулаагүй. Мөн Налайх дүүргийн Засаг даргад хандах ёсгүй гэсэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоож байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглоно гэж заасан. Хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн.

Тусгай хамгаалалтай газар нутгийн захиргаа болон дүүргийн Засаг дарга нар хамтран газар ашиглах гэрээ хийдэг байсан. Гэтэл н.Д гэдэг хүн ирээд дангаараа албан бичиг өгсөн. Энэ нь Монгол Улсын хуулийг дорд үзээд Налайх дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд халдаж байна. Налайх дүүргийн Засаг даргатай хамтарч гэрээ хийх ёстой. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасан байгаа.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 3 тушаал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын иргэн бүр шударга шүүхээр хэргээ шүүлгээд давж заалдах эрхтэй байгаа. Монгол Улсын шилдэг хуульчид шүүгч болдог гэдэгт итгэдэг. Тийм учраас хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгох хэрэгтэй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг яаж зөрчсөн асуудал байгаа. Нэхэмжлэгч нарын олон жил уламжлалт мал аж ахуй эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн. Ө.Г*******ын нэр дээр нэг ч газар байхгүй. Хязгаарлалтын бүсэд уламжлалт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн. 1860 оноос хойш буюу 100 гаруй жил мал аж ахуй эрхэлж байгаа цөөн малчин өрх байгаа. Газар нутгийн бэлчээрийн даацаар бол 2500 гаруй мал бэлчих боломжтой байгаа. Хамгаалах гэж байгаа иргэд рүү сүрдүүлэн дайрах эрх байхгүй. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд хуулиас дээгүүр тушаал гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Социализмын үед байсан бол амархан хүчингүй болно. Ардчилсан нийгэмд гэм буруугаа заавал шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байгаа гэв.

 

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д "төрөөс орон байраар хангагдах", яамны хөдөлмөрийн дотоод журмын 9.8 дахь заалт, Яамны төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т "Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр газар ашиглуулж болно" гэх заалтуудыг үндэслэн яамны болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, орон сууц, хашаа байшин худалдан авах, шинээр барих, нөхцөлийг нь сайжруулах, зуслангийн байр барихад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230 дугаар тушаал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дугаар тушаалаар зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн нь тус яам Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн, хууль бус тушаал гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ нь дараах байдлаар нотлогдоно. Байгалийн цогцолборт газарт зөвшөөрдөг болон хориглодог үйл ажиллагааг хуульд дотоод бүсчлэлээр тодорхой заасан байдаг. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд мөрдөх хамгаалалтын горимд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т "зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих 4-т "батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах", 5-д "биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаардагдах талбайг засаж тохижуулах", 6-д "тухайн нутаг дэвсгэр дэх сууриныг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх" зэрэг заалтыг үндэслэн тушаал гарсан нь хуулийн дагуу сайдын эрх хэмжээний хүрээнд гаргасан тушаал болно.

Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-д "зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих; 10/ зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрыг тогтоох" зэрэг үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг. Дээрх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтуудаас үзэхэд Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд батлагдсан зураг төслөөр барилга барих, зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах, биеийн тамир нийтийн арга хэмжээний талбайг засаж тохижуулах, суурин газрыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх зэрэг арга хэмжээг авахаар зохицуулсан байдаг.

... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана", 36 дугаар зүйлийн 1-т "Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана. Дээрх заалтууд нь Төрийн захиргааны төв байгууллага, өөрийн гэсэн хамгаалалтын захиргаатай Горхи-Тэрэлжийн сав газрын Хамгаалалтын захиргааны саналыг авахаас бус сум дүүргийн Засаг даргын саналыг заавал авна гэсэн үг биш юм.

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 8-д "тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах", 9/ "тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох" Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэхээр зохицуулсан байдаг. Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогыг дагнан боловсруулах эрх бүхий субъект юм. Хуулиар олгогдсон сайдын эрхлэх асуудалд ажилчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангахтай холбогдсон бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх хоёр тушаалыг баталсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зуйлийн 3-т "зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих", б-д "тухайн нутаг дэвсгэр дэх сууриныг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх" зэрэг заалтуудыг үндэслэл болгон "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.4-т "..,. Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно...." гэж заасныг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230 дугаар тушаал, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дугаар тушаалаар тус тус батлагдсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд яамны болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах үүднээс зуслангийн зориулалтаар газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай хууль тогтоомжийн хүрээнд олгосон бөгөөд хууль тогтоомж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг нь экосистемийн онцлог бүс бөгөөд тусгай хуулиар зохицуулагдаж явдаг. Нөгөө талаар газар нутгийг тусгай хамгаалалтад авах асуудал нь аливаа ашиглалтыг хориглоно гэсэн үг биш зөвшөөрөгдсөн бүсэд байгальд сөрөг нөлөөгүй аливаа үйл ажиллагааг өргөн хүрээтэй явуулах эрх нээлттэй байх бөгөөд гагцхүү эдгээр ашиглалтын үйл ажиллагаа нь жинхэнэ утгаараа хуульд нийцсэн, хариуцлагатай, байгальд ээлтэйгээр зохион байгуулагдсан байх ёстой. Гэтэл эдгээр иргэд олон жил уг нутагт амьдарсан нутгийн иргэд гэдэг үүднээс өөрсдийн эрх амин хувийн ашгийг илүүд тавьж гагцхүү өөрсдөө эзэмшиж ашиглах ёстой юм шиг авирлаж, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байгааг анхааралдаа авах нь зүйтэй. Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1-т заасан Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх 2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй билээ.

Иймд иргэн Ө.Г*******, С.М*******, Д.Б*******, Д.Ц*******, Д.Б*******, Ц.М, Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р Д, Ү.Ү, Б.Л, М.Кт нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг баримтлан хууль бус тушаал гаргасан гэсэн тайлбар өгч байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт бол сайдын эрх хэмжээг зааж өгсөн заалт юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу тушаал гаргасан. Хуульд нийцүүлээгүй тушаал гаргаагүй. Одоогийн байдлаар Горхи-Тэрэлжийн аманд барилга баригдаагүй байгаа. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу газар ашиглах зөвшөөрлийг олгосон байгаа. Зураг төсөл нь батлагдсаны дараа барилга, байгууламжаа барина.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлд заасан 1-10 хүртэлх заалтад хэрэгжүүлэх ажлуудыг тусгаж өгсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан бол мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох гэж заасан байгаа. Заалтуудыг заавал хамтад нь хэрэглэнэ гэсэн агуулга биш юм. Малгүй хүн ч гэсэн газар ашиглах эрхтэй байгаа. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Ягаан гэрчилгээг 5 жил болоод солих ёстой. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд тушаалаар 5 жил тутамд сольдог. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд байгаа. Тус газарт 500 гаруй айл амьдарч байгаа. Тус айлууд хүүхдийнхээ нэр дээр газар өмчлөнө гэдэг учир шууд өмчлөх шийдвэр гаргаж өгч болдоггүй. Үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж зураг төслөө мэргэжлийн компаниар хийлгэдэг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ө.Г*******, С.М*******, Д.Б*******, Д.Ц*******, Д.Б*******, Ц.М, Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р, Ү.Ү, Б.Л, М.Кт нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г*******, С.М******* нар нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... ажилтнуудад байшин барьж амьдрах зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон сайд асан С.Оы 2014 оны А-230, сайд асан Д.Оын 2015 оны А-271 тоот хууль бус тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...сайд асан С.Оы 2014 оны А-429 тоот тушаалыг хүчингүй болгуулах[1] гэж нэмэгдүүлсэн болно.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А-230 дугаар тушаалаар[2] Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар-т 21.7 га газарт амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Эко ногоон хөгжил зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, уг тушаалын хавсралтаараа тус яамны болон харъяа газруудад ажилладаг 142 албан хаагчид, А-429[3] дүгээр тушаалаар 21 албан хаагчид газар ашиглуулах гэрчилгээ олгох зөвшөөрлийг Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар-ын захиргаанд зөвшөөрчээ.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дүгээр тушаалаар[4] дээрх агуулгаар 108 албан хаагчид газар ашиглуулах гэрчилгээ олгох зөвшөөрөл олгосон байна.

Дээрх нэр бүхий 271 албан хаагчид олгосон нийт 37.5 га газар нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах[5] Өртөө өвөлжөө нэртэй газарт байрлах ба Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар-ын хязгаарлалтын бүсэд[6] багтдаг, нэхэмжлэгч нарын амьдарч байгаа газартай солбилцлын хувьд давхцалгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, газрын үзлэг, нэхэмжлэгч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд газрын давхцал байхгүй талаар талууд маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч нараас маргаан бүхий тушаалууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж гарсан бөгөөд газар ашиглах зөвшөөрөл авсан хүмүүс эхнээсээ байшин барьж, хашаа хатгаж, шон, дугуй зоосноос байгаль орчин, ан амьтан сүйдэж нэхэмжлэгч нарын мал бэлчих бэлчээргүй болгох нөхцөл бүрдээд байна гэж, хариуцагч, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх тушаалууд нь хууль тогтоомж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно гэж тус тус маргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 13 дугаар зүйлд Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ гэж тус тус заасан байна.

Гэтэл хариуцагчаас маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Эко ногоон хөгжил төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн гэх боловч дээрх төсөл нь боловсруулалтын шатандаа[7] явж байгаа, барилга байгууламж барих зураг төсөл батлагдаагүй байхад маргаан бүхий газарт газар ашиглах эрх авсан иргэдээс байшингаа барьж төмөр хашаа татсан[8] байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зорилтод нийцэхгүй төдийгүй, байгалийн унаган төрхийг хадгалж үлдээх боломжгүй болгохоор байна.

Мөн маргаан бүхий захиргааны актууд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт ... зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих гэж заасныг тус тус зөрчиж гарсан нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна.

Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 213[9] дугаар тушаалаар ...Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэснийг зөрчиж... 319 иргэнд олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон атлаа маргаан бүхий актуудаар 271 хүнд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа залгамж шинж чанаргүйгээс сайдын тушаалууд хоорондоо зөрчилдөж, төрийн үйл ажиллагаанд баримтлах тэгш байдлын болон хууль дээдлэх зарчим алдагдахад хүргэсэн байх тул ...хуулийн дагуу сайдын эрх хэмжээний хүрээнд гаргасан тушаал болно гэсэн хариуцагчийн тайлбар[10] үндэслэлгүй байна.

Мөн дээрх тушаалын 3 дахь заалтаар Тус газрыг тусгай хамгаалалтанд авах үед уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байсан иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг үүрэг болгосон, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2011 оны А-466[11] дугаар гэрчилгээжүүлэлт хийх тухай тушаалаар ...Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт өвөлжөө, хаваржаа хашаа бүхий байнга оршин суудаг иргэдийн ашиглаж байгаа газарт хэмжилт хийж, координатыг тогтоон гэрчилгээжүүлэлт хийхийг зөвшөөрсөн байх бөгөөд Улсын Их Хурлын 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байх тул зарим нэхэмжлэгчид газар ашиглах эрхийн гэрчилгээ байхгүйд тэднийг буруутгах боломжгүй байна.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх, мөн зүйлийн 3-т аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.1-д бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар, 52 дугаар зүйлийн 52.2-д 52.2. Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нар нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Өртөө-өвөлжөө нэртэй газарт уламжлалт мал ахуйн эрхэлж, 1975, 1990, 2010 онуудаас хойш он удаан жил амьдарч байгаа нь Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ...Өртөө-өвөлжөө нэртэй газар нь дүүргийн иргэд мал маллан амьдардаг... гэсэн албан бичиг, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 тоот албан бичгийн хавсралтад[12] ... С.М*******, М.М, М.А, М.Д, М.Р, М.Кт нар нь 1990 оноос, Ү.Ү, Д.Б 1975 оноос хойш Өртөө өвөлжөөнд байнга амьдардаг, гэсэн тодорхойлолт, мөн дүүргийн 4 болон 5 дугаар хорооны Засаг дарга нарын тодорхойлолтууд[13], Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 174 дугаартай Одоо энэ нутагт 14 өрх айл, 64 иргэн, 2600 толгой малтай амьдарч байна[14] гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын малаа бэлчээдэг Өртөө-өвөлжөө нэртэй газарт 271 хүнд газар ашиглуулах зөвшөөрөл олгосон нь батлагдсан зураг төсөлгүйгээр барилга, хашаа баригдах нөхцөлийг бүрдүүлж нь нэхэмжлэгч нарын уламжлалт мал аж ахуй эрхлэх, малаа бэлчээх бэлчээргүй болгох улмаар бэлчээрийг даац алдагдах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь зөрчигдөж улмаар нэхэмжлэгч нараас байгаль орчноо хамгаалах журамт үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байх тул зөвхөн газрын давхцалгүй гэсэн үндэслэлээр ... дээрх хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй гэх хариуцагчийн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Ө.Г*******, С.М*******, Д.Б*******, Д.Ц*******, Д.Б*******, Ц.М, Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р, Ү.Ү, Б.Л, М.Кт нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дүгээр тушаалуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г*******, С.М*******, өмгөөлөгч Н.С нар нь маргаан бүхий захиргааны актууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна, Монгол Улсын иргэн ... түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэй... гэсэн заалтууд, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг зөрчиж гарсан учраас хууль бус тушаалууд болно гэж тайлбарлаж байгаа үндэслэлтэй байх боловч захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нараас маргаан бүхий тушаалуудыг захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул дээрх маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүйг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 17 дугаар зүйлийн 2 болон 3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Г*******, С.М*******, Д.Б*******, Д.Ц*******, Д.Б*******, Ц.М, Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р, Ү.Ү, Б.Л, М.Кт нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

Л.ӨЛЗИЙСАЙХАН