Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1976

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.С, П.А-, З.М- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01895 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.С, П.А-, З.М- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

Ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 20 400 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-ийн 2018 оны 11 сарын 14-ний өдөр гаргасан 300/18, 301/18, 302/18 тоот тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийг зөрчиж ажлаас шууд халсан тул хүчингүй болгуулан өмнө нь ажиллаж байсан ажилдаа эгүүлэн томилуулахыг даалгах, М ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт Э.Сд 9 000 000 төгрөг, П.А-д 5 400 000 төгрөг, З.М-д 6 000 000 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү. Нэхэмжлэгч нар согтууруулах ундаа хэрэглэснийг нотолсон баримт хэрэгт байхгүй, хөдөлмөрийн гэрээнд согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажлаас хална гэсэн заалт ч байхгүй, ер нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараалласан арга хэмжээг авахгүйгээр хариуцагч шууд ажлаас халсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн. Иймд тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба шүүх урьд нэхэмжлэлийг нэг удаа буцаасан байдаг. Шаардлагатай бол шүүх тэр хэргийг харж болно гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь З.М-, П.А-, Э.С нарыг 2018 оны 11 сарын 01-ний орой уурхайн кемпэд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн. З.М-, П.А-, Э.С нар нь 2018 оны 11 сарын 01, 02-ны өдрүүдэд энэ тухайгаа компанийн тайлбар өгөх хуудас дээр өөрсдийн гараар бичиж өгсөн бөгөөд тайлбар болон холбогдох бусад баримтуудад үндэслэн тэдгээрийг ажлаас чөлөөлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах ёстой тул миний хувьд нэхэмжлэгч нарын бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд тайлбар гаргамаар байна. Нэхэмжлэгч нар ажлаас шууд халсан нь буруу гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Өөр үндэслэлийг заагаагүй байдаг. Анхнаасаа шүүх үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн явдал болсон. Ер нь хувийн компанийн захирлын гаргасан тушаалыг хэн нэгэн хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнээс гадна шүүх иргэний хэрэг үүсгэхдээ буруу үүсгэсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул мөн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 158 950 төгрөг гаргуулж Э.Сд, 101 950 төгрөг гаргуулж П.А-д, 110 950 төгрөг гаргуулж, З.М-д тус тус буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01895 дугаартай шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2 “мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.З “зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.4 “зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 6.5 “зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” 25 дугаар зүйлийн 25.2.2 “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах”, гаргаж өгөх 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 38.7 “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө” 40 дүгээр зүйлийн 40.1 “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”. Дээрх хуулийн заалтыг үндэслэл болгосон атлаа хуульд заагдсан эрхээр бүрэн хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хугацааг сэргээн тогтоолгох ажиллагааг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 181/Ш32019/01548 дугаартай шүүгчийн захирамж, 2019 оны 4 сарын 29-ний өдрийн 181/Ш32019/04988 дугаартай шүүгчийн захирамжаас үүдэлтэйгээр хийлгэж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01895 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.С, П.А-, З.М- нар нь М ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 20 400 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч М ХХК нь 2018 оны 11 сарын 14-ний өдөр 302/18 тоот тушаалаар Э.Сэлэнгийг, 301/18 тоот тушаалаар З.М-ыг, 300/18 тоот тушаалаар П.А-г кемпийн дотоод журам зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан үндэслэлээр тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 101, 106, 111-р тал/

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 9 сарын 30-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо өмнө нь шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргаж байсан талаар дурдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг үгүйсгээгүй болно. /хх-ийн 71-р тал/

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар 2018 оны 12 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан эсэх нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ. Түүнчлэн хэргийн 48-50 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна. 

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй

байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01895 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                               

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР                                        

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ