Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1895

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Э.С,

Нэхэмжлэгч: П.А,

Нэхэмжлэгч: З.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МЭ” ХХК-д холбогдох,

 

Ажлаас халсан 300/18, 301/18 302/18 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт бүгд 20,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“МЭ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 300/18, 301/18, 302/18 тоот тушаалууд нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийг зөрчиж ажлаас шууд халсан тул хүчингүй болгуулан өмнө нь ажиллаж байсан ажилдаа эгүүлэн томилуулахыг даалгах, “МонЭко” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт Э.Сэд 9,000,000 төгрөг, П.Ад 5,400,000 төгрөг, З.Мд 6,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү.

            Нэхэмжлэгч нар согтууруулах ундаа хэрэглэснийг нотлосон баримт хэрэгт байхгүй, хөдөлмөрийн гэрээнд согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажлаас хална гэсэн заалт ч байхгүй, ер нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараалласан арга хэмжээг авахгүйгээр хариуцагч шууд ажлаас халсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн.

            Иймд тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба шүүх урьд нэхэмжлэлийг нэг удаа буцаасан байдаг. Шаардлагатай бол шүүх тэр хэргийг харж болно гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“МЭ” ХХК нь З.М, П.А, Э.Сэ нарыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой уурхайн кемпэд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн. З.М, П.А, Э.Сэ нар нь 2018 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд энэ тухайгаа компанийн “Тайлбар өгөх хуудас” дээр өөрсдийн гараар бичиж өгсөн бөгөөд тайлбар болон холбогдох бусад баримтуудад үндэслэн тэдгээрийг ажлаас чөлөөлсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах ёстой тул миний хувьд нэхэмжлэгч нарын бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд тайлбар гаргамаар байна. Нэхэмжлэгч нар ажлаас шууд халсан нь буруу гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Өөр үндэслэлийг заагаагүй байдаг. Анхнаасаа шүүх үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн явдал болсон. Ер нь хувийн компанийн захирлын гаргасан тушаалыг хэн нэгэн хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Үүнээс гадна шүүх иргэний хэрэг үүсгэхдээ буруу үүсгэсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн тул мөн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Сэ, П.А, З.М нар хариуцагч “МЭ” ХХК-д холбогдуулан тэднийг ажлаас халсан дэд захирлын 300/18, 301/18 302/18 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт бүгд 20,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн бөгөөд үндэслэлээ нэхэмжлэгч нар хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн хувийн компанийн захирлын тушаалыг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасны зэрэгцээ шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ буруу үүсгэсэн учир шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

 

Шүүх уг нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн 181/ШЗ2019/06385 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу тушаалын дугаар, олговрын хэмжээг дутуу тусгасан техникийн алдааг гаргасан байх боловч энэ нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Харин дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“МЭ” ХХК-ийн дэд захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 300/18, 301/18, 302/18 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9.9, 6, 7.5, Сахилгын дүрмийн 12, Компанийн дүрмийн 7.1, 8.5, хөдөлмөрийн гэрээний 6.3.1, 8.2.11, 8.2.13 /7.3.1, 9.3.11, 9.3.13/, Кемпийн дотоод журмын 4.4, 5.4.1-д заасныг тус тус удирдлага болгон 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой уурхайн кемпийн В-8 тоот гэрт согтууруулах ундаа хэрэглэж кемпийн дотоод журам зөрчсөн үндэслэлээр Э.Сэ, П.А, З.М нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгож, цуцалсан байна.

 

Дээрх тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо нэхэмжлэгч нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан ба хариуцагч тал хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т заасны дагуу ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гаргасан ажилтны гомдлыг, эсхүл хуульд заасан энэ хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шалтгааныг нотлосон баримтад үндэслэн уг хугацааг сэргээн тогтоох эсэх асуудлыг хэлэлцэж, хугацаа сэргээсэн тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх журамтай.

 

Өөрөөр хэлбэл, шүүх ажилтны гомдлын үндэслэлийг хянахаас өмнө хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан эсэх, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол эхлээд сэргээн тогтоох үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэж, хугацааг сэргээсэн тохиолдолд гомдлыг хянан шийдвэрлэдэг.

 

Манай тохиолдолд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлыг нэхэмжлэгч нар төлөөлөгчөөрөө дамжуулан 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо урьд хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримт бүрдүүлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байхад түүний өмнөөс нотлох ажиллагаа явуулах нь талуудын зарчимд нийцэхгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасанд нийцнэ гэж үзлээ.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нар гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзэх үндэслэлгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хугацаа хэтрүүлсэн байдалд хүндэтгэх шалтгаантайг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, хугацаа сэргээлгэхтэй холбоотой хүсэлтийг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй учир шүүх нэхэмжлэгч нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэв.

 

Иймд шүүх “МЭ” ХХК-д холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай Э.Сэ, П.А, З.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа тул дэд захирлын тушаал хуульд нийцсэн эсэх хийгээд маргааны үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан “МЭ” ХХК-ийн дэд захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 300/18, 301/18 302/18 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт бүгд 20,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Э.Сэ, П.А, З.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 158,950 төгрөг гаргуулж Э.Сэд, 101,950 төгрөг гаргуулж П.Ад, 110,950 төгрөг гаргуулж З.Мд тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА