Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0002

 

Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 722 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч  этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамхандын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 722 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3.1.3, 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан Н.Оюунбилэгийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Л.Туяажаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Гуравдагч  этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 722 дугаартай шийдвэрийг гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлсэн үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 дугаартай захирамжаар Д.Болортуяад тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 05 дугаар ангийн 36 айлын орон сууцны хажууд 0151 дүгээр ангийн хашааны хойно /одоогийн 22 дугаар хорооны Хилчний 914, 915 тоотод хамаарах/ аж ахуйн зориулалтаар тус тус 0.7 га газар буюу нийт 1.4 газрыг хоёр өөр байршилд олгожээ.

Д.Болортуяа 0151 дүгээр ангийн хашааны хойно байршилтай газарт анх 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдөр кадастрын зургийг “Монмет инженер” ХХК-аар хийлгүүлсэн. 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дээрх газрын хэмжээг багасгаж дахиж “Монмет инженер” ХХК-аар кадастрын зураг хийлгэсэн байх бөгөөд энэ нь өнөөдрийн нэхэмжлэгчийн маргаж буй газар болох нь тогтоогдсон гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. Дээрх кадастрын зургууд нь нэгж талбарын дугааргүй, нэгж талбарын дугаар нь мэдээллийн санд бүртгэгдээгүй байсныг шүүх анхаараагүй.

Дээрхээс үзвэл, Д.Болортуяа анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот захирамжаар хоёр өөр байршилд тус тус 0.7 га газар олгосон бөгөөд 0151 дүгээр ангийн хашааны хойно олгосон газрын хэмжээ 1170 болж багассан болох нь кадастрын зураг, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргах үндэслэлээ болгосонд гомдолтой. Хэдийгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 тот захирамжаар Д.Болортуяад тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 05 дугаар ангийн 36 айлын орон сууцны хажууд, 0151 дүгээр ангийн хойно тус тус аж ахуйн хашааны зориулалтаар 0.7 га буюу 7000 мкв газрыг эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон мэт харагдаж байгаа боловч зөвхөн дээрх захирамжаар Д.Болортуяад 0.7 буюу 7000 мкв газрыг эзэмших зөвшөөрлийг олгосон. Үүнээс өөр хэмжээний газрыг эзэмших зөвшөөрөл олгоогүй эрхгүй болно. Энэ байдал нь хавтаст хэрэгт байгаа дараах бичгийн нотлох баримтаар тогтоогдоно.

-СХД-ийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 дугаартай захирамжаар

-СХД-ийн Засаг даргын дээрх захирамжийг баталгаажуулсан захирамжийн хуулбар буюу нарийн бичгээр тогтоогдоно. Энэ нарийн бичигт дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 дугаартай захирамжаар 36 айлын орон сууцны хажууд 0.7 га газар гэж тэмдэглэсэн байдаг болно.

-Д.Болортуяад 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон газар эзэмших гэрчилгээгээр тогтоогдоно. Энэ гэрчилгээнд СХД-ийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 дугаартай захирамжийг үндэслэн 7000 мкв аж ахуйн хашаа, 22 дугаар хороо 05 дугаар ангийн 36 айлын орон сууцны хажууд гэж тэмдэглэсэн байдаг.

-Д.Болортуяагийн 2007 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдлөөр тогтоогдоно. Энэ өргөдөлд Дахт овогтой Болортуяа миний нэр дээр гарсан 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн газар эзэмших ашиглах тухай 234 дугаартай захирамжийн дагуу СХД-ийн 1 дүгээр хорооны нутагт 36 айлын орон сууцны хажуугийн 7000 мкв газрын эрхийн гэрчилгээ гэрээ олгоно уу гэж бичсэн байдаг юм.

-Мөн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдоно. Энэ гэрээнд 7000 мкв газар, 2007 оны 11 дүгээр сарын 01 гэсэн тэмдэглэл бий.

-Мөн Д.Болортуяад 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээгээр тогтоогдоно. Энэ гэрчилгээнд 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар 7000 мкв газрыг аж ахуйн хашаа, 22 дугаар хороо гэсэн мэдээлэл бий.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр бодитой шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Нэхэмжлэгч Н.Оюунбилэг Д.Болортуяагаас СХД-ийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаартай захирамжаар СХД-ийн 22 дугаар хороо, 0151 дүгээр ангийн хойно 1170 мкв газрыг эзэмших эрхтэй болсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болно. Д.Болортуяа СХД-ийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 дугаартай захирамжаар 05 дугаар ангийн 36 айлын орон сууцны хажууд 7000 мкв газрыг эзэмших эрхтэй, үүнээс өөр 0151  дүгээр ангийн хашааны хойно 1170 мкв газрыг эзэмших эрхгүй болно. Хавтаст хэрэгт Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт 1170 мкв газрыг шилжүүлсэн хүсэлт, өргөдөл, гэрээ хэлцэл байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Д.Болортуяа СХД-ийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 дугаартай захирамжаар олгосон 7000 мкв газраа СХД-ийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаартай захирамжаар “Шинэ орос хийц” ХХК-д шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх 0151 дүгээр ангийн ард 7000 мкв газрыг СХД-ийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар Д.Болортуяад олгосон байна гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. 0151 дүгээр ангийн ард 7000 мкв газар 2006 онд ч байгаагүй одоо ч байхгүй. Энэ байдлыг миний бие шүүх хуралдаан дээр тайлбарлаж шүүхээс үзлэг хийх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. СХД-ийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаартай захирамжаар Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт 1170 мкв газрыг шилжүүлсэн нь илт хууль бус, эзэмших эрхгүй, гэрээгүй, гэрчилгээгүй, хүсэлт өргөдөл, гэрээ хэлцэлгүй яаж шилжүүлсэн тухай баримтгүй, 1170 мкв газрыг СХД-ийн Засаг даргын 2006 оны 234 дугаартай захирамжаар эрх олгосон гэдэг нь тогтоогдоогүй дээрх захирамжийн хавсралтад 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 107 тоот захирамжаар газар эзэмших эрх олгосон гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд анхан шатны шүүхээс энэ баримтыг үнэлэхдээ шүүх хуралдаан дээр хариуцагч нь Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх захирамж гаргахдаа 234 тоот захирамжийг 107 гэж буруу бичсэн техникийн алдаа гаргасан гэж нотлох баримтыг буруу үнэлсэн.

2.Маргаан бүхий газрыг анх СХД-ийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжаар Л.Туяажаргалд эзэмшүүлсэн бөгөөд энэ байдал нь Л.Туяажаргалын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Г.Ганцэцэгтэй байгуулсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай гэрээ, түүний хүсэлтийг үндэслэсэн байдлаар тогтоогдоно. Г.Ганцэцэгт Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 тоот захирамжаар өмчлүүлэх тухай шийдвэр гаргаж газар өмчлүүлэх эрхийн гэрчилгээ олгосон байдаг юм. СХД-ийн Засаг даргын захирамжаар гуравдагч  этгээд Л.Туяажаргалд олгосон газар, Л.Туяажаргалаас Г.Ганцэцэгт шилжүүлсэн газар нь Д.Болортуяад өмнө нь олгосон 1170 мкв газартай давхцаагүй, давхацсан гэдэг нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх давхацсан байна гэж хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлэн дүгнэлт хийж гуравдагч  этгээд Г.Ганцэцэгийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Н.Оюунбилэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Н.Оюунбилэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай цугларсан болно.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Н.Оюунбилэгээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”[1]-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн гуравдагч  этгээд Ч.Баасансүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.[2] 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “өөрийнх нь эзэмшиж байсан газрыг бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн нь хууль бус” хэмээн тайлбарлан маргаж байгаа нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” 234 дүгээр захирамжаар иргэн Д.Болортуяад тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 05 дугаар ангийн 36 айлын орон сууцны хажууд, 0151 дүгээр ангийн хашааны хойно тус тус аж ахуйн зориулалтаар 0.7 га газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгож[3], 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 0067787 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.[4]

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хугацааг сунгаж баталгаажуулах, талбайн хэмжээг өөрчлөх, зориулалт өөрчлөх, байршил өөрчлөх тухай” 396 дугаар захирамжийн 1 дүгээр заалтаар 5 аж ахуйн нэгж, 67 иргэний газар эзэмших эрх бусдад шилжсэнийг баталсан байх ба үүний 47 дугаарт тус дүүргийн 22 дугаар хороо, 0151 дүгээр ангийн агуулахын хойд талд 1170 мкв газрыг Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт гэрээгээр шилжүүлэн эзэмшүүлсэн[5] байна.

Нэхэмжлэгч Н.Оюунбилэг нь 2007 ондоо эзэмшлийн газартаа бетонон суурьтай блокон хашаа барьсан болох нь хэрэгт авагдсан сансрын зураг[6], газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогддог бөгөөд ийнхүү газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсч, нэхэмжлэгч нь газраа эзэмшиж, ашиглаж байхад тухайн газар дээр давхардуулан хариуцагчаас 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжаар[7] иргэн Л.Туяажаргалд газар эзэмших эрх шинээр олгож, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжаар гуравдагч этгээд Л.Туяажаргалд газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэн олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг зөрчжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус дүүргийн Засаг даргын 2008 оны 238 дугаар захирамжийн Л.Туяажаргалд холбогдох хэсэг нь сөрөг үр дагавартай, хууль зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий газрыг давхцуулан олгож, иргэн Г.Ганцэцэгт газар өмчлүүлсэн байх тул газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгоход татгалзахгүй талаар тус тус тайлбараа ирүүлсэн байна.

            Гуравдагч  этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дээрх газрын хэмжээг багасгаж дахин “Монмет инженер” ХХК-аар кадастрын зураг хийлгэсэн байх бөгөөд энэ нь өнөөдөр нэхэмжлэгчийн маргаж буй газар болох нь тогтоогдсон гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. Дээрх кадастрын зургууд нь нэгж талбарын дугааргүй, нэгж талбарын дугаар нь мэдээллийн санд бүртгэгдээгүй байсныг шүүх анхаараагүй” гэснийг хүлээн авах боломжгүй байна.

            Учир нь маргаан бүхий газрыг иргэн Д.Болортуяад Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот захирамжаар олгохдоо тус тус 0.7 га газар буюу нийт 1.4 га газрыг 2 өөр байршилд олгож, энэ нь 0151 дүгээр ангийн хашааны хойно олгосон гуравдагч этгээд Г.Ганцэцэгийн газартай давхцалтай байх бөгөөд анх олгосон 0.7 га газрыг 1170 мкв болгож өөрчилсөн, үүнтэй холбогдуулан шинээр захирамж гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээргүй байна.

            Түүнчлэн кадастрын зургууд нь нэгж талбарын дугааргүй, нэгж талбарын дугаар нь мэдээллийн санд бүртгэгдээгүй зэрэг нь хариуцагч Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт заасан “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;” үйл ажиллагааг явуулаагүйтэй холбоотой байх тул нэхэмжлэгчийг буруутгаж, газар эзэмших эрхгүй байсан гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагчаас иргэн Л.Туяажаргалд газар эзэмших эрх олгох, цаашлаад газар эзэмших эрхийг гуравдагч  этгээд Г.Ганцэцэгт шилжүүлэх үед маргаан бүхий газрыг өөр этгээдэд олгосон эсэхийг шалгаж тогтоогоогүй, судалгаа хийгээгүйн улмаас Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасны дагуу үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч  этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                Э.ЗОРИГТБААТАР 

ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ