Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 100

 

Ц.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч Г.Ө, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 688 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Ц.А-д холбогдох 2014250005570 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч А.Батмандахын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан, Х овогт Ц-ийн А нь 2002  оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэн ашиглаж иргэнд онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.А-ыг хуурамч баримт бичиг үйлдэх, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч А.Батмандах гаргасан гомдолдоо “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг шүүгдэгч Ц.А үйлдсэн гэм буруутай байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдэл нь хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах буюу хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг гэхээс илүү шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон ба Ц.А-ы үйлдлийг ийнхүү зүйлчлэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна” гэсэн таамаглалд үндэслэж хүчингүй болгожээ. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тэгсэн, ингэсэн байж болзошгүй, эсхүл арай илүү, дутуу гэсэн байдлаар таамаглалд үндэслэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлгүй юм. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн цаг хугацаа нь иргэний хэрэг үүсгэсэн үеэс бус, Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхээс хамааралтай ойлголт учир Эрүүгийн хуульд заасан хуурамч зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтыг /хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ 2011 онд үйлдэж гэмт хэрэг үйлдэгдсэн байхад 2015 онд иргэний хэргийн шүүхэд нотлох баримт гаргаж, зөвхөн ашигласан үйлдэлд нь гэмт хэрэг үйлдэгдсэн мэтээр давж заалдах шатны шүүх ташаа дүгнэжээ. Түүнчлэн “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна” гэдгийг хэргийн зүйлчлэлд ямар хамааралтай ойлголт болох нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхээс шүүн таслах ажиллагааны эсрэг шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг 2010, 2011 онд үлдээсэн цаасыг ашиглан үйлдэгдсэн бөгөөд түүнийгээ шүүхэд ашиглаж байгаа. Хэрвээ шүүхэд өгөөгүй бол хуурамч гарын үсэг зурсан цаасыг ашиглан принтерлэн, хасаж, нэмж хийж байгаа хууль бус үйлдэл нь гэмт хэрэг биш юм шиг дүгнэлт өгсөн байгаа. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, үйлдлийн шинж чанарыг нь авч үзэхээр хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг нь 2010, 2011 оны цаасыг ашиглан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө үйлдэгдсэн байдаг. Энэ гэмт хэргийг давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр тус тус нэг удаа, анхан шатны шүүхээр хоёр удаа хянан хэлэлцсэн байдаг. Гэхдээ зүйлчлэл тохироогүй, хэргийн нөхцөл байдал өөр байна гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй, дүгнэлт өгөөгүй байж байгаад, давж заалдах шатны шүүх тийм байж магадгүй гэж таамаглалд үндэслэн дүгнэлт өгч байна. Гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь цаг хугацаа өнгөрөхөөр өөрчлөгддөг зүйл биш. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа гэж дүгнэсэн ба энэ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх зүйл биш гэж үзэж байгаа. Тийм учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий няцааж чадсангүй. Ямар ч гэмт хэрэг өөрийн ул мөрөө үлдээдэг. Шүүхээс хараат бус хөндлөнгийн байгууллагын шинжээчийн дүгнэлтэд “гарын үсэг, тамгатай цаасан дээр принтерлэгдсэн, принтерлэхдээ З үсэг шүргээд таарсан, томруулж харахад тамга дээр нь принтерийн мөр гарсан, А4 цаасан дээр голлуулж зурсан цаасыг А5 болгож тайрахдаа 0.2 мм-н зөрүү гаргаж тайрсан” байгааг дурдсан байгаа. Гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Бид иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, шүүхээс гарсан шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, түүнийг зогсоох гэхээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр зогсоохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай зүйл ажиллагаатай холбоотой болохоор л зогсоож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийж бүх данс, хөрөнгийг битүүмжилсэн байдаг. Бид шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй бол заавал ял өгүүлэхдээ бус гэм буруутай нь тогтоогдсон бол дараагийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа хандах нөхцөл байдал үүсэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлд заасан зүйл ангийн гэмт хэргийн шинж нь хоёр өөр. Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэм буруутайд тооцсон. Энэ зүйл ангийн шинж нь диплом, албан бичиг, жолооны үнэмлэх, өөрөөр хэлбэл эдийн болон эдийн бус хөрөнгөөс гадна бичиг баримтуудыг засварлах буюу хуурамчаар үйлдэхийг тусгайлан заасан байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг мөн байх магадлалтай гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйл нотлох баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх, шүүхэд гаргаж өгөх гэж заасан байгаа. Энэ шинжээр давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй. Бид энэ хэргийг эхэлснээс хойш 5 жил гаруй хугацаанд явахад миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэсэн талыг барьж явсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг хэт удаашруулж, хэт нэг талыг барьж, хэн нэгэнд ашигтай байдлаар шийдвэрлэхийг чармайж явсан юм уу гэж үзэж байгаа. Энэ хэрэгт шаардлагагүй байхад шинжээчийг дөрвөн удаа томилж, мөнгө өгсөн баримтуудаар Ц.А-ыг буруутгах байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Мөрдөн байцаалтын шатанд тодорхой хүсэлтүүдийг гаргаж байсан боловч шүүгдэгчийн эрхийг хязгаарлаж, ямар нэгэн шийдвэр гаргалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид нарын өөрсдийн хүсэлтээр шүүхээр гэм буруугаа тогтоолгох гэж явсан. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй” гэв.

Мөн хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ц.А-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлоор хэлэлцээд хэргийн зүйлчлэл буруу байна гэсэн дүгнэлт хийж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийж байгаа боловч хэргийг анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу иргэний хэргийн шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байдаг. Энэ нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэг учраас 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг заасан гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчлэх нь зөв байсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг 3-6 сарын баривчлах ялтай. Давж заалдах шатны шүүхээс зүйлчилсэн 21.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэхээр 06 сараас 2 жилийн хорих ялтай учраас шүүгдэгчийн эрх зүйн байдал нь хүндэрч байгаа. Тийм учраас хууль буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх боломжтой” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч А.Батмандахын гаргасан гомдлыг үндэслэн Ц.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Ц.А-ыг 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Ө гүйцэтгэх захиралтай “UUSA” ХХК-ийн тамга, захирлын гарын үсэгтэй цаасан дээр “2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Г.Ө нь 60,000 ам.долларыг 1 жил 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт” зэрэг агуулгатай бичвэр хуурамчаар үйлдэн, улмаар уг баримтыг ашиглан иргэний хэргийн шүүхэд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гарган Г.Ө-аас 60,000 ам.доллар буюу 70,009,000 төгрөг гаргуулан шийдвэрлүүлэхэд ашигласан хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий тогтоож чадаагүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүргэсэн байна.

Шүүгдэгч Ц.А-ы хуурамчаар үйлдсэн Зээлийн гэрээ болон мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг иргэний шүүх нотлох баримтаар үнэлж, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7419 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн хуурамч Зээлийн гэрээ болон мөнгө хүлээлгэн өгсөн баримт нь тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтад тооцогдсон байна.

Шүүгдэгч хэдийгээр цаг хугацааны хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн хэдий ч уг баримтуудыг хэзээ үйлдэхээс үл хамааран нэгэнт хуурамчаар үйлдсэн баримтаа хожим шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, шүүхийн шийдвэр гаргуулсан бөгөөд түүний энэхүү үйлдэлд өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт өгч эрх зүйн зөв дүгнэлт хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэлээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч А.Батмандахын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч А.Батмандахын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН