Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 168

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Солонго

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа /¹5120/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-ын Жт холбогдох 1811002470089 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоо 39-26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Б-ын Ж, РД: АЮ91091137

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв шууданд үйлчлүүлж байсан хохирогч Г.Уранзаяа нь өөрийн “Ай фоне-6” загварын гар утсаа Төв шуудангийн дотор байрлалтай үнийн тарифын ширээн дээр мартаж явсныг бусдын өмчлөлд байгаа гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

­­­­­­­­­шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Хадам аав бид хоёр Монгол шуудан руу ороод би хүлээн авагч хүүхэнтэй нь уулзахад тэр ширээн дээр бөглөх маягт нь байгаа тэнд очоод бөглөчих гэхээр нь би ширээ рүү явсан бөгөөд хадам аав Бат-Эрдэнэ харин хүлээн авагчийн хажууд ачаа баглаад зогсож байсан. Би заасан ширээн дээр нь очоод маягтыг бөглөх гэж байхад хажууд I phone 6 маркын гар утас байхаар нь авахад дуугараад байсан тэр үед салгаж унтраагаад хармайндаа хийсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 4х/,

хохирогч Г.Уранзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18 цаг өнгөрч байхад найз Түвшинжаргалын хамт Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо төв шуудангийн байран дотор явж байгаад үнийн тарифны мэдээлэл байрладаг ширээнд iphone 6 маркийн гар утсаа мартаад зам хөндлөн гарч яваад санаад эргээд иртэл миний гар утас алга болсон байсан. ...Намайг утсаа мартаад эргээд авах гээд ороход тухайн байгууллагаар үйлчлүүлж байсан илгээмж явуулах гэж байгаа гээд хоёр 40-45 орчим насны эрэгтэй хүмүүс байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

гэрч Ю.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18 цаг өнгөрч байхад найз Уранзаяагийн хамт Чингэлтэй дүүрэгт байрлах Төв шуудангаар үйлчлүүлж байгаад манай найз гар утсаа ширээн дээр нь мартаад гарсан. Ингээд Төв шуудангаас гарч яваад хэсэг хугацааны дараа гар утсаа мартсанаа санаад эргээд очтол гар утас нь алга болсон баисан... гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 15х/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Жыг шунахай сэдэлтээр хохирогч Г.Уранзаяа нь өөрийн эзэмшлийн “Ай фоне 6” загварын гар утасыг үйлчилгээний байгууллага дотор мартаад явахад нь бусдын эзэмшлийнх гэдгийг нь мэдсээр байж, гээгдэл эд хөрөнгийг завшсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Хохирогч Г.Уранзаяа нь өөрт учирсан хохиролоо бүрэн барагдуулж авсан болох илэрхийлсэн бичгийн баримт /хх-ийн 32х/ хавтас хэрэгт авагдсан байх тул Б.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Жт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн байдал, хувийн байдлыг харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсан СиДи 1 ширхэг нь хэрэгт ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б-ын Ж-г гээгдэл эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нэн даруй төлж барагдуулуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Б.Жт шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар соллихыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж. Урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.БАТГЭРЭЛ