Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1974

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01642 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 сарын 14-ний өдрийн 39 дугаартай шийдвэрээр Ц.А- миний бие 106 241 142 төгрөгийг “Хаан банк” ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24 дүгээр байрны 2 тоот, 24 м.кв орон сууцыг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь 24 м.кв биш бөгөөд гадагшаа өргөтгөсөн нийт 60 м.кв юм. Гэтэл 24 м.кв гэж хэмжээг нь 2 дахин багасгаж, илэрхий хямдаар үнэлсэн үнэлгээнд гомдолтой байна. Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчөөс үнийн санал авах байтал аваагүй үнэлгээ хийлгэсэн нь хуулийг зөрчиж байна. Иймд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24 дүгээр байрны 2 тоот, 2 өрөө орон сууцыг 70 709 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 сарын 14-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр Ц.А-, Ц.А- нараас 106 241 142 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 340 578 төгрөг, нийт 106 581 720 төгрөгийг гаргуулж “Хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 17301162 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч үүсгэсэн. Төлбөр төлөгч нараас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Ц.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203000956 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24 дүгээр байрны 2 тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу 2018 оны 4 сарын 20-ны өдрийн 125/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 5 сарын 15-ны өдрийн 125/02 дугаартай ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч нар албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 180 000 000 төгрөгөөр үнэлсэн ба 2018 оны 5 сарын 01-ний өдөр төлбөр авагч талаас барьцаа хөрөнгөд шинжээч томилж, өгөх хүсэлтийг ирүүлсэн. Талууд үнийн саналд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилох тухай 2018 оны 6 сарын 11-ний өдрийн 148 дугаар тогтоолоор “Вендо” ХХК-ийн хөндлөнгийн шинжээчийг томилж, уг компани нь 2018 оны 6 сарын 29-ний өдрийн үнэлгээний тайлангаар 74 830 667 төгрөгөөр үнэлсэн бөгөөд худалдан борлуулах ажиллагаа явагдаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2-т заасны дагуу 2018 оны 5 сарын 15-ны өдөр 125/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2018 оны 6 сарын 11-ний өдрийн шинжээч томилох тухай 148 дугаар тогтоолыг 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 36 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгож тооцсон. Ингээд барьцаа хөрөнгийг 2019 оны 5 сарын 03-ны өдрийн 17301162/01 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, үнийн саналыг тус өдөр авсан. Төлбөр төлөгч болон гуравдагч этгээдээс тус хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчийн төлөөлөгч зөвшөөрөхгүй байгаа тул шинжээч томилуулах тухай хүсэлтээ 2019 оны 5 сарын 10-ны өдөр өгсөн. Шинжээч томилох тухай 151 дугаартай тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр “Баян модот” ХХК-ийг томилсон. Уг байгууллага нь 2019 оны 5 сарын 16-ны өдрийн тайлангаар дээрх эд хөрөнгийг 70 709 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 5 сарын 17-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээд нарт мэдэгдсэн. Гэтэл төлбөр төлөгч үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар тус шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Төлбөр төлөгч нарын гаргаж байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар “Баян модот” ХХК-ийн 2019 оны 5 сарын 16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24 дүгээр байрны 2 тоотод байрлах, 24 м.кв, 2 өрөө орон сууцыг үнэлсэн 70 709 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 сарын 14-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр Ц.А-, Ц.А- нараас 106 241 142 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 340 578 төгрөг, нийт 106 581 720 төгрөгийг гаргуулж, "Хаан банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч "Хаан банк" ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Ц.Г-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24 дүгээр байр, 2 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000956 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч төлөлт хийгээгүй бөгөөд шүүхэд хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна. Гуравдагч этгээд Ц.Г-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 4 сарын 20-ны өдрийн 125/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 5 сарын 15-ны өдрийн 125/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч нар албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 180 000 000 төгрөгөөр үнэлсэн ба 2018 оны 5 сарын 01-ний өдөр төлбөр авагч талаас барьцаа хөрөнгөд шинжээч томилж, өгөх хүсэлтийг ирүүлсэн. Талууд үнийн саналд харилцан тохиролцоогүй тул шинжээч томилох 2018 оны 6 сарын 11-ний өдрийн 148 дугаар тогтоолоор "Вендо" ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, 2018 оны 6 сарын 29-ний өдрийн үнэлгээний тайлангаар 74 830 667 төгрөгөөр үнэлсэн бөгөөд худалдан борлуулах ажиллагаа явагдаагүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 36 дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгө хураах тогтоол, шинжээч томилох тогтоолыг тус тус хүчингүй болгосон. Иймд барьцаа хөрөнгийг 2019 оны 5 сарын 03-ны өдөр 17301162/01 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор дахин хурааж, тус өдөр төлбөр төлөгч болон эд хөрөнгийн өмчлөгчөөс үнийн саналыг авахад 200 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч тал уг үнийг зөвшөөрөхгүй байх тул шинжээч томилуулах тухай хүсэлтээ 2019 оны 5 сарын 10-ны өдөр өгсөн. Шинжээч томилох тухай 151 дугаар тогтоолоор "Баян модот" ХХК-ийг томилсон. Уг байгууллага нь 2019 оны 5 сарын 16-ны өдрийн тайлангаар барьцаа хөрөнгийг 70 709 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 5 сарын 17-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээд нарт мэдэгдсэн. Гэвч төлбөр төлөгч үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01642 дугаар шийдвэрээр "Баянмодот" ХХК-ийн үнэлсэн 70 709 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Маргааны зүйл болсон барьцаа хөрөнгө 24 м.кв болох нь үл хөдлөх эд хөрөнгиин гэрчилгээгээр тогтоогдож байгаа, уг хэмжээнд шинжээч дүгнэлтээ гаргасан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01642 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                       

 

Нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/00039 дүгээр захирамжаар “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.А-, Ц.А- нарт холбогдох хэрэгт хариуцагч нар нь 106 241 142.55 төгрөгийг “Хаан банк” ХХК-д төлөхийг зөвшөөрч, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000956 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24 дүгээр байрны 2 тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 20-21-р тал/

 

Төлбөр төлөгч Ц.А-, Ц.А- нар нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Хаан банк” ХХК-ийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 8 сарын 29-ний өдөр 00809 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас төлбөр барагдуулах ажиллагаа явуулжээ. /хх-ийн 23-р тал/

 

Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.А-, Ц.А- нарт хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 4 сарын 20, 2019 оны 5 сарын 03-ны өдөр тус тус хүргүүлж, Ц.Г-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24 дүгээр байрны 2 тоот орон сууцыг 2018 оны 4 сарын 20-ны өдөр битүүмжилж, 2019 оны 5 сарын 03-ны өдөр хураах тухай тогтоол гаргасан байна. /хх-ийн 28, 35-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад нэхэмжлэгч Ц.А- нь 200 000 000 төгрөгийн санал өгсөн ч төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 41-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000956 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24 дүгээр байрны 2 тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 70 709 000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 5 сарын 17-ны өдрийн 4/12513, 4/12512, 4/12510, 4/12511 тоот мэдэгдлүүдээр төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн байна. /хх-ийн 38-39, 42, 43-48-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч Ц.А- нь тухайн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа

талаарх гомдлоо 2019 оны 5 сарын 24-ний өдөр шүүхэд гаргаж, түүний хүсэлтээр 2019 оны 6 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх-ийн 13-р тал/

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тухайн барьцааны эд хөрөнгийг өргөтгөж цайны газрын үйл ажиллагаа явуулдаг ба улсын бүртгэлийн гэрчилгээнд 24 м.кв гэж тэмдэглэсэн боловч бодит байдал дээр 60 м.кв талбайтай гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй ба шинжээч “Баян модот” ХХК-ийн дүгнэлтэд цайны газрын үйл ажиллагаа явуулдаг талаар дурдсан байна. 

 

Барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөсөн байсныг хариуцагч нь эд хөрөнгийг хураах, битүүмжлэх ажиллагааны явцад мэдсэн атлаа шинжээч томилсон тогтоолдоо эд хөрөнгийн шинж байдлын талаар тодорхой заагаагүйгээс үнэлгээ бодитой бус, хуульд нийцэж чадаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж “Баян модот” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.5 дахь хэсэгт “Хэвийн бус аж ахуйн үйл ажиллагаагаар олж авсан, эсхүл аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаар олж авсан боловч бусдын өмчлөлд шилжээгүй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг, үр шимд ипотек нэгэн адил хамаарна” гэж зааснаар хариуцагч нь барьцааны эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24 дүгээр байрны 2 тоот орон сууцны шинж байдал, бүрдэл хэсгийг бүрэн тодорхойлж шинжээч томилох нь зүйтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЭНХТӨР                                      

                                          ШҮҮГЧИД                                               Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ