Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0843

 

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0843

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Дорнын хүдэр” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнын хүдэр” ХХК-ийн 14178Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн Д.Эрдэнэбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дорнын хүдэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорнын Хүдэр” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2008 оны 9 дүгээр сард гаргасан шийдвэрийн дагуу Дорнод аймгийн Булган сумын нутаг “Үүрдийн жаран” гэх газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болж 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 14178Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрөл олгогдсон. Улмаар тус газрын Геологи уул уурхай, Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 925 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгагдсан. Дээрхи байдлаар манай компанийн эзэмшлийн 14178Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар “... Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө
түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны
байгууллагад гаргана...” гэж заасны дагуу компанийн зүгээс 2014 оны 8 дугаар
сард Ашигт малтмалын газарт хандахад шүүхийн шийдвэрийн дагуу захиран зарцуулах эрхийг хязгаарласан тул өргөдөл болон төлбөрийг хүлээн авах
боломжгүй гэх хариуг холбогдох мэргэжилтэн нь амаар өгсөн.

Тодруулбал манай компанийн татварын өр төлбөртэй холбогдуулан
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2213
дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж
Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн г/14734 тоот албан бичгийг үндэслэн тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг
түдгэлзүүлсэн талаар тайлбарлаж өгсөн. Компанийн зүгээс дээрхи байдалтай
холбогдуулан шүүгчийн захирамжид дурьдсан 11.560.400 төгрөгийн татварын
өр төлбөрийг тэр даруй төлж барагдуулан Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон талаар Ашигт
малтмалын газарт хүргүүлэхийг хүссэн бөгөөд Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1/22079 тоот албан бичгээр 11.560.400 төгрөгийн өр төлбөр бүрэн төлөгдөж түдгэлзүүлсэн эрхийг сэргээсэн талаар Ашигт малтмалын газарт мэдэгдсэн байдаг. Уг албан бичгийн хувийг компанийн зүгээс 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдөр мөн Ашигт малтмалын газарт гаргаж өгсөн.

Ингээд компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр
зүйлийн 34.6 дахь хэсэгт заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдөр
тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөр 21.076.300, алданги 1.833.700
төгрөгийг Ашигт малтмалын газрын Улаанбаатар хотын банкин дахь 900000712 тоот дансанд тушааж тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлт болон төлбөрийг хүлээн авч бүртгэн хавсралтад бичилт хийж хугацаа сунгаж өгөхийг Ашигт малтмалын газраас хүссэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна.

Энэ хугацаанд компанийн зүгээс 2014 оны 10 дугаар сард 01/48, 2014 оны
11 дүгээр сарын 20-ны өдөр 14/24, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14/28,
2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 15/4, 2015 оны 03 дугаар сарын 24-ны
өдөр 15/40, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 15/41, 2015 оны 10 дугаар
сарын 05-ны өдөр 15/45, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15/46 дугаартай
албан бичгүүдийг тус бүр Ашигт малтмалын газарт хүргүүлэн тусгай
зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн боловч тухай бүрт нь үндэслэл
бүхий хариу өгч шийдвэрлээгүй атлаа 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн
3/684, 2015 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 6/2075, 2015 оны 10 дугаар
сарын 27-ны өдрийн 1/8337 тоот албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй талаараа мэдэгдсэн болно. Ашигт малтмалын газраас ирүүлсэн
дээрхи албан бичгүүдэд манай компанийн эзэмшлийн 14178Х дугаартай тусгай
зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй талаараа тайлбарлаж буй үндэслэлүүд нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй илтэд хууль бус үндэслэлүүд байсан тул компанийн зүгээс 2015 оны 11 сарын 03-ны өдөр Ашигт малтмалын газарт дахин гомдол гаргаж маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн. Зүй нь манай компанид Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Кадастрын хэлтэс, Эрх зүйн хэлтэс, Газрын дарга нараас удаа дараа хүргүүлж буй тайлбар мэдэгдлүүд нь өөр хоорондоо илтэд зөрүүтэй хууль бус үндэслэлүүд байсан тул дахин гомдол гаргах шаардлагатай болсон. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газарт маргаан бүхий асуудлыг захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргасныг манай компани 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч танилцсан.

Уг дүгнэлтэд “...“Дорнын Хүдэр” ХХК-ны 14178Х тоот ашигт малтмалын
хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг Кадастрын хэлтэст
гаргаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 53-р зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болох нөхцөл бүрдэж, кадастрын нэгдсэн системд бүртгэж дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар актыг хэвээр үлдээж гомдлыг хангах үндэслэлгүй байна..” гэж дүгнэсэн нь мөн л хууль бус дүгнэлт болсон гэж үзэж хуульд заасан эрх ашгаа хамгаалуулах зорилгоор Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Ашигт малтмалын газрын удаа дараагийн албан бичиг, гомдлыг
урьдчилан шийдвэрлэсэн зөвлөлийн дүгнэлтүүд нь дараахь байдлаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 6/2075 тоот албан бичигт “... Иймээс нэгэнт
дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгуулах өргөдлийг хүлээн авч
шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна ...” гэж, 2016 оны 1 дүгээр сарын 06-ны
өдрийн урьдчилан шийдвэрлэх зөвлөлийн дүгнэлтэд “...актыг хэвээр үлдээж,
гомдлыг хангах үндэслэлгүй байна...” гэж тус тус дурджээ. Гэтэл 2014 оны 9
дүгээр сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл манай компанийн эзэмшлийн 14178Х дугаартай
хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан буюу хүчингүй болгосон, дуусгавар
болгосон талаар ямар нэгэн захиргааны акт огт гаргаагүй атлаа бодит байдалд
үнэн зөв дүгнэлт өгч чадалгүй захиргааны акт гаргаж цуцалсан буюу хүчингүй
болгосон мэтээр тайлбарлаж мэдэгдэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэдийгээр хуульд зааснаар хугацаа
дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй ч Төрийн захиргааны байгууллага нь мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэг хүлээдэг. Манай компанитай холбоотой асуудалд Ашигт малтмалын газраас тухайн цаг хугацаанд мэдэгдсэн, мэдэгдэл хүргүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд дээрхи байдал нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4 дэх хэсгүүдэд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Ашигт малтмалын газраас манай 14178Х тоот тусгай зөвшөөрлийн
хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон гэж тайлбарладаг. Гэтэл дээрхи хугацааг хуульд заасан хязгаартайгаар хэтрүүлэх нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах, дуусгавар болгох үндэслэл болохгүйг
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь хэсгүүдэд тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт 30 хоногийн хугацаа хэтэрсэн бол тус хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцална, харин дээрхи 30 хоногийн хугацааны дотор бол хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт заасан торгууль алдангийг төлбөрийн хамт төлүүлэн
хугацааг цаашид сунгана гэж тодорхой заасан байгааг Ашигт малтмалын газар өнөөдөр хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус юм. Зүй нь манай компани Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай холбоотой асуудлыг нэн даруй дуусгавар болгож 2014 оны 10-р сарын 21-ны өдөр буюу 30 хоногийн дотор төлбөр, алдангийг төлсөөр байхад хугацааг сунгаж өгөөгүй байгаа нь илтэд хууль бус үйлдэл болсон.

Дээрхи байдлуудыг ч хариуцагчийн зүгээс тайлбарлаж санал дүгнэлтээ
гаргаж байсан нь Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын
хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3-6841 тоот албан
бичигт “... “Дорнын Хүдэр” ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 14178Х дугаартай тусгай зөвшөөрлийг сунгах боломжтой байж...” Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлийн дүгнэлтийн Эрх зүйн хэлтэс “... 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн танилцуулгад уг асуудлыг судлаад хайгуулын 14178Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн системд 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр бүртгэхээс өмнө 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдөр алданги 1.833.700 төгрөг, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр 21.076.300 төгрөгийг тус тус төлсөн нь санхүүгийн хэлтсийн баримтаар тогтоогдож байгаа тул Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сэргээж сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна ...” тус газрын Геологийн албаны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 653 дугаартай тодорхойлолт, Санхүүгийн албаны 2014 оны 9 дүгээр сарын 01-нээс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр төлөлтийн байдлыг харуулсан журнал, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл зэрэг бичгийн баримтуудаас тодорхой харагдана.

Компанийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшиж эхлэсэн 2008 оноос хойш
2015 оныг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 147.534.100 төгрөг болон
холбогдох татвар хураамжуудыг төлж ирсэн бөгөөд хариуцагчийн илтэд хууль
бус эс үйлдлээс болж дээрхи байдлаар хохирол амсахад хүрээд байна. Иймд
манай “Дорнын Хүдэр” ХХК-ийн 14178Х дугаартай ашигт малтмалын
хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд зааснаар сунгахгүй байгаа эс үйлдэхүйг
хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаж өгөхийг Ашигт
Малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч : Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Дорнын хүдэр” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурдсан хайгуулын ХВ-014178 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаж өгөхийг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Дорнод аймгийн Булган сумын нутаг Үүрдийн жаран-2 нэртэй 7595 гектар
бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-014178 тоот тусгай зөвшөөрлийг анх
Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр
сарын 01-ний өдрийн 1227 тоот шийдвэрээр 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс
2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал 3-н жилийн хугацаагаар “Дорнын хүдэр” ХХК-д олгогдсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг
үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны
9 дүгээр сарын 30-ны өдрийн 925 дугаар шийдвэрээр ХВ-014178 тоот тусгай
зөвшөөрлийг 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс тооцон 2014 оны 9 дүгээр сарын
22-ны өдрийг дуустал 3-н жилийн хугацаагаар сунгасныг кадастрын мэдээллийн санд
бүртгэж тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн болно.
Төрийн захиргааны байгууллагаас тус компанид /хүчингүй болсон/ хайгуулын
ХВ-014178 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигчийнхээ хувьд эрх үүргээ биелүүлж
ажиллаж байх тухай мэдэгдлийг 2011 оны 10 дугаар сарын 04-ны өдөр компанийн
холбогдох ажилтан Э.Саруулсайханд гардуулсныг хүлээн авч гарын үсгээ зурж
баталгаажуулсан байдаг.

Нэхэмжлэлд дурдсанаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу 2014 оны 08 дугаар сард гаргахад шүүхийн шийдвэрийн дагуу захиран зарцуулах эрхийг хязгаарласан тул өргөдөл болон танай төлбөрийг хүлээн авах боломжгүй гэж хариуг холбогдох мэргэжилтэн амаар өгсөн гэж бичжээ.. Дээрх гомдол нь ямар нэгэн нотлох баримтын шаардлага хангаагүй,
үндэслэлгүй, ач холбогдолгүй байх бөгөөд 2014 оны 8 дугаар сард “Дорнын хүдэр”
ХХК-аас өргөдөл гаргасан бол төрийн захиргааны байгууллага хүлээж авна.

Хүлээж авсны дараа сунгах өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж хавсаргасан
баримт бичгийн хуудас тус бүрийг дугаарлан тэмдэглэж, өргөдөл хүлээн авсан тухай
тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгдөг. Хэрэв өргөдөлд хавсаргасан
материал дутуу тохиолдолд хугацаа заан нөхөн авчирч өгөх талаар мэдэгддэг.

Мөн тус компаниас сунгуулах өргөдлийн үйлчилгээний хөлс болох 1.000.000
сая төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн нь 2014 оны 8 дугаар
сард өргөдөл өгсөн гэдэг нь баримтаар няцаагдаж байх бөгөөд “Дорнын хүдэр” ХХК-аас хуулийн дагуу хугацаанд сунгуулах өргөдлийг гаргаагүй бурууг төрийн захиргааны байгууллагаас хайх, үндэслэлгүйгээр буруутгах гэсэн байдал ажиглагдаж байгаа нь үндэслэлгүй юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хууль шүүхийн байгууллагаас ирүүлсэн албан мэдэгдлийн дагуу маргаантай байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар бүртгэл хөтөлдөг бөгөөд ингэхдээ тухайн асуудал бүрийг нарийвчлан судалж бүртгэдэг.

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2213
дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн г/14734 тоотоор тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан тодруулж хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлэхийг хязгаарласнаар ойлгогдоно. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сунгаж хүчин төгөлдөр байлгахыг хязгаарлаж хориглоогүй болно.
Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлэх үүргээ, мөн Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх зэрэг бусад эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар
“Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд өөрийн бүруутай ажиллагааны улмаас сунгах өргөдлөө гаргаагүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын ХВ-014178 тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.
Тухайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгогдох талбайд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх зохицуулалтгүй болно гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ““Дорнын хүдэр” ХХК-ийн 14178Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

“Дорнын хүдэр” ХХК-д Дорнод аймгийн Булган сумын Үүрдийн жаран нэртэй газарт 7595 гектар талбай бүхий хайгуулын 14178Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр олгосон байна[1]. Үүнээс хойш тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 925 дугаар шийдвэрээр 3 жилийн хугацаагаар сунгажээ[2].

   Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар..., 22.1.2 үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4  хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан гэж заажээ.

Хэрэгт авагдсан үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримтаас[3] үзвэл тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, үйлчилгээний хөлсийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлсөн үйл баримт, өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж хүлээн аваагүй гэх мэргэжилтнийг гэрчээр асуухад “сунгуулах өргөдлийг хүлээн авах ажлыг 2015 оны 1 дүгээр сараас хариуцан ажиллах болсон” гэсэн мэдүүлэг[4], сунгуулах өргөдлийг хүлээн авсан 2014 оны  8, 9 дүгээр сарын өргөдлийн бүртгэл[5] зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Дорнын хүдэр” ХХК тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах өргөдлөө гаргаагүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн г/14734 тоот албан бичигээр[6] “Дорнын хүдэр” ХХК-ийн эзэмшил ашиглалтад  бүртгэлтэй газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх бөгөөд  14178Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл өгөх эрхийг хязгаарлаагүй, хязгаарлах ч эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Уг түдгэлзүүлсэн албан бичиг ирсэн тул өргөдлийг хүлээн авахгүй гэж амаар мэргэжилтэн хариу өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотолсон баримт байхгүй, уг мэргэжилтний талаар гомдол гаргаагүй, өргөдөл, гомдлоо албан ёсоор байгууллагын бичиг хэргээр дамжуулж гаргаагүй зэрэг нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдлийг хүргүүлээгүй гэж байх бөгөөд хуулийн заалтаас үзвэл тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан цуцлах үндэслэл бүрдсэн нөхцөлд  мэдэгдлийг хүргүүлэхээр заасан байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан үндэслэлээр тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд мэдэгдэл хүргүүлэх хуулийн зохицуулалт байхгүй ажээ.

Иймд нэхэмжлэгч “Дорнын хүдэр” ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах өргөдлөө гаргасан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийн 53.1.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгчээс “Дорнын хүдэр” ХХК-ийн 14178Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ