Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2016/0166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д******* А*******

Хариуцагч: Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаал нь Д.А*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргад даалгах гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А******* 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэргийн харьяаллын талаар: Д.А******* би урьд эрхэлж байсан ажил албан тушаалд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар 2015 оны 4 дүгээр сард Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13167 дугаар захирамжаар хариуцагчийн хаягийн хороо нь тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хариуцагчийн хаягийн хороог тодруулан дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргахад 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мөн өдрийн 30476 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу дээрх нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан байна хэмээн миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус шүүхэд хандан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Миний бие Д.А******* нь 2007 оноос эхлэн Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан билээ.

Ээлжийн амралтын хугацаа дуусч ажилдаа орохоор ажил дээрээ очтол Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.С******* намайг дуудаж уулзаад ...та ажилаа хийлгүй түр хүлээж бай таньтай холбоотой асуудал байна, маргааш ир гэсэн. Энэ үгийг хэлсээр хэд хэдэн удаа явуулж ажлыг маань огт хийлгээгүй. Ингээд нэг удаа дуудаж ...та өөрөө өвчин зовлонтой боллоо гээд ажлаас халагдах өргөдөлөө өгчих, таныг амралттай байх хугацаанд шалгалт хийхэд асар их хэмжээний зөрчил илрүүлж улсад их хэмжзээний хохирол учруулсан гэсэн зорчил илэрсэн. Та энэ хийсэн хэргээрээ олон жилийн ял авах байх шүү. Хэрвээ та өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарвал таныг шалгаж зовоохгүй, үнэнийг хэлэхэд таны оронд өөр хүн авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхэд нь би ...надад хийсэн гэм байхгүй ээ, шалгавал шалга, би ажлаасаа гарахгүй гэж хэлэхэд тэгвэл та маргааш цагдаа дээр очоорой гээд намайг өрөөнөөсөө хөөж гаргасан юм.

Ингээд түүний явуулсан гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст намайг 608 ширхэг нойтон мод огтолсон, улсад 43.815.000 төгрөгний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээр ажлаа хийх боломжгүй болсон. Түүнээс хойш нэг жил гаран хугацаанд байцаан шийтгэх ажиллагаа явуулж, намайг шалгасан боловч Д.А******* миний биеийг гэм буруутай гэх нотлох баримт байхгүй, буруутай үйлдэл тогтоогдоогүй учир 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3781 тоот прокурорын тогтоолоор надад холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Дээрх тогтоолыг гардан аваад эргээд ажилдаа орохоор Байгаль орчин, ногоон хөгжлийн газар очтол 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар намайг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас халсан тушаал гарсан болохыг мэдсэн. Энэ тухай байгууллагадаа хандан намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан байна. Намайг эгүүлэн ажилд авна уу гэсэн хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/1600 тоот албан бичигт таны өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн тул таныг ажилд эгүүлэн авах боломжгүй гэсэн хариу ирсэн юм.

Миний бие Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хандан ажлаас халагдах тухай ямар нэгэн хүсэлт, тэр тусмаа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас халагдах хүсэлт огт өгөөгүй, эрүүл мэндийн улмаас ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон тухай эрх бүхий шийдвэр, магадлал огт байхгүй атал ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөөгүй.

Д.А******* би дээрх үндэслэлээр Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд хандан өргөдөл гарсныг тус зөвлөл хянан шийдвэрлэж, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 15/64 дугаар албан тоотоор Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаад хандан ...2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг зөрчсөн байна. Иймд Д.А*******ийг урьд эрхэлж байсан ажил албап тушаалд нь томилж, түүнийг томилсон шийдвэриин хуулбарыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний дотор Салбар зөвлөлд ирүүлэхийг мэдэгдъе гэсэн боловч өнөөдрийг хүртэл намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилолгүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна.

Иймд Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаагийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаад даалгаж өгнө үү. Намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.А*******ийг ажлаас түр чөлөөлсөн Б/109 дүгээр тушаал бол үндэслэлгүй. Ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулаад ажил үүргээ гүйцэтгээгүй гүйцэтгэх боломжгүй болсон. Энэ хугацаанд цалин хөлс аваагүй. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг зохицуулж өгсөн. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.3-т тус тус заасан тохиолдол үүсээгүй. Нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өөрийн биеэр гаргаагүй байхад ажлаас нь түр чөлөөлсөн. Энэ тушаалд холбогдуулаад нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан. Салбар зөвлөлөөс үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж үзээд ажилд нь эгүүлэн томилохыг Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгасан шийдвэр гаргасан. Энэ шийдвэр дээр захиргааны байгууллагад гомдол гаргасан зүйл байхгүй. Хариуцагч тал энэ төрийн албанаас гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Энэ хэргийн гол маргаж байгаа асуудал бол ажлаас түр чөлөөлсөн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан. Ийм тушаал анхнаасаа гарах ёсгүй байсан гэдэг асуудал дээр маргаан явагдаж байгаа.

Д.А******* гэсэн хүн байгаль хамгаалагчийн ажлаас түр чөлөөлөгдье гэсэн өргөдөл гаргасан гэдэг үйл баримт нотлохгүй байгаа. Мөн Төрийн албаны салбар зөвлөл өргөдөл байхгүй гэдгийг тогтоосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан шаардлагатай гэсэн нотлох баримтыг авч хэлэлцээгүй гэж тайлбарлаж байна. 2 гэрч энэ хүний өргөдөл байсан уу гэхээр мэдэхгүй гэсэн. Бүртгэл хяналтын систем ороод ирсэн байсан гээд шийдвэрлэсэн. Тэгэхээр Д.А*******ийн гараар бичсэн өргөдлийг нь хүлээж аваад авсан гэсэн гарын үсэг зуруулсан баримт байхгүй. Энэ бүртгэл хяналтын систем бол нотлох баримтын үнэлгээний хувьд дутмаг гэрчүүд хангалттай нотолж чадаагүй гэж үзэж байна. 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өргөдөл гаргаад бүртгэл хяналтын системд орсон бол Д.А******* гэдэг хүний утсанд мессэж очсон байх ёстой. Тэгтэл мессэж очсон гэсэн баримт байхгүй. Хариуцагч тал Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг үгүйсгэж байна. Тэгэхээр энэ асуудал дээр маргаан үүсгээгүй учраас үйл баримтын хувьд хариуцагчид нотлогдохгүй үндэслэлгүй тайлбар гаргаж үзсэн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.А******* нь Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны амыг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр өвчний учир чөлөөлөгдөх хүсэлт гаргасан . /Иргэдийн өргөдөл, хүсэлт нь албан ёсны цахим системээр орж ирдэг тул тухайн үеийн өргөдөл хэрхэн орж ирснийг хавсаргав/. Уг хүсэлтийн дагуу Газрын даргын 2013 оны 10 сарын 03 өдрийн Б/109 тоот тушаалаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлөх тушаалаас гадна 2013 оны 10 дугаар сарын 03 өдрийн А/61 тоот ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал гарч 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс тэр өдрөө Д.А*******эд тушаалыг танилцуулан үндсэн хөрөнгө, хангамжийн хөрөнгө, үнэт цаас, хариуцсан нутаг дэвсгэрийг хүлээн авч шинээр орж байгаа байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Энэ талаар илтгэх хуудас бичиж, комиссын гишүүд болон ажлаа хүлээлгэж өгч байгаа байгаль хамгаалагч болон хүлээн авсан байгаль хамгаалагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Ажил хүлээлцэх үед ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гардуулж өгсөн ба энэ талаар ямар нэг маргаангүй байсан. Ингээд Д.А*******ийн эзэмшиж байсан байгууллагын эд хөрөнгийг хүлээн авч шинээр томилогдсон байгаль хамгаалагчид хүлээлгэн өгч бүх зүйл хуулийн дагуу явагдаж дууссан.

Гэвч ажил хүлээлцэх явцад байгаль хамгаалагчийн хариуцаж байсан газар нутаг болон ойн сан бүхий газраар явж үзэхэд ихээхэн хэмжээний нойтон мод огтлогдсон байсан ба энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох тул ажил хүлээлцэх комисс ярилцаад байгууллагын зүгээс дахин ой модоор нь явж шалгах комисс томилж, тооллого явуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 08 өдөр байгуулагаас комисс гарч Толгойтын Зүүн салааны "Ухны ам" тооллого явуулж, 608 ширхэг нойтон мод огтлогдсон болохыг тогтоосон. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл учир харьяалах дүүргийн Цагдаагийн хэлтэст байгууллагын зүгээс гомдол гаргасан. Дээрх асуудал нь ажлаас чөлөөлсөн асуудалтай огт холбоогүй бөгөөд дараа нь болсон асуудал юм.

Д.А******* нь өөрөө чөлөөлөх өргөдлөө өгчихөөд чухам яагаад бараг 2 жилийн дараа гэнэт халсан мэтээр ярьж ажлаас чөлөөлөгдсөнөө энэ хугацаанд мэдээгүй байснаа гайхан ярьж шүүхэд хандаж байгаа нь өөрөө ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй хүн гүтгэсэн нотлох баримтгүй худал зүйл байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Д.А*******ийн гомдлыг 2015 оны 3 дугаар сард хүлээн авч ажилд эгүүлэн авах тухай шийдвэр гаргасан. Гэвч Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны тухай 39 дүгээр зүйлийн 39.4 дэх заалт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг Иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана зөрчиж бараг 2 жилийн дараа өргөдлийг хүлээн авч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь цэвэр ашиг сонирхлын шинжтэй үйлдэл байгаа тул үүнийг байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөөгүй билээ.

Мөн нэхэмжлэлд дурдсанаар байгаль хамгаалагч Д.А******* нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан гэжээ. Энэ нь бас худал бөгөөд хэзээ амарсан тухай баримтыг хавсаргасан болно.

Мөн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.С******* удаа дараа дуудаж хөөж гаргасан гэж гүтгэлгийн чанартай зүйл хэлж байгаад нь үнэхээр гомдолтой байгаа бөгөөд С.С******* нь тийм хууль бус шаардлага тавиагүй ба мөн байгуулагад хөөж гаргах тусдаа өрөө байхгүй бөгөөд манай байгуулагын даргаас бусад 28 хүн нэг өрөөнд суудаг тул тийм юм ярих хөөж гаргах боломж байхгүйг анхаарч удаа дараа худал ярин хүнийг хууль бусаар гүтгэж бусдад буруу ойлголт төрүүлж өөрийгөө хохирсон хэлмэгдсэн мэтээр ойлгуулах гэж байгаа башир арга гэдэг нь ойлгомжтой байна.

Нэхэмжлэгч Д.А******* нь хариуцаж байсан ажлаа хангалтгүй гүйцэтгээд дээрээс нь 2 жил ажил хийлгүй гадуур зугаалчихаад ямар нүүрээрээ төрөөс цалин хөлс нэхэж байгааг байгууллага хамт олон нь гайхаад барахгүй байна. Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ тушаал бол хууль зүйн үндэслэлтэй дараалалтай явсан. Энэ нь өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр, мөн өргөдөл гомдлын цахимаар ордог Smartсity.mn систем болон 2 гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Тэгэхээр Д.А******* гэдэг хүн өөрөө өргөдлөө өгөөд гарсан нь мөн адил нотлогдож байгаа. 2014 онд Төрийн албаны зөвлөлд гомдолд гаргах явцад өргөдлийг нь хайсан боловч өргөдөл нь алга болсон байсан. Энэ асуудал дээр бол манай байгууллагын алдаа байгаа. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар хоосон өргөдөл хүлээж аваад цохоод ажлаас халсан зүйл байхгүй.

Нотлох баримтыг шүүхэд өөрийнхөө хэмжээнд хангалттай гаргаж өгсөн. Бодит байдал дээр байгаль хамгаалагчаар ажиллах шаардлага хангасан хүн бол манай байгууллагад олддоггүй. Энэ хүн ажилдаа хариуцлагагүй хандсан нь нотлогдсон. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад иргэн аж ахуйн нэгж өргөдөл гаргасан тохиолдолд утсанд нь мессэжээр хариу өгдөг. Хэвлэмэл хуудсын хувьд он, сар, өдөр нь өөрчлөгдөх боломжгүй. Зөвхөн сервер нь өөрийнхээ эрхээр ороод өөрчилдөг. Хамгийн гол нь тухайн үед ажлаас халж байхад гомдлоо гаргах ёстой байсан боловч нэхэмжлэгч Д.А******* гэдэг хүн гомдол гаргаагүй. Хариуцагчийн зүгээс хангалттай нотлох баримт гаргаж өгсөн болохоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.А*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.А******* нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаагийн 2013 оны Б/109 тоот тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15/64 тоот албан тоотыг биелүүлэлгүй Д.А******* миний биеийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохгүй байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй болохыг тогтоож, Г.Болормаад Д.А******* намайг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаагийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны Б/109 тоот тушаалыг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаад даалгаж өгнө үү[1] гэж тодруулсан болно.

 

Д.А******* нь 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар тушаалаар нийслэлийн Байгаль хамгаалах газарт Байгаль хамгаалагч-аар[2] ажилд орж 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагаар байгаль хамгаалагчийн албан тушаалаас түр чөлөөлөгдсөн[3] байх ба 2014 оны 11 дүгээр сард эргэн ажилдаа орохоор нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хандсан боловч 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/1600 тоот албан бичгээр ... таныг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтад заасан үндэслэлээр ажлаас түр чөлөөлсөн. Түр чөлөөлсөн албан хаагчийг нөөцөд байгаад тооцдог. Гэвч тус байгууллагад одоогийн байдлаар сул орон тоо байхгүй тул ажиллуулах боломжгүй болно гэсэн хариуг өгчээ.

Улмаар 2014 оны 12 дугаар сарын 26-ний өдөр нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан ба Нийслэл дэх Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 15/64 тоот албан бичгээр ... Б/109 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг зөрчсөн байна[4] гэсэн хариуг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хүргүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.А******* болон түүний өмгөөлөгч О.Б******* нарын зүгээс Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй байхад дур мэдэн чөлөөлсөн тул маргаан бүхий Б/109 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Д.А*******ийг урьд өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилохыг даалгасан байхад Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байна хариуцагчийн зүгээс Д.А******* нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд ажлаасаа гарч, 10 дугаар сарын 09-ны өдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн атлаа 2 жил гаруй хугацааны дараа би өргөдөл өгөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй хэмээн маргаж байна.

 

Д.А******* нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан болох үйл баримт нь нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Өргөдөл гомдлын бүртгэл-ийн дэвтрийн 910 дугаарт бүртгэгдсэн бүртгэл[5], Бүртгэл хяналтын карт[6] гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.А******* нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд ажлаасаа гарч, 10 дугаар сарын 09-ны өдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн атлаа 2 жил гаруй хугацааны дараа би өргөдөл өгөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй байна.

Мөн гэрч Т.Т*******ийн ... Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэсэн цэнхэр өнгийн балаар бичсэн өргөдөл байсан...Миний бие өргөдлийг хүлээн авсан. Өргөдлийн Smartsity.mn-д бүртгэсэн. ... Д.А******* нь өөрийн биеэр надад өргөдлийг авч ирж өгсөн. Миний бие өөрөө дур мэдэн шивж цахим хэлбэрт оруулах үндэслэл байхгүй... Миний гараар бичсэн бичгийн алдаа гаргасан байгаа. 10 дугаар сарын 01-ний өдөр гэх гэж байгаад 09 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн байна гэсэн мэдүүлэг[7], гэрч Ж.Даваасүрэнгийн ... Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлийг цахимаар хүлээн авсан... ... Эрүүл мэндийн шалтгаанаар гэж үндэслэн тушаалын төсөл бэлдэж, даргад хянуулсан гэх мэдүүлэг[8]-ээр ... Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байхад түр чөлөөлсөн тушаалыг дур мэдэн гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх нотлох баримтууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан тул эргэлзээгүй гэж үнэлсэн болно.

 

Тогтоогдож буй үйл баримтаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч Д.А*******ийг ажлаас түр чөлөөлөх тушаалыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслээгүй болон нэхэмжлэгчийн гараар бичсэн өргөдөл нь эх хувиараа хадгалагдаж үлдээгүй нь хариуцагчийн ажлын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой боловч Д.А******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул маргаан бүхий нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын 2013 оны Б/109 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэхдээ хариуцагч нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж болох боловч эрүүл мэндийн улмаас ажлаа хийхгүйгээр эмчлүүлж сувилуулах шаардлагатай болсноо нэхэмжлэгч өөрөө тодорхойлж өргөдөл гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.А*******ийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаагийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны Б/109 тоот тушаалыг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаад даалгаж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж байсан нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсаныг дурьдах нь зүйтэй юм.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А*******ийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаагийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны Б/109 тоот тушаалыг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ