Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0324

 

Иргэн Д.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Д.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.А-ийн нэхэмжлэлтэй, БОНХГ-даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А- 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэргийн харьяаллын талаар: Д.А- би урьд эрхэлж байсан ажил албан тушаалд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар 2015 оны 04 дүгээр сард Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13167 дугаар захирамжаар хариуцагчийн хаягийн хороо нь тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хариуцагчийн хаягийн хороог тодруулан дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргахад 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мөн өдрийн 30476 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу дээрх нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан байна хэмээн миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус шүүхэд хандан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Миний бие Д.А- нь 2007 оноос эхлэн Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан билээ. Ээлжийн амралтын хугацаа дуусч ажилдаа орохоор ажил дээрээ очтол Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.С- намайг дуудаж уулзаад ...та ажлаа хийлгүй түр хүлээж бай тантай холбоотой асуудал байна, маргааш ир гэсэн. Энэ үгийг хэлсээр хэд хэдэн удаа явуулж ажлыг маань огт хийлгээгүй. Ингээд нэг удаа дуудаж ...та өөрөө өвчин зовлонтой боллоо гээд ажлаас халагдах өргөдлөө өгчих, таныг амралттай байх хугацаанд шалгалт хийхэд асар их хэмжээний зөрчил илрүүлж улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн зөрчил илэрсэн. Та энэ хийсэн хэргээрээ олон жилийн ял авах байх шүү. Хэрвээ та өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарвал таныг шалгаж зовоохгүй, үнэнийг хэлэхэд таны оронд өөр хүн авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхэд нь би ...надад хийсэн гэм байхгүй ээ, шалгавал шалга, би ажлаасаа гарахгүй гэж хэлэхэд тэгвэл та маргааш цагдаа дээр очоорой гээд намайг өрөөнөөсөө хөөж гаргасан юм. Ингээд түүний явуулсан гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст намайг 608 ширхэг нойтон мод огтолсон, улсад 43.815.000 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээр ажлаа хийх боломжгүй болсон. Түүнээс хойш нэг жил гаран хугацаанд байцаан шийтгэх ажиллагаа явуулж, намайг шалгасан боловч Д.А- миний биеийг гэм буруутай гэх нотлох баримт байхгүй, буруутай үйлдэл тогтоогдоогүй учир 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3781 тоот прокурорын тогтоолоор надад холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Дээрх тогтоолыг гардан аваад эргээд ажилдаа орохоор Байгаль орчин, ногоон хөгжлийн газар очтол 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар намайг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас халсан тушаал гарсан болохыг мэдсэн. Энэ тухай байгууллагадаа хандан намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан байна. Намайг эгүүлэн ажилд авна уу гэсэн хүсэлт гаргасан боловч Нийслэлийн БОНХГ-даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/1600 тоот албан бичигт таны өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн тул таныг ажилд эгүүлэн авах боломжгүй гэсэн хариу ирсэн юм. Миний бие Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хандан ажлаас халагдах тухай ямар нэгэн хүсэлт, тэр тусмаа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас халагдах хүсэлт огт өгөөгүй, эрүүл мэндийн улмаас ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон тухай эрх бүхий шийдвэр, магадлал огт байхгүй атал ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөөгүй. Д.А- би дээрх үндэслэлээр Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд хандан өргөдөл гарсныг тус зөвлөл хянан шийдвэрлэж, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15/64 дугаар албан тоотоор Нийслэлийн БОНХГ-дарга Г.Болормаад хандан ...2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг зөрчсөн байна. Иймд Д.А-ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилж, түүнийг томилсон шийдвэрийн хуулбарыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Салбар зөвлөлд ирүүлэхийг мэдэгдье гэсэн боловч өнөөдрийг хүртэл намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилолгүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна.

Иймд Нийслэлийн БОНХГ-дарга Г.Болормаагийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож, БОНХГ-байгаль хамгаалагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн БОНХГ-дарга Г.Болормаад даалгаж өгнө үү. Намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А-ийг ажлаас түр чөлөөлсөн Б/109 дүгээр тушаал бол үндэслэлгүй. Ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулаад ажил үүргээ гүйцэтгээгүй гүйцэтгэх боломжгүй болсон. Энэ хугацаанд цалин хөлс аваагүй. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг зохицуулж өгсөн. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.3-т тус тус заасан тохиолдол үүсээгүй. Нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өөрийн биеэр гаргаагүй байхад ажлаас нь түр чөлөөлсөн. Энэ тушаалд холбогдуулаад нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан. Салбар зөвлөлөөс үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж үзээд ажилд нь эгүүлэн томилохыг Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгасан шийдвэр гаргасан. Энэ шийдвэр дээр захиргааны байгууллагад гомдол гаргасан зүйл байхгүй. Хариуцагч тал энэ төрийн албанаас гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллаагүй.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Энэ хэргийн гол маргаж байгаа асуудал бол ажлаас түр чөлөөлсөн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан. Ийм тушаал анхнаасаа гарах ёсгүй байсан гэдэг асуудал дээр маргаан явагдаж байгаа. Д.А- гэсэн хүн байгаль хамгаалагчийн ажлаас түр чөлөөлөгдье гэсэн өргөдөл гаргасан гэдэг үйл баримт нотлохгүй байгаа. Мөн Төрийн албаны салбар зөвлөл өргөдөл байхгүй гэдгийг тогтоосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шаардлагатай гэсэн нотлох баримтыг авч хэлэлцээгүй гэж тайлбарлаж байна. 2 гэрч энэ хүний өргөдөл байсан уу гэхээр мэдэхгүй гэсэн. Бүртгэл хяналтын систем ороод ирсэн байсан гээд шийдвэрлэсэн. Тэгэхээр Д.А-ийн гараар бичсэн өргөдлийг нь хүлээж аваад авсан гэсэн гарын үсэг зуруулсан баримт байхгүй. Энэ бүртгэл хяналтын систем бол нотлох баримтын үнэлгээний хувьд дутмаг гэрчүүд хангалттай нотолж чадаагүй гэж үзэж байна. 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өргөдөл гаргаад бүртгэл хяналтын системд орсон бол Д.А- гэдэг хүний утсанд мессэж очсон байх ёстой. Тэгтэл мессэж очсон гэсэн баримт байхгүй. Хариуцагч тал Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг үгүйсгэж байна. Тэгэхээр энэ асуудал дээр маргаан үүсгээгүй учраас үйл баримтын хувьд хариуцагчид нотлогдохгүй үндэслэлгүй тайлбар гаргаж үзсэн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариутайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.А- нь Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны амыг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр өвчний учир чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тушаалаас гадна 2013 оны 10 дугаар сарын 03 өдрийн А/61 тоот ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал гарч 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс тэр өдрөө Д.А-эд тушаалыг танилцуулан үндсэн хөрөнгө, хангамжийн хөрөнгө, үнэт цаас, хариуцсан нутаг дэвсгэрийг хүлээн авч шинээр орж байгаа байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Энэ талаар илтгэх хуудас бичиж, комиссын гишүүд болон ажлаа хүлээлгэж өгч байгаа байгаль хамгаалагч болон хүлээн авсан байгаль хамгаалагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Ажил хүлээлцэх үед ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гардуулж өгсөн ба энэ талаар ямар нэг маргаангүй байсан. Ингээд Д.А-ийн эзэмшиж байсан байгууллагын эд хөрөнгийг хүлээн авч шинээр томилогдсон байгаль хамгаалагчид хүлээлгэн өгч бүх зүйл хуулийн дагуу явагдаж дууссан.

Гэвч ажил хүлээлцэх явцад байгаль хамгаалагчийн хариуцаж байсан газар нутаг болон ойн сан бүхий газраар явж үзэхэд ихээхэн хэмжээний нойтон мод огтлогдсон байсан ба энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох тул ажил хүлээлцэх комисс ярилцаад байгууллагын зүгээс дахин ой модоор нь явж шалгах комисс томилж, тооллого явуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгууллагаас комисс гарч Толгойтын Зүүн салааны "Ухны ам" тооллого явуулж, 608 ширхэг нойтон мод огтлогдсон болохыг тогтоосон. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл учир харьяалах дүүргийн Цагдаагийн хэлтэст байгууллагын зүгээс гомдол гаргасан. Дээрх асуудал нь ажлаас чөлөөлсөн асуудалтай огт холбоогүй бөгөөд дараа нь болсон асуудал юм. Д.А- нь өөрөө чөлөөлөх өргөдлөө өгчихөөд чухам яагаад бараг 2 жилийн дараа гэнэт халсан мэтээр ярьж ажлаас чөлөөлөгдсөнөө энэ хугацаанд мэдээгүй байснаа гайхан ярьж шүүхэд хандаж байгаа нь өөрөө ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй хүн гүтгэсэн нотлох баримтгүй худал зүйл байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Д.А-ийн гомдлыг 2015 оны 3 дугаар сард хүлээн авч ажилд эгүүлэн авах тухай шийдвэр гаргасан. Гэвч Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны тухай 39 дүгээр зүйлийн 39.4 дэх заалт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг Иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана зөрчиж бараг 2 жилийн дараа өргөдлийг хүлээн авч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь цэвэр ашиг сонирхлын шинжтэй үйлдэл байгаа тул үүнийг байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөөгүй билээ. Мөн нэхэмжлэлд дурдсанаар байгаль хамгаалагч Д.А- нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан гэжээ. Энэ нь бас худал бөгөөд хэзээ амарсан тухай баримтыг хавсаргасан болно. Мөн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.С- удаа дараа дуудаж хөөж гаргасан гэж гүтгэлгийн чанартай зүйл хэлж байгаад нь үнэхээр гомдолтой байгаа бөгөөд С.С- нь тийм хууль бус шаардлага тавиагүй ба мөн байгууллагад хөөж гаргах тусдаа өрөө байхгүй бөгөөд манай байгууллагын даргаас бусад 28 хүн нэг өрөөнд суудаг тул тийм юм ярих хөөж гаргах боломж байхгүйг анхаарч удаа дараа худал ярин хүнийг хууль бусаар гүтгэж бусдад буруу ойлголт төрүүлж өөрийгөө хохирсон хэлмэгдсэн мэтээр ойлгуулах гэж байгаа башир арга гэдэг нь ойлгомжтой байна.

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцаж байсан ажлаа хангалтгүй гүйцэтгээд дээрээс нь 2 жил ажил хийлгүй гадуур зугаалчихаад ямар нүүрээрээ төрөөс цалин хөлс нэхэж байгааг байгууллага хамт олон нь гайхаад барахгүй байна. Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ тушаал бол хууль зүйн үндэслэлтэй дараалалтай явсан. Энэ нь өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр, мөн өргөдөл гомдлын цахимаар ордог Smartсity.mn систем болон 2 гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Тэгэхээр Д.А- гэдэг хүн өөрөө өргөдлөө өгөөд гарсан нь мөн адил нотлогдож байгаа. 2014 онд Төрийн албаны зөвлөлд гомдолд гаргах явцад өргөдлийг нь хайсан боловч өргөдөл нь алга болсон байсан. Энэ асуудал дээр бол манай байгууллагын алдаа байгаа. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар хоосон өргөдөл хүлээж аваад цохоод ажлаас халсан зүйл байхгүй. Нотлох баримтыг шүүхэд өөрийнхөө хэмжээнд хангалттай гаргаж өгсөн. Бодит байдал дээр байгаль хамгаалагчаар ажиллах шаардлага хангасан хүн бол манай байгууллагад олддоггүй. Энэ хүн ажилдаа хариуцлагагүй хандсан нь нотлогдсон. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад иргэн аж ахуйн нэгж өргөдөл гаргасан тохиолдолд утсанд нь мессэжээр хариу өгдөг. Хэвлэмэл хуудсын хувьд он, сар, өдөр нь өөрчлөгдөх боломжгүй. Зөвхөн сервер нь өөрийнхөө эрхээр ороод өөрчилдөг. Хамгийн гол нь тухайн үед ажлаас халж байхад гомдлоо гаргах ёстой байсан боловч нэхэмжлэгч Д.А- гэдэг хүн гомдол гаргаагүй. Хариуцагчийн зүгээс хангалттай нотлох баримт гаргаж өгсөн болохоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн БОНХГ-дарга Г.Болормаагийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны Б/109 тоот тушаалыг хүчингүй болгож, БОНХГ-байгаль хамгаалагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг БОНХГ-дарга Г.Болормаад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.А- давж заалдах гомдолдоо: Иргэн Д.А- би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаар шийдвэрийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гардан авч танилцаад түүнийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан журмын дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Д.А- нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан болох үйл баримт нь нийслэлийн Байгаль Орчин ногоон хөгжлийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх "Өргөдөл гомдлын бүртгэл"-ийн дэвтрийн 910 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Бүртгэл хяналтын карт гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул "Д.А- нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд ажлаасаа гарч, 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн атлаа 2 жил гаруй хугацааны дараа би өргөдөл өгөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй" гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй байна" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Д.А- миний бие Байгаль орчин ногоон хөгжлийн газарт ажиллах хугацаанд өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах нь байтугай ажлын чөлөө ч авч үзээгүй хүн билээ. Гэтэл хариуцагч нь миний биеийг өвчний учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгсний дагуу ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан, түүний дуудсан гэрчүүд ч мөн намайг өөрөө чөлөөлөгдөх хүсэлт өгсөн гэж мэдүүлдэг. Мөн хариуцагч нь Д.А- намайг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэдэг атлаа өргөдөл бүртгэлийн дэвтэртээ 09 дүгээр сарын 01-ний өдөр гэж тэмдэглэсэн байгаа нь намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хангалттай нотлох баримт болохгүй байхад шүүх түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлж миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Д.А- би өвчний учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол энэ тухай хүсэлт, мөн түүнд хавсаргасан өвчний түүх, өвчтөний магадлагаа гэх нотлох баримт байх ёстой. Гэтэл энэ талаар нэг ч баримт нотолгоо байхгүй, хариуцагч нь зөвхөн амаар тайлбарладаг. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалыг надад 2013 оны 10 дугаар сард гардуулан өгсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй болохыг харуулж байгаа юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна." гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь нотлох баримтад үндэслэлгүй, энэ хэрэгт хариуцагчийн төлөөлөн оролцож буй С.С-, гэрчүүд Т.Туяа, Ж.Даваасүрэн нарын хоорондоо үгсэн тохирсон үг, тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Мөн намайг ажлаас халагдах тушаал гарснаас хойш 2 жил гаруй хугацааны дараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэснийг буруутгах боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

 Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас буруу буюу үндэслэлгүй халагдсан болохыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор өргөдөл, гомдлоо зохих байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байдаг. Д.А- би ажлаас халагдсан болохоо мэдсэн даруйдаа зохих журмын дагуу шат шатны байгууллага, албан тушаалтанд хандсаны эцэст шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө энэ хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 703 дугаар "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн хэмээн хэрэгсэхгүй болгосон бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар тогтоолоор "нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан" хэмээн үзэж дээрх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл шүүх дээрх байдлаар дүгнэлт хийж Д.А- миний нэхэмжлэлтэй захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.4-д "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасныг зөрчсөн шийдвэр болсон гэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Д.А- би өөрөө ажлаас халагдах хүсэлт гаргасан байсан бол ажлаас халагдсан болохоо мэдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд ажлаас буруу халагдсан, Байгаль, орчин ногоон хөгжлийн газрын даргын шийдвэрийг хууль бус хэмээн маргаж, өөртөө болон бусдад ажил удаж, чирэгдэл учруулах үндэслэл, шаардлага байхгүй шүү дээ.

 Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилагаар төрийн албанаас түр чөлөөлнө 23.3.1-д хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тухайн төрийн албан хаагч эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үндэслэл шалтгааныг нотлох баримтад үндэслэн тогтоосны үндсэн дээр захиргаа өөрөө санаачлан ажлаас түр чөлөөлөхөөр байна. Өөрөөр хэлбэл, тухайн албан хаагч эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэх үндэслэлийг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт, тухайн албан тушаалтны ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт, өргөдөл зэрэг баримтын үндсэн дээр тодорхойлсноор захиргаа санаачилж тухайн албан тушаалтныг төрийн албанаас түр чөлөөлөхөөр байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 3.1-д ... төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ, 3.3-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэдэгт дараахь тохиолдлыг тооцно 3.3.1-д ... Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр түр чөлөөлөх ... гэж заасан байна.

  Анхан шатны шүүх эргэлзээгүй үнэн зөв гэдэг нь тогтоогдоогүй байхад хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн БОНХГ-мэргэжилтэн Т.Туяа, Ж.Даваасүрэн нарын гэрчийн мэдүүлэг болон Нийслэлийн БОНХГ-2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Бүртгэл хяналтын карт зэргийг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагч биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэсэн хуулийн заалтыг зөрчсөн хариуцагчийг зөвтгөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т ...шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан өргөдлийн бүртгэлийн дэвтрийн хуулбарт дугаар гэх хэсэгт 910, огноог 9 дүгээр сарын 01, Өргөдөл гаргагчийн овог нэр гэх хэсэгт Дарьсүрэн Адьяасэд, өргөдлийн товч утга гэх хэсэгт Чөлөө олгох тухай гэсэн байх боловч энэ баримтаар нэхэмжлэгчийг хэдий хугацаагаар, ямар шалтгаанаар чөлөө хүссэнийг тодорхойлох боломжгүйн дээр тус баримтын дараагийн буюу 911 дүгээрт бүртгэгдсэн өргөдлийн огноог нь мөн 9 дүгээр сарын 1 гэж бүртгэсэн байтал хариуцагчаас Д.А-ийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт гаргасан чөлөө олгох тухай хүсэлт-д Д.А- би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны зүүн талд Байгаль хамгаалагчаар 7 жил ажиллаж одоо биеийн байдал сайнгүй байгаа учир 1 жилийн хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул түр чөлөөлж өгнө үү гэсэн байсан гэж өргөдөл гаргасан огноог зөрүүтэй байдлаар мэдүүлсний дээр нэхэмжлэгчийн өвчний учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг эргэлзээгүйгээр нотлох баримт болох түүний өөрийнх нь гаргасан хүсэлт, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гэх баримтууд хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас түр чөлөөлөх шийдвэр гаргасныг зөвтгөсөн шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчаар Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхад нь тус газрын мэргэжилтнүүдийг хэрэгт гэрчээр оролцуулж, мэдүүлгийг нь нотлох баримтаар үнэлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 43 дугаар зүйлийн 43.8.1-ийн үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон зохигчийн төлөөлөгч-ийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй гэсэнтэй нийцэхгүй байна гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ... олговрыг олгоно гэж заажээ.

Иргэн Д.А-ийн эрүүл мэндийн талаар мэргэжлийн байгууллагын тодорхойлолт байхгүй, мөн тухайн албан тушаалтны ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт, өргөдөл өөрийн хүсэлтээ өгөөгүй байхад нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь түр чөлөөлсөн хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул хариуцагчийн буруугаас нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд цалин хөлс авах эрхээр хангагдаагүй гэж үзэж түүнд зохих хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнд олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.6-д ...түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна гэж заажээ.

Хавтаст хэрэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас нэхэмжлэгчид хүргүүлсэн ... түр чөлөөлөгдсөн албан хаагчийг нөөцөд байгаад тооцдог. Гэвч тус байгууллагад одоогийн байдлаар байгаль хамгаалагчийн сул олон тоо байхгүй тул ажиллуулах боломжгүй болно гэх 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/1600 тоот албан бичиг авагдсан байх ба хариуцагчаас шүүхэд ...Д.Адьяасэд нь хариуцаж байсан ажлаа хангалтгүй гүйцэтгээд дээрээс нь 2 жил гаруй гадуур зугаалчхаад ямар нүүрээрээ цалин хөлс нэхэж байгааг байгууллага хамт олон гайхаад барахгүй байна... гэх хариу тайлбарыг гаргажээ.

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас түр чөлөөлөх тухай тушаал гаргасан байх боловч бодит байдал дээр түр хугацаагаар чөлөөлсөн шийдвэртэйгээ зөрчилдсөн агуулга бүхий ажлаа хангалтгүй гүйцэтгэдэг, гадуур зугаалсан, ажиллуулах боломжгүй... гэх тайлбарыг гаргаж, эргүүлэн ажиллуулах боломжгүй гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байдал нь өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн ажилтны оронд түр орлон гүйцэтгэгчийг томилж заасан хугацаа дууссаны дараа ажлыг эргүүлэн авах талаар заасан дээрх журамд зохицуулалттай нийцэхгүй байх тул 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаа буюу 14 сар 20 хоногийн цалин хөлс 6.750.491 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ:, 39.1.1-д энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан-ыг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

Захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас эрхээ зөрчигдсөн гэж үзсэн этгээд уг захиргааны актыг мэдмэгцээ хуульд заасан дээд шатны байгууллага, албан тушаалтанд биш, бусад хяналт шалгалтын эрх бүхий байгууллагад хандаж дүгнэлт гаргуулсан тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдагдсан гэж үзэх боломжгүй.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт ...хууль бус захиргааны акт гарсан гэдгийг мэдснээс хойш нэг сарын дотор шүүхэд хандах эрхтэй гэж заасан байдаг... энэ хүн эргээд ажилд орох гэсэн гол зорилгын цаана мөнгө буюу 3 жил зугаалчихаад хийгээгүй ажлынхаа хөлсийг авах гэсэн санаа яваад байна... гэсэн ба иргэн Д.А-ийн гаргасан гомдлоор Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Маргаан хянан шийдвэрлэх комисс хянан хэлэлцээд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15/64 тоот албан бичгээр ...иргэн Д.А-ийг урьд өмнө нь эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, түүнийг томилсон шийдвэрийн хуулбарыг ... Салбах зөвлөлд ирүүлэхийг мэдэгдье... гэж шийдвэрлэсэн, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13167 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч нь тогтоосон журмаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 186 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Д.А-ийг Нийслэлийн БОНХГ-байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх буюу 14 сар 20 хоногийн цалин хөлс 6.750.491 төгрөгийгхариуцагчаас гаргуулсугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ