Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2016/0118

 

2016 оны 2 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2016/0118

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д*******гийн О*******

Хариуцагч: Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/70, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын 0******* тоот дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, Б******* тоот эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.И******* нь 2015 оны 09 дүгээр сарын 15ы өдрийн Б\16 тоот тушаалаар хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн хийхдээ тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.О******* миний биеийг ямар ч үндэслэлгүйгээр албан тушаал бууруулан "Хороо хариуцсан мэргэжилтэн"-ээр томилж шийдвэрлэсэн. /Хөдөлмөрийн сайдын 2015 оны "Аймаг нийслэлийн дүүргийн хэлтсийн дүрэм, бүтэц орон тоог батлах тухай" 127 тоот тушаалаар баталсан бүтэц хийх бүдүүвчинд миний эрхэлж буй ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдаж байсан/ нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д "Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн", 23.1.2-д "Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон" тохиолдолд байгууллага, ажил олгогчийн санаачлагаар ажил, албан тушаал бууруулахаар хуульчилан тогтоож өгсөн хуулийн заалтыг баримтлаагүй зөрчсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 11, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн. Миний бие тус хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Сургалт хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн Боловсрол сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтэн, Ажлын шинэ байр, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаалуудыг шат дараалан хашиж, байгууллагын менежертэй жил бүр хуулийн дагуу "Үр дүнгийн гэрээ" байгуулан ажиллаж, гэрээнд заасан ажил үйлчилгээг бүрэн биелүүлж "А" буюу "маш сайн", "В" буюу "бүрэн хангалттай" үнэлгээтэй дүгнүүлэн ажиллаж ирсэн.

Ш.И******* нь Д.О******* миний биеийг "Хороо хариуцсан мэргэжилтэн"-ээр томилоод тун удалгүй 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 тоот тушаалаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах хууль бус шийдвэр гаргалаа. 2015 оны 10 дугаар сард улсын хэмжээнд "Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг" болохтой холбогдуулан Багануур дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус хэлтэст шалгалтаар ирж, хэлтсийн ажилтай танилцсан ба тус Хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчдаас хууль тогтоомжийн тестээр шалгалт авах болж, миний зүгээс нийт албан хаагчдыг бүрэн хамруулах шаардлага тавьсны төлөө Ш.И******* нь буруутгаж, гар хуруугаараа чичлэн дайран давшилж, "Чамтай хамтран ажиллахгүй, зайл", "Чамайг хална", "Чи халагдаад эмнэлэгтээ хэвтээрэй" гэж хашгичин, дахин дахин "Хөөш чи, хөөш чи" хэмээн чичилж, "зайл" хэмээн хөөж ёс зүйгүй авирлан, миний нэр төрд халдсан болно. Ш.И*******ын энэ ёс зүйгүй үйлдэл, хүний нэр төрд халдсан асуудлыг шалгуулахаар дүүргийн Цагдаагийн хэлтэст миний бие өргөдөл гарган хандсан болно.

Ш.И******* нь Д.О******* миний биеийг ажлаас халах тухай тушаалдаа ёс зүйн хэм хэмжээ сахиагүй, хэлтсийн удирдлагын шийдвэрийг биелүүлээгүй, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн, байгууллагын нэр хүндийг эрхэмлээгүй зөрчлүүдийг гаргасан гэх ба хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны хурлаар ёс зүйн зөрчил гаргасан гэх "дүгнэлт" гэгчийг үндэслэсэн байна. Ш.И*******ын гомдлоор Хөдөлмөрийн хэлтсийн дэргэдэх "Ёс зүйн хороо" /бүрэлдэхүүн нь; М*******, О*******, А/ хуралдсан гэх боловч, бичгээр гаргасан гомдол байхгүй, ажлын бус цагаар /21 цагаас хойш/ шөнийн цагаар хуралдсан, миний биеийг оролцуулж тайлбар мэдээлэл аваагүй, ямар ч нотлох баримтгүй, надад мэдэгдээгүй ба хуралдаанаас гаргасан "шийдвэр"-ийг үзүүлэхгүй, нуун дарагдуулж, надад одоо хүртэл танилцуулаагүй болно. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ын 1.2-д заасан "Төрийн байгууллага нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль"-ийг баримтлах, 2.5.2-д "гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах", 2.5.4-д "гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх", 4.2-д "Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл нь Ёс зүйн хорооны дүгнэлтийг тус тусын хуралдаанаар хэлэлцэнэ" гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Ш.И******* нь дээрх /2015.09.15-ний Б\16/ тушаалаар Хэлтсийн ахлах мэргэжилтнээр төрийн албаны шалгалт өгч, тангараг өргөөгүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй, Л.М*******ийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дуааар зүйлийн 17.1-д заасан "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа "төрийн жинхэнэ албан хаагчдаас" үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө" гэсэн заалтыг зөрчсөн.

Иймд Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн Б/16 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/69, А/70, А/71 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, төрийн албан хаагч миний эрх ашгийг хангаж, хууль тогтоомж зөрчсөн Ш.И*******т хариуцлага хүлээлгэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Д.О*******ын эрхийг зөрчсөн тушаал бол 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар А/70 албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал байдаг. Энэ тушаалын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг буюу орон тоо хасагдсан гэсэн агуулгатай байдаг. Гэтэл тушаалын үндэслэх гол хэсэгт албан тушаал хасагдсан, цөөрүүлсэн гэдэг зүйл тодорхойгүй. Ажлаас халах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой. Гэтэл мэдэгдэл өгөөгүй. 1 өдөр л А/70 тушаалыг гаргасан байдаг. Гэтэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн гээд энэ орон тоо нь хасагдаагүй байдаг. Уг нь А/70 дугаар тушаалаар хассан гээд байдаг. Хуучин энэ хэлтсийн нягтлан байсан н.М******* гэдэг хүн энэ албан тушаалд ажиллаж байгаа. Тайлбарт А/70 тушаалтай холбоотойгоор Д.О*******ыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг удирдлага болгон Хөдөлмөр эрхлэлтийн бодлого төлөвлөлт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас сум, баг, хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаал бууруулсан гэж байна. Энэ бол бууруулсан асуудал биш. Яагаад гэвэл энэ хүн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажилгүй болсон. Дараа нь эгүүлэн ажилд томилсон. Зүй нь бол энэ орон тоо хасагдаагүй учраас Д.О*******ыг ахлах мэргэжилтний албан тушаалд тавих ёстой байсан. Ажилгүй байж байгаад сум, баг, хорооны мэргэжилтнээр ажилд авсан. Гэтэл ажиллаж байхад нь бууруулж байсан мэтээр тайлбарласан. Албан тушаалд томилох тухай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 тушаал байна. Архивын асуудал гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдаж байна. Ажил албан тушаалд томилох тухай тушаалд архивын ямар нэгэн зөрчил гаргасан гэж зөрчлийн асуудлыг тодорхой дурдаад бичсэн зүйл огт байхгүй. Эрхийг нь зөрчөөд томилсон. Гэтэл орон тоо хасагдсан гээд байгаа Хөдөлмөр эрхлэлтийн бодлого төлөвлөлт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд н.М******* гэдэг нягтлан хүн томилогдсон.

Орон тоо хасагдаагүй байна. Улсын Дээд шүүхийн тайлбарт ...орон тоо хасагдана гэдэг нь тухайн орон тоо бүрэн мөсөн үгүй болохыг ойлгоно гэдэг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг сум, баг, хороо хариуцсан мэргэжилтнээр томилсон. Энэ тушаал албан тушаал бууруулсан тушаал биш. Төрийн албаны тухай хуулийг илтэд зөрчиж энэ тушаалыг гаргасан. Зүгээр ажлаа хийж байсан хүнийг орон тоо хасагдсан нэрийдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар халаад эгүүлээд авахдаа сум, баг, хороо хариуцсан мэргэжилтнээр томилсон. Хэргийн материалд албан тушаал бууруулах тухай гэж тушаал байхгүй. Албан тушаалд томилох гэдэг дээр 23 дугаар зүйлийг дурдаагүй. Халсан хүмүүсийг буцаагаад авсан авахдаа Д.О*******ыг сум, баг, хороо хариуцсан мэргэжилтэн болгоод н.М*******ийг албан тушаад нь томилогдсон ийм л асуудал байгаа. 17 дугаар тушаалын хувьд 25 дугаар зүйлийг барьсан. Бидний шаардлага ахлах мэргэжилтний албан тушаалдаа ажиллах байгаа. Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ш.И*******ын яаж хууль буруу хэрэглэж хүнийг эрх ашгийг зөрчсөн асуудал яригдаж байгаа. 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг барьсан байдаг. Гэтэл 25 дугаар зүйл нь ерөнхий нөхцөл заасан заалт байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр ажлаас хална гэсэн заалт байгаа. Дотроо 3 нөхцөл байхад зүгээр л 25.1-ийг баримталсан байдаг. Ингэж хууль буруу хэрэглэж эдгээр хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа.

Өмнөх шүүх хуралдаанд Багануур дүүргийн шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Түүнийг үнэлэх нь шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн асуудал байна. Энэ тушаалаар Н.Э гэдэг хүний эрхийг зөрчиж орон тоо хасагдсан гэдэг нэрийдлээр хууль бусаар ажлаас халсан байдаг. А/70 гэдэг тушаал ямар хууль бус гэдгийг шүүхийн шийдвэр харуулж байдаг.

Бид нарын нэхэмжлэлийн шаардлага бол А/70, Б/16 тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлага байгаа. Б/17 дугаар тушаалыг дурдъя. Үүнд 25 дугаар зүйлийн ерөнхий хэсгийг барьсан.  25 дугаар зүйл нь дотроо 3 агуулгатай. Гэтэл яг аль заалтыг баримталсан нь тодорхойгүй. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-ийг барьсан байдаг. Төрийн албанын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасан байдаг. Үнэхээр 13.1.5-г зөрчсөн гэж үзэж байгаа бол та нар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг барих ёстой. Гэтэл 13.1.5-г зөрчсөн мөртлөө 25.1-ийг баримталсан. 25.1-г баримтлахдаа зөвхөн ерөнхий заалтыг дурдаж, яг аль нь вэ? гэдэг нь ойлгомжгүй. Ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тайлбарыг нь аваад, өөрийг нь суулгах ёстой. Аливаа хэрэг маргаан зөрчлийг хянан шийдвэрлэхэд зөрчил гаргагчийг зайлшгүй байлцуулах ёстой. Зөрчлийн тэмдэглэлд гарын үсэг зуруулах бол тэр талаар 2 гэрчийг байлцуулж гарын үсэг зуруулах ёстой. Ерөөсөө тийм зүйл хийгээгүй хуйвалдааны маягтай хурал маягийн зүйл хийнгүүтээ ийм асуудал гаргадаг. Өөрсдөө хууль буруу хэрэглэсэн. А/70 тушаалаар ажлаас чөлөөлөгдөж дахин энэ тушаалдаа тавигдаагүй. Маргааш нь сум, баг, хорооны мэргэжилтнээр албан тушаал бууруулсан ажил томилсон. Миний үйлчлүүлэгч ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа 30 хувийн нэмэгдэл авдаг байсан. Энэ нэмэгдлийг цалингийн талаар шүүхийн зүгээс харгалзаж үзээсэй гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д******* овогтой О******* нь хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсийн дарга Ш овогтой И*******т холбогдуулж, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 15ы өдрийн Б/16 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 тоо ттушаал, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/69 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/70 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А71 тоот тушаал"-уудыг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 7356 дугаар шүүгчийн захирамжаар Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/69 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/70 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийи А/71 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн билээ.

Хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсийн дарга Ш.И******* нь нэхэмжлэгч Д.О*******ын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг тус шүүхэд гаргаж байна. Үүнд:

1. Багануур дүүргийн Хөдөлмөрийи хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/70 дугаартай тушаалын тухайд:

Монгол Улсын Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн А/127 тоот "Аймаг, нийслэлийн, дүүргийн Хөдөлморийн хэлтсийн дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай" тушаалаар Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн орон тоог шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор шинэ бүтцийн дагуу чөлөөлөх, томилох хууль зүйн үр дагавар гарч ирж А/70 дугаартай "Албан тушаалаас чөлөөлөх тухай" тушаал гаргасан. Энэ тушаал нь бүтэц орон тоог шинэчилэн батлахын тулд Хөдөлмөрийн хэлтсийн нийт 14 албан тушаалтныг чөлөөлсөн тушаал байгаа юм. Энэхүү тушаалын үр дүнд нэхэмжлэгч Д.О*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зорчигдөөгүй байна гэж үзэж байна.

2. Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/71 тоот тушаалын тухайд:

Хөдөлмөрийн сайдын тушаалын дагуу Хөдөлмөрийм хэлтсийн бүтэц орон тоог шинэчилэн батлахдаа төрийн захиргааны албан тушаалтнуудын цалингийн шатлалыг тогтоох шаардлагатай тул Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын А/71 дугаартай "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээний шатлал тогтоох, нэмэгдэл олгох тухай" тушаал гаргасан. Энэхүү тушаал нь захиргааны байгууллага дотогшоогоо чиглэсэн буюу дотоод зохион байгуулалтын шинжийг агуулсан, захиргааны актын үндсэн шинжид хамаарахгүй, гадагш чиглээгүй захиргааны шийдвэр болно. Иймд тус шаардлагаар хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна гэж үзэж байна.

3. Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 тоот тушаалын тухайд:

Дээр дурьдсан Хөдөлмөрийн сайдын тушаалын дагуу бүтэц орон тоог өөрчлөн, шинэчилж байгуулахын тулд нэр бүхий хүмүүсийг албан тушаалд томилж Б/16 дугаартай "Албан тушаалд томилох тухай" тушаал гаргасан.

Тухайн үед Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр архивын улсын үзлэг ирэхээр төлөвлөгдсөн байсан бөгөөд нэхэмжлэгч Д.О******* нь ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон байсан. Ажлын хэсгийн ахлагч байсам ч архивын улсын үзлэг ирэх бэлтгэлийг хангаагүй буюу ажлын байрны зорилго, зорилтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэн нэхэмжлэгч Д.О*******ыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг удирдлага болгон Хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлого хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас Сум /баг/ хороонд хөдөлмөрийн эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн болгож албан тушаап бууруулсан.

4. Нэхэмжлэгч Д.О******* нь төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэмж хэмжээг зөрчсөн, байгууллагын нэр хүндийг гутаасан бөгөөд энэ нь Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дэргэдэх ёс зүйн хорооны хурлын шийдвэрээр нотлогдсон. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсгийг зөрчсөн, байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрийн жинхэнэ албанаас халагдаж, хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч Д.О*******ыг буцаан томилох боломжгүй, эрх зүйн үр дагавар үүсэх боломжгүй байна.

Энд албан тушаалыг яриагүй. Нэхэмжлэгч Д.О******* гэдэг хүний тухай ярьж байгаа. Энэ хүн удаа дараа ёс зүйн алдаа гаргасан. Нэгдүгээрт: Албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Хоёрдугаарт: Ёс зүйн алдаа гаргаад улсын үзлэг ирж байхад тэр хүмүүсийн өмнө байгууллагын нэр хүндийг гутаасан. Энэ нь ёс зүйн хорооны дүгнэлтээр батлагдсан. Энэ хүн төрийн албаны тангараг өргөчихөөд өнөөдөр ёс зүйгүй үйлдэл хийх нь хэр зүйтэй вэ? Үүнийг манай байгууллага буцааж ажилд авах хэр ёс зүйтэй вэ? гэдгийг шүүх бодолцож үзээсэй гэж хүсч байна. А/70 тушаал зөвхөн Д.О*******ад хандаж гарсан тушаал биш гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.О*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Д.О******* нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/70, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын 0******* тоот дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, Б******* тоот эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 7356 дугаар захирамжаар Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/69 дүгээр, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/70, А/71, 2015 оны 09 дүгээр сарын 15ы өдрийн Б/16 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаар Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна.[1]

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ш.И*******ын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэж нэмэгдүүлжээ.[2]

Улмаар 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны явцад Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/71, мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 дугаар тушаалуудыг хүчингүй болгох, Ш.И*******т хариуцлага тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан[3] ба Багануур дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/70, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалуудын Д.О*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ... Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан[4] болно.

 

Нэхэмжлэгч Д.О*******, түүний өмгөөлөгч С.С******* нар нь ... дээрх А/70 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн албан тушаал бууруулсан гэх боловч Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, орон тоо цомхтгосон гэх боловч нэг өдрийн дараа гарсан Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн өмнө эрхлэж байсан ажил албан тушаал нь хэвээрээ байх бөгөөд түүнд нягтлангаар ажиллаж байсан Л.М*******ийг томилсон байх тул хууль зүйн үндэслэлгүй акт болно гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* нь Нэхэмжлэгч Д.О******* нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/43 дугаар тушаалаар архивын үзлэгт бэлтгэх комиссын даргаар томилогдсон боловч ээлжийн амралтаа авч алга болсон. Үргэлжлүүлээд өвчтэй гээд ажилдаа ирээгүй, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн архивын улсын үзлэгийн үеэр ёс зүйн зөрчил гаргасан тул акт үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.О******* нь Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар тус хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдож[5], 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/70 дугаар тушаалаар тус албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.[6]

 

Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/70 дугаар тушаалын тухайд:

Маргаан бүхий А/70 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/127 дугаар тушаалуудыг үндэслэн гаргасан нь хариуцагчаас гаргаж буй тайлбарт нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

1. Төрийн байгууллагын бүтэц, орон тооны бүдүүвчийг шинэчлэн баталсан нь тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа бүх ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн бол хасагдсан орон тоо, цөөрүүлсэн ажилтны тухайд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ёстой байдаг. Гэтэл Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь Хөдөлмөрийн сайдын А/127 дугаар тушаал гарахаас өмнө 14 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд шинэ бүтцээр энэ тоо өөрчлөгдөөгүй, харин албан тушаалын нэрийг өөрчилж гүйцэтгэх чиг үүргийг харилцан шилжүүлсэн байна.

Харин нэхэмжлэгч Д.О*******ын өмнө эрхэлж байсан Хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлого хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн-ий ажлын байрны орон тоо хасагдаагүй болох нь Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар[7] нотлогдож байна..

Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална, 15.1.2 Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж заасан байх тул Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн-ий ажлын байрны орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т Энэ хуулийн 40.1.1. -д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасан байх тул Д.О*******ыг Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох үндэстэй байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орж ажиллаж буй албан хаагчдад туршилтын хугацаа тогтоох тухай заалт байх тул төрийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөхөд баримталсан нь буруу байна.

 

Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн Б/16 дугаар тушаалын тухайд:

Хариуцагчаас Д.О*******ыг архивын үзлэгт бэлтгэх үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй учраас албан тушаал бууруулж Сум /баг/ хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн-ээр томилсон гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий Б/16 дугаар тушаалд архивын улсын үзлэгийн дүн, түүнтэй холбоотойгоор хариуцлага тооцсон эсэх тухай дурдаагүй, тусгайлсан зохицуулалттай буюу төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах харилцаанд холбогдох хуулийг баримтлаагүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх төдийгүй архивын үзлэг нь тус хэлтэс дээр маргаан бүхий Б/16 дугаар тушаал гарсны дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр явагджээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Д.О******* нь архив, албан хэрэг хөтлөлтийн шалгалтын үеэр төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул албан тушаал бууруулж, улмаар чөлөөлсөн гэж тайлбайрлаж байх боловч архивын шалгалт нь Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр явагдсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар[8], Хэлтсийн ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэл[9], Багануур дүүргийн Прокурорын газрын прокурорын 575 дугаар тогтоолоор[10] тус тус тогтоогдож байх тул маргаан бүхий Б/16 дугаар тушаалын үндэслэл болох /цаг хугацааны хувьд/ боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзсан тул Д.О******* нь төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн эсэхэд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.О*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/70, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалуудын Д.О*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгон, Д.О*******ыг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/70, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалуудын Д.О*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.О*******ыг өмнө эрхэлж байсан Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Д.О*******ын ажилгүй байсан 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ныг хүртлэх хугацааны цалин хөлс 3.921.914 /гурван сая есөн зуун хорин нэгэн мянга есөн зуун арван дөрвөн/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ