Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2016/0293

 

Д.Одмандахын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Одмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Одмандахын нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Одмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/70, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16, Б/17, А/69, А/71 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын 0209923 тоот дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, Б0160346 тоот эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, хууль тогтоомж зөрчсөн Ш.Ижилбаярт хариуцлага хүлээлгэж өгнө үү

Ш.Ижилбаяр нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 тоот тушаалаар хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн хийхдээ тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Одмандах миний биеийг ямар чүндэслэлгүйгээр албан тушаал бууруулан "Хороо хариуцсан мэргэжилтэн"-ээр томилж шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн сайдын 2015 оны "Аймаг нийслэлийн дүүргийн хэлтсийн дүрэм, бүтэц орон тоог батлах тухай" 127 тоот тушаалаар баталсан бүтэц хийх бүдүүвчинд миний эрхэлж буй ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д "Албан тушаал тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн", 23.1.2-т "Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон" тохиолдолд байгууллага, ажил олгогчийн санаачлагаар ажил, албан тушаал бууруулахаар тогтоож өгсөн хуулийн заалтыг баримтлаагүй зөрчсөн.

Хороо хариуцсан мэргэжилтнээр томилоод тун удалгүй 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 тоот тушаалаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах хууль бус шийдвэр гаргалаа.

Ёс зүйн хорооны хурлаар ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлт гэгчийг үндэслэсэн байна. Ш.Ижилбаярын гомдлоор Хөдөлмөрийн хэлтсийн дэргэдэх "Ёс зүйн хороо" хуралдсан гэх боловч, бичгээр гаргасан гомдол байхгүй, ажлын бус шөнийн цагаар хуралдсан, миний биеийг оролцуулж тайлбар мэдээлэл аваагүй.

Ш.Ижилбаяр нь Б/16 тушаалаар Хэлтсийн ахлах мэргэжилтнээр төрийн албаны шалгалт өгч, тангараг өргөөгүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй, Л.Мөнгөнцэцэгийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг зөрчсөн гэжээ.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: Нэхэмжлэлийн шаардлага бол А/70, Б/16 тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлага байгаа. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/71, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 дугаар тушаал, хууль тогтоомж зөрчсөн Ш.Ижилбаярт хариуцлага хүлээлгэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзлаа.. гэжээ.

Хариуцагч Багануур дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...А/70 дугаартай "Албан тушаалаас чөлөөлөх тухай" тушаал гаргасан. Энэ тушаал нь бүтэц орон тоог шинэчлэн батлахын тулд Хөдөлмөрийн хэлтсийн нийт 14 албан тушаалтныг чөлөөлсөн тушаал байгаа юм. Энэхүү тушаалын үр дүнд нэхэмжлэгч Д.Одмандахын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна гэж үзэж байна.

Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр архивын улсын үзлэг ирэхээр төлөвлөгдсөн байсан бөгөөд нэхэмжлэгч Д.Одмандах нь ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон байсан. Архивын улсын үзлэг ирэх бэлтгэлийг хангаагүй буюу ажлын байрны зорилго, зорилтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй.Үүнээс үүдэн нэхэмжлэгч Д.Одмандахыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг удирдлага болгон Хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлого хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас Сум /баг/ хороонд хөдөлмөрийн эрхлэлтийн асуудал хариуцсанмэргэжилтэн болгож албан тушаал бууруулсан.

Хөдөлмөрийн хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 2015 оны 09дүгээр сарын 21-ний өдөр төрийн жинхэнэ албанаас халагдаж, хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч Д.Одмандахыг буцаан томилох боломжгүй, эрх зүйн үр дагавар үүсэх боломжгүй байна. гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Одмандахын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/70, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалуудын Д.Одмандахад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Одмандахыг өмнө эрхэлж байсан Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Д.Одмандахын ажилгүй байсан 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацааны цалин хөлс 3.921.914 /гурван сая есөн зуун хорин нэгэн мянга есөн зуун арван дөрвөн/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Хариуцагч Багануурдүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн гомдлыг гаргаж байна.

Шүүх нь нэхэмжлэгч Д.Одмандахыг ажлаас үндэслэлгүй халсан эсэх тухай хэргийн холбогдох үйлбаримтыг хууль зүйн хүрээнд үнэлж, дүгнээгүй байна. Учир нь нэхэмжлэгч Д.Одмандах нь Багануур дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б17 тоот дугаартай "Д.Одмандахыг ажлаас халах тухай" тушаалаар ажлаас халагдсан болно. Гэтэл шүүх хуралдааны явцад Багануур дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний А 70 тоот "Албантушаалаас чөлөөлөх тухай", 2015 оны 9-р сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалын хүрээнд хэргийнматериал судлагдаж, шийдвэрлэсэн байдаг.

Энэ талаар 118 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/70 дугаар тушаалын тухайд. ...Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалын тухайд ... гэж онцлон дүгнэлт хийсэн байдаг боловч нэхэмжлэгч Д.Одмандахыг ажлаас халсан тушаал болох2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б17 тоот дугаартай "Д.Одмандахыг ажлаас халах тухай" тушаалыг хууль зүйн талаас үнэлж, дүгнээгүй байна. Энэ нь хэргийг бүхэлдэнэ, бүрэн дүүрэн судалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, зарим нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг зөрчсөн, биелэгдэх боломжгүй шүүхийн шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/127 дугаар тушаалаар Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулж, хариуцагч Багануур дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/69 дүгээр тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, улмаар 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/70 дугаар тушаалаар нийт ажилчдаа чөлөөлж, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар зарим ажилчдыг томилохдоо нэхэмжлэгч Д.Одмандахын эрхэлж байсан Хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн-ий орон тоонд томилолгүй, албан тушаал бууруулж Сум /баг/ хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн-ээр томилсон бөгөөд 6 хоногийн дараа 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиагүй, ажлаа хангалтгүй биелүүлсэн гэх зэрэг шалтгаанаар халжээ.

Шүүх нэхэмжлэгч Д.Одмандахын гаргасан Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны Б/16, А/70, А/71 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, мөн даргын Д.Одмандахыг ажлаас халах тухай Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, хууль ёсны эрхийг сэргээлгэх шаардлага гаргасан, 02 дугаар сарын 12-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр дээрх шаардлага, үндэслэлээ тодруулж ... Б/16, Б/17, А/70, А/71 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулж, хуучин ажиллаж байсан ахлах мэргэжилтний албан тушаалдаа ажиллах хүсэлтэй байна гэж тайлбарлажээ. Гэтэл шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б/17, Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээс татгалзсан, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг бичгээр авч, татгалзсаны үр дагаврыг тайлбарлан, баримтад гарын үсэг зуруулсан боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 41 дүгээр зүйлд зааснаар шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн Б/17, Б71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Одмандах, түүний өмгөөлөгч С.Сэргэлэн нар нь эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй гэсэн атлаа ажлаас халсан Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нь ойлгомжгүй байхад шүүх энэ талаар тодруулалгүй тухайн албан тушаалд Д.Одмандахыг эгүүлэн томилсон нь биелэгдэх боломжгүй шийдвэр болсон байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхээс Д.Одмандахын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулж үнэлэн хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                        Н.ХОНИНХҮҮ 

ШҮҮГЧ                       Э.ЛХАГВАСҮРЭН

 ШҮҮГЧ                      С.МӨНХЖАРГАЛ