Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2017/0020

 

Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Энхжаргал, Г.Батсүрэн, Д.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавхлан, Ш.Нямдулам нарыг оролцуулан хийж,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 883 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Батсүрэн нарын нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яам болон “Авто тээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Зам тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т холбогдуулан “Төрийн жинхэнэ албан хаагч Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарыг төрийн албанаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхгүй байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГазарт даалгах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.2. 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 24.4, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.6.9 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн жинхэнэ албан хаагч Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарыг төрийн албанаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхгүй байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, тэдгээрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 883 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан иргэн Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох захиргааны хэргийг тус шүүх хянан хэлэлцээд, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.2, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 24.4, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.6.9 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, төрийн жинхэнэ албан хаагч Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарыг төрийн албанаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхгүй байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, тэдгээрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгахаар шийдвэрлэсэн.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд 2012 оны 08 дугаар сард өөрчлөлт орсонтой холбогдуулан УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 14 дүгээр тогтоолоор авто тээврийн хяналтын улсын байцаагч нар ажилладаг байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар татан буугдсан.

Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 06 дугаар тогтоолын 3-т “татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагийн албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт тухайн асуудлыг хариуцсан яамны мэдэлд шилжүүлсүгэй” гэж заасны дагуу татан буугдсан агентлагт ажиллаж байсан албан хаагчдыг Зам, тээврийн яамны мэдэлд шилжүүлэн авч, цалинг олгож байсан. Мөн тогтоолын 4.1-т “яамны мэдэлд шилжин ирсэн албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулах” гэж, 4.3-т “яам, Засгийн газрын агентлагийн хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг улсын үйлдвэрийн газар, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар санал боловсруулан Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр Засгийн газарт оруулах” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулсны үндсэн дээр Зам, тээврийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан хаагчдыг шилжүүлэх тухай” 06 дугаар тушаалаар аймгуудын Тээвэр, авто замын газарт, Зам, тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв хооронд байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Авто тээврийн хяналтыг хамтран хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай” гэрээгээр Авто тээврийн үндэсний төвийн мэдэлд авто тээврийн хяналтын улсын байцаагчдыг тус тус шилжүүлэн ажиллуулсан байдаг. Тухайлбал, Г.Батсүрэн нь Дархан-Уул аймгийн Тээвэр, авто замын газарт, Д.Батсайхан, Д.Энхжаргал нар нь Төв аймгийн Тээвэр, авто замын газарт авто тээврийн хяналтын улсын байцаагчаар тус тус ажиллаж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоол батлагдах хүртэл аймгуудын Тээвэр, авто замын газрын орон тооны дээд хязгаарыг Зам, тээврийн сайдын тушаалаар баталж, төсвийг нь Зам, тээврийн сайдын багцаас санхүүжүүлдэг байсан.

Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол батлагдсанаар төрийн албанд ажиллаж байсан улсын байцаагч нар хууль ёсны эрх ашгийг хөндөж, авто тээврийн салбарын хяналтыг алдагдуулан, олон жил төрийн албанд ажилласан улсын байцаагч нарын тогтвортой ажиллах нийгмийн баталгаа болон тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй болгосон шийдвэр болсон тул үүссэн нөхцөл байдлыг арилгах зорилгоор өмнөх Засгийн газарт тус яамнаас удаа дараа санал тавьж байсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй. /Хэрэгт авагдсан материалуудаас тодорхой харагдана/.

Хэдийгээр тус яамнаас 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/72 тоот албан бичгээр тогтоолын төсөлд аймгуудын Тээвэр, авто замын газрыг хэвээр үлдээн ажиллуулахаар санал өгсөн боловч санал тусгагдалгүйгээр уг тогтоол батлагдсан байдаг.

Засгийн газрын 2015 оны “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолын 3.2-т аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг-Тээвэр, авто замын газрыг “Авто тээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулахаар зохицуулсан.

Энэхүү тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг-Тээвэр, авто замын газарт ажиллаж байсан авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болох Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарыг “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт харьяалуулан ажиллуулахаар заасан байна.

Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолыг үндэслэн Г.Батсүрэнг Дархан-Уул аймгийн Тээвэр, авто замын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тушаалаар, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарыг Төв аймгийн Тээвэр, авто замын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тушаалаар “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын мэдэлд шилжүүлсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг /11 дүгээр нүүр/-т “Төв аймгийн Тээвэр, авто замын газрын даргын 2015 оны 06 дугаар тушаалаар Д.Батсайхан, Д.Энхжаргал нарыг, Дархан-Уул аймгийн Тээвэр, авто замын газрын даргын 2015 оны 10 дугаар тушаалаар Г.Батсүрэнг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т шилжүүлсэнээс өөрөөр эдгээр иргэдийг бүтцийн өөрчлөлтийн улмаас төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр огт гараагүй байна” гэсэн нь Зам, тээврийн хөгжлийн яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй асуудал юм.

Учир нь Дархан-Уул аймгийн болон Төв аймгийн Тээвэр, авто замын газрын дарга нар улсын байцаагч нарыг шилжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасныг үндэслэн Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх ёстой байсан.

Авто тээврийн хяналтын улсын байцаагч нарыг “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын мэдэлд шилжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг үндэслээгүй, нэр бүхий авто тээврийн байцаагч нарыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөөгүй нь Дархан-Уул аймгийн болон Төв аймгийн Тээвэр, авто замын газрын дарга нарын хууль бус эс үйлдэл юм.

Тэгээд ч Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нар нь “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 03 дугаар 18-ны өдрийн “Автотээврийн хяналтын байцаагч ажиллуулах тухай” 6/97 дугаар тушаалаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа автотээврийн хяналтын улсын байцаагч нар нь төрийн жинхэнэ албан хаагч биш юм.

Гэтэл авто тээврийн байцаагч нарыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөөгүй Дархан-Уул аймгийн болон Төв аймгийн Тээвэр, авто замын газрын дарга нарын хууль бус эс үйлдлийн өмнөөс Зам, тээврийн хөгжлийн яам хариуцлага хүлээх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэж заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай” 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг мөрддөг бөгөөд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нар нь энэхүү журмын үйлчлэлд хамаарахгүй юм.

“Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4.7-д заасны дагуу ... үндсэн цалингийн 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоход бэлэн байгаа” гэсэн тайлбар болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас Г.Батсүрэн, Д.Батсайхан, Д.Энхжаргал нарт нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүйгээс гадна буцалтгүй тусламж олгох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй зэргийг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 883 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Д.Батсайхан 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, Д.Энхжаргал 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, Г.Батсүрэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байна.

Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар тушаалаар Г.Батсүрэнг Дархан-Уул аймгийн Тээвэр, авто замын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчийн, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 290 тоот тушаалаар Д.Батсайханыг Төв аймгийн Тээвэр, авто замын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчийн, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 344 дүгээр тушаалаар Д.Энхжаргалыг Төв аймгийн Тээвэр, авто замын газрын автотээврийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд тус тус томилогдсон байна.

Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т нэгтгэн зохион байгуулсантай холбогдуулан Төв аймгийн тээвэр, авто замын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тушаалаар Д.Батсайхан, Д.Энхжаргал нарыг, Дархан-Уул аймгийн Тээвэр, авто замын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тушаалаар Г.Батсүрэнг “Авто тээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т шилжүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Батсайхан, Д.Энхжаргал, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Батсүрэн нарт автотээврийн улсын байцаагчийн эрх олгогдсон, уг эрхийг нэхэмжлэгч нар “Авто тээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т шилжин ажиллах хугацаандаа ч хэрэгжүүлж ирсэн байна

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж нь Зам тээврийн яамны 2015 оны төсөвт нэхэмжлэгч тус бүрт олгогдохоор төлөвлөгдөн холбогдох байгууллагуудад хүргэгдэж, улмаар тухайн жилийн төсөвт нь тусгагдаж байжээ. Эдгээр тусламжийн хөрөнгө нь Засгийн газрын 55 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Зам тээврийн яамны төсвөөс буцаан татагдсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан байна.

Нэхэмжлэгч нар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдэг үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ 2015 оноос “Авто тээврийн үндэсний төв” ААТТӨҮГ, Зам тээврийн яам зэрэг байгууллагад удаа дараа гаргаж байжээ.

“Авто тээврийн үндэсний төв” ААТТӨҮГ нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нарыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гараагүй, авто тээврийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн байгаагаас үзэхэд  Төрийн албаны тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаа болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх арга журмыг зааж өгөөгүй учир шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэж дүгнэв.

Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Бүтэц, зохион байгуулалтын зардлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 281 дүгээр тогтоолоор байгууллага нь татан буугдсан, чиг үүрэг нь орон тооны хамт цомхтгогдсоны улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг 2015 оны улсын төсвийн зохих эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Сангийн сайдад даалгаж байснаас үзэхэд 2015 онд тэтгэвэр тогтоолгох насан хүрсэн гэдэг үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх нөхцөл хангасан, нэг удаагийн буцалтгүй тусламж нь Зам тээврийн яамны төсөвт тусгагдсан байсан Д.Батсайхан, Д.Энхжаргал, Г.Батсүрэн нарын хүсэлтийг хариуцагч Зам тээврийн яам шийдвэрлэх боломжтой байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Д.Батсайхан, Д.Энхжаргал, Г.Батсүрэн нарт олгогдох ёстой нэг удаагийн буцалтгүй тусламжийг хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын дагуу төсвийн зарим байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдон мөн оны 281 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмж, тусламжийг Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар шийдвэрлэх үүрэг хүлээсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яамтай Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар хамтран ажиллах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь шаардлагатай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 883 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-ыг баримтлан нэхэмжлэгч Д.Батсайхан, Д.Энхжаргал, Г.Батсүрэн нарт Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг Засгийн газрын 2015 оны 281 дүгээр тогтоолд заасан арга журмаар шийдвэрлэхийг хариуцагч Зам тээврийн яаманд даалгасугай.” гэсэн 2 дахь заалт нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4 болгон өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГ