Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 883

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Зам тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т холбогдуулан “Төрийн жинхэнэ албан хаагч Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарыг төрийн албанаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхгүй байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б*******, Д.Б*******, Д.Э*******, нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгч С.Ц*******, хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н*******, Д.Ж*******, хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б*******, Д.Б*******, Д.Э*******, тэдгээрийн өмгөөлөгч С.Ц******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Б******* миний бие нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар Дархан-Уул аймгийн Тээвэр, авто замын газарт ажиллах авто тээврийн хяналтын улсын байцаагчаар буюу төрийн захиргааны албан хаагчаар 36 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа ба энэ жил 61 нас хүрэх гэж байна. 

Иргэн Д.Б******* миний бие Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 40 тоот тушаалаар тээвэр зохицуулагч, авто тээврийн улсын байцаагчаар буюу төрийн захиргааны албан хаагчаар 36 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа ба энэ жил 61 нас хүрсэн.

Иргэн Д.Э******* миний бие өнөөдрийг 2000 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 30 тоот тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газарт авто тээврийн хяналтын улсын байцаагчаар буюу төрийн захиргааны албан хаагчаар 36 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа ба энэ жил 56 нас хүрсэн.

Засгийн Газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт аймгийн Засаг Даргын дэргэдэх агентлаг Тээвэр, авто замын газрыг “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т нэгтгэн зохион байгуулсан.

Үүний дагуу төрийн жинхэнэ албан хаагч болох авто тээврийн улсын байцаагч Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* бид нарыг буюу Г.Б*******г Дархан-Уул аймаг дахь Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа ба Д.Б*******, Д.Э******* бид 2 Авто Тээврийн Үндэсний Төвд авто тээврийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна.

Ингээд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болох Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* бид гурав 2015 онд Төрийн албаны тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн ба төрийн жинхэнэ албан хаагчид 1 удаагийн буцалтгүй тусламж олгох, түүнийг авах болзол хангасан байсан ба Зам, тээврийн яамны 2015 оны жилийн төсөвт уг тусламжийн мөнгө хуулийн дагуу тусгагдсан байсан.

Бид өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үеэс Авто тээврийн үндэсний төвд тэтгэвэрт гарах болон төрийн жинхэнэ албан хаагчид 1 удаагийн буцалтгүй тусламж олгох хүсэлт гаргасан боловч боломжгүй гэх хариу өгсөн тул, Сангийн яам, Зам тээврийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл, гомдол гаргаж байсан ч тодорхой хариу өгөөгүй болно.

Ингээд Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.С*******т хандаж өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* бид нар төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгож өгнө үү гэж өргөдөл гаргасан.Үүний дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ХЭГ/923 албан тоотоор Зам Тээврийн Сайд М.З*******од хүсэлтийг шилжүүлсэн.

Уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар удаа дараа Зам тээврийн яамны хуулийн мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтантай уулзахад албан ёсоор хариу өгөхгүй байсан хэрнээ 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02/2821 албан тоотоор мөн л боломжгүй гэх хариу гарсан тухай 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцсан ба, хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тэтгэвэрт гарах болзол хангасан төрийн албан хаагч нарыг аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар нь тэтгэвэрт гаргах эрх бүхий субъект биш учраас Төрийн захиргааны төв байгууллага нь шийдвэрлэж, буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

Нэхэмжлэгч нарыг төрийн албанаас чөлөөлөөгүй учир төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн дарга тушаал гарган төрийн албанаас чөлөөлөх эрхгүй. Ийм учраас авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах нь зүйтэй гэж үзсэн. 

Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолын 3.2-т аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг Тээвэр, авто замын газрыг Авто, тээврийн үндэсний төв аж ахуйн тооцоотой төрийн өмчийн газарт нэгтгэн зохион байгуулсан.

Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болох Л.Б*******, Д.Б*******, О.Э******* нар 2015 онд Төрийн албаны тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн. Төрийн жинхэнэ албан хаагчид 1 удаагийн буцалтгүй тусламж олгох, түүнийг авах болзол хангасан. Үүний дагуу Зам, тээврийн яамны 2015 оны жилийн төсөвт уг тусламжийн мөнгө хуулийн дагуу тусгагдсан байсан.

Эдгээр иргэд өндөр насны тэтгэвэр гарах эрх үүссэн үеэс Авто тээврийн үндэсний төвд тэтгэвэрт гарах болон төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хүсэлтийг Авто тээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хороонд удаа дараа гаргаж байсан. Өнөөдрийн байдлаар тодорхой хариу өгөөгүй.

Мөн Монгол улсын Ерөнхий сайд Ч.С*******т хандаж төрийн жинхэнэ албан хаагчид 1 удаагийн буцалтгүй тусламжийг олгож өгнө үү гэсэн өргөдлийг гаргасан. Үүний дагуу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ХЭГ/922 дугаар албан бичгээр Зам тээврийн сайд н.З*******од хүсэлтийг шилжүүлсэн байдаг.

Уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Зам тээврийн яамны эрх бүхий албан тушаалтантай уулзахад албан ёсоор хариу өгөөгүй. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02/2821 дүгээр албан бичгээр боломжгүй гэсэн хариу өгсөн. Уг хариуг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Нэхэмжлэгч Л.Б*******г шилжүүлсэн тушаалд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Дархан-Уул аймгийн Тээвэр авто замын газрын 10 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалт, Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол, Зам, тээврийн сайдын 2015 оны 65 дугаар тушаал, Төрийн өмчийн хорооны 2015 оны А/61 дүгээр тушаал, “Авто тээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-ын захирлын 2015 оны А/37 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2015 оны А/84 дүгээр захирамжийг үндэслэн тушаах нь гээд бүтцийн өөрчлөлтөд хамрагдах болсонтой холбогдуулан тус газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Л.Б*******г “Авто тээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т шилжүүлсүгэй гэж заасан байгаа. Тушаалд төрийн албанаас чөлөөлсүгэй гэсэн үг байхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч нар нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч хэвээр бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу авто тээврийн хяналтыг Монгол улсад төрийн өмнөөс хэрэгжүүлж байна. Эдгээр төрийн албан хаагч нарыг шилжүүлэхдээ Зам, тээврийн яамны зүгээс хууль бус байдлаар шилжүүлсэн. “Авто тээврийн үндэсний төв” ААТТӨҮГ нь төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх эрх бүхий сүьбект биш. Иймд авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. 

Нэхэмжлэгч Д.Б*******, О.Э******* нарт холбогдох тушаал, нийгмийн даатгалын дэвтрийг харахад Зам, тээврийн хөгжлийн яаманд шилжүүлсэн байдаг. 

Иймд төрийн жинхэнэ албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн Л.Б*******, Д.Б*******, О.Э******* нарыг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж, Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Зам тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т даалгаж өгнө үү. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нарыг төрийн албанаас чөлөөлсөн тушаал гараагүй, шилжүүлэн ажиллуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н*******, Д.Ж******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт төрийн захиргааны албан тушаалд ямар ямар албан тушаал хамаарахыг заасан байдаг.

Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нар нь “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-ын  захирлын 2016 оны 3 дугаар 18-ны өдрийн “Автотээврийн хяналтын байцаагч ажиллуулах тухай” Б/97 дугаар тушаалаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа автотээврийн хяналтын улсын байцаагч нар нь төрийн жинхэнэ албан хаагч биш юм. 

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2 дахь хэсэгт “Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэж заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай” 405 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг мөрддөг. 

2012 оны 8 дугаар сард Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 14 дүгээр тогтоолоор авто тээврийн хяналтын улсын байцаагч нар ажилладаг байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар татан буугдсан. Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 06 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагийн албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт тухайн асуудлыг хариуцсан яамны мэдэлд шилжүүлсүгэй” гэж заасны дагуу татан буугдсан агентлагт ажиллаж байсан албан хаагчдыг Зам, тээврийн яамны мэдэлд шилжүүлэн авч, цалинг олгож байсан.

Мөн тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Яамны мэдэлд шилжин ирсэн албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулах”, 4.3 дахь хэсэгт “Яам, Засгийн газрын агентлагийн хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг улсын үйлдвэрийн газар, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар санал боловсруулан Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр Засгийн газарт оруулах” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулсны үндсэн дээр Зам, тээврийн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан хаагчдыг шилжүүлэх тухай” 06 дугаар тушаалаар аймгуудын Тээвэр, авто замын газарт, Зам, тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв хооронд байгуулсан 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “Авто тээврийн хяналтыг хамтран хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай” гэрээгээр Авто тээврийн үндэсний төвийн мэдэлд авто тээврийн хяналтын улсын байцаагчдыг тус тус шилжүүлэн ажиллуулсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоол батлагдах хүртэл аймгуудын Тээвэр, авто замын газрын орон тооны дээд хязгаарыг Зам, тээврийн сайдын тушаалаар баталж, төсвийг нь Зам, тээврийн сайдын багцаас санхүүжүүлдэг байсан. Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол батлагдсанаар “Авто тээврийн тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллагууд Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан тэдгээрт авто тээврийн хяналтын улсын байцаагчийг ажиллуулж болно”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх...”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Улсын байцаагч Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана” гэж заасныг тус тус зөрчиж, олон жил төрийн албанд ажилласан улсын байцаагч нарын тогтвортой ажиллах нийгмийн баталгаа болон тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Хэдийгээр тус яамнаас 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01/72 тоот албан бичгээр тогтоолын төсөлд аймгуудын Тээвэр, авто замын газрыг хэвээр үлдээн ажиллуулахаар санал өгсөн боловч санал тусгагдалгүйгээр уг тогтоол батлагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл уг тогтоол нь төрийн албанд ажиллаж байсан улсын байцаагч нар хууль ёсны эрх ашгийг хөндөж, авто тээврийн салбарын хяналтыг алдагдуулан, улсын хяналтын байцаагч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл, бололцоог боогдуулсан шийдвэр болсон тул үүссэн нөхцөл байдлыг арилгах зорилгоор өмнөх Засгийн газарт тус яамнаас удаа дараа санал тавьж байсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй байна.

Засгийн газрын 2015 оны “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг Тээвэр, авто замын газрыг “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т нэгтгэн зохион байгуулахаар зохицуулсан.

Энэхүү тогтоолоор авто тээврийн хяналтын улсын байцаагч нарыг харьяалан ажиллуулах асуудал тодорхойгүй болсон ба тус яамнаас эдгээр улсын байцаагч нарын асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд авто тээврийн хяналтыг хуульд заасантай нийцүүлж, тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бололцоог хангахын тулд тус яамны зүгээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 

“Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-ын төрийн хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэх эрх хуулиар олгогдоогүй тул улсын байцаагчдийг ажилд томилох боломжгүйд хүрч “Авто тээврийн хяналтыг хамтран хэрэгжүүлэх тухай” 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 019, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаар гэрээг “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-тай тус тус байгуулан тус үйлдвэрийн газар авто тээврийн хяналтын улсын байцаагчдыг цалинжуулан ажиллуулж байна.

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03/3570 тоот албан бичгээр аймгуудын татан буугдсан Тээвэр, авто замын газруудад ажиллаж байсан, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 2015 онд тэтгэвэрт гарах байсан 15 ажилтны нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардалд 203.65 сая төгрөг Зам, тээврийн сайдын төсөвт тусгагдаагүй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч Сангийн яаманд хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэгдээгүй.

Зам, тээврийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн 01/911 тоот албан бичгээр аймгуудын Тээвэр, авто замын газрын авто тээврийн улсын байцаагчдыг Зам, тээврийн яамны харьяанд шилжүүлэн авч ажиллуулах тогтоолын төсөлд Засгийн газрын гишүүдээс санал авсан.

Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүд дэмжиж байсан боловч Хууль зүйн сайд “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх, гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэхээр заасантай тус тус нийцэхгүй байна.

Засгийн газрын 55 дугаар тогтоолын 9 дэх хэсэгт “Аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто замын тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны 1 ажилтныг аймгийн Засаг даргын Тамгын газарт батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж ажилуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай” гэж үүрэг болгосны дагуу зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй гэж, Сангийн сайд авто тээврийн улсын байцаагчдын орон тоо, чиг үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлэх агуулгаар Засгийн газрын тогтоолын төслийг шинэчлэн боловсруулах нь зүйтэй гэсэн тус тус санал ирүүлсэн. 

Дээрх саналын дагуу Зам, тээврийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/4239 тоот албан бичгээр Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор аймгуудын Тээвэр, авто замын газраас “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т шилжин ажиллаж буй авто тээврийн улсын байцаагчдыг Нийслэлийн тээврийн газар, аймгуудын Засаг даргын Тамгын газрын харьяанд шилжүүлэн авч ажиллуулах тогтоолын төсөлд Засгийн газрын гишүүдээс санал авсан. Тогтоолын төслийг Засгийн газрын бусад гишүүд дэмжиж, Сангийн сайд “Хэрэв тогтоолын төсөлд зааснаар “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-аас 64 орон тоог аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлбэл 769,0 сая төгрөгийн нэмэлт зардлыг ирэх жилийн төсөвт нэмж тусгах боломж процедурын болон эдийн засгийн чадавхийн хувьд боломжгүй гэдгийг анхаарна уу” гэж санал ирүүлсэн. 

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан орон тооны хязгаар, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тушаалаар батлагдсан ажлын байрны жагсаалт, орон тоонд багтаан 2016 он болон 2017 оны жилийн төсөв, санхүүжилтийг шийдвэрлэсэн тул Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарыг тус яаманд авто тээврийн хяналтын улсын байцаагчаар томилон, тэдний нэхэмжлэлдээ дурдсан Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг яамны төсвөөс гаргах боломжгүй юм.

Монгол улсын Засгийн газрын тухай хуульд төрийн зарим чиг үүргийг төрийн бус болон төрийн бусад байгууллагаар гүйцэтгүүлж болно гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нарыг хуулийн дагуу шилжүүлэн ажиллуулсан тул хууль зөрчсөн асуудал байхгүй юм.

Иймд Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарт нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүйгээс гадна буцалтгүй тусламж олгох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй тул Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-ын үйл ажиллагаа Төсвийн тухай хуулиар зохицуулагддаггүй, өөрийн үйл ажиллагаанаас санхүүждэг аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдаж Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу тэтгэмж, тусламж олгодог. 

Мөн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Зам, тээврийн яамтай автотээврийн хяналтыг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулан автотээврийн хяналтын улсын байцаагч нартай гэрээ байгуулан ажиллаж байна.

Тус үйлдвэрийн газар нь автотээврийн хяналтыг хамтран хэрэгжүүлэх гэрээний 3.3 дахь хэсэгт “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-ын дотоод журамд заасны дагуу тусламж үзүүлнэ гэж заасан бөгөөд хөдөлмөрийн дотоод журам 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь хэсэгт Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтанд 3 сар, харин улсад болон автотээврийн системд 20-оос дээш жил ажилласан бол үндсэн цалингийн 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу тэтгэмж, тусламж олгоход бэлэн байгаа. Иймд “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нар нь Зам тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т холбогдуулан “Төрийн жинхэнэ албан хаагч Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарыг төрийн албанаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхгүй байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 1 дугаар сарын 7-ны өдрийн 06 дугаар тушаалаар  Г.Б*******г Дархан-Уул аймгийн Тээвэр, авто замын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчаар, 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 290 тоот тушаалаар  Д.Б*******ыг Төв аймгийн Тээвэр, авто замын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчаар, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 9 дугаар сарын 8-ны өдрийн 344 дүгээр тушаалаар  Д.Э*******ыг Төв аймгийн Тээвэр, авто замын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчаар тус тус томилжээ. 

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолоор  Аймгийн Засаг даргын дэргэдэх-Тээвэр авто замын газрыг “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т нэгтгэн зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангахаар Монгол улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар тушаалын Гурав-ын 3.2 дахь заалтаар аймгуудын татан буугдсан Тээвэр, авто замын газарт ажиллаж байсан ажилтнуудыг шилжүүлэн хүлээн авахыг “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т даалгажээ . 

Зам, тээврийн сайдын дээрх тушаалыг  үндэслэн Төв аймгийн тээвэр, авто замын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тушаалаар  Д.Б*******, Д.Э******* нарыг,  Дархан-Уул аймгийн Тээвэр, авто замын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 10 дугаар тушаалаар Г.Б*******г Авто тээврийн үндэсний төв ААТТӨҮГ-т шилжүүлжээ .

Эдгээр шилжин ирсэн төрийн албан хаагч нартай “Авто тээврийн үндэсний төв” ААТТӨҮГ нь Зам тээврийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар тушаал, Зам тээврийн яам, “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-ын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 019 дугаартай автотээврийн хяналтыг хамтран хэрэгжүүлэх гэрээг үндэслэн Хөдөлмөрийн гэрээ  байгуулан авто тээврийн хяналтын улсын байцаагчаар ажиллуулжээ. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 296 дугаар тушаалаар Г.Б*******д, 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалаар Д.Б*******, Д.Э******* нарт автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрх олгосон  байх бөгөөд байцаагчийн эрх нь цуцлагдаагүй байна . 

Нэхэмжлэгч нарт “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-аас амаар болон бичгээр хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгахгүй талаар мэдэгдлийг хүргүүлжээ .

Нэхэмжлэгч Г.Б******* 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ,  Д.Б******* 2015 оны 6 дугаар сарын 20-ний өдөр , Д.Э******* 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр  тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх бөгөөд уг үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах өргөдлөө 2015 оноос “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ, Монгол улсын Зам тээврийн яам, УИХ-ын өргөдлийн байнгын хороо, Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд зэрэг байгууллага, албан тушаалтнуудад удаа дараа хандан гаргаж байжээ . 

Монгол улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар тушаалын Хоёрын 2.2 дахь заалтаар татан буугдсан Тээвэр, авто замын газруудад ажиллаж байсан 2015 онд тэтгэвэрт гарах ажилтнуудад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яаманд оруулж шийдвэрлүүлэхээр даалгаж байсан байх бөгөөд үүний дагуу Зам, тээврийн яамнаас Сангийн яам болон Засгийн газрын гишүүдэд энэ асуудлыг удаа дараа бичгээр хандаж, хүсэлтээ хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан олон арван албан бичиг, санал хүсэлт, төслийн санал зэргээс  харагдаж байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нарын нэг удаагийн буцалтгүй тусламж нь 2015 онд төсөвт суугдсан  байсан ба дээр дурдсан саналуудад байцаагч бүрээр тэтгэмжийг тусган  хавсралтаар холбогдох байгууллагуудад хүргүүлж байжээ. 

Дээрх нөхцөл байдлуудаас харахад хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам өөрийн үйлдлээрээ нэхэмжлэгч нарыг тэтгэвэрт гарах үндэслэлээр чөлөөлж, тэтгэмжийг олгох асуудал дээр чармайлт гарган ажиллаж байжээ гэж харагдаж байна. 

Гэтэл нэхэмжлэгч нарыг төрийн жинхэнэ албан хаагч биш болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

Учир нь Төв аймгийн тээвэр, авто замын газрын даргын 2015 оны 06 дугаар тушаалаар  Д.Б*******, Д.Э******* нарыг,  Дархан-Уул аймгийн Тээвэр, авто замын газрын даргын 2015 оны 10 дугаар тушаалаар Г.Б*******г “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т шилжүүлсэнээс өөрөөр эдгээр иргэдийг бүтцийн өөрчлөлтийн улмаас төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр огт гараагүй байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэгч нарыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.” гэж заасны дагуу шилжүүлсэн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн уг заалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч өөр байгууллагад шилжин очиж ажиллахад төрийн жинхэнэ албан хаагчаараа ажиллах эрх зүйн зохицуулалттай ажээ.

Иймд нэхэмжлэгч Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гараагүй, Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг-Тээвэр, авто замын газраас эдгээр төрийн жинхэнэ албан хаагч нарыг “Автотээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-т шилжүүлсэн, автотээврийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хуульд заасны дагуу автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрхтэйгээр ажлын байрны тодорхойлолтод  заасан чиг үүргийн дагуу хэрэгжүүлж ажилладаг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд эдгээр иргэд нь төрийн жинхэнэ албан хаагч байна. 

Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Бүтэц, зохион байгуулалтын зардлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 281 дүгээр тогтоолоор байгууллага нь татан буугдсан, чиг үүрэг нь орон тооны хамт цомхотгогдсоны улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг 2015 оны улсын төсвийн зохих эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдад даалгаж байснаас  үзэхэд 2015 онд төрийн албанаас чөлөөлөгдөх Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарын өргөдлийг шийдвэрлэх боломжтой байжээ.

Нэхэмжлэгч Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нар нь төрийн албанаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөхөөр хүсэлтээ удаа дараа гаргасаар байхад Зам, тээврийн хөгжлийн яам шийдвэрлэхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”,  24.1.1. “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;” 24.4. “Төрийн захиргааны албан хаагч нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэнэ.”, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.Төрийн нарийн бичгийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 9.6.9. “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, ...; гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй эс үйлдлийг гаргажээ. 

 Иймд Зам, тээврийн хөгжлийн яамны дээрх үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарыг тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, тэдгээрт Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгаж шүүх шийдвэрлэлээ.

Харин хамтран хариуцагчаар татагдсан “Авто тээврийн үндэсний төв” ААТТӨҮГ нь төрийн жинхэнэ албан хаагч нарыг төрийн албанаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй байсан тул Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан уг хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 24.4, 30 дугаар зүйлийн 30.2, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.6.9 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн жинхэнэ албан хаагч Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарыг төрийн албанаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхгүй байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, Г.Б*******, Д.Б*******, Д.Э******* нарыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, тэдгээрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140400 төгрөгийг улсын төсвөөс, 70200 төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.ӨЛЗИЙЖАРГАЛ