Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/01844

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр                       Дугаар 102/ШШ2024/01844                                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ***************,

Хариуцагч: Баянгол дүүргийн *****************

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний улмаас учирсан хохиролд 35,005,833.95 /гучин таван сая таван мянга найман зуун гучин гурван төгрөг ерэн таван мөнгө/ гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рагчаасүрэн, Л.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одсүрэн, шинжээч Р.Зоригт нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага.

1.1. *************-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Тус байгууллага нь 2020 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу өөрийн харьяа “Соёмбот” цэвэр усны үйлдвэрт зориулан 0,5 л-ийн хуванцар савны бэлдэц худалдан авахаар тендер зарлаж, *************-ийг шалгаруулан 2020 оны 5 дугаар сарын 06-ны 2020/0113 дугаартай гэрээ байгуулан 1,000,000 ширхэг 0,5 л-ийн хуванцар савны бэлдэц, 1,000,000 ширхэг бөглөө нийлүүлэхээр болсон. Гэрээний дагуу бид бүтээгдэхүүн хүлээн авахад тус компаниас дээж болгон хүлээлгэж өгснөөс бусад нийлүүлсэн бэлдэц нь манай үйлдвэрийн стандарт хэмжээнээс 8 мм-ийн богино байсан ба энэ нь бэлдэцийг үлээлгэх явцад ёроол нь цайрах, цоорох, халаагч машинаас гарах үедээ цагаан болж гарч ирэх зэргээр хуванцар лонх үлээлгэх явцад хүндрэлүүд гарч цаг хугацаа алдах, гологдол их хэмжээгээр гарч эхэлсэн. Энэ тухай бид нийлүүлэгч компанид 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 129 тоот албан бичиг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 155 тоот албан бичгүүд болон утсаар тухай бүрд мэдэгдэн, гэрээний 6-д заасны дагуу шаардаж ирсэн боловч одоо болтол шийдэгдэхгүй байна. Иймд бидний зүгээс үйлдвэрлэлийн явцад нэг шуудай буюу 1000 ширхэг бэлдэцнээс 20-25% буюу 200-250 ширхэг хорогдол гарсан нь нийт мөнгөн дүнгээр 30,250,000 төгрөгийн алдагдалд орсон гэж тооцож байгаа тул **************-иас 30,250,000 төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн өөрчилж ихэсгэсэн шаардлагад: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс томилогдсон шинжээчийн нотолсон 194,465 ширхэг хуванцар савны гологдлын үнэ 23,530,265 төгрөг, гологдол болсон хуванцар саванд ашиглах байсан 194,465 ширхэг бөглөөний үнэ 3,850,407 төгрөг /стандартын бөглөө нь худалдаж борлуулах болон үйлдвэрлэлд ашиглах боломжгүй болж хаягдал болсон/, хуванцар савнаас гарсан хорогдлыг үйлдвэрлэхэд ашигласан ажилтны цалингийн тооцоо 1,177,344 төгрөг, хуванцар савнаас гарсан хорогдолд ашиглах байсан шошгоны тооцоо 2,742,918.75 төгрөг, хуванцар савнаас гарсан хорогдлыг үйлдвэрлэхэд ажиллуулсан төхөөрөмжийн зарцуулсан цахилгааны тооцоо 404,899.20 төгрөг, шүүхээс томилогдсон шинжээчийн ажлын хөлс 3,300,000 төгрөг, нийт 35,005,833.95 төгрөгийн алдагдалд орсон гэж тооцож байгаа тул энэ хэмжээгээр хариуцагч ******************-иас гаргуулахаар шаардаж байна...гэжээ.

1.3. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагыг тендерийн дагуу шалгаруулж 1,000,000 ширхэг бэлдэцийг бөглөөний хамт худалдаж авахаар гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлсэн. 2020 оны 6 дугаар сард бэлдэцийг нийлүүлж дууссан. Тухайн жил 2020 оны 12 дугаар сараас ковид гарсан. Тэр үед үйлдвэрлэж байгаад 2021 оны 5 дугаар сард хорио цээр тавигдаад үйлдвэр ажиллаж эхэлсэн. Энэ үеэс цэвэр усны бэлдэцүүд чанарын шаардлага хангаагүй. Ингээд 2021 оны 6, 7 дугаар сард харуицагчид албан бичиг хүргүүлж, чанарын шаардлага хангахгүй байгаа тухай мэдэгдэж байсан. Энэ үед тус компанийн менежер н.Алтангадас гэдэг хүн ирээд “тийм байх ёсгүй дээ, шалгая” гээд ирж 1000 ширхэгийг шалгаж үзэхээр аваад явсан. Гэвч хариу ирээгүй учир бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаахдаа тодруулах асуудлуудыг сайн тодруулж байж шийдэх ёстой гэж буцаад, анхан шатны шүүхээс шинжээч томилсон. Шүүх өөрөө шинжээчийг томилж, бэлдэцийг тоолуулсан. Ингээд шинжээчийн дүгнэлтийг үндэслээд бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ингэхдээ 194,465 ширхэг хуванцар савны бэлдэц байгаагийн үнэ, гологдол болсон хуванцар саванд ашиглагдах байсан бөглөөний үнэ, хуванцар савны хорогдлын үед ажиллах ажилчны хөлс, шошгоны зардал, хорогдлыг үйлдвэрлэхэд ашигласан цахилгааны зардлын тооцоо, шинжээчийн ажлын хөлс зэргийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нийт 35,005,833.95 төгрөгийг шаардана. Манайх энэ бэлдэцийг тухайн үед хэрэглэх боломжгүй байсан. н.Алтангадас 1000 ширхэгийг авч яваад ирээгүй учир доголдлын талаар хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд орлого, зарлагын баримтын талаар дурдсан байгаа. Орчин үеийн шаардлагад нийцүүлээд 330 мг-н төхөөрөмж дээр шинэ төхөөрөмж авчраад шинээр үйлдвэрлэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

            2. Хариу тайлбар.

            2.1. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу нийлүүлэгч нь 0,5 л-ийн савны хуруу шил болон бөглөө тус тус 1,000,000 ширхэгийг нийлүүлэх үүрэг хүлээсний дагуу манай компаниас гэрээ, техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт шаардлагад бүрэн нийцсэн хуруу шил болон бөглөөг нийлүүлснийг талууд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Цэвэр усны савын бэлдэц хүлээн авсан тухай нотломж”-оор баталгаажуулсан байдаг. Тус нотломжид зааснаар “...нийт 1,000,000 ширхэг хуруу шил, 1,000,000 ширхэг бөглөөг 3 удаагийн тээвэрлэлтээр авчирч, байгууллагын агуулахад буулгаж, тоолж хүлээн авсан, ..бэлдэцийг үйлдвэрийн шугамаар оруулахад хэвийн ажиллаж байв, ...магадлан итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүгнэлтийг гаргуулж, нотломжид хавсаргав” гэж тус тус дурдсан. Тус лабораторийн сорилын дүгнэлтийг бид мөн хийлгэж хүлээлгэн өгсөн. Эдгээр нь нийлүүлэгчийн хувьд Гэрээний Тусгай нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж Захиалагчийн холбогдох шалгагчид зохих ёсоор шалгуулж, чанарын шаардлагыг бүрэн хангасан бараа материал нийлүүлснийг нотлох хүчин төгөлдөр баримт бичиг гэж үзэж байна. Гэрээний тусгай нөхцөлийн 2.2-т зааснаар манай зүгээс бараа материалыг үйлдвэрлэснээс хойш 1 жилийн дотор нийлүүлсэн хуруу шил болон бөглөөнд гадны нөлөөлөлгүйгээр чанар байдалд өөрчлөлт гарсан тохиолдолд үнэ төлбөргүй солих үүрэг хүлээсэн. Талуудын хооронд гэрээ байгуулагдсанаар бид үйлдвэртээ гэрээнд заасан тоо хэмжээний дагуу захиалга өгч, улмаар үйлдвэрлэл 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бүрэн дуусгавар болж, ачилт тээвэрлэлт хийгдсэн. Иймд манай зүгээс бараа материалыг сольж өгөх үүрэг нь 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэгч талаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 129 тоот албан бичгээр илгээсэн шаардлагыг бид биелүүлэх хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гомдлын шаардлага гаргах хугацааны дотор нэхэмжлэлд дурдсан манай үйлдвэрийн стандарт хэмжээнээс 8 мм богино байсан зэрэг гологдол, доголдлын талаар бидэнд ямар нэг шаардлага тавиагүй. Гэрээний тусгай нөхцөлийн 7.1-д талууд гэрээний хугацааг тодорхойлсон байдаг. Үүнд гэрээ нь бүрэн бэлтгэж нийлүүлсэн тухай акт бичигдэж, захиалагч төлбөрийг хийж дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасан. Үүний дагуу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Цэвэр усны бэлдэц нийлүүлэх тухай гэрээ дүгнэсэн протоколыг үйлдэж, хариуцагч талын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан. Протоколд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээ 100 хувь хэрэгжсэнийг дурдсан. Өөрөөр хэлбэл, тус гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгавар болсон байна. Хариуцагчийн зүгээс гэрээний тусгай нөхцөлийн 5.2-т заасан үүргийнхээ дагуу барааны чанар байдал, тоо ширхэг, сав баглаа боодлыг нэг бүрчлэн шалгаж, тоолж, хүлээн аваад түүнийгээ дээр дурдсан нотломж болон гэрээ дүгнэсэн протоколоор баталгаажуулсан байтлаа гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсны дараагаар нэхэмжлэлд дурдсан шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

            2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн ихэсгэж өөрчилсөн шаардлагад бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэмэгдүүлсэн шаардлага нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн. Шинжээч зориуд худал мэдээлэл, дүгнэлт гаргасан. Бодит байдалд үзлэгийг хийхдээ нэхэмжлэгчийн агуулахад очиж, хаанаас, хэнээс нийлүүлсэн нь үл мэдэгдэх овоолсон шуудайтай бэлдэцүүдийг гаргаж, жинлэж, хооронд нь харьцуулсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтийн 20 дугаар хуудаст “халаах төхөөрөмжөөс гарахдаа цайрсан байдал” гэсэн нэртэй зураг болон тайлбарууд байх боловч шинжилгээний явцад “халаах төхөөрөмжид хийх” туршилтыг огт хийгээгүй, үйлдвэрийн ямар ч машин төхөөрөмжид оруулсан үйлдэл хийгээгүй. Иймд шинжээч дүгнэлтдээ огт хийгээгүй процесс ажиллагааг хийсэн болгож, зориуд худал мэдээлэл дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлт бүхэлдээ үндэслэлгүй, шалган тогтоох ажиллагаа хийгдээгүй. Дүгнэлтийн 20, 23 дугаар хуудаст “нэг шуудайнд 1000 ширхэг бэлдэц байдаг, үйлдвэрлэлд оруулахад 25 хувь гологдол байсан гэж байв, ...одоо ийм амны хэмжээтэй саваар үйлдвэрлэхээ больсон бусадтай адил стандартаар үйлдвэрлэдэг болсон гэв” гэх зэргээр шинжээч өөрөө шинжлэн судлах ажиллагаа явуулалгүй, нэхэмжлэгч талын хэлсэн үгүүдийг дүгнэлтдээ тусгаснаар энэ доголдолтой сав нь ****************-ийн нийлүүлсэн сав мөн байна гэж дүгнэсэн нь огт үндэслэл, логикгүй дүгнэлт гэдэг нь харагдаж байна. Санхүүгийн бүртгэл, орлого, зарлага, тооцоон дээр эдийн засгийн шинжилгээ хийгээгүй. Шинжээч нь асуулт 3.2, 3.3-т заасан доголдолтой гэх бэлдэцүүд нь **********-иас 2020 оны 6 дугаар сард нийлүүлсэн бараанууд мөн эсэх, 1 жилийн хугацаанд тухайн байгууллага хичнээн бэлдэж орлогодож, хичнээнийг үйлдвэрт оруулсан гэдгийг тогтоох ёстой байсан боловч энэ төрлийн шалган шинжлэх ажиллагааг огт хийгээгүй. Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл, гологдол гарсан бол акталсан баримт зэрэг хэрэгт ч авагдаагүй, шинжээч ч шалган судлаагүй, зөвхөн гэрээний хавсралт, техникийн тодорхойлолтод заасантай ижил бүтээгдэхүүн мөн байна гэж дүгнэсэн. Техникийн тодорхойлолтод заасан ижил төрлийн бүтээгдэхүүнийг Монгол улсын хэмжээнд маш олон нийлүүлэгч компаниуд импортоор оруулж ирж нийлүүлдэг. Иймд техникийн тодорхойлолттой ижил бүтээгдэхүүн гэх үндэслэлээр ****************-ийн нийлүүлсэн бараа мөн, доголдолтой бараа нийлүүлж байсан гэж нотлох үндэслэл болохгүй.

Хариуцагчийн хувьд гэрээний дагуу үүргээ биелүүлж 2020 оны 6 дугаар сард бүх бараагаа доголдолгүй хүлээлгэн өгсөн болохыг нотолсон цэвэр усны савны бэлдэц хүлээн авсан тухай нотломж, лабораторийн дүгнэлт, гэрээ дүгнэсэн протокол зэрэг нотлох баримтууд байсаар байхад тэдгээрийг шинжлэн судлах ажиллагаа хийгээгүй нь шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийх үүргээ хэрэгжүүлээгүй, нэг талыг баримталж ажилласан гэж дүгнэхээр байна. Доголдолтой гэх бэлдэцүүдээ одоо ч гэсэн ашиглаад үйлдвэрлэл оруулаад байгаа нь тогтоогдсон. Учир нь нэхэмжлэгч 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлдээ нийт 1,000,000 ширхэгийг үйлдвэрлэлд оруулахад 250,000 ширхэг буюу 25 хувьд гологдол илэрсэн гэж байсан. Харин шинжээчийн дүгнэлтээр 194,465 ширхэг болж буурсан нь анхны нэхэмжлэлдээ дурдсан доголдолтой гэх бэлдэцийн тоог үгүйсгэж байгаа буюу анхнаасаа доголдол байгаагүй гэдгийг харуулж байна. Нийлүүлэгч гэрээний үүргээ 100 хувь хэрэгжүүлсэн. Иргэний хуулийн 247.1, 251.1.1-д заасны дагуу хариуцагчийн хувьд техникийн тодорхойлолт хавсралтуудад заасан аливаа доголдолгүй бэлдэцийг бүрэн нийлүүлснийг нотлох 3 баримт хэрэгт авагдсан байгаа. Хэрэв доголдол байсан бол мэдэх боломжтой байсан доголдол Иргэний хуулийн 255.1.1-д зааснаар доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол худалдан авагч гомдлын шаардлага гаргах эрхээ алддаг. Цэвэр усны савны бэлдэц хүлээн авсан тухай нотломжид талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулсан байхад нэхэмжлэгчээс үйлдвэрийн стандарт хэмжээнээс 8 мм богино байсан гэх, 250,000 ширхэг гологдол гарсан гэх тайлбарууд нь үндэслэлгүй байна. Мөн гэрээ дүгнэсэн протоколд талууд гэрээний үүргээ бүрэн биелүүлж гэрээ 100 хувь хэрэгжсэн гэж дурдсан. Гэрээний тусгай нөхцөлийн 7.1-д талууд гэрээний хугацааг тодорхойлохдоо бүрэн бэлтгэж нийлүүлсэн тухай акт бичигдэж, захиалагч төлбөрийг хийж дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасан. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

            2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 6 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 1-т: шинжээч худал мэдээлэлд дүгнэлт гаргасан. Бодит байдал дээр үзлэг хийхдээ нэхэмжлэгчийн агуулах дээр хаанаас ирсэн нь тодорхойгүй бэлдэцүүдийг үзсэн. Дүгнэлтийн 2 дугаар хуудсанд “халаах төхөөрөмжөөс гарахдаа цайрсан байдал” гэж бичисэн нь үндэслэлгүй худал мэдээлэл гэж үзэж байна. Учир нь энэ процессын үед халаах төхөөрөмж хэрэглээгүй. Үйлдвэрлэлтийн туршилтанд оруулаагүй. Гэтэл үйлдвэрлэлтэнд оруулаад, процесс туршилт хийгээд цайрсан, цоорсон гэсэн дүгнэлт гаргасан байна. 2-т: шинжээчийн дүгнэлтээр шалган тогтоох ажиллагааг хийгээгүй. Шүүх шинжилгээний тухай хуулийн 5.2.8-д зааснаар дүгнэлтийн үндэслэлийг шинжээч өөрөө хариуцна гэсэн. Дүгнэлтийн 20 дугаар хуудсанд “...одоо үйлдвэрлэхээ больсон...гэв” гэх зэргээр өөрөө шинжлэн судлах ажиллагаа явуулахгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын тайлбар дээр үндэслэл болгоод дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Үндэслэл логикгүй дүгнэлт гаргасан. 3-т: шинжээч санхүүгийн орлого, зарлагын баримт дээр эдийн засгийн дүгнэлт хийгээгүй. Асуулт 2, 3-т нийлүүлсэн бараанууд мөн эсэх, үүнээс хойш хичнээн бараа орлогодож, хэдийг зарлагадсан гэдэг асуултад хариулах ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгч тал ч аливаа баримт гаргаагүй. Акталсан баримт бичиг гаргаагүй, шинжээч шаардаагүй. Дүгнэлтэд гэрээний хавсралт, техникийн тодорхойлолтод заасан хэмжээтэй бэлдэц мөн байна гэж үзсэн. Гэтэл ийм төрлийн бэлдэцийг оруулж ирдэг олон компани байгаа. Үүнийг манайх гэж үзсэн нь буруу. Хариуцагчийн хувьд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. 2020 оны 6 дугаар сард болсон үйл явдал юм. Энэ үед бид доголдолгүй бараагаа нийлүүлсэн 3 баримт бичиг байгаа “бэлдэц хүлээн авсан нотломж, лабораторийн дүгнэлт, гэрээ дүгнэсэн протокол” зэрэг баримт хэрэгт авагдсан байгаа. Шинжээч эдгээр баримтуудыг шалгаж судлалгүйгээр дүгнэлт гаргасан. 5-д: нэхэмжлэгч талын доголдолтой гэж байгаа бэлдэцүүдийг ашиглаад цэвэр усаа үйлдвэрлэсээр байгаа. Анхны нэхэмжлэлд 25 хувь доголдолтой гэж гаргаж байсан ба нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж өөрчлөхдөө энэ хэмжээ нь багассан буюу одоо доголдолтой бэлдэц нь буурсан байна. 6-д: нийлүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. Техникийн тодорхойлолтын дагуу доголдолгүй бараа нийлүүлсэн. Хэрэв доголдолтой байсан бол мэдэх боломжтой байсан. Мөн гэрээ дүгнэсэн акт дээр гэрээ 100 хувь хэрэгжүүлсэн, бүгдийг нь тоолж хүлээж авсан, хэвийн ажиллаж байв гэдэг үгийг актад оруулсан байна. Шинжээч нэг талыг барьсан байдалтай байсан учраас би дүгнэлт гарах үед орхиж явсан. Аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэж шинжээч хэлж байгаа боловч энэ талаар дүгнэлтэд дурдагдаагүй, энэ асуудалд дүгнэлт хийгээгүй байсан. Манайхаас нийлүүлсэн бараа мөн гэдгийг тогтоогоогүй. Ийм шинжээчийн дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэл баримтгүйгээр шинжээчтэйгээ нийлж байна. Доголдолтой гэх бэлдэц нь буурсан байгаа...гэв.

            3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Цэвэр усны савны бэлдэц хүлээн авсан тухай нотломжийн хуулбар /1-р хх-23-24/, мөн өдрийн Цэвэр усны бэлдэц нийлүүлэх тухай гэрээ дүгнэсэн протокол /1-р хх-25/, “Соёмбот” цэвэр усны үйлдвэрт 0,5 л-ийн савны хуруу шил, бөглөө бэлтгэн нийлүүлэх 2020/0113 тоот гэрээний хуулбар /1-р хх-26-30/, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 155 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /1-р хх-31/, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 129 тоот Асуудал шийдвэрлэх тухай албан бичгийн хуулбар /1-р хх-32/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Энхбаялагийг даргаар томилсон тушаалын хуулбар /1-р хх-33-34/, Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл /1-р хх-70-71/, фото зургууд /1-р хх-73-77/, Бараа материалын орлогын журнал /1-р хх-184-191/, Бараа материалын товчоо тайлан /1-р хх-192-197/, хорогдлыг үйлдвэрлэхэд ажилласан ажилтны цалингийн тооцоо /2-р хх-11/, Д.Батсайханыг томилох, цалинжуулах тухай тушаалын хуулбар /2-р хх-12/, хуванцар савнаас гарсан хорогдолд ашиглах байсан шошгоны тооцоо /2-р хх-13/, Бараа материалын орлогын баримт /2-р хх-14/, хуванцар савнаас гарсан хорогдлыг үйлдвэрлэхэд ажиллуулсан төхөөрөмжийн зарцуулсан цахилгааны тооцоо /2-р хх-15/, Эрчим хүчний зохицуулах хорооны тариф батлах тухай тогтоолын хуулбар /2-р хх-16/, Төлбөрийн даалгавар /2-р хх-18/, төлбөрийн нэхэмжлэх /2-р хх-19/, “0,5 л-ийн хуванцар савыг үйлдвэрлэхэд ашиглаж байгаа бэлдэц” гэх тайлбартай бэлдэцийн хамт нотлох баримтаар гаргасан.

            4. Хариуцагч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-36-37/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-42/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

            5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрдүүлсэн нотлох баримтууд

            5.1. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 11333 дугаар захирамжаар үзлэг хийхээр шийдвэрлэж /1-р хх-49/, захирамжийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр фото зурагт үзлэг хийж тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн. /1-р хх-61-67/

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 13193 дугаар захирамжаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхээр шийдвэрлэж /1-р хх-86/, захирамжийн дагуу ****************-иас 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Магадлан итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгийн хуудсыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна. /1-р хх-93-94/

5.3. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 13194 дүгээр захирамжаар үзлэг хийхээр шийдвэрлэж /1-р хх-91/, захирамжийн дагуу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр**************эвэр усны үйлдвэрт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн байна. /1-р хх-95-107/

5.4. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 09783 дугаар захирамжаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж /1-р хх-216/, шинжээч 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дүгнэлтээ ирүүлсэн байна. /1-р хх-219-249/

            Шинжээч Р.Зоригт шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ тайлбарлахдаа: Бид шүүхээс шинжээчээр томилогдож ажиллаад хуванцар савны бэлдэцийн шинж чанарыг тодорхойлохоор талуудыг оролцуулж дүгнэлт гаргасан. Хадгалагдаж байсан бэлдэцийг шалгахад маргалдагч талууд мөн байна гэж зөвшөөрсөн. Доголдлын байдалтай танилцахад янз бүр байсан. Бэлдэцийн доголдлыг шалгахын тулд жинлэж үзсэн ба бүх үзүүлэлтээрээ таарч байсан. Хураалттай бэлдэцүүдийг бүгдийг нь хэмжиж, тоолж хэмжээг гаргахад 194,000 ширхэг бэлдэц доголдолтой байна гэж гарсан. 250,000 ширхэгээс 194,000 байгаа гэж хэлсэн байна. Энэ гологдол барааг хариуцагчийн нийлүүлсэн бэлдэц мөн гэж хэлсэн. 714,000 ширхэгийг зарлагадсан гэж гарсан. Хариуцагчийн нийлүүлсэн бэлдэц мөн байсан. Доголдлын тухайд: технологийн алдаа, бэлдэцийн алдаа гэж янз бүрийн байдлаар гарна. Янз бүрийн эвдрэлтэй байсан учир бид технологийн биш бэлдэцийн алдаа гэж үзсэн. Хариуцагчийн төлөөлөгч дундаас нь хаяад явсан. Дээж хуруу бэлдэцийг манай компанийнх мөн гэдгийг зөвшөөрсөн. Энэ нь бусад бэлдэцтэй таарч байгаа юм. 5 өөр үзүүлэлт тавуулаа таарч байсан учраас мөн гэж үзсэн. Халаах төхөөрөмжид хийгээгүй, хийх шаардлагагүй. Би хуурамч юм хийсэн бол хариуцлагаа хүлээнэ. 20 дугаар хуудсанд байгаа нь доголдол юм. Үүнийг мушгиж болохгүй. Доголдол янз бүрийн хэлбэртэй байгаа учраас технологийн алдаа биш гэж дүгнэсэн. Аудитаар орсон зүйл учраас тайлан балансыг би зөв гэж үзнэ. 250,000 ширхэг гэж нэхэмжлэгч хэлсэн боловч тоолж үзэхэд 194,000 байсан. Аудитын дүгнэлт, тайланг оруулсан байх ёстой. Хэргээс харахаар хавсаргагдаагүй байна. Бараа материалын орлогын бүртгэлийг үндэслэсэн нь хэрэгт байна...гэв.

            Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргийг нэгтгэн дүгнээд

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх ***************-ын ******************д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд 35,005,833.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “чанарын доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон доголдолтой 194,465 ширхэг хуванцар савны гологдлын үнэ 23,530,265 төгрөг, савны бэлдэц гологдолтой болсны улмаас эдгээр савнуудад ашиглагдах 194,465 ширхэг бөглөөний үнэ 3,850,407 төгрөг, хуванцар савнаас гарсан хорогдлыг үйлдвэрлэхэд ажилласан ажилтны цалин 1,177,344 төгрөг, мөн хэмжээний гологдол саванд ашиглагдах байсан шошгоны зардал 2,742,918.75 төгрөг, эдгээр гологдолтой савыг үйлдвэрлэхэд ажиллуулсан төхөөрөмжийн зарцуулсан цахилгааны зардал 404,889.20 төгрөг, нийт 31,705,833.95 төгрөг дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн зардалд төлсөн 3,300,000 төгрөгийг нэмснээр 35,005,833.95 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй” гэж тодорхойлсон.

            4. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээний дагуу шилжүүлэн авсан эд хөрөнгийн үр шим, эрсдэл худалдан авагчид шилжсэн, бэлдэц нийлүүлсний дараа гэрээ дүгнэсэн акт, нотломж бичиг, лабораторийн хариу зэргээр биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлж гэрээ дуусгавар болсон, мөн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан, Гэрээний тусгай нөхцлийн 7.1-д заасан баталгаат хугацааг хэтрүүлсэн, шинжээч хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан, зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг үндэслэсэн бөгөөд аудитын дүгнэлтийг үндэслэл болгосон гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан ч дүгнэлтэд энэ талаар тусгаагүй учир нэхэмжлэл үндэслэлгүй байна” гэж тайлбарлан маргаж байна.

5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

5.1. Талууд 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2020/0113 дугаар ************* цэвэр усны үйлдвэрт 0,5 л-ийн савны хуруу шил, бөглөө бэлтгэн нийлүүлэх гэрээг бичгээр байгуулж, нийлүүлэгч *********** нь худалдан авагч ****************-т 1,000,000 ширхэг 0,5 л-ийн савны хуруу шилийг 1 ширхэгийг 121 төгрөгөөр, нийт 121,000,000 төгрөгт, мөн хэмжээний бөглөөг 1 ширхэгийг 19.80 төгрөгөөр, нийт 19,800,000 төгрөгт тус тус тооцож нийлүүлэх, худалдан авагч нь нийлүүлэгч талд 140,800,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Уг гэрээгээр нийлүүлэгч нь хуруун шил болон бөглөөг 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дотор нийлүүлэх /4-р зүйл/, захиалагч буюу худалдан авагч нь нийлүүлсэн бараа материалын тоо хэмжээ, чанар стандартыг шалган хүлээн авсны дараа гэрээнд заасан төлбөр тооцооны нөхцлийн дагуу санхүүжилтийг олгох /7-р зүйл/ зэрэг үүргийг хүлээсэн байна.

5.2. Гэрээний тусгай нөхцөлийн 2.1-т зааснаар нийлүүлэгч нь цэвэр усны бөглөө, хуруу шилний бэлдэцийг нийлүүлэхийн өмнө түүний чанар байдлыг захиалагч талын шалгагчид шалгуулж, чанарын нотломж гаргуулан зарлагын баримтад хавсаргах;

- 2.2-т зааснаар Нийлүүлэгч нь үйлдвэрлэснээс хойш 1 жилийн дотор цэвэр усны савны бэлдэцийг хэрэглэх болон хадгалах явцад гадны нөлөөлөлгүйгээр чанар байдалд ямар нэг өөрчлөлт гарсан тохиолдолд үнэ төлбөргүй солих, эсвэл техникийн тодорхойлолтод нийлүүлэх арга хэмжээ авах үүрэг тус тус хүлээж, чанарын баталгаа үйлдвэрлэснээс хойш 1 жил байхаар тохиролцсон байна.

5.3. Улмаар гэрээний дагуу 1,000,000 ширхэг бөглөө, хуруун шилний бэлдэцийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 660,000 ширхэг бөглөө 518,000 ширхэг хуруу шил /518ш шуудай хуруун шил, 132ш шуудай бөглөө/, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 340,000 ширхэг бөглөө, 256,000 ширхэг хуруу шил /226ш шуудай хуруу шил, 68ш шуудай бөглөө/, сүүлд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 226,000 ширхэг хуруун шилийг 226 ширхэг шуудайгаар тус тус нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

5.4. Дээрх байдлаар 2020.6.15-2020.6.23 өдрийн хооронд 3 удаагийн нийлүүлэлтээр 1,000,000 ширхэг бэлдэцийг захиалагч талд нийлүүлж, талууд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Цэвэр усны савны бэлдэц хүлээн авсан тухай нотломж” үйлдэн, уг нотломжид хүлээн авсан бэлдэцийн тоог тусгаж, бэлдэцийг үйлдвэрлэлийн шугамаар оруулахад хэвийн ажиллаж байсан, нийлүүлэлтийн үеийн болон хадгалалтын үеийн зургийг албажуулж нотломжид хавсаргасан, магадлан итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүгнэлтийг гаргуулж нотломжид хавсаргасан талаар тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

5.5. Бэлдэц хүлээн авсан тухай нотломж үйлдэхээс өмнө 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Тендерийн хорооны нарийн бичгийн дарга *************** нь “Цэвэр усны бэлдэц нийлүүлэх тухай гэрээ дүгнэсэн протокол” үйлдэж, үүгээр гэрээний биелэлтийг “гэрээний хавсралтад заасан 2 нэр төрлийн бэлдэцийг нийлүүлсэн гэж, улмаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээ 100 хувь хэрэгжсэн” гэж тусгасан бөгөөд уг протоколыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ******************ын ерөнхий захирал баталсан байна.

5.6. Захиалагч талаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нийлүүлэгч талд “Асуудал шийдвэрлэх тухай” албан бичиг хүргүүлж, хүлээн авсан бэлдэцүүдээс 1000 ширхэгээс 200-250 гологдол гарч байгаа нь нийт 1,000,000 ширхэг бэлдэцийн 20-25 хувь нь доголдолтой байгаа учир “...Гэрээний 6-д заасны дагуу тендерийн баримт бичгийн тодорхойлолт, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлүүдэд заасан техникийн үзүүлэлт шаардлагыг хангасан, эрүүл ахуйн шинжилгээний бичигтэй бэлдэцийг нийлүүлэх үүрэгтэй, уг шаардлагыг зөрчсөн тохиолдолд зөрчил арилгах, технологийн шаардлагын үзүүлэлтэд нийцүүлэх үүрэг хүлээнэ гэсэн гэрээний үүргээ биелүүлэх шаардлага тавьж, 20-25 хувийн гологдлын үнэ 30,250,000 төгрөгийн алдагдалд орж байгаа учир стандартын дагуу бэлдэцийг нөхөж гэрээнд заасан үүргээ биелүүлэх” шаардлага хүргүүлсэн байна.

5.7. Улмаар захиалагч тал дахин 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дээрх албан шаардлагын хариу ирүүлээгүй байгаа учир шүүхэд хандах талаар мэдэгдэж, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            6. Зохигчид гэрээний дагуу 1,000,000 ширхэг бөглөө, хуруу шилний бэлдэц нийлүүлсэн, акт үйлдэж хүлээлцсэн, захиалагчаас төлбөрийг нийлүүлэгчид төлсөн, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс албан бичгээр захиалагч тал нийлүүлэгч талд шаардлага хүргүүлсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин нийлүүлсэн савны бэлдэц нь биет байдлын доголдолтой байсан эсэх, захиалагч тал гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан эсэх, гэрээ дуусгавар болсон эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

            7. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

            8. Талуудын байгуулсан гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, тохиролцсон барааг худалдагч тал нийлүүлэн, захиалагч тал төлбөрийг төлсөн байна.

            9. Нэхэмжлэлийн өөрчилж ихэсгэсэн шаардлага нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу гэрээг цуцалж, доголдолтой 194,465 ширхэг бэлдэцийн төлбөрийг бусад зардлын хамт гаргуулахаар шаарджээ.

            10. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан ба талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 2.2-т зааснаар нийлүүлэгч нь үйлдвэрлэснээс хойш 1 жилийн дотор бэлдэцийг хэрэглэх, хадгалах явцад гадны нөлөөлөлгүйгээр чанар байдалд өөрчлөлт гарсан тохилодолд үнэ төлбөргүйгээр солих, эсвэл техникийн тодорхойлолтод нийлүүлэх арга хэмжээ авах үүрэг хүлээж, эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон байна.

            11. Нийлүүлэгч нь бэлдэцийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20 ширхэг дээжийг Магадлан итгэмжлэгдсэн лабораторийн сорилд оруулж, хариуцагчийн зүгээс хариу тайлбараар 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэл дуусгавар болсон гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг хэрэгт гаргаагүй ба захиалагч талд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эхний нийлүүлэлт, 2020 оны 6 дугаар сарын 19-нд хоёр дахь, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сүүлийн нийлүүлэлтийг хийсэн талаар бэлдэц хүлээн авсан нотломжид бичигдсэн байна. Иймд шүүх ****************бэлдэцийг лабораторийн сорилд оруулан захиалагчид нийлүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг үйлдвэрлэсэн хугацаа гэж дүгнэн, гэрээгээр тохирсон 1 жилийн баталгаат хугацаа 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд хамаарна гэж дүгнэн, ****************** нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар баталгаат хугацааны дотор мөн зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргасан ба гомдлын шаардлагыг гэрээнд заасан хугацаанд гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй.

            12. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд гэрээний зүйлийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах эрхээ алдана. Хариуцагч тал хуульд заасан дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан ба гэрээнд болон гэрээний тусгай нөхцөлд тохиролцсоноор бэлдэцийн чанар байдлын талаар захиалагч тал шалгаж хүлээн авах, улмаар нотломж бичиж акт үйлдэхээр тохиролцсоны дагуу захиалагч хүлээн авахдаа бэлдэц хэвийн ажиллаж байгаа талаар тусгасан учир гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргасан.

            13. Талуудын байгуулсан гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар нарийвчлан тусгаагүй, тендерийн “Техникийн тодорхойлолт”-д тусгасан хуруун шил, бөглөөг нийлүүлэхээр тохиролцсон ба Гэрээний тусгай нөхцөлд зааснаар хуруу шилний чанар байдлыг нэг бүрчлэн шалгуулж хүлээлцэх талаар 5.1, 5.2, 5.4, 5.5 дахь хэсгүүдэд зааж тохиролцсон, захиалагч тал “чанар байдал, тоо ширхэг, сав баглаа боодлыг нэг бүрчлэн шалгаж, тоолж хүлээж авах” талаар тусгаж, чанар стандартын шаардлага хангаагүй бэлдэцийг хүлээж авахгүй, холбогдон гарах зардлыг хариуцахгүй талаар тусгайлан зааж, гэрээний зүйлийг хүлээн авч, хэвийн ажиллаж байгаа талаар дурдсан байна.

            14. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч тал эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч ************ шаардлага гаргах эрхээ алдсан байна.

            15. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд 194,465 ширхэг бэлдэц гологдолтой байгаа талаар тусгасан байгаа боловч гэрээний зүйлийг анх хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авч, нотломж үйлдэн гэрээг дүгнэсэн байх тул шаардлага гаргах эрхээ худалдан авагч тал алдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн шинжээчийн дүгнэлтэд аудитын тайланг үндэслэл болгосон гэж тусгасан боловч хэзээ хийгдсэн аудитын дүгнэлт болох нь тодорхой бус байна.

            16. Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн учир үүнтэй холбогдуулан доголдолтой гэх бэлдэцийн үнэ, улмаар тухайн бэлдэцтэй холбоотой гарсан хохирол, зардал зэргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            17. Нэхэмжлэгч нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир шинжээчийн зардлыг хариуцагч талаас нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ************-иас 35,005,833.95 төгрөг гаргуулах тухай *************-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **************** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА