Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2016/0074

 

2016 оны 1 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2016/0074

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул дж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн М******* ХХК-ийн захирлаар Д.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хуульд заасны дагуу хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Акмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М******* ХХК нь 1996 оны 4 дүгээр сарын 14-нд үүсгэн байгуулагдсан нэг гишүүнтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүрэтгэлийн газарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгөтэй, мөн Б******* аймгийн Б******* сум, аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд хаягтай салбар компанитай, энэ компани нь иж бүрэн кабелийн телевизийн студи, тоног төхөөрөмжтэй, Ү-0******* тоот эрхийн улсын бүртгэл, 00******* тоот гэрчилгээ бүхий Б******* аймгийн Б******* сум, 2 дугаар багийн А хэсэг, 18 дугаар гудамжны 1 тоотод байрлах 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй хуулийн этгээд болно.

Д.Ч******* нь 2002 оны 03 дугаар сарын 18-аас хойш өнөөдрийг хүртэл М******* ХХК-ны захирлын үүргийг хашиж буй бөгөөд хэдийгээр АНУ-д суралцаж байгаа боловч өнөөдрийн байдлаар компанийг болон компанийн эрхийг бусдад хууль ёсоор шилжүүлсэн баримтгүй байтал 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэгч 7/13 тоот дардас дарж Дын Б*******г М******* ХХК-ийн захирлаар томилсныг бүртгэв гэх бүртгэлийг хийжээ.

М******* ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын тоотод байрлах кабелийн телевизийн байрыг иргэн Я.Ид, мөн тус компанийн салбар Б******* аймгийн Б******* сум, аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд хаягтай салбар компанийг иж бүрэн кабелийн телевизийн студи, тоног төхөөрөмжтэй нь хамт иргэн Б.Соёлсүрэнд тус тус шилжүүлж дээрх иргэдэд шилжүүлсэн мөнгөөрөө А.Ж, Д.Б*******, Л.А нар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд 3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Шаргаморьтод байрлалтай 1733 м.кв талбайтай газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт худалдан авсан байх бөгөөд энэ үл хөдлөх хөрөнгө бүхий газар нь автозамын өргөтгөлд орж байгаатай холбоотой нөхөн олговрыг иргэн А.Ж, Л.А, Д.Б******* нараас авсан итгэмжлэлээр өөрийн нэр дээр гаргуулан авахаар болсон байна.

М******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх болон компанийн эрх шилжүүлэх эрхийг Д.Ч******* нь ерөөсөө хэнд ч олгоогүй, хэн нэг этгээдийг өөрийн өмнөөс захирлаар томилсон шийдвэр гаргаагүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3, 5.4.12 дахь хэсэгт заасныг зөрчиж иргэн Д.Б*******г захирлаар томилсон бүртгэл хийж өгсөн нь М******* ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгүүд болон компанийн эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл болсон байсан тул захирал Д.Ч******* нь 2015 оны 8 дугаар сард мэдсэн даруйдаа иргэн Д.Сд итгэмжлэл олгон зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны 6430 тоот захирамжийг хүлээн аваад итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй тул М******* ХХК-ийн захирал Д.Ч******* нь АНУ-аас шуудан хүргэлтийн үйлчилгээгээр З ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Б******* надад хүргүүлсэн итгэмжлэлийг UPS хүргэлтийн үйлчилгээний байгууллагаас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно.

... Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн М******* ХХК-ийн захирлаар Д.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хуульд заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Мэдээлэл кабель ХХК нь анх 1996 оны 2 дугаар сарын 14-ны өдөр Лгийн Д гэсэн үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2001 оны 2 дугаар сарын 21-ний өдөр оноосон нэрээ М******* болгон өөрчилж бүртгүүлсэн байна. 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлаар Д.Сийг томилж бүртгүүлсэн байна. 2002 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өв залгамжлуулан шилжүүлэх гэрээний дагуу компанийн 100 хувийн хувьцааг Д.Ч******* руу шилжүүлэн бүртгэсэн байна. 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ерөнхий захирал Д.Ч*******ын гүйцэтгэх захирлыг өөрчилж, Д.Б*******г томилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу бүртгэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Б******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

М******* ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн М******* ХХК-ийн захирлаар Д.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хуульд заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас Д.Б******* миний хууль ёсны эрх, ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзээд захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч Д.Б******* миний биеийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай захирамжийг гаргажээ гэж ойлгож байна.

Энэ хэрэгт Д.Б******* би гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй, энэ захиргааны хэргийн улмаас миний эрх ашиг хөндөгдөж байгаа зүйл байхгүй гэж үзэж байна.

Д.Ч******* нь миний төрсөн ах бөгөөд Д.Б******* намайг М******* ХХК-ийн захирлаар томилсон шийдвэрийг Д.Ч******* гаргаагүй, бидний хооронд ийм тохиролцсон тухай үйл баримт байхгүй, намайг захирлаар томилсон ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд хэрхэн яаж бүртгэл өөрчлөгдсөн тухай асуудлыг Улсын бүртгэлийн газар л мэднэ гэж бодож байна.

Иймд би энэ захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлгүй байгаа тул холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй болов уу гэж үзэн энэ тайлбарыг хүргүүлж байна.

Шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй тул оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийшж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч М******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Мэдээлэл кабель ХХК нь анх 1996 оны 2 дугаар сарын 14-ны өдөр Лгийн Д гэсэн үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдсан бөгөөд 2001 оны 2 дугаар сарын 21-ны өдөр оноосон нэрээ М******* болгон өөрчилж 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлаар Д.Сийг томилж улсын бүртгэлд бүртгүүлжээ[1]. Ингэхдээ үүсгэн байгуулагч Л.Д нь Д.Стэй М******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээ байгуулсныг, мөн Д.Сийг томилсон тушаал[2]-ыг үндэслэсэн байна.

2002 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өв залгамжлуулан шилжүүлэх гэрээ[3]-ний дагуу компанийн 100 хувийн хувьцааг Д.Ч*******ад шилжүүлжээ. Улмаар 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Д.Б*******г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь М******* ХХК-ийн хууль ёсны захирал Д.Ч*******ыг эзгүй байхад Д.Ч*******ын өмнөөс гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.С нь тушаал гаргаж Д.Б*******г захирлаар томилсныг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг зөрчсөн байхад бүртгэсэн нь үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Д.Ч******* нь М******* ХХК-ийн 100 хувийн хувь нийлүүлэгч бөгөөд компанийн дотоод гадаад харилцаанд төлөөлөх бүрэн эрх нь Д.Ч*******ад байгаа нь хэрэгт авагдсан Үндэсний татварын албаны тодорхойлолт[4], Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас[5] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин Д.Ч*******ыг эзгүй байхад /Д.Ч******* нь 2006 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хойш Монгол улсад ирээгүй болох нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарын лавлагаа[6]/ М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.С нь 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу гүйцэтгэх захирлаар Д.Б*******г томилж ерөнхий захирал Д.Ч*******ыг орлон өөрийн гарын үсгээ -ийг гэж зурсан, Д.Б*******гийн гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээ байхгүй байхад Д.Б*******г захирлаар томилсныг бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлаагүй буруу бүртгэл болсон байна гэж шүүх үзлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******гийн зүгээс 2009 оны 2 дугаар сарын ...-ны өдрийн М******* ХХК-ийн хүсэлт дээрх гарын үсэг нь Д.Ч*******ынх уу, Д.Сийнх үү гэдгийг бүртгэл хийж буй улсын байцаагч тогтоох боломжгүй бөгөөд албан бичигт гарын үсгийн тайлалыг Д.Ч******* гэж бичсэн, компанийн тамга тэмдэг дарагдсан тул Д.Ч*******ыг хүсэлт гаргасан гэж үзнэ гэж тайлбарлаж байх боловч компанийн тухай хууль/1999 он/-ийн 60 дугаар зүйлийн

60.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна. Нэг хувь нийлүүлэгчтэй компанийн хувьд хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хувь нийлүүлэгч өөрөө хэрэгжүүлнэ, 80 дугаар зүйлийн

80.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна,

80.5-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна. Гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж түүний дарга /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурлын дарга/ гарын үсэг зурна. Гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна,

80.6-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. гэж зааснаас үзвэл гүйцэтгэх захирал нь хувь нийлүүлэгчдийн хурал эсхүл төлөөлөн удирдах зөвлөлөөс олгогдсон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулахаар байх тул хувь нийлүүлэгчээс гүйцэтгэх захирлыг томилох шийдвэрээс гадна гүйцэтгэх захиралд ямар эрх хэмжээг олгож байгааг илэрхийлсэн гэрээг ирүүлээгүй байхад бүртгэлийг хийсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна гээд

11.5.2-д энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;

11.5.3-д энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхийг хуульчилсан байх тул улсын бүртгэгч нь маргаан бүхий бүртгэлийг хийхдээ компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзах үүрэгтэй байсан байна.

Мөн дээрх хуулийн 8 дугаар зүйлийн

8.1Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны байгууллага  дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ,  8.1.7 улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах гэснээс үзвэл улсын бүртгэлийн байгууллага нь Д.Б*******гийн гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээг шаардан авч бүртгэлийг зөвтгөх үүрэгтэй байсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нөгөө талаас М******* ХХК-ийг анх үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхдээ 1996 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Ганц гишүүнтэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах дүрэм[7]-ийг, 2001 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нэр хуулийн этгээдийн нэрийг өөрчлөхөд М******* ХХК-ийн дүрэм[8]-ийг, Д.Дулмааг тус компанийн Б******* аймаг дахь салбарын захирлаар томилоход Хөдөлмөрийн дотоод журам[9]-ыг, Б******* аймаг дахь салбарыг татан буулгасан бүртгэлийг хийхдээ М******* ХХК-ийн дүрэм[10]-ийг тус тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авсан байх бөгөөд маргаан бүхий бүртгэлийг хийгдэх үеийн М******* ХХК-ийн хүчин төгөлдөр дүрмийн 6 дугаар зүйлийн 2-д Гүйцэтгэх захирлыг компанийг үүсгэн байгуулагч ерөнхий захирлын тушаалаар томилно, мөн зүйлийн 3-д Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс урамшуулал зэргийг хуулийн хүчин төгөлдөр гэрээгээр баталгаажуулна[11] гэж тус тус заасныг анхаараагүй нь хариуцагчийн буруу байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2009 оны 2 дугаар сарын 11-ний М******* ХХК-ийн захирлаар Д.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Компанийн тухай хууль /1999/-ийн 80 дугаар зүйлийн 80.6-д заасныг тус тус баримтлан М******* ХХК-ийн захирлаар Д.Б*******г бүртгэсэн 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ