Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2016/0049

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Жанчивдоржийн Насандулам.

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.Оргилболд, Б.Ганхуяг, С.Лхагвадорж, Х.Хэрлэнцэцэг. 

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай улсын байцаагчийн акт болон 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг буюу 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болгуулах,

  1. Тэтгэврийн хэмжээг бууруулж 407307 төгрөгөөр тогтоосныг зогсоож
  2. Хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 201.176 төгрөг гаргуулах

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:

1. Хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол нэг сарын 50294 төгрөг, 3 сар өнгөрсөн тул нийт 352.058 төгрөг гаргуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Насандуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгалансуурь, хариуцагч Б.Ганхуяг, хариуцагч Б.Оргилболд, С.Лхагвадорж, Х.Хэрлэнцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Насандулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан үндэслэлээр 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн хэмжээг 475601 төгрөгөөр тогтоосон билээ.

Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчиж цалинг буруу тооцсон /цалинг 60 сард хуваагаагүй/ гэсэн үндэслэлээр тэтгэврийн хэмжээг бууруулж, улмаар зөрүү гэж 1609794 төгрөгийн төлбөр гаргажээ.

Би ойлгохдоо миний тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана гэснийг үндэслэсэн гэж үзэж байгаа бөгөөд би нийгмийн даатгалын шимтгэлийг сар цалингаасаа тасралтгүй төлж байсан тул энэхүү заалтыг үндэслэх нь буруу биш гэж бодож байна.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д зааснаас үзэхэд даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт гэж ойлгож байна.

Би хэдийгээр сонгон авсан 5 жилийн хугацааны 6 сард нь эрүүл мэндийн шалтгааны улмаас цалин аваагүй боловч энэ нь сар бүр шимтгэл төлөх боломжгүй гэсэн даатгуулагч гэдэгт хамаарахгүй гэж үзэж байгаа ба сонгон авсан 5 жилийн хугацаанд авч байсан цалин хөлсний дүнг миний шимтгэл төлсөн нийт сарын тоо буюу 54 сард хувааж тооцсон нь дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг буруу хэрэглээгүй гэж үзэж байгаа юм.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7-д зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно гэснийг болон төрөөс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн байгааг улсын байцаагч анхаараагүй байна.

Одоо Дорноговь аймгийн Нийгмэийн даатгалын хэлтсээс уг актаар тогтоогдсон зөрүү 1609794 төгрөгийг намайг төл гэсэн шаардлагыг тавьдаг бөгөөд миний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасан Нийгмийн даатгалын ажилтны алдаагаар буруу олгогдсон олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм уруутай албан тушаалтан хариуцна гэснийг үндэслэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Ийнхүү дээрх улсын байцаагч нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гаргасан акт нь миний эрхийг зөрчиж байгаа тул акт болон актын хавсралтын 8 дугаарт заасан хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийг өмнө авч байсан хэмжээгээр олгох шийдвэр гаргахыг даалгаж өгөх, энэхүү хууль бус актын улмаас би нийт 6 сар 407307 төгрөгийн тэтгэвэр авсан бөгөөд зөрүү 201176 /2015 оны 7 сараас 10 дугаар сарыг дуустал 1 сарын зөрүү 50294 төгрөг нийт 4 сар/ төгрөгийг олгуулж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргалаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгалансуурь шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж.Насандулам нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар улсын байцаагчийн акт болон хавсралтын өөрт холбогдох хэсгийг буюу хавсралтын 8 дах заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийг өмнө авч байсан хэмжээнд тогтоолгохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан үндэслэлээр 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс тэтгэврийн хэмжээг 457.600 төгрөгөөр тогтоосон.

Нэхэмжлэгчийн тэтгэврийг анх тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн, нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр цалингаасаа төлж байсан тул энэ заалтыг үндэслэх нь буруу биш гэж үзэж байна. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дах заалт нь даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн сонгож авсан 5 жилийн хугацааны 6 сард нь эрүүл мэндийн улмаас цалин аваагүй боловч энэ нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй даатгуулагч гэдэгт хамаарахгүй. Сонгож авсан 5 жилийн хугацаанд авч байсан цалин хөлсний дүн миний шимтгэл төлсөн нийт сарын 54 сарын хугацаанд хувааж тооцсон нь дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-дэх заалтыг зөрчөөгүй, буруу хэрэглээгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.7-д хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно гэснийг улсын байцаагч анхаарч үзээгүй байна.

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс уг актад тогтоогдсон 1.609.794 төгрөгийг нэхэмжлэгчийг төл гэсэн шаардлага тавьж байгаа. Үүнийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаа буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэснийг үндэслэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд улсын байцаагчийн хуулийг буруу хэрэглэж гаргасан актын нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа уг актын Ж.Насандуламд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно гэсэн заалтын дагуу уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана гэсэн заалтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Насандуламын эрх ашиг зөрчигдсөн байгаа. Өөрөөр хэлбэл сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг иргэн өөрөө сонгох эрхийг зөрчсөн байна. Гэтэл уг актад нэхэмжлэгчийн сонголтыг үндэслэлгүй байна гээд бага цалинтай байсан 2006 оны цалинг оруулж тэтгэврийг тогтоож байгаа нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа. Энэ нэхэмжлэгчийн 5 жилээ өөрөө сонгох эрхэд бүдүүлгээр халдаж, хууль зөрчсөн байна. Дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана гэхээр нэхэмжлэгч 5 жилийн хугацаанд 54 сард нь шимтгэл төлсөн байгаа. Тэгэхээр 54-т хувааж тооцох нь дээрх хуулийн заалттай нийцэж байгаа. Гэтэл акт тавьсан байцаагч нар хүчээр 60 сард хувааж тогтоосон хуулийг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байна.

Нэхэмжлэгч 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь тухайн үедээ хөдөлмөрийн чадвар алдсан байсан бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсаныг тогтоосон байдаг. 2013 оны 01 дүгээр сарын 16-нд хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцалсан шийдвэр хувийн хэрэгт авагдсан байгаа. Цэргийн байгууллага учраас удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдлаа гэж үзээд түр тушаал гарган халсан байсан. 6 сарын хугацаа дуусахад эгүүлэн ажилд нь томилсон байдаг. Энэ 6 сарын хугацаанд байгууллага нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлж явах ёстой. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.7-д заасны дагуу хөдөлмөрийн чадвараа алдсан албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн байгууллага нь төлж байх үүрэгтэй байсан. Улсын байцаагчид дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар тооцож тэтгэврийг тогтоох ёстой гэж үзсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй хүн гэдэг хамаарагдахгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь байнгын ажлын байртай сар бүр шимтгэл төлж байх ёстой хүн байсан.

Нэхэмжлэгчийн 2006 оны цалин бага учраас тэтгэврийг уг оныг оруулан тогтоосон нь эрх ашгийг зөрчсөн, уг оны цалин өндөр байсан бол өөр хэрэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд уг актын хавсралтын 8 дах хэсэг буюу Ж.Насандуламд холбогдох хэсгийг хүчингүй болгох, тэтгэврийн хэмжээг өмнөх 457.601 төгрөгөөр тогтоохыг даалгах, хууль бус шийдвэрийн улмаас хохирсон хохиролд 352.058 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.Оргилболд, улсын байцаагч Б.Ганхуяг, С.Лхагвадорж, Х.Хэрлэнцэцэг нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Улсын байцаагчийн 112 дугаартай акт болон 1 дүгээр хавсралтын 8 дахь заалт нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

1. Иргэн Ж.Насандуламын тэтгэвэр тогтоолгохоор сонгон авсан 5 жилийн хугацааны 6 сард нь шимтгэл төлөөгүй байсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 2 дахь заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох үндэслэл болсон.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно гэж заасны дагуу Ж.Насандуламын өөрийнх нь сонгосон 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцсон байна.

3. Ж.Насандуламын өвчтэй байсан 6 сард нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.7-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны шимтгэлийг тэтгэвэрийн болон тэтгэмжийн санд төлөөгүй байсан. Тухайн өвчтэй байсан гэх хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн байсан нь Цагдаагийн ерөнхий газрын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Архивын лавлагаа-аар тогтоогдож байх тул ажил олгогч төлөх үндэслэлгүй байсныг нотолсон байна.

4. Нэхэмжлэгч Ж.Насандуламын 6 сард нь өвчтэй байсан гэдгийг нотлох баримт тэтгэврийн хувийн хэрэгт нь байхгүй байсан нь түүнийг хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэж үзэх үндэсгүйг нотлож байна.

5. Тухайн үндэслэлгүй тогтоогдсон тэтгэврийг авсан нь иргэн Ж.Насандулам байх тул илүү авсан тэтгэврийн хэмжээгээр хариуцлага хүлээх нь хууль зүйн шаардлага гэж үзэж байна.

6. Тэтгэврийн нэмэгдлийг хувийн хэргээс нягтлан шалгахад тухайн хугацаандаа зохих ёсоор нэмэгдэж орсон байв

7. Нэхэмжлэгч Ж.Насандулам та 6 сар өвчтэй буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэж тайлбарлаж байх боловч тухайн хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа огт дурьдаагүй байгаа нь хууль бусаар тэтгэвэр тогтоолгоход нөлөөлсөн гэж үзэх үндэстэй байна.

Иймд улсын байцаагчийн актын 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгч Ж.Насандуламын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.Ганхуяг, нэхэмжлэгч Б.Оргилболд, С.Лхагвадорж, Х.Хэрлэнцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.1-т тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно гэж заасны дагуу Ж.Насандуламын өөрийнх нь сонгож авсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцсон байдаг.

Ж.Насандулам хөдөлмөрийн чадвар алдсан гэх 6 сарын хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.7-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн санд төлөөгүй байсан. Учир нэхэмжлэгчийг өвчтэй байсан гэх хугацаанд ажлаас халагдсан байсан нь Цагдаагийн ерөнхий газрын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3/5927 дугаар архивын лавлагаагаар тогтоогдож байх тул ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үндэслэлгүй байна.

Хувийн хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар түр алдсаныг цуцалсан тухай актад хэзээ тогтоосон нь ойлгомжгүй 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цуцалсан болохыг мэдэгдье гэсэн акт байдаг тул нотлох чадваргүй баримт байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Насандулам нь 6 сар өвчтэй буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэж тайлбарласан боловч тухайн хугацаандаа ажлаас халагдсан талаараа нэхэмжлэлдээ дурдаагүй байгаа. Нэхэмжлэгчийг Цагдаагийн байгууллагаас халагдсан гэсэн байдаг бөгөөд эрүүл мэндээр тэнцэхгүй учраас халлаа гэсэн зүйл лавлагаанд байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Гэрч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагч ажилтай С.Өнөрмаагаас өгсөн гэрчийн мэдүүлэгт:

Ж.Насандуламын тэтгэврийн 2013 оны 1 дүгээр сард тогтоож өгсөн. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу тэтгэврийг олгосон. Өөрийнх нь сонгож ирсэн цалингаар тэтгэврийг тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, өвчтэй байсан 6 сар нь хасагдсан гэсэн үг. 2015 оны 7 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгалт хийгдсэн. 60 сард хуваагаагүй байна. Заавал 60 сарыг баримтлах ёстой гэсэн шаардлага тавиад цалинг нь урагшаа ухрааж 5 жилийн цалингийн дунджаар тэтгэврийг тогтоож, тэтгэвэр нь буурсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тухайн байгаа сард нь хувааж бодож болно, 22.2-т 60 сард хувааж бодно гэсэн заалт байдаг. Шалгалт 2 жил тутамд нэг ирдэг. Би энэ байгууллагад 24 жил ажиллаж байна. Энэ удаагийнх шиг төлбөр тавьж байгаагүй. Шалгалт ирсэн байхад би Насандулам гуайг дуудаж уулзсан. Шалгалтын хүмүүс Насандулам гуайтай уулзаагүй гэснээр дуусгав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Насандуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Насандулам нь анх 2013 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр цэргийн Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж цэргийн тэтгэвэр тогтоолгох хүсэлт[1] гаргасан байх ба Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч С.Өнөрмаа нь иргэн Ж.Насандуламын тэтгэврийг 412233[2] төгрөгөөр тогтоож, 2013 оны 1 дүгээр сараас эхлэн олгожээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар актаар иргэн Ж.Насандуламд олгож байгаа тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг зөрчиж тогтоогдсон байх тул уг актын 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтаар Ж.Насандуламын тэтгэврийн 407307 /дөрвөн зуун долоон мянга гурван зуун долоон/ төгрөг байхаар тогтоож илүү олгогдсон 1609794 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.[3]

 

Ж.Насандулам нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж өргөдөл гаргасан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батбаатараас 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 3/2281 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын улсын байцаагчийн тогтоосон 112 тоот актыг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох ажилтнууд зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр акт юм. Иймд уг актын төлбөрөөс иргэн Ж.Насандулам таны хүсэлтээр 1609794 төгрөгийн төлбөрийг чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй болохыг үүгээр эцэслэн мэдэгдэж байна гэжээ.[4]

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгалансуурь нь нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг бууруулан тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д ... мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана гэснийг буруу тайлбарлаж хэрэглэн Ж.Насандуламын сонгосон 5 жилийн хугацааны 54 сард нь шимтгэл төлсөн байхад 60 сард хуваасан нь үндэслэлгүй. Учир нь дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.7-д хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно гэсэн байдаг. Заавал 60 сард хуваана гэсэн утга агуулга хуульд байхгүй. Мөн тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 5 жил буюу 2007 оны 1 дүгээр сарын 01-ээс 2011 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааг сонгосон байхад хүчээр урагшлуулан 2006-2010 оныг дуусталх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэврийг бодсон нь Ж.Насандуламын сонгох эрхийг зөрчсөн, хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2-д заасны дагуу даатгалын байгууллагын ажилтны алдаагаа буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэснийг үндэслэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул улсын байцаагчийн 2015 оны 112 дугаар акт нь үндэслэлгүй гэж маргаж байна.

 

1. Цалин хөлсийг 60 сард хувааж тэтгэврийг бодсон тухайд:

 

Ж.Насандуламын цэргийн тэтгэврийг анх тогтоохдоо өөрийнх нь сонгож авсан 2008 оны 1 дүгээр сараас 2013 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны нийт 66 сарын цалинг үндэслэн тэтгэвэр тогтоосон байх бөгөөд энэ хугацаанд авсан нийт цалин хөлс болох 28.325,274.18 төгрөгийг шимтгэл төлсөн 56 сард хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг 505.808.46 төгрөгөөр бодож түүнд ногдох 80 хувийг 404.646.00 төгрөг, цэргийн алба хаасан хугацааны нэмэгдэл 1,5 хувь нь 7.587.00 төгрөг байхаар тус тус тооцож сард олгох тэтгэврийг 412.333.00 төгрөгөөр тогтоож олгосон нь гэрчийн мэдүүлэг[5] болон тэтгэвэр тогтоолтын хуудсаар[6] тогтоогдож байна.

Дээрх 412.333.00 төгрөгийн тэтгэврийг тогтоохдоо Монгол улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын хавсралтын дагуу нэхэмжлэгчийн 2008, 2009, 2010 онуудад авч байсан цалин хөлсийг харгалзан 1,21, 1,17, 1 гэсэн итгэлцүүрээр индексжүүлж тооцсон байна.

Үүний дараа Монгол улсын Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодох цалинг мөн индексжүүлэн нэмэгдүүлж 2014 оны 2 дугаар сарын 1-ээс 435.600.9 төгрөгөөр, 2015 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн б/-д заасныг баримтлан 22.000.00 төгрөгөөр нэмэгдүүлж 457.601.00 төгрөгийн тэтгэврийг 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Ж.Насандуламд олгож эхэлжээ.

 

Ж.Насандуламын цэргийн алба хаасан хугацааг 21 жил 1 сар 21 хоногоор бодож 1 жилд ногдох 1.5 хувийн нэмэгдлийг тэтгэвэрт оруулан тооцсон байх бөгөөд цэргийн алба хаасан хугацааны хувьд талууд маргаагүй болно.

 

Дээрхээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч нь цэргийн тэтгэвэр тогтоолгосон байх бөгөөд хариуцагч нар маргаан бүхий 112 тоот актын гаргахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг баримтлах ёстой байжээ. Гэвч нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно: 1/ даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана; 2/ даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол таван жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 6О-д хуваана, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Даатгуулагч 5 жилээс доош хугацаанд шимтгэл төлсөн байх болзлоор тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо төлсөн шимтгэлээс нь тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс,түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж бодно гэснээс үзвэл энэ зүйлийн 1 дэх хэсэг нь 5 жилийн хугацааг сонгосон байх, 2 дахь хэсэг нь 5 жил хүрэхгүй хугацааг сонгосон байх гэсэн зохицуулалт байх тул 1 дэх хэсгийн 1 дэх заалт нь 5 жилийн хугацааг сонгосон бөгөөд тухайн хугацаанд тасралтгүй /60 сар/ шимтгэл төлсөн байх, 2 дахь заалт нь 5 жилийн хугацааг сонгосон бөгөөд тасралтгүй шимтгэл төлөөгүй байх гэсэн утгатай байна.

Иймээс нэхэмжлэгч нь 5 жилийн хугацааг сонгосон тул нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль ч заалтыг баримталснаас үл хамааран 60-д хуваах тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж буй ... дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт нь шимтгэл төлсөн сард хуваах, 2 дахь заалт нь 60-д хуваах гэсэн утгатай хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Мөн цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно гэснээс үзвэл цэргийн тэтгэвэр тогтооход тэтгэвэр авагчийн сонгож авсан дараалсан 5 жилийн хугацааны цалин хөлсний нийлбэрийг 60 хувааж тэтгэврийг тооцохоор байхад Ж.Насандуламын тэтгэврийн тогтоохдоо 5 жил, 6 сар буюу нийт 66 сарын цалин хөлсний нийлбэрийг 56 сард хувааж тэтгэвэр тогтоох цалингийн дундажыг гаргасан нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сонгож авсан 5 жилийн 6 сард нь хөдөлмөрийн чадвар алдсан байсан, 4 сар нь сонгосон 5 жилд ороогүй гэж тайлбарлах боловч тэтгэвэр тогтоолтын хуудас[7]-аас үзэхэд 2011оны 6 дугаар сараас 2012 оны 5 сар хүртэлх хугацаанд шимтгэл төлөгдөөгүй, нэхэмжлэгч ажлаасаа чөлөөлөгдсөн байсан нь Цагдаагийн ерөнхий газрын төв архивын лавлагаагаар[8] тогтоогдож байхын зэрэгцээ авсан тэтгэврийн тооцоолж үзэхэд 2013 оны эхний 6 сарын цалин нь тэтгэвэр тогтоох цалинд багтсан байна/хавсралт 1/.

 

Мөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно, мөн хэсгийн 7 дахь заалтад хөдөлмөрийн чадвар түр алдсан... гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад 22 жил 7 сар 8 хоног алба хаасан бөгөөд энэ хугацаанаас хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг /нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй/ тэтгэвэр тогтооход харгалзах хугацаанаас хасч тооцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.[9] Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь нийт ажилласан жилийг тооцоход баримтлах заалт байх тул маргааны зүйлд нөлөөлөхгүй юм.

 

2. Тэтгэвэр авагчийн сонгосон 5 жилийг урагшлуулсан тухайд:

 

Нэхэмжлэгч Ж.Насандуламын тэтгэврийг анх тогтоохдоо 2008 оны 1 дүгээр сараас 2013 оны 6 дугаар сар хүртэх хугацааны 5 жил 6 сарын хугацааг баримталсан нь дараалсан 5 жил гэсэн зарчмыг зөрчсөн байх тул энэ хугацааны эхлэл эсхүл төгсгөлийн аль нэг дараалсан 6 сарыг хасч тэтгэвэр тогтоолгох цалин хөлсийг тооцох ёстой байжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 3 дугаар зүйлийн 3.1.12-д Иргэн нь 1995 оноос хойш ажилласан хугацаанд шимтгэл төлсөн цалин, хөдөлмөрийн хөлс, орлогоос тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл дараалсан 5 жил нь хэдээс хэдэн он хүртэл болохыг тодруулан зөвлөж энэ хугацаанд шимтгэл төлсөн цалин, хөдөлмөрийн хөлс, орлогыг баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтэр эсвэл тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан архивын лавлагааг хавсаргана гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Ж.Насандулам нь анх тэтгэвэр тогтоолгохдоо сонгож авсан 5 жилийн хугацааны цалин хөлсний тодорхойлолтыг нийгмийн даатгалын байгууллагад ирүүлээгүй, харин 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажиллаж байсан байгууллагаасаа тодорхойлолт[10] гаргуулж ирүүлсэн байх тул сонгож авсан 5 жилийн хугацааг хүчээр урагшлуулж сонгох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

3. Илүү олгогдсон 1,609,794.00 төгрөгийн тухайд:

 

Нэхэмжлэгч Ж.Насандулам нэхэмжлэлдээ одоо Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс уг актаар тогтоогдсон зөрүү 1,609,794.00 төгрөгийг намайг төл гэсэн шаардлага тавьдаг .... гэсэн байх боловч маргаан бүхий 112 тоот актын тогтоох хэсгийн 1-д Хавсралтад дурьдсан нэр бүхий 11 хүнд илүү олгогдсон 15,674,296.00 төгрөгийн тэтгэврийг холбогдох албан тушаалтнуудаар хариуцуулан төлүүлэхийг ... Санхүү, орлого хяналтын албаны дарга, ахлах .... нарт даалгасугай [11] гэсэн байх тул нэхэмжлэгч Ж.Насандуламд хамааралгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Насандуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Насандуламын Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай улсын байцаагчийн акт болон 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг буюу 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болгуулах, тэтгэврийн хэмжээг бууруулж 407.307 төгрөгөөр тогтоосныг зогсоож өмнөх 457.600 төгрөгөөр тогтоохыг даалгах, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 352058 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ