Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 202

 

Ж.Насандуламын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгалансуурь, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Х.Хэрлэнцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 170 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ж.Насандуламын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.Оргилболд, Б.Ганхуяг, С.Лхагвадорж, Х.Хэрлэнцэцэг нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Насандулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчиж цалинг буруу тооцсон /цалинг 60 сард хуваагаагүй/ гэсэн үндэслэлээр тэтгэврийн хэмжээг бууруулж, улмаар зөрүү гэж 1609794 төгрөгийн төлбөр гаргажээ.

Би ойлгохдоо миний тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана” гэснийг үндэслэсэн гэж үзэж байгаа бөгөөд би нийгмийн даатгалын шимтгэлийг сар цалингаасаа тасралтгүй төлж байсан тул энэхүү заалтыг үндэслэх нь буруу биш гэж бодож байна.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д зааснаас үзэхэд даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт гэж ойлгож байна. Би хэдийгээр сонгон авсан 5 жилийн хугацааны 6 сард нь эрүүл мэндийн шалтгааны улмаас цалин аваагүй боловч энэ нь сар бүр шимтгэл төлөх боломжгүй гэсэн даатгуулагч гэдэгт хамаарахгүй гэж үзэж байгаа ба сонгон авсан 5 жилийн хугацаанд авч байсан цалин хөлсний дүнг миний шимтгэл төлсөн нийт сарын тоо буюу 54 сард хувааж тооцсон нь дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг буруу хэрэглээгүй гэж үзэж байгаа юм.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7-д зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно гэснийг болон төрөөс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн байгааг улсын байцаагч анхаараагүй байна.

Одоо Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс уг актаар тогтоогдсон зөрүү 1609794 төгрөгийг намайг төл гэсэн шаардлагыг тавьдаг бөгөөд миний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасан “Нийгмийн даатгалын ажилтны алдаагаар буруу олгогдсон олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэснийг үндэслэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Ийнхүү дээрх улсын байцаагч нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гаргасан акт нь миний эрхийг зөрчиж байгаа тул акт болон актын хавсралтын 8 дугаарт заасан хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийг өмнө авч байсан хэмжээгээр олгох шийдвэр гаргахыг даалгаж өгөх, энэхүү хууль бус актын улмаас би нийт 6 сар 407307 төгрөгийн тэтгэвэр авсан бөгөөд зөрүү 201176 /2015 оны 7 сараас 10 дугаар сарыг дуустал 1 сарын зөрүү 50294 төгрөг нийт 4 сар/ төгрөгийг олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.1-т тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно гэж заасны дагуу Ж.Насандуламын өөрийнх нь сонгож авсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцсон байдаг.

Ж.Насандулам хөдөлмөрийн чадвар алдсан гэх 6 сарын хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.7-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн санд төлөөгүй байсан. Учир нэхэмжлэгчийг өвчтэй байсан гэх хугацаанд ажлаас халагдсан байсан нь Цагдаагийн ерөнхий газрын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3/5927 дугаар архивын лавлагаагаар тогтоогдож байх тул ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үндэслэлгүй байна.  

Хувийн хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар түр алдсаныг цуцалсан тухай актад хэзээ тогтоосон нь ойлгомжгүй 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цуцалсан болохыг мэдэгдье гэсэн акт байдаг тул нотлох чадваргүй баримт байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Насандулам нь 6 сар өвчтэй буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэж тайлбарласан боловч тухайн хугацаандаа ажлаас халагдсан талаараа нэхэмжлэлдээ дурдаагүй байгаа. Нэхэмжлэгчийг Цагдаагийн байгууллагаас халагдсан гэсэн байдаг бөгөөд  эрүүл мэндээр тэнцэхгүй учраас халлаа гэсэн зүйл лавлагаанд байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Насандуламын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай улсын байцаагчийн акт болон 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг буюу 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болгуулах, тэтгэврийн хэмжээг бууруулж 407.307 төгрөгөөр тогтоосныг зогсоож өмнөх 457.600 төгрөгөөр тогтоохыг даалгах, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 352058 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 170 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Магадлалын 9-р хуудас дахь “Цагдаагийн ерөнхий газрын төв архивын лавлагаа зэргийг анхаарч үзээгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болохыг анхан шатны шүүхийн шийдвэрийн "нэхэмжлэгч Н.Насандуламын тэтгэвэр тогтоолтын хуудаснаас үзэхэд 2011 оны 6 дугаар сараас 2012 оны 5 сар хүртэлх хугацаанд шимтгэл төлөгдөөгүй, нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн байсан нь Цагдаагийн ерөнхий газрын төв архивын лавлагаагаар тогтоогдож байхын зэрэгцээ" гэсэн дүгнэлт нотолж байна.

2. Нэхэмжлэгч Ж.Насандуламын хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж авч байсан эсэх, тэр хугацаанд түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан эсэхийг шалгаж тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна" гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын байгууллагын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа, нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт, хариуцагчийн гаргаж өгсөн лавлагаанд хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгааг шүүгч анхаарч үзээгүй   байгаа   нь   хэргийн   нотлох   баримтыг   шинжлэн   судалж   үнэлж дүгнээгүй болохыг харуулж байна.

3. Ж.Насандулам нь анх 2013 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Цэргийн тэтгэвэр тогтоож өгнө үү гэж өргөдөл гаргасан бөгөөд Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг үндэслэн тогтоох ёстой  байсан бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зөв дүгнэлт  хийж хэргийг шийдвэрлэснийг шүүх анхааран үзсэнгүй.

4. Ж.Насандуламын өвчтэй байсан тухайн 6 сард нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.3.7-д зааснаар Ажил олгогч нь хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн санд төлөөгүй байсан. Тухайн өвчтэй байсан гэх хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн байсан нь Цагдаагийн ерөнхий газрын 2012 оны 11 сарын 13-ны өдрийн Зж/5927 тоот "Архивын лавлагаа"-гаар тогтоогдож байх тул Ажил олгогч төлөх үндэслэлгүй болохыг нотолсон байгааг шүүх анхааран үзсэнгүй.

5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь заалтаар хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны шимтгэлийг төр. аж ахуйн нэгж байгууллагаас тэтгэмжийн даатгалын  санд төлсөн  тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл  хугацаанд оруулан тооцохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Ж.Насандуламын хувьд ажлаас чөлөөлөгдсөн байсан учраас ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл  төлөөгүй болохоо Цагдаагийн ерөнхий газрын 2012 оны 11 сарын 13-ны өдрийн Зж/5927 тоот "Архивын лавлагаа"-гаар    нотолсон байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсныг нотолж байна.

6. Ж.Насандуламын тэтгэврийг анх тогтоохдоо өөрийнх нь сонгож авсан 2008 оны 1 дүгээр сараас 2013 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаан нийт 66 сарын цалинг үндэслэн тэтгэвэр тогтоосон нь гэрчийн мэдүүлэг болон тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоосон байхад дахин магадлах шаардлагатай гэж үзсэнд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шүүхээс нотлох баримт цуглуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Ж.Насандулам нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар актын 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болгуулах, тэтгэврийн хэмжээг өмнөх 457600 төгрөгөөр тогтоохыг даалгах, хохирол 352058 төгрөг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Ж.Насандулам нь Дорноговь аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар ажиллаж байсан бөгөөд цэргийн албанд 21 жил, 1 сар, 21 хоног ажилласан учир өндөр насны тэтгэвэр тогтоолгож, улмаар энэхүү актын холбогдох хэсгээр “цалинг 60 сард хуваахгүй тэтгэвэр тогтоосон нь буруу” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн авч байсан 457601 төгрөгийн тэтгэврийг 407307 төгрөг болгож багасгажээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоохдоо дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хуваахаар, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж тооцохоор тус тус заасан байна.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд 5 жил дараалан шимтгэл төлсөн байх, хэрэв сар бүр шимтгэл төлөөгүй бол тэтгэврийн хэмжээг өөр аргаар тооцох, даатгуулагчийн эрх зүйн байдал өөрчлөгдөхөөр зохицуулжээ. Энэ тохиолдолд анх нэхэмжлэгчийн тэтгэврийг тооцож бодохдоо түүний сонгож авсан 5 жил дундаа тасарсан буюу 6 сарын хугацаа тасарсан байхад шүүхээс түүний үндэслэл шалтгааныг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь заалтад төр, аж ахуйн нэгж байгууллагаас хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор зохицуулжээ.

Тодруулбал нэхэмжлэгчийн хувьд “сонгон авсан дараалсан 5 жилээс 6 сард нь  өвчтэй байсан буюу хөдөлмөрийн чадвар түр алдсан” гэж маргаж, уг хугацаанд ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх нь тодорхойгүй байхад  анхан шатны шүүхээс “энэ хугацаанд нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хэрэгт авагдсан энэхүү дүгнэлтийг няцаасан нотлох баримтын талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөөгүй, эсрэг тэсрэг баримтын зөрүүг арилгаагүй хэргийг шийдвэрлэжээ.

Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3/5927 дугаар албан бичигт “нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн” тухай тодорхойлсон, мөн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн акт хэрэгт авагдсан байхад энэ талаарх үйл баримтыг тогтоож, нотлох баримтыг цуглуулаагүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөхөөр зохицуулжээ.

Энэ хүрээнд нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар түр алдсан эсэх, ямар учраас ажлаас чөлөөлөх захирамж гаргах болсон, энэхүү захирамжийг нэхэмжлэгч мэдсэн эсэх, ажил олгогч шимтгэл төлөх үүрэгтэй байсан эсэх үйл баримтыг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн цалин орлогын тодорхойлолт гэх баримтад 2011 оны 7 дугаар сарын 1-нээс 2012 оны 4 дүгээр сарын 31-н хүртэл нэхэмжлэгчид цалин олгоогүй болохыг тодорхойлсон байна. Гэхдээ энэхүү тодорхойлолт нь маргааны зүйл болсон хөдөлмөрийн чадвар алдсаны шимтгэлийг “ажил олгогч төлөөгүй” гэдгийг хангалттай нотолж чадахгүй юм. Иймээс хариуцагчийн “ажил олгогч шимтгэл төлөөгүй, нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн байсан” гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3/5927 дугаар албан бичгээр хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, мөн буцаан томилогдсон тухай тодорхойлсон боловч үүнийг нотлох баримт, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болон ажилд томилсон тушаал хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар хэзээнээс хэзээ хүртэл алдсан, энэ хугацааны шимтгэлтэй холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 170 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ