Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2164

 

 

 

 

 

 

 

 

 

И.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/01928 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/661 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч И.У- нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч И.У- нь 2016 онд ОСНААУГ- ОНӨААТҮГ-т ажилд орж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр өдий хүрлээ. Энэ хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж байгаагүй билээ. ОСНААУГ- ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/661 тушаалаар И.У-ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна. Тушаалд И.У-ыг 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан нь ажилтнуудын цагийн бүртгэлийн бичилт, хурууны хээ таних төхөөрөмжийн бүртгэлээр тогтоогдож байгаа гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.5, Хөдөлмөрийн гэрээний 1.10.3 дахь заалтад ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсныг зөвшөөрөхгүй байна. И.У-ыг 2019 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд ажил тасласан гэх боловч, тухайн өдрүүдийн үдээс өмнө 4-5 цагийн захиргааны чөлөөтэй байсан. И.У- 2019 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ажил таслаагүй, ажил дээр байсан болох нь цагийн бүртгэл, хамт ажиллагсад нотлохын зэрэгцээ байгууллагыг төлөөлөн 2 дугаар гарын үсэг зурдаг тул надгүйгээр санхүүгийн ямар нэгэн гүйлгээ хийгдэх боломжгүй, байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж чадахгүйд хүрдэг. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үдээс өмнө захиргаа удирдлагын хэлтсийн даргаас чөлөө авсан, үдээс хойш ажил дээрээ байж байгаад ажлын цаг дуусахад хурууны хээгээр цагийн бүртгэлээ хийлгэсэн. 2019 оны 06 дугаар сарын 24-ний орой 09 цаг 33 минутад хурууны хээгээр цагийн бүртгэл бүртгэгдсэн. Эдгээр баримтуудыг нотлох баримтаар шүхэд гаргаж өгсөн. Тухайн өдрүүдийн үдээс өмнө нь захиргааны чөлөөтэй байсан гэдэг нь нотлогддог. Үдээс хойш ажлаа гүйцэтгэж байсан гэдгийг гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаас харж болно. Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.5-ыг үндэслэж байгаа боловч энэ заалтад 2 ба түүнээс дээш өдөр буюу 24 цаг гэж байгаа, 24 цаг нь ажлын 8 цаг, 3 өдрийн ажил тасласан байхыг ойлгохоор байна. Нэхэмжлэгч И.У-ын хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасласан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Тухайн өдрүүдэд захиргааны чөлөөтэй байсан. Бусад өдөр нь ажил үүргээ гүйцэтгэж байсан. ОСНААУГ- ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/661 тушаалаар И.У-ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйнд хувьд үндэслэлгүй, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд тус газрын даргын 2019 оны 07дугаар сарын 02-ны өдрийн Б/661 дүгээр тушаалыг хүчингүй болгож, И.У-ыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ОСНААУГ- ОНӨААТҮГазарт хариу тайлбартаа: И.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/661 дугаар тушаалд И.У-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Учир нь И.У- нь 2019 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилаа тасалсан. Энэ зөрчил нь ОСНААУГ-ын дотоод журмын 3.2.5, мөн И.У-ын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.10.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцогддог тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан.. гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. И.У-ын 2019 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь нотлох баримтуудаар тогтоогддог. 2019 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд байгууллагад ашигладаг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй хурууг уншуулаагүй, мөн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн удирдах ажилтануудын шуурхай зөвлөгөөний хурлын ирц, гадуур ажилтны цаг бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогддог юм. Иймд И.У- нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/661 дугаар тушаал нь хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй хүчин төгөлдөр байгаа учраас И.У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.У-ыг ОСНААУГ- /ОНӨААТҮГ/-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ОСНААУГ- /ОНӨААТҮГ/-аас 5 807 163 /таван сая найман зуун долоон мянга нэг зуун жаран гурван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.У-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар хариуцуагч нь нэхэмжлэгч И.У-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ОСНААУГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч И.У-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2019 оны 11 сарын 06 ны өдрийн 182/шш2019/01928 дугаартай хэргийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир, нэхэмжлэгч И.У нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ОСНААУГ-ын даргын Б/661 тушаалыг хүчингүй болгуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ОСНААУГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б миний бие хариу тайлбар гаргахдаа И.У-ыг 2019 оны 6 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж ОСНААУГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.2.5 хөдөлмөрийн гэрээний 1.10.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж тайлбарласан. И.У нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ажлын цагыг бүртгүүлээгүй нь ажил тасалсан нь шууд нотлогдож байгаа юм, мөн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр мөн өглөө хурууг уншуулж таниулаагүй ба орой 21 цаг 33 минутад хурууг таниулсан байдаг энэ нь өөрөө локиг утгаараа ажил тарсанаас хойш 4-н цагийн дараа гэсэн үг юм И.У нь өөрийн нэхэмжлэлдээ 2 дугаар гарын үсэг зурдаг гэх бөгөөд ажлын цагын дараа ОСНААУГазар нь ямар нэгэн гүйлгээ хийдэггүй болно. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт И.У-ыг захиргааны чөлөөтөй байсан гэж дурджээ уг чөлөөний хуудас нь өөрөө тамга дэмдэггүй хүчин төгөлдөр бус чөлөөний хуудас юм. Мөн гэрчээр П.Д-г асуулгасан байна, П.Д нь өөрөө Урантогсын шууд удирдлаган доор ажилдаг байсан ба Урантогс нь өөрөө Д-г ажилд авч байсан. ОСНААУГ-н зүгээс нотлох баримтаар. Цагийн бүртгэл, шуурхай хурлын ирцийн тэмдэглэл. Гадуур ажилсан ажилчдын цагын бүртэгэлийг тус, тус хавсаргасан болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч И.У- нь хариуцагч ОСНААУГ- /ОНӨААТҮГ/-т холбогдуулан тус газрын санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 15-16 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч И.У- нь 2019 оны 6 дугаар сарын 21, 24-ний өдрүүдийн үдээс өмнө захиргааны чөлөөтэй байсан тул ажлаас халах тушаал нь үндэслэлгүй гэж, хариуцагч ОСНААУГ- /ОНӨААТҮГ/ нь нэхэмжлэгч И.У- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасласан тул ажлаас халсан тушаал нь үндэслэлтэй гэж тус тус тайлбарлажээ.

 

            Нэхэмжлэгч И.У- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/661 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1 дэх заалтын дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хэргийн 6, 30-32 дугаар тал/

 

Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан нь цагийн бүртгэлийн бичилтээр тогтоогдсон гэх үндэслэлээр тус Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 1.10.3-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч дуусгавар болгосон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.10.1-1.10.5-д сахилгын ноцтой зөрчилд тооцох үндэслэлүүдийг нэрлэн заасан байх ба 1.10.3-т “хүндэтгэн үзэх шалтгаангүй эсхүл зөвшөөрөлгүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан буюу ажлын байраа орхин явсан бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байх боловч нэхэмжлэгч нь тус өдрүүдэд тус бүр 4-6 цагийн захиргааны чөлөөтэй байсан болох нь хэрэгт авагдсан чөлөөний хуудсаар тогтоогдож байна. /хэргийн 30-32, 45-46 дугаар тал/ Түүнчлэн, гэрч П.Д-ийн “...тухайн өдрүүдэд бүтэн ажиллаагүй, хагас өдөр чөлөөтэй байсан. Үдээс хойш ирэхэд нь би кассын баримтад гарын үсэг зуруулж байсан” гэх мэдүүлэгээр давхар нотлогдож байна./хэргийн 79 дүгээр тал/

 

            “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3 дах заалтаар чөлөө олгох журмыг зохицуулсан байх бөгөөд 6.3.5-д “ажилтнуудад 8 цаг хүртэл буюу ажлын 1 өдрийн чөлөөг тус газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга чөлөөний хуудсаар олгоно” гэж заасан байх тул хэргийн 45-46 дугаар талд авагдсан нэхэмжлэгч И.У-од 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 8-12 цагийн, 06 дугаар сарын 24-ний өдөр 8-14 цагийн хооронд чөлөө олгосон хариуцагч байгууллагын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Н-ийн гарын үсэгтэй чөлөөний хуудсыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч тамга, тэмдэг дарах эрх бүхий этгээд биш тул чөлөө олгох хуудсанд тамга, тэмдэг дарагдаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчид чөлөө олгосон хуудас нь тамга тэмдэггүй тул хүчин төгөлдөр бус гэх давж заалдах годлыг хүлээн авах боломжгүй.

            Иймээс нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний 1.10.3-т нэрлэн заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй эсхүл зөвшөөрөлгүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгч И.У-ыг ОСНААУГ /ОНӨААТҮГ/-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 807 163 төгрөгийг хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн газар /ОНӨААТҮГ/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/01928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

     

                                          ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                             С.ЭНХТӨР