Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00503

 

И.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/01928 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2164 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: И.У-

          Хариуцагч: “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазарт холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие анх 2016 “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазарт ажилд орж, хөдөлмөрийн гэрээгээр өдийг хүртэл ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг ч удаа ажил тасалж байгаагүй. Гэтэл тус газрын даргын 2019-07-02-ны өдрийн Б/661 дүгээр тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй. Хурууны хээ бүртгэх төхөөрөмжөөс намайг ажил таслаагүй болохыг харж болно. Мөн 2019-06-21,24 –ний өдрүүдэд намайг ажил таслаагүйг цагийн бүртгэл болон хамт ажиллагсад нотлохын зэрэгцээ миний бие байгууллагыг төлөөлж хоёрдугаар гарын үсэг зурдаг тул надгүйгээр ямар нэгэн санхүүгийн гүйлгээ хийх боломжгүй юм. Иймд тус газрын даргын 2019-07-02-ны өдрийн Б/661 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: тус газрын даргын 2019-07-02-ны өдрийн Б/661 дугаар тушаалд И.У-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Учир нь И.У- нь 2019-06-21, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан. Энэ зөрчил нь ОСНААУГ-ын дотоод журмын 3.2.5, мөн И.У-ын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.10.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцогддог тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт ...ноцтой зөрчил гаргасан.. гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. И.У-ын 2019-06-21, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь нотлох баримтуудаар тогтоогддог. 2019-06-21, 24-ний өдрүүдэд байгууллагад ашигладаг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй хурууг уншуулаагүй, мөн 2019-06-24-ний өдрийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурлын ирц, гадуур ажилтны цаг бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогддог. Иймд И.У- нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан Б/661 дугаар тушаал нь хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй хүчин төгөлдөр байгаа учраас И.У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 182/ШШ2019/01928 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.У-ыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОНӨААТҮГ/-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОНӨААТҮГ/-с 5,807,163 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.У-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар хариуцагч нь И.У-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь заалтыг баримтлан хариуцагчаас 107,865 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2164 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/01928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор миний бие хариу тайлбар гаргахдаа И.У-ыг 2019-06-21,24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж ОСНААУГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.2.5 хөдөлмөрийн гэрээний 1.10.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж тайлбарласан. 2006.7.3-ны өдрийн дугаар 33 Монгол улсын Дээд шүүхийн тогтоолын 15.4.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэж хөдөлмөрийн гэрээний 1.10.3 дэх заалтыг үндэслэсэн ОСНААУГазрын даргын Б/661 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм. И.Урантогс нь 2019-06-21-нд ажлын цагаа  бүртгүүлээгүй нь ажил тасалсанг шууд нотлож байгаа юм. 2019-06-24-нд мөн өглөө ирцийг уншуулж таниулаагүй ба орой 21 цаг 33 минутад таниулсан нь өөрөө локиг утгаараа ажил тарснаас хойш 4-н цагийн дараа гэсэн үг юм. И.Урантогс нь өөрийн нэхэмжлэлдээ 2 дугаар гарын үсэг зурдаг гэх бөгөөд ажлын цагийн дараа ОСНААУГазар нь ямар нэгэн гүйлгээ хийдэггүй болно. Шүүхийн шийдвэрт И.Урантогсыг захиргааны чөлөөтэй байсан гэж дурджээ. Уг чөлөөний хуудас нь өөрөө тамга тэмдэггүй хүчин төгөлдөр бус чөлөөний хуудас юм. Мөн гэрчээр П.Даваасүрэн нь өөрөө У-ын шууд удирдлага дор ажилладаг, У- нь өөрөө Даваасүрэнг ажилд авч байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

        И.У- 2019-07-16-ны өдөр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-н дарга 2019-07-02-ны өдөр Б/661 дугаартай тушаал гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дүрмийн 8.3.1-г үндэслэн “..хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалж ноцтой зөрчил гаргасан..” гэж И.У-ыг Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлсөн байна.

        Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Талууд ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар хөдөлмөрийн гэрээнд урьдчилан тохиролцсон нь, мөн уг зөрчлийг ажилтан гаргасан нь тогтоогдсон тохиолдолд   ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцнэ.

       Зохигчийн хооронд 2019-03-25-ны өдөр байгуулагдсан 26 дугаартай  хөдөлмөрийн гэрээний 1.10.3-т “...хүндэтгэн үзэх шалтгаангүй эсхүл зөвшөөрөлгүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан буюу ажлын байраа орхин явсан..” тохиолдлыг ноцтой зөрчилд тооцох талаар тохиролцсон байна. /хх 30-32/  

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...И.У- 2019 оны 06-р сарын 21, 24-ний өдөр ажил тасалсан..” гэж маргасан /хх 15/ боловч уг үйл баримт тогтоогдоогүй буюу ажилтан дурдсан хугацаанд чөлөөтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

        2. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна. Гэрчээр дуудагдсан этгээд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээнэ.

        Шүүх хуралдаанд П.Даваасүрэн гэрчээр дуудагдан мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүх уг ажиллагааг явуулахдаа, гэрч мэдүүлэг өгөхдөө хууль зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй энэ тухай хариуцагчийн гомдлоор шийдвэр,магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 168 дугаар зүйлийг зөрчинө.

         3. Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлтийг хэргийн оролцогч гаргах эрхтэй.

         Хэрэгт, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Намжилмаа олгосон гэх /гарын үсэгтэй/ 2019 оны 06 дугаар сарын 21,24-ны өдрийн “Чөлөөний хуудас” эх хувь /хх 45,46/-р авагдсан байх бөгөөд уг баримтыг эс зөвшөөрсөн тайлбараа /хх68/ хариуцагч баримтаар нотлоогүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэг болон 44 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.   

         4. Хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд зохигчийн тайлбар, нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.

        Хариуцагч нь И.У-ын нэхэмжлэлийг баримтаар үгүйсгэж чадаагүй буюу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-н даргын 2019-07-02-ны өдрийн Б/661 дугаар тушаалын үндэслэл тогтоогдоогүй тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг  шүүх хангасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2019-07-02-ны өдрийн Б/661 дүгээр тушаалыг хүчингүй болгохыг хүссэн гэх боловч энэ нь “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагын үндэслэл байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

        5. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын  гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/01928 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2164 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ