Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 161

 

“У” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Г.Банзрагч

                                    Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “2016 оны ус ашигласны төлбөр 21,836,100 төгрөгийг суутгаснаас Төсөвт байгууллагын ус ашигласны төлбөр 17,965,456 төгрөгийг суутган авсан хууль бус эс үйлдэхүйг тогтоож, илүү суутган авсан 17,965,456 төгрөгийг буцаан олгуулах тухай”

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 109/ШШ2017/0045 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0036 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттогтох, Х.Оюунтүлхүүр нар.

Хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 109/ШШ2017/0045 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4, 54 дүгээр зүйл, 59 дүгээр зүйлийн 59.1.3, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг тус тус баримтлан “У” ХХК-ий Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төсөвт байгууллагын ус ашигласны төлбөр 17965456 төгрөгийг суутган авсан хууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгч “У” ХХК-ий дансаас илүү хураасан мөнгөн дүн болох 17964456 төгрөгийг буцаан олгохыг хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0036 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 109/ШШ2017/0045 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн “хууль бус эс үйлдэхүйг” гэснийг “үйл ажиллагааг хууль бус болохыг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарын гомдол: “У” ХХК нь анх татварын хэлтэстэй манайх ус ашиглагч биш бөгөөд ус ашигласны төлбөр төлөх субьект биш усаар хангагч байгууллага учир ус ашигласны төлбөр төлөхгүй гэдэг асуудлаар 3 шатны шүүх хурлаар орж ус ашиглагч бөгөөд ус ашигласны төлбөр төлөгч мөн болохыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 251 тоот тогтоолоор тогтоосон. “У” ХХК нь газрын гүний усыг олборлож аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд ус түгээн борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг цорын ганц компани юм. “У” ХХК-ийн маргаж байгаа асуудал нь өмнөх 3 шатны шүүхээр орсон асуудалтай агуулгын хувьд адилхан байгааг дурдах хэрэгтэй.

4. Гэтэл “У” ХХК нь төсөвт байгууллагад борлуулагдаж буй усыг усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэж маргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 109/ШШ2017/0045 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0036 дугаар магадлалаар “У” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж гаргасныг эс зөвшөөрч байна.

5. 2016 оны 04 дүгээр сарын Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын гаргасан ус ашиглуулах дүгнэлтэд тус компани нь 2016 онд нийт 291869 м3 усыг ашиглахаар дүгнэлт гаргуулжээ. Үүнээс хүн амын унд ахуйн хэрэглээнд 65418/35093 м3 усыг орон сууц, 30325м3 гэр хороолол түгээхээр дүгнэлтийн 15 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн бөгөөд мөн дүгнэлтийн 16-д холбогдох хууль, тогтоол шийдвэрийн дагуу ногдуулах усны төлбөрийн хэмжээг хуулийн заалт бүрээр тайлбарлан бичжээ. Үүнд “байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1.1-д заасны дагуу хүн амын унд ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглах усыг төлбөрөөс чөлөөлнө”, түүнчлэн барилга, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, бусад ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах газрын доорх усны төлбөрийг “Усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор Орхон голын сав газарт тогтоосон экологи эдийн засгийн суурь үнэлгээ, “тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолд заасан ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр, “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг ашиглан тооцно. Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1-р хавсралтын тайлбар 2-т зааснаар ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны төлбөрийг усаар хангагч байгууллага тооцож авна. Төсвийн тухай хуулийн 23.6.5-д заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийг Архангай аймгийн төсөвт төвлөрүүлэх гэжээ. /Энэхүү дүгнэлтэд төсөвт байгууллагын унд ахуйн хэрэглээнд гэсэн зүйл байхгүй болно./

6. Усны нөөц ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д усны нөөц ашигласны төлбөр ногдох зүйлийг тодорхойлохдоо хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус, эрчим хүч үйлдвэрлэх, тээвэр хийх болон усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус гэж, мөн 15 дугаар зүйлд төлбөр ногдох усыг ашиглах зориулалтаар нь унд ахуйн, хүнд хөнгөн, хүнсний үйлдвэр, эрчим хүч, барилга, уул уурхай, тариалангийн үйлдвэрлэл гэх мэт зориулалтаар нь ангилж төлбөрийн хувь хэмжээг ялгамжтай зааснаас үзвэл “У” ХХК-ийн олборлон түгээн дамжуулж байгаа ус нь төлбөр ногдох усанд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл “У” ХХК нь дээрх хуульд заасан үйлдвэрлэлийн зориулалтаар усыг өөрөө ашигладаггүй, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, ... гэрээ байгуулна” гэж заасны дагуу тэдгээр үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглах этгээдтэй гэрээ байгуулж усыг дамжуулан түгээдэг байх тул “ус ашиглагч” гэж үзэхээргүй байна, “У” ХХК нь усыг өөрөө ашигладаггүйгээс гадна ус худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаггүй, харин ус түгээх дамжуулах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ явуулсныхаа төлөө эрх бүхий этгээдээс тогтоосон тарифаар үйлчилгээний төлбөрийг авдаг тарифанд ус ашигласны төлбөр хамааралгүй гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

7. Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын гаргасан ус ашиглуулах гэрээ болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зүйл заалтууд нь “У” ХХК-ийг ус ашиглагч гэдгийг нотолж байгаа. Түүнчлэн ус ашиглагч бөгөөд усны төлбөр төлөгч мөн гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 251 тоот тогтоолоор тогтоогдсон байгаа. “У” ХХК нь хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14.2.6-д “үйлчилгээний тарифын хэмжээ тогтоох саналыг боловсруулж зохицуулах зөвлөлөөр батлуулж мөрдөх” гэж заасны дагуу үйлчилгээний хөлс буюу тарифаа тогтоолгож үйлчилгээнийхээ төлбөрийг аж ахуйн нэгж байгууллага иргэдээс тухай бүр авдаг ба энэ нь тухайн байгууллагын борлуулалтын орлого бөгөөд худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь тодорхой байна. Тус компаний өмчлөлд байгаа гүний худгаас татан борлуулж байгаа ус бол тухайн компаний үндсэн бүтээгдэхүүн бөгөөд хэн нэгнээс аваад дамжуулан түгээдэггүй өөрөө олборлож түгээж борлуулдаг.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үндэслэлд: Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д “татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх” эрхээр хангаагүй тухайн төрлийн татвар нь сар бүр төлдөг, тайлангаа жилээр гаргадаг онцлог татварын төрөл болохын хувьд татварын ногдуулалт, чөлөөлөлт хөнгөлөлтийг хэрхэн тооцох талаар тайлбар авалгүй шууд данснаас суутган авсан нь хууль бус байх тул “тайлант оны ногдол нь гэрээ дүгнэлтэд тусгаснаар тодорхой тул уг ажиллагааг явуулах шаардлагагүй” гэх гомдол үндэслэлгүй гэжээ.

9. Энэ заалт нь татвар төлөгч үүргээ огт мэдэхгүй татварын алба татварыг тодорхойлох шаардлагатай, эсхүл хяналт шалгалт хийх, ерөнхий болон тусгай удирдамжийн дагуу шалгалт хийх тохиолдолд хэрэглэгддэг ба татварын хэлтэс нь устай холбоотой асуудлаар ямар нэгэн ногдол хийдэггүй харъяа газрын дүгнэлт, гэрээнд үндэслэдэг, тайлант оны ногдол тодорхой, хуулинд чөлөөлөх заалт нь тодорхой байх тул уг ажиллагааг явуулах шаардлагагүй тул дээрх эрхээр хангаагүй гэх нь үндэслэлгүй, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд зааснаар усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь хэмжээг 100 хувь тэглэсэн байхад хариуцагч татварын хэлтэс усны төлбөр авсан нь хууль бус гэжээ. Энэхүү тогтоолын хавсралт нь унд ахуйн зориулалтаар биш унд ахуйн зориулалтаар усны эрдэсжилт, хатуулгыг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ус ашигласан гэсэн зориулалт байна. Энэ заалт нь “У” ХХК-д хамааралгүй бөгөөд тус компани нь усны эрдэсжилт хатуулгыг цэнгэгжүүлж зөөлрүүлэх ажиллагаа хийдэггүй тул энэхүү заалтыг яагаад ашигласан нь тодорхой бус бөгөөд энэ талаар тодорхой бичсэн боловч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх огт дурдсангүй.

10. “У” ХХК нь төсөвт байгууллагыг усны нөөц ашигласны төлбөр төлөгч мөн эсэхийг тодруулахаар холбогдох байгууллага албан тушаалтанд хандсан /хавтаст хэрэгт байгаа/ тэдгээрийн хариултууд нь ойлголтын зөрүүг үүсгэж байна. Гүний худаг байхгүй төвлөрсөн системд холбогдсон төсөвт газрууд ус ашигладаггүй бөгөөд ус хэрэглэгч тул хэрэглэсэн усныхаа үнийг /тарифын дагуу/ ус ашиглагч “У” ХХК-д тухай бүр төлдөг. Усны төлбөр, тариф, үнэнд бараа үйлчилгээний бүхий л өртөг зардал, татварууд тэр ч байтугай нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогддогийг бүх худалдан авагч нар мэдэх энгийн ойлголт юм. Харин үнэ тарифаа яаж тогтоох нь тухайн компани, зөвлөлийн асуудал байна. Иймээс “У” ХХК нь усны нөөц ашигласныхаа төлбөрийг ус түгээн борлуулж буй компани төлөх ёстой болохоос төсөвт газрыг ус ашигласны төлбөр төлөгч мөн биш гэдгийг асуугаад тодорхойлох гээд байгаа нь, түүнчлэн төсөвт газраас ус ашигласныхаа төлбөрийг авах гээд байгаа нь ойлгомжгүй юм. Түгээн борлуулж байгаа усаа өөрөө гүний худгаас “У” ХХК олборлон борлуулж байгаа ба харилцах дансанд орж буй мөнгө бол ус хэрэглэгчдээс төлсөн төлбөр юм. Гэвч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “У” ХХК-ийг цэвэр усыг олборлох, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг явуулдаг байх тул ус ашиглагч биш ус хангагч байгууллага гэж үзсэн байна. Архангай аймагт ганцхан компани усыг олборлон усаар хангаж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Усыг олборлож байж л усаар хангана шүү дээ.

11. Хариуцагч нь хуульд төсвийн байгууллагыг ус ашигласны төлбөрөөс чөлөөлөх заалт байхгүй гэх боловч төсвийн байгууллага нь ашиг олох зорилгогүйгээр  унд  ахуйн  зориулалтаар  хэрэглэдэг байх  тул  дээрх хуулиар чөлөөлсөн зориулалтад хамаарч байх тул  гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэжээ.

12. Засгийн газрын 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын тайлбар 2-т “Энэхүү хавсралтын 10-т заасан ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага иргэний ашигласан усны төлбөрийг усаар хангагч байгууллага тооцож авна гэсэн нь татварын байгууллага тэдгээр аж ахуйн нэгжтэй татварын тооцоо давхар хийхгүй, зөвхөн ус ашиглаж буй аж ахуйн нэгжтэй хийнэ” гэсэн нь татварыг давхардуулан ногдуулахгүй гэсэн зарчим юм. Гэтэл адилхан ус түгээж үйлчилсэн төлбөрөө авчихаад дээрх заалтыг буруугаар ойлгож ашиг олох зориулалтгүй бол тухайн усыг ус ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэж ойлгож байгаа нь буруу юм. Тэгээд ч төсөвт байгууллагууд хүн амын унд ахуйн чөлөөлөлтөд хамаарахгүй нь хуулинд тодорхой байгаа.

13. Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоол, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд төсөвт байгууллага гэж байхгүй бөгөөд Засгийн газрын 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад төлбөр ногдох усанд 12 төрлийн үйл ажиллагаа байна. Түүнчлэн Монгол Улсын Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1. дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө. 20.1.1-д “Хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах” гэсэн заалт байгаагаас төсөвт байгууллагын хэрэглэсэн усыг чөлөөлнө гэсэн заалт огт байхгүй байна. /ашигласан ус, хэрэглэсэн ус хоёр нь ялгаатай ойлголт юм/. Иймд дээрх заалтуудыг нарийвчлан авч үзсэнгүй. Гэтэл хүн амын гэдэг үгийг орхигдуулаад унд ахуйн гэдэг заалтыг бариад байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

14. Хүн ам гэж - алив улс тодорхой хүрээ хязгаар заагт амьдран суугчид /Монгол хэлний товч тайлбар толь Я.Цэвэл. УБ хот 1966 он 745 дугаар хуудас/, унд гэж- уух юм, ундаа цай, унд хоол, унд шингээ уух /Монгол хэлний товч тайлбар толь Я.Цэвэл. УБ хот 1966 он 593 дугаар хуудас/, ахуй гэж - байгаа бүхий, ахуй байдал, ахуй болзол, ямар нэг үйлийг гүйцэтгэх нөхцөл боломж /Монгол хэлний товч тайлбар толь Я.Цэвэл. УБ хот 1966 он 58 дугаар хуудас/-д тус тус тайлбарлан бичсэн байна. Тиймээс төсөвт байгууллагын хэрэглэж буй ус бол хүн амын буюу амьдран суугчдын хэрэглэсэн ус биш юм.

15. Иймээс хүн амын унд ахуйн усны хэрэглээ гэж байхаас төсөвт газрын унд ахуйн хэрэглээ гэдэг хуулийн зүйл заалт огт байхгүй байна. 2014 он /2014 оны гэрээнд төсөвт газарт түгээсэн ус багтсан/ түүнээс өмнөх онуудад энэ асуудал огт гардаггүй байсан төдийгүй төлбөрөө төлдөг байсан ба сүүлийн жилүүдэд хуулийн хэрэгжилтийг ойшоохгүй байх дураараа гэрээ хийх дүгнэлтээс зөрж гэрээ хийх нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд татварын албанд хүндрэл учруулж, татвар төлөх нь дурын бөгөөд тохиролцооны асуудал гэж үзэж байгааг дурдах нь зүйтэй. /2014, 2015, 2016 оны гэрээнүүдэд логик уялдаа байх хэрэгтэй/

16. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0036 дугаар магадлалыг эс зөвшөөрч байгаа тул Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

            17. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

18. Архангай аймгийн Татварын хэлтэс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “У” ХХК-ийн Төрийн банк дахь 18000018675 тоот данснаас “2016 оны ус ашигласны төлбөрт 21,836,100 төгрөг суутган авсан”, нэхэмжлэгчээс “... 17,965,456 төгрөгийг хууль бусаар, ... илүү суутган авсан” гэж маргасан, үндэслэлээ “... татвар ногдуулалт хийгдээгүй, мэдэгдээгүй, тайлагнаагүй, тайлагнах хугацаа болоогүй байхад байгууллагын данснаас ... /мөнгө/ суутган авсан”, “... манай компани 2016 оны ... 07/2108 дугаар ус ашиглуулах гэрээгээр 2016 онд 40126 м3 ус ашиглаж, төсөвт 3,952,445.6 төгрөг төвлөрүүлэхээр гэрээ байгуулсан ... /байхад/ төсөвт байгууллагын хэрэглэсэн ... усанд ногдох 17,965,456 төгрөгийг илүү суутган авсан” гэж, хариуцагчаас “... усны төлбар олон сар дамжин төлөгдөхгүй... байсан тул нэгэнт ногдсон боловч хугацаандаа төлөгдөхгүй байгаа татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63.1-д ... заасны дагуу “У” ХХК-ийн ... данснаас үл маргах журмаар гаргуулж, төсөвт төвлөрүүлсэн, ... Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар... төсөвт байгууллагыг усны төлбөрөөс чөлөөлөхөөр заагаагүй, ... “У” ХХК нь хэрэглэгч байгууллагуудаас ... /ус ашигласны/ төлбөр ногдуулан авсан... /үүнийгээ/ төсөвт төлөх ёстой” гэх зэргээр маргажээ.

19. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “У” ХХК нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумыг цэвэр усаар хангах үйл ажиллагаа,  үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байх бөгөөд 2016 онд “...”У” ХХК нь усны нөөц ашигласны төлбөр төлөгч биш” гэх  үндэслэлээр, “Архангай аймгийн Татварын хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр суутгасан 10,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр суутгасан 5,512,000 төгрөг, нийт 15,512,000 төгрөгийг суутган тооцоолол хийсэн үйлдлүүдийг хууль бус болохыг тогтоож, нийт 15,512,000 төгрөгийг буцаан манай компанийн ... дансанд хийлгэхийг аймгийн Татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага захиргааны хэргийн шүүхэд гаргасан, уг захиргааны хэргийг гурван шатны шүүх хянан хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 251 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ингэхдээ Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д “...ус ашиглагч гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг” ойлгохоор, 31 дүгээр зүйлийн 31.1-д “ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлөх”-өөр тус тус заасныг үндэслэн “У” ХХК нь “ус ашигласны төлбөр төлөгч мөн” болохыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

20. Давж заалдах шатны шүүх уг асуудлаар, “... “У” ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 3.1.14-д заасан “ус хангагч” байгууллага /бөгөөд/ усыг дамжуулан түгээдэг байх тул “ус ашиглагч” гэж үзэхгүй, ... “У” ХХК-ийн олборлож түгээн дамжуулж байгаа ус нь төлбөр ногдох усанд хамаарахааргүй” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

21. Тодруулбал, байгалийн нөөцийн нэг төрөл болох усыг ашиглахтай холбоотой харилцаа нь Усны тухай хуулиар, ус ашигласны төлбөр ногдуулах, төлөхтэй холбоотой харилцаа нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулагдсан, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ...нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй”, 26.2-т “... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан ... /ус ашиглагч, ус хэрэглэгч/ гэж /2/ ангилах”-аар заасны зэрэгцээ уг хуулиар “ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ  ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг, “ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг ойлгохоор тусгайлан тодорхойлсон, “У” ХХК нь үйлдвэрлэл, үйлчилгээндээ  усыг ашиг олох зорилгоор ашигладаг болохынхоо хувьд уг хуулийн дагуу “ус ашиглагч” байна.

22. Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар “ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлөх” үүрэгтэй, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.31-д зааснаар “... ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө” ус ашигласны төлбөр төлөхөөр хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх уг харилцаанд хэрэглэвэл зохих Усны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэхгүй, “хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулдаг” Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийг баримталж, “...”У” ХХК –ийг ус ашиглагч гэж үзэхгүй”, “...”У” ХХК-ийн олборлож түгээн дамжуулж байгаа ус нь төлбөр ногдох усанд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хууль хэрэглээний алдаа болжээ.

            23. Түүнчлэн, Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулж, сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авах”-аар, 29 дүгээр зүйлийн 29.1-д “... /дээрх/ зөвшөөрлийг үндэслэн ... ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулах”-аар тус тус заасны дагуу “У” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулах газрын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07/2108 дугаартай Ус ашиглах дүгнэлтийг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Байгаль орчны аялал жуучлалын газартай “Ус ашиглах тухай” 07/2108 дугаар гэрээг байгуулан ажиллаж байсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

24. Гэхдээ, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “... хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах, түймэр унтраах болон гамшигтай тэмцэх, усыг үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд эргүүлэн ашиглах, гадаргын усыг газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах” зорилгоор ашигласан усны хувьд усны төлбөр тооцохгүй байхаар заасан, эдгээр зорилгоор ус ашигласан хэрэглэгч “усны нөөц ашигласны төлбөр” төлөхгүй тул нэгэнт хуулиар чөлөөлөгдсөн төлбөрийг “У” ХХК хэрэглэгчээс авахгүй, энэ тохиолдолд, тухайн “хэрэглэгчийн төлөөгүй”, хуулиар чөлөөлөгдсөн төлбөрийг “У” ХХК төлөх үүрэгтэй гэж үзэхгүй юм.

25. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, тухайлбал, нэхэмжлэгчээс “... ус ашиглуулах гэрээгээр 2016 онд 40126 м3 ус ашиглаж, төсөвт 3,952,445.6 төгрөг төвлөрүүлэхээр гэрээ байгуулсан” гэж маргаж байгаа нь ямар учиртай болох, “У” ХХК нь усны нөөц ашигласны төлбөрөөс хуулиар чөлөөлөгдсөн болон чөлөөлөгдөөгүй хэрэглэгчдээс ялгамжтай төлбөр авдаг эсэх, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байгаа нийт хэдэн, ямар ямар “төсөвт байгууллага”-тай ямар гэрээний үндсэн дээр, хэдий хэмжээний ус нийлүүлсэн, ингэхдээ “байгалийн нөөц ашигласны төлбөр”-ийг үйлчилгээний үнэ тарифт шингээж авсан эсэхийг зайлшгүй тодруулж, дүгнэлт хийсний эцэст “төсөвт байгууллагын ус ашигласны төлбөрийг  “У” ХХК төлөх ёсгүй” эсэх, хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтэс “төсөвт байгууллагын ус ашигласны төлбөрийг  “У” ХХК-ийн данснаас суутган авсан нь зөв” эсэх, төлбөрийг илүү суутгаж авсан эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

26. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “...татвар ногдуулалт хийгдээгүй, мэдэгдээгүй, тайлагнаагүй, тайлагнах хугацаа болоогүй байхад байгууллагын данснаас ... /мөнгө/ суутган авсан нь ... хууль бус” гэж, хариуцагчаас “... байгалийн нөөц ашигласны төлбөрийг сар сард нь төлөх ёстой байтал ... хугацаандаа төлөөгүй, олон сараар төлөгдөөгүй” гэж маргасан, шүүх маргааны уг үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь буруу, усны нөөц ашигласны төлбөрийг ямар хугацаанд төлөх, татварын төлөгчийн үүрэг хэзээ үүсч, хэзээнээс хугацаа хэтэрсэн гэж тооцох талаар холбогдох хуулийг хэрэглэж, зохих дүгнэлт хийх шаардлагатай.

27. Эдгээр үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 109/ШШ2017/0045 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0036 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА