Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0081

 

“А у у” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 109/ШШ2018/0035 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А у у” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 109/ШШ2018/0035 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27, 31 дүгээр зүйлийн 31.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А у у” ХХК-аас Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “2016 оны ус ашигласны төлбөр гэж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банкны 18........ тоот данснаас 17.965.456 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А у у” ХХК-аас Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “17.965.456 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас 2.823.100 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдсэн 15.142.356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.800 төгрөгөөс 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 177.600 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А давж заалдах гомдолдоо: “... Архангай аймгийн Татварын хэлтэс нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай компанийн данснаас бидэнд ямар нэгэн зүйл мэдэгдэхгүйгээр Төрийн банкны 18.......... тоот данснаас төсвийн байгууллагын ус рашаан ашигласны /байгалийн нөөц ашигласны/ төлбөрт тооцож, 17.965.456 төгрөгийг суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, 17.965.456 төгрөгийг буцаан олгуулахыг хүссэн нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “Нэхэмжлэгч “А у у” ХХК-нийг ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ усыг ашигладаг “ус ашиглагч” учраас төсөвт байгууллагын хэрэглэсэн усны байгалийн нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой байна” гэж агуулгын хувьд дүгнэлт хийж шийдвэрлэлээ.

Монгол Улсын төсөв бүрдүүлэхэд иргэн, аж ахуйн нэгжийн төлж байгаа татвар чухал үүрэгтэй ч татвар хураах, төлөх үйл явц маань татвар төлөгчийн эрх ашгийг хүндэтгэн, харилцахдаа хүндэтгэлтэй хандах үүргийг татварын байгууллага/байцаагчид/ хуулиараа үүрэг болгосон. Мөн түүнчлэн хуулийг хэрэглэхдээ хэт муйхар байдлаар тайлбарлаж хэрэглэж болохгүй байлтай юм.

Усны нөөц ашигласны татварыг Монгол Улсын Засгийн газрын 326 дугаартай тогтоолын 1.10 дахь заалтаар маш тодорхой ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдээс усаар хангагч байгууллага болох манай компанийг тооцож авч төсөвт төлнө гээд заагаад өгчихсөн байна.

Гэтэл төсөвт байгууллагын хэрэглэж байгаа усыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашигладаггүй тул усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэсэн нь буруу байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх үндэслэлээ зориулалтаар нь авч үзсэн байгаа болохоос биш субьектээр нь авч үзээгүй байна. Хэрвээ төсөвт байгууллагын хэрэглэсэн усанд байгалийн нөөц ашигласны төлбөрийг чөлөөлөхгүй гэж үзэж байгаа юм бол тэр төлбөрийг нь манай компани төлөхгүй шүү дээ.

 Бид төсөвт байгууллагуудтай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулан, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 14.2.6-д заасны дагуу батлагдсан үйлчилгээнийхээ үнэ тарифаар ус түгээсэн, ариутгасан, бохир ус татан зайлуулсны хөлсийг төсөвт байгууллагуудаас авдаг болно. Үйлчилгээний үнэ тарифт байгалийн нөөц ашигласны төлбөр шингээгүй. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларсан байгаа. /Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн албан тоотууд, тус Зөвлөлийн үнэ тарифын албаны дарга н.Г-ны мэдүүлэг/.

 Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “цэвэр усны үйлчилгээний төлбөр” гэж усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг, 3.1.17-д “бохир усны үйлчилгээний төлбөр” гэж хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг”,  3.1.18-д ““тариф” гэж цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс баталж нийтэлсэн үнийг хэлнэ” гэж заасан байдаг.

Манай компани нь усыг ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, зөөвөрлөн түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг. Монгол Улсын Засгийн газраас 326 тоот тогтоолоор байгалийн нөөц ашигласны төлбөрийг ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжээс тооцож авч төсөвт төвлөрүүлэх үүргийг өгсөн байна. Энэ үүргээ хэрэгжүүлэхдээ өөрөөсөө төл гэж үүрэгжүүлээгүй.

Хэрэв манай компанийг ашиг олох зорилготой үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзэж төсөвт байгууллагын /хэрэглэгч/ хэрэглэсэн усны усны нөөц ашигласан төлбөрийг төлөх ёстой гэж үзэх юм бол ерөөсөө логик агуулгаараа ус ашиглах гэрээнд тусгагдсан бүх усны хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой байхаар байна.

Манай компани Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газартай 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 07/2108 дугаартай ус ашиглуулах гэрээг байгуулсан. Гэрээнд хэдий хэмжээний усыг ашиглах, ямар хэмжээгээр, ямар ямар этгээдүүдэд ашиглуулах, ашигласан усанд Монгол Улсын засгийн газрын 326, 327 дугаарт заасан байгалийн нөөц ашигласны төлбөрийг тооцож орон нутгийн төсөвт төлөх болон байгалийн нөөц /усны нөөц/-ийн төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөхийг нь хөнгөлж чөлөөлөөд, татвар ногдох хэсгээ тодорхойлоод гэрээгээ байгуулсан байгаа.

Гэтэл Архангай аймгийн Татварын хэлтэс гэрээнд шууд хөндлөнгөөс оролцож татвар ногдлыг тодорхойлж, илүү суутган авсан байхад 07/2108 дугаартай ус ашиглах гэрээний талаар шүүх ямар нэгэн үнэлэлт дүгнэлт огт өгөөгүй байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор харъяалагдах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийнэ” гэж заажээ гэж манай компанийг усны нөөц ашигласны төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж болох хэдий ч Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан татварын өр гэдэгт хамаарахааргүй байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “татвар төлөгчийн тайлангаар тодорхойлсон татварын өр, түүнд тооцсон алданги” гэж тодотгож өгснөөс харвал татвар төлөгч тайлангаар тодорхойлсон татварын өрийг хэлэхээр байна.

Архангай аймгийн Татварын хэлтэс манай данснаас Татварын Ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд зааснаар татварын өрийг үл маргах журмаар барагдуулсан гэж тайлбарладаг. Гэтэл тайлагнах хуульд заасан эцсийн хугацаа дуусаагүй, тайлагнаагүй байхад өөрөөр хэлбэл хугацаанд нь төлөөгүй татварын өр биш байхад шууд суутган авч байгаа нь Татварын ерөнхий хуулийн 55.1.1, 57, 61, 62, 63 дугаар зүйлүүдийг зөрчиж байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 109/ШШ2018/0035 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт найруулгын болон бичиглэлийн алдаа гаргасан, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв удирдлага болгоогүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Архангай аймгийн Татварын хэлтэс нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “А у у” ХХК-ийн данснаас 2016 оны ус ашигласны төлбөрт илүү 17.965.456 төгрөгийг суутган авсныг хууль бус болохыг тогтоож, буцаан төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар татвар төлөх хугацаа болоогүй байхад нэхэмжлэгчид мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлэлгүй суутган авсан, мөн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар төсөвт байгууллагын хэрэглэж байгаа ус нь “хүн амын унд, ахуйн хэрэгцээ”-ийн зориулалтаар хэрэглэж буй усанд хамаарах тул ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй, ... төсөвт байгууллагатай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах” гэрээ байгуулж ажилладаг. Усны үнэ, тариф дотор байгалийн нөөц ашигласны буюу усны нөөц ашигласны төлбөрийг шингээж авдаггүй” гэж,

харин хариуцагч “... усны төлбөр олон сар дамжин төлөгдөхгүй аймгийн төсвийн орлого бүрдүүлэлтэд саад учруулж байсан тул нэгэнт ногдсон боловч хугацаандаа төлөгдөхгүй байгаа татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн харилцах данснаас 17.965.456 төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсан, ... төсөвт байгууллагын хэрэглэж байгаа усыг ус ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэсэн хуулийн заалт байхгүй” гэсэн агуулгаар тус тус маргажээ.

Харин нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь төсөвт байгууллагад нийлүүлсэн усны хэмжээн дээр маргаагүй байна.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д “... ус ашиглагч гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг” ойлгохоор, 31 дүгээр зүйлийн 31.1-д “ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлөх”-өөр тус тус заасныг үндэслэн “У” ХХК нь “ус ашигласны төлбөр төлөгч мөн” болохыг Улсын Дээд шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор тогтоож шийдвэрлэсэн байна.

Байгалийн нөөцийн нэг төрөл болох усыг ашиглахтай холбоотой харилцаа нь Усны тухай хуулиар, ус ашигласны төлбөр ногдуулах, төлөхтэй холбоотой харилцаа нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулагдсан, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ... нь тодорхой зориулалт хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй”, 26.2-т “... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан ... /ашиглагч, ус хэрэглэгч/ гэж 2 ангилахаар заасны зэрэгцээ уг хуулиар ус ашиглагч гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг, “ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчин ашигладаг хэрэглэгчийг ойлгохоор тусгайлан тодорхойлсон, “А у у” ХХК нь үйлдвэрлэл, үйлчилгээндээ усыг ашиг олох зорилгоор ашигладаг болохынхоо хувьд уг хуулийн дагуу “ус ашиглагч” байна.

Мөн Усны тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.7-д “хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулж, сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авах”-аар, 29 дүгээр зүйлийн 29.1-д “... ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн ... ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум дүүргийн Засаг дарга гэрээ байгуулах”-аар  тус тус заасны дагуу “”А у у” ХХК нь Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулах газрын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07/2108 дугаар Ус ашиглах дүгнэлтийг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газартай “Ус ашиглах тухай” 07/2108 дугаар гэрээг байгуулан ажиллаж байсан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Анхан шатны шүүх “... төсөвт байгууллага нь усыг хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашигладаггүй тус усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөхгүй ... төсөвт байгууллагын ашиглаж буй усыг ... нийт хүн ам” хэрэглээгүй, тухайлсан этгээдийн ахуйн хэрэгцээнд ашиглаагүй ... төсвийн байгууллага”-ийн үйл ажиллагааны явцад ашигласан байх тул “үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”-д хамааруулан ойлгоно ... төсөвт байгууллага усыг хүн амын унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар ашигладаггүй байх тул төсөвт байгууллагын ашигласан ус нь ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй ...” гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна” гээд 6.1.1-д “хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө”, 20.1.1-д “хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах” гэж тус тус хуульчилсантай нийцсэн буюу шүүх хуулийг зөв тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... манай компани ... ус ашиглах гэрээг байгуулсан, гэрээнд ... нөөц ашигласны төлбөрийг тооцож орон нутгийн төсөвт төлөх болон ... төлбөрөөс хөнгөлөх чөлөөлөхийг нь чөлөөлж хөнгөлөөд татвар ногдох хэсэгтээ тодорхойлж гэрээгээ байгуулсан ... татварын хэлтэс гэрээнд шууд хөндлөнгөөс оролцож татварын ногдлыг тодорхойлж, илүү суутган авсан байхад ... ус ашиглах гэрээний талаар шүүх дүгнэлт өгөөгүй ...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн “А у у” ХХК нь татвар төлөгч хуулийн этгээд байх тул Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийхээр байна.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөх ус ашигласны төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарыг хүртэл төлөөгүй байсан болох нь тогтоогдсон байна.

Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ”, 33.2.4-д “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйл, татвар төлөгчийн харилцагч банкинд өгөх бол энэ хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах ...”, 61 дүгээр зүйлийн 61.2-т “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна”,  63 дугаар зүйлийн 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа, шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна”, 63.2-т “Татварын өрийг энэ хуулийн 63.1-д заасны дагуу гаргуулах тухай татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг тухайн татварын албаны дарга баталж, банкинд хүргүүлэх бөгөөд уг мэдэгдэх хуудсанд татварын өр гаргуулах үндэслэл, түүний хэмжээ, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох хугацааны тухай заана” гэж тус тус заажээ.

Хариуцагчаас Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2.4, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан ажиллагааг хийж, нэхэмжлэгчид 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 0101032 дугаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчээс албан бичиг тайлбар хүргүүлсэн[1], улмаар Архангай аймгийн Татварын хэлтсээс мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т тус тус зааснаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1665 дугаар мэдэгдэх хуудас[2]-ыг Төрийн банкинд хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байх тул хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн Төрийн банкны данснаас ус ашигласны төлбөр 17.965.456 төгрөгийг үл маргах журмаар суутган авсныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь усны нөөц ашигласны төлбөр төлөгч байх бөгөөд төсөвт байгууллагын хэрэглэсэн ус нь ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болох нь тус тус тогтоогдож байх тул үл маргах журмаар төсөвт байгууллагын ашигласан усанд ногдох усны нөөц ашигласны төлбөр суутган авсныг хуульд нийцсэн гэж үзлээ.

Харин хариуцагч гэрээнд заасан хувь хэмжээг үндэслэн төсөвт байгууллагын ашигласан усыг 186.325 м3/жил гэж тооцон суутгасан нь буруу байна.

Тодруулбал, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17/0201 дүгээр дүгнэлтээр төсөвт 47 байгууллагыг 157.045.9 м3/жил цэвэр усаар хангасан болох нь тогтоогдож байх тул уг хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрийг нэхэмжлэгчээс суутгах ёстой бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 /нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох/ дэх хэсгийн зүйл заалтыг удирдлага болгосон нь буруу, мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэж, ойлгомжтой байдлаар найруулга хийх нь зүйтэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:                                                           

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 109/ШШ2018/0035 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт удирдлага болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “106.3.14” гэснийг хасч, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27, 31 дүгээр зүйлийн 31.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А у у” ХХК-аас 2016 оны ус ашигласны төлбөр гэж илүү 2.823.100 төгрөг суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, 2.823.100 төгрөгийг буцаан төлөхийг /олгохыг/ Архангай аймгийн Татварын хэлтэст даалгаж, үлдэх “2016 оны ус ашигласны төлбөр гэж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банкны 18000018675 тоот данснаас 15.142.356 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, уг 15.142.356 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                     Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                    Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ 

 

 

 


[1] 1ХХ-ийн 165 дугаар хуудас

[2] 1ХХ-ийн 169, 171