Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 12

 

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ц.Нямцэцэгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад хариуцагдах

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож албан тушаалд томилохыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгуулах, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Албан тушаалд жинхлэн томилох тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Нямцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Рэнцэндорж, гуравдагч этгээд Ж.Банзрагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Нямцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг газар зохион байгуулагч, инженер мэргэжлээр сурч төгссөн. Газрын даамлын сонгон шалгаруулалт 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд орж, хамгийн өндөр оноо буюу нийт 72 оноо авч нөөцөд бүртгэгдсэн.

Эрдэнэбулган сумын Газрын даамлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч. Отгонжаргал дарга шалгалт зарлагдахаас 1 хоногийн өмнө тухайн албан тушаалд ажиллаж байсан иргэн Ж.Банзрагчийг томилсон. Ж.Банзрагч нь 2015 оны 10 дугаар 22-ны өдөр жинхлэн томилуулах хүсэлт тавьсан байдаг.  2015 оны 10 дугаар 23-ны өдөр шалгалт товлогдсоныг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга мэдэж байсан мөртлөө Ж.Банзрагчийг 2015 оны 10 дугаар 27-ны өдөр томилсон.

Ж.Банзрагч нь газрын чиглэлээр биш байгаль хамгаалагчаар ТЗ-2-оор шалгалт өгсөн болно. Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэнд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус асуудлаар гомдол гаргаж бичиг хэргийн ажилтан М.Оюунцэцэгт өгсөн боловч бичгээр хариу өгөхгүй манай шийдвэрлэх асуудал биш шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Мөн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч. Отгонжаргалд 2015 оны 11 сарын 27-ны өдөр, 2016 оны 01 сарын 19-ний өдрүүдэд тус тус өргөдөл гаргасан. Тухайн албан тушаалд 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс одоог хүртэл томилогдож чадаагүй байна.

Төрийн албаны зөвлөлд Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2 удаа сонгон шалгаруулалт зарлуулах албан бичиг хүргүүлсэн.

Би өмнө нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газрын төлбөр, кадастрын мэргэжилтнээр ажиллаж байсан.

Намайг нэр дэвшүүлсэн учраас томилогдох ёстой гэж үзэж байгаа. Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамалын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож албан тушаалд томилохыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгуулж, 2015 оны 10 сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч Ц.Нямцэцэг нь 2015 оны 10-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд орж, хамгийн өндөр оноо буюу 72 оноо авч нөөцөд бүртгэгдсэн. Шалгалт зарлагдсан орон тоо нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын орон тоо байсан. Тийм учраас Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлж Архангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд явуулсан байдаг. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Ц.Нямцэцэгийг албан тушаалд томилохыг даалгасан албан бичиг явуулсан. Энэ асуудал нь 2015 оны 11 дүгээр сарын 20-нд болсон. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал Ц.Нямцэцэгийг ажилд нь томилохгүй байсан учраас Ц.Нямцэцэг нь Ч.Отгонжаргалтай очиж уулзсан байдаг. Гэтэл Ч.Отгонжаргал дарга он гарсны дараа ирж уулзаарай гэж хэлээд явуулсан байдаг. Он гарсны дараа ажилд томилохгүй байсан учраас 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд Ц.Нямцэцэг гомдол гаргасан. Тухайн гомдлыг Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн хүлээж аваад манай шийдэх асуудал биш, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад хүсэлт гарга гэсэн байдаг.  Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргалд Ц.Нямцэцэг бичгээр 2 удаа хүсэлт гаргасан. Гэтэл Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргалаас Ц.Нямцэцэгт 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33 тоот албан бичгээр ажилд томилох боломжгүй тухай мэдэгдсэн. Ингээд Ц.Нямцэцэг нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй учир шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн. 

Ж.Банзрагч нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын байгаль хамгаалагчийн сул орон тоон дээр төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт өгөөд нэгээр гарч ирээд тухайн албан тушаалдаа томилогдсон. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/66 дугаар албан бичгээр Ж.Банзрагчийг төрийн албанд ажиллахаас татгалзсан тухай хүсэлтээ биеэр болон бичгээр өгөөгүй гэсэн байдаг.

                        Энэ хэргийг шийдвэрлэхэд Төрийн албаны салбар зөвлөл Ж.Банзрагчийг төрийн албаны нөөцөөс хассан уу, үгүй юу гэдгийг заавал шалгаж тогтоох хэрэгтэй байна. Энэ нотлох баримтыг бүрдүүлж шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгмөөр байна. Тийм учраас Ж.Банзрагчийг жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасуулахаар Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргах эрх үүссэн учраас шүүх хуралдааныг хойшлуулж, гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү.

Ц.Нямцэцэг нь Эрдэнэбулган сумын Засаг даргатай төрөл байх юм бол энэ асуудлыг Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар зохицуулчихсан байгаа. Энэ бол дараагийн шийдвэрлэх асуудал. Энэ хүсэлт нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй.

                        Яагаад Ц.Нямцэцэгийг энэ албан тушаалд нь томилохгүй байгаа бэ гэхээр танилын хүнээ өөр албан тушаалд шалгалт өгч тэнцүүлж, нөөцөд бүртгэх хугацаа нь хэтэрсэн хүнийг хууль зөрчиж авч байгаа нь хууль бус үйлдэл юм.

 Үүнээс нэг зүйлийг харахад томилох эрх бүхий этгээд сул орон тоон дээр захиалга өгнө гэсэн заалт хууль болон журам дээр байгаа. Аль газраас захиалга өгсөн, хэн энэ захиалгын дагуу төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн байна гэдгийг харж үзэх ёстой. Өнөөдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн албан бичгээс үзэхэд Ц.Нямцэцэгийг ажилд томилохыг зөвшөөрсөн буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ. Үнэхээр ажилд авахыг хүлээн зөвшөөрөөгүй юм бол тухайн албан бичгийг Авлигатай тэмцэх газарт явуулах шаардлагагүй. Иймд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын газрын даамлын албан тушаалд томилохыг даалгаж өгч, түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газар нь Монгол улсын Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтын дагуу сумдын газрын даамлыг томилж, чөлөөлдөг болно. Үүнд: 2015 онд Эрдэнэбулган сумын газрын даамлын сул орон тоонд төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлуулахаар Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд тус газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 211 тоот, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 384 тоот албан бичгүүдийг хүргүүлсэн.

Гэтэл шалгалт зарлагдахгүй байсан хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлаар ажиллаж байсан Ж.Банзрагч нь туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд орох мэргэшлийн шалгалтад орж тэнцэн Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн байна.

Ж.Банзрагч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тухайн албан тушаалдаа жинхлэн томилуулахаар хүсэлт гаргасныг судлан үзээд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/49 тоот тушаалаар жинхлэн томилсон болно.  Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “газар” гэж “газрын гадаргуу, түүний хөрс, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг” гэсэн утгаар томъёолсон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хуулиар хамгаалах обьект”-д Газрын тухай хуулийн “газар” гэсэн тэр томъёог тодорхойлсон утгуудаас ойлгоход газар, газрын хэвлий, ус, агаар, ургамал, амьтан гэсэн нэг утгаар тайлбарлагдсан байна.

Дээрх хуулийн заалт нэр томъёоноос харахад байгаль орчин, газрын харилцааны асуудлыг салгаж ойлгох боломжгүй бөгөөд байгаль орчны чиглэлээр шалгалт өгсөнөөр газрын даамлаар ажиллах боломжтой гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Рэнцэндорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтын дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга сумын газрын даамлыг томилж, чөлөөлдөг бөгөөд 2015 оны 03 сард Эрдэнэбулган сумын газрын даамлын сул орон тоон дээр Ж.Банзрагчийг түр томилон ажиллуулсан. Гэтэл Ж.Банзрагч нь 2015 оны 05 сард төрийн албаны шалгалтанд орж тэнцэн Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 05 сарын 29-ний өдрийн 114 дүгээр тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн тул Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал нь Ж.Банзрагчийн хүсэлтээр 2015 оны 10 сарын 27-ны өдрийн Б/49 тоот тушаалаар жинхлэн томилсон.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зүгээс 2015 онд Эрдэнэбулган сумын газрын даамлын сул орон тоонд төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлуулахаар Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд хоёр ч удаа хүсэлт өгсөн бөгөөд хугацаа хоцорч зарлагдсан. Иймд Ц.Нямцэцэг нь Ж.Банзрагчаас хойш төрийн албаны шалгалт өгсөн тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд сул орон тоо гарсан. Энэ сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн салбарт ажиллаж байсан хүмүүсээс нөхсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт газар, газрын хэвлий, ус, агаар, ургамал, амьтан зэрэг нь бүгд нэг утгаар тайлбарлагддаг учир газар, байгаль орчинг салгах боломжгүй. Тийм учраас байгаль орчны чиглэлээр шалгалт өгсөн байсан ч газрын чиглэлээр хариуцан ажиллах боломжтой гэсэн үг юм. 

                        Эрдэнэбулган сумын газрын даамлыг ажилд томилохдоо Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Эрдэнэбулган сумын Засаг даргатай зөвшилцсөний дараа ажилд томилох ёстой. Ц.Нямцэцэгийг тухайн ажлын байранд томилогдох юм бол ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна уу гэдгийг шалгуулахаар явуулсан албан бичиг, хэрэгт нотлох баримтаар өгч байна. Ц.Нямцэцэгийг Эрдэнэбулган сумын газрын даамлын ажил албан тушаалд томилохгүй байгаа нь сул орон тоо нөхөгдсөн учраас томилоогүй. Нэхэмжлэгч Ц.Нямцэцэг өмнө нь газрын төлбөр, кадастрын зураг хариуцан ажиллаж байсан Нандинцэцэг гэдэг жирэмсний амралттай хүний оронд түр хугацаагаар ажиллаж байсан. Энэ ажил хийж байсан нь газрын даамлын дадлага туршлага тодорхой хэмжээгээр болно.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын сул орон тоо гарсан. Тухайн сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу нөхсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ж.Банзрагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь 2015 оны 03 сарын 12-ны өдрөөс Эрдэнэбулган сумын газрын даамлаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар түр томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс жинхлэн томилогдон ажиллаж байна. Ажилд ороход төрийн албаны шалгалт өгсөн байх шаардлагатай гэсэн учир тухайн үед зарлагдсан байгаль хамгаалагчийн орон тоонд шалгалт өгч тэнцсэн. Миний үндсэн мэргэжил “Эдэлбэр газрын кадастр зураглал” мэргэжилтэй учир энэ ажилд томилогдон ажиллаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 2014 оны 12 сард Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажилд орох хүсэлтээ өгч 2015 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумын газрын даамлын ажилд түр тушаалтай томилогдон ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын ажлын байр гарсныг сонсоод тухайн ажлын байранд орох хүсэлтээ өгч томилогдон ажиллаж байна. Эрдэнэбулган сумын газрын даамлын ажил албан тушаалд орох хүсэлттэй байсан тул 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдөр шалгалт өгч хамгийн өндөр оноог авч тэнцсэн. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 3.2, 4.1 дэх заалтад Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн нөөцөд байгаа иргэн тухайн ажлын байранд заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллана.

Эрдэнэбулган сумын газрын даамлын ажил албан тушаалд хуулийн дагуу томилогдсон.  Төрийн албан хаагчийн шалгалт 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдөр өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч тал Төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг тайлбарлаж, нөөцөөс нэр дэвшсэн 2 иргэний хоорондох маргаан мэтээр ярьдаг. Гэтэл Ж.Банзрагчийг нөөцөөс нэр дэвшүүлж албан тушаалд томилсон асуудал байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга түр томилогдон ажиллаж байсан Ж.Банзрагчийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилсон. Ажилд томилох тушаалд Ж.Банзрагчийг төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгсөн гэдгийг дурдсан болохоос биш, нөөцөөс бүртгэгдсэн учраас томилсон гэсэн агуулга байхгүй. Ж.Банзрагч төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг 2015 оны 05 дугаар сард өгч тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын 3.2-д нөөцийн бүртгэлд байгаа иргэнийг дор дурдсан тохиолдолд нөөцөөс хасч, нөөцийн бүртгэлд тухай бүр тэмдэглэнэ гэсэн заалт байдаг. Яагаад Ж.Банзрагчийг тухайн албан тушаалд томилохгүй байсан бэ гэхээр төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй байсан учраас томилохгүй байсан. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын ажилд томилсон тушаалыг хүчингүй болгуулах гээд байдаг. Хэрвээ хууль зөрчиж гарсан тушаал байвал Төрийн албаны зөвлөл хүчингүй болгох хуулийн заалт байгаа.

 

                        Ц.Нямцэцэг төсвийн ерөнхийлөн захирагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэгтэй төрөл садангийн холбоотой буюу ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулах хүсэлт гаргаж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамал нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга сумын Засаг даргатай зөвшилцөн томилогддог. Мөн төсөв мөнгө, цалин нь Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газраас гардаг. Үүнийг шалгаж тогтоовол Ц.Нямцэцэг нь тухайн албан тушаалд томилогдох эрх үүсэхгүй. Хэрвээ энэ орон тоог нөхөх боломжгүй бол нөөцөөс нэр дэвшүүлсэн хүнийг сонгон авч болно. Энэ нь Ц.Нямцэцэгийг ажилд ав гэсэн ойлголт биш.

 

Ц.Нямцэцэгийг энэ албан тушаалд орох эрхтэй этгээд мөн үү биш үү гэдгийг тодруулахаар хариуцагч байгууллагын зүгээс тухайн албан бичгийг Авлигатай тэмцэх газарт явуулсан байх. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй гэсэн үг. Төрийн албаны зөвлөл санал дэвшүүлэх эрхтэй байгууллага, харин шийдвэр гаргадаг байгууллага биш.

 

Ж.Банзрагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна. Ж.Банзрагч нь энэ албан тушаалд 1 жил 4 сар ажиллаж байна.  Ж.Банзрагч нь байгаль хамгаалагчаар төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн. Нэхэмжлэл гаргасан хугацаа болон нэхэмжлэлд тусгасан шаардлага нь эрх бүхий албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхолд халдсан байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

1. Уг маргаан гарах болсон үйл баримтаас үзэхэд: Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалт газар нь Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн  салбар зөвлөлд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 211 дүгээр албан бичиг, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 384 дүгээр албан бичгээр тус аймгийн Эрдэнэбулган сумын газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлжээ. /х.х 22-23, 62-63/

 

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолын хаврсалтаар “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам” -ын 2.1, 2.6, 2.7, 3.1, наймд заасны дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний /газрын даамал/ албан тушаалд төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтыг явуулсан байна.

 

Уг сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч Ц.Нямцэцэг 72 оноогоор тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн, тус аймгийн Эрдэнэбулган сумын газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний /газрын даамал/ албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн  2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 196 дугаар тогтоолын 11-р хавсралтаар нэрийг дэвшүүлжээ. /х.х 62-67/

 

Улмаар нэхэмжлэгч Ц.Нямцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт гаргаснаар Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь тухайн албан тушаалд нэрийг дэвшүүлж санал болгохоор Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 87 дугаар албан бичгээр хүргүүлжээ.  /х.х- 40/

 

Дээрхи албан бичгийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ирсэн бичгийн бүртгэх дэвтэрт бүртгэгдэж ямар учраас томилох боломжгүй байгаа талаар албан ёсоор хариугаа Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл болон нэхэмжлэгч Ц.Нямцэцэгт өгөөгүй байна.

 

Үүний улмаас дахин 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өргөдөл гаргасны дагуу Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар албан бичгээр тус аймгийн Эрдэнэбулган сумын газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний /газрын даамал/ албан тушаалд томилох боломжгүй гэж үзснээс уг маргаан үүсчээ. /х.х -37-39, х.х 42-52/

 

Шүүх дээрхи нөхцөл байдлыг дүгнэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрээгүй, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

 

2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албан тушаалд томилохыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгуулах нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” гэсэн Төрийн албаны үндсэн зарчмийг зөрчжээ

 

Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам” -ын 2.1, 2.6, 2.7, 3.1, 8.1, 8.4; Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж, төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийн нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргасан байна.

 

Томилох эрх бүхий этгээд болох тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга зарлагдсан сул орон тоонд нэр дэвшүүлж ирүүлсэн Ц.Нямцэцэгийг томилох захиргааны акт гаргахгүй, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг биелүүлээгүй байна.

 

Тухайн /газрын даамлын/ сонгон шалгаруултанд бүртгүүлсэн иргэдээс хэн нэгийг нь сонгон тухайн албан тушаалд томилох боломжтой гэж үзсэн тохиолдолд энэ тухай саналаа, бүртгүүлсэн иргэдийн материалын хамтаар Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлэх үүрэгтэй байхад энэ үүргээ зөрчжээ.

 

Улмаар томилох эрх бүхий этгээд болох Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс санал болгосон иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод /Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрны (албан тушаал)-ын тодорхойлолтыг баталсан/ заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор томилох  хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт зааснаар  тухайн мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргаж батгалгаажуулаагүй, нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байна гэж үзлээ.

 

3. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Албан тушаалд жинхлэн томилох тухай”  б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч байгууллага болох Газрын харилцаа, барилга хот байгуулалтын дарга нь дээрхи маргаан бүхий захиргааны актыг  /б/49 дүгээр тушаал/ гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 114 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Учир нь: Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 57 дугаар албан бичгээр тус аймгийн Төвшрүүлэх сумын Байгаль хамгаалагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалгаа, ажлын байрны тодорхойлолтын хамт тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлжээ. /х.х 130-131/

 

2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолын хаврсалтаар “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам” -ын 2.1, 2.6, 2.7, 3.1, наймд заасны дагуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Байгаль хамгаалагчийн албан тушаалд төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтыг явуулж гуравдагч этгээд Ж.Банзрагч 69,5 оноогоор тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн байна.

 

Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 05 дүгээр сарын 29-ний өдрийн 114 дүгээр тогтоолын 10-р хавсралт болон Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр албан бичгээр  Байгаль орчин, аялал жуучлалын газарт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Байгаль хамгаалагчийн нөөцөд бүртгэгдсэн Ж.Банзрагчийн нэрийг дэвшүүлжээ. /х.х 148-151/

Гэтэл хариуцагч байгууллага болох Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь өөр статустай байгууллага буюу Байгаль орчин, аялал жуучлалын газрын захилгаар тус аймгийн Төвшрүүлэх сумын Байгаль хамгаалагчийн албан тушаалд сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэнийг /Ж.Банзрагчийг/ томилсон захиргааны акт гаргасан нь хууль бус байна.

 

Учир нь: Мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлээсээ тухайн ангилал дотроо түүнээс дээшхи зэрэглэлийн төрийн жинхэнэ албан тушаал /ажлын байр/-ын сул орон тоонд зарын дагуу бүртгүүлж, уг орон тоонд томилогдон ажиллаж болох бөгөөд ажлын байранд /газрын даамлын албан тушаалд /шалгалт өгсөн бол тухайн ангилал дотроо тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан иргэнийг  томилох эрхтэй.

 

Өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл тухайн сонгон шалгаруулалтад дахин орох хууль зүйн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна.

 

Монгол Улсын Их хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг  баталсан бөгөөд Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь  өөр, өөрийн гэсэн тогтолцоо, зохион байгуулалттай, эрхлэх асуудлын хүрээ, харьяалал нь тус тусдаа  байгууллагууд юм.

 

 Түүнчлэн хариуцагчийн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “газар” гэж “Газрын гадаруу, түүний хөрс, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг” гэсэн утгаар томъёолсон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хуулиар хамгаалах обьект”-д Газрын тухай хуулийн “газар” гэсэн тэр томъёог тодорхойлсон утгуудаас ойлгоход газар, газрын хэвлий, ус, агаар, ургамал, амьтан гэсэн нэг утгаар тайлбарлагдсан байна.

 

Дээрх хуулийн заалт нэр томъёоноос харахад Байгаль орчин, газрын харилцааны асуудлыг салгаж ойлгох боломжгүй бөгөөд Байгаль орчны чиглэлээр шалгалт өгсөнөөр газрын даамлаар ажиллах боломжтой” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Тухайн ажил, албан тушаалын /Газрын даамал, Байгаль хамгаалагч/ нэр томъёог илт буруу тайлбарлаж хуулийг зөрчсөн байна.

  

                        Иймд иргэн Ц.Нямцэцэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

                        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ж.Банзрагчийг жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасуулахаар Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргах эрх үүссэн учраас шүүх хуралдааныг хойшлуулж, гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шалтгаан, нөхцөл байдал байхгүй байгаа тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

            Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Ж.Банзрагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчихгүйгээр бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг дурдав.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.1, 70.2, 70.2.1, 70.2.4 дэх заалт, 72, 73 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                               

ТОГТООХ нь:

             1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, 39 дүгээр зүйлийн 39.6, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Албан тушаалд жинхлэн томилох тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилохгүй байгаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилохыг тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар/-аас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нямцэцэгт олгосугай.

 

             3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь -шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА