Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 357

 

Ц.Нямцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Ц.Нямцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2016/0535 дугаар магадлалтай, Ц.Нямцэцэгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Ж.Банзрагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, 39 дүгээр зүйлийн 39.6, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Албан тушаалд жинхлэн томилох тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилохгүй байгаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилохыг тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2016/0535 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Ж.Банзрагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2016/0535 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Сумын газрын даамал хариуцсан мэргэжилтнээр Ц.Нямцэцэгийг санал болгосон ажлын байрны сул орон тоонд Ж.Банзрагчийг томилсон болох нь тогтоогдсон гэж үзээд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд миний давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан "төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө", 17.3-т            “төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид "мэргэшлийн шалгалт" гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ...” гэсэн болохоос шууд томилно гэж хуулинд заагаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилохыг тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор батлагдсан Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлсан тайлбараар "сонгон шалгаруулах" гэсэн үгийн утгыг “... төрийн жинхэнэ албан хаагчдын дотроос үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан, өрсөлдүүлэн судалж, тэдгээрийн дотроос тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь тодруулахыг ойлгоно" гэжээ. Энэ нь мөн шууд сонгоно гэсэн утга биш юм. Мөн уг тайлбарт “ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгарүулж, албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтайг анхаарвал зохино" гэжээ. Гэсэн тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох "Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож албан тушаалд томилохыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргалд даалгуулж өгнө үү" гэсэн шаардлага нь үндэслэлгүй, тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан болох Ч.Отгонжаргалын хуулиар олгогдсон эрхэнд халдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 17.4 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж заасан байдаг. Уг зүйл заалтанд заасны дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал нь 2015 оны 10-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд орсон иргэдээс уг албан тушаалд тавих албан хаагчдаас шалгаруулж авах тухай хүсэлтээ Төрийн албаны төв байгууллагад тавьсан зүйл байдаггүй.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийн 17.1 дэх хэсэгт заасан албан хаагчдаас сонгож авах нөхцөл боломж үүссэн байдаг. Тухайн сул орон тоон дээр түр тушаалаар томилогдон ажиллаж байсан Ж.Банзрагч миний бие нь 2015 оны 05-р сарын 29-ний өдрийн Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг өгч хамгийн өндөр оноо авч тэнцсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтанд орж тэнцээд нөөцөд бүртгэгдсэнээсээ хойш амаар болон бичгээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргалд удаа дараа хүсэлт гаргаж байсан ба Ч.Отгонжаргал нь тухайн ажилд ажиллаж байсан дадлага туршлагыг минь үндэслэн тухайн ажил дээр түр тушаалаар ажиллаж байсан тушаалыг минь өөрчилж жинхлэн томилсон нь хууль зүйн хувьд бүрэн үндэслэлтэй шийдвэр гарсан. Учир нь миний бие Архангай аймгийн Их тамир сумын газрын даамлаар түр ажиллаж байгаад үргэлжлүүлэн тус аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлаар ажиллах хүсэлтийнхээ дагуу хүсэлтээ өгч Эрдэнэбулган сумын газрын даамлын ажилд түр томилуулсныг 2015 оны 01-р сарын 21, 24-ний өдрийн тушаалаар нотлогдоно.

Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Ж.Банзрагч миний биеийг жинхлэн тушаал гаргасан. Гуравдагч этгээд Ж.Банзрагч миний бие нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, тухайн хуулийн 10.1 дэх заасан тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, дадлага, ур чадвартай, мэргэшсэн байх ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангасан Төрийн жинхэнэ албан хаагч болохыг нь нотолсон баримтууд иргэний хэрэгт авагдсаныг дурдахад нэгт тухайн албан тушаалтныг эрхлэх "Эдэлбэр газрын кадастр, зураглал" мэргэжлээр дээд боловсролыг эзэмшсэн бакалаврын диплом, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн шалгалтанд орсон жагсаалт, тухайн мэргэжлээрээ ажиллаж мэргэшсэнийг нотлох 2015 оны 01-р сарын 21-ний өдрийн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргалын тушаал, 2015 оны 01-р сарын 24-ний өдрийн 6/04 тоот Архангай аймгийн Их тамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 6/04 тоот тушаал болон 2016 оны 04-р сарын 26-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын 03/50 тоот тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шиидвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тус аймгийн Эрдэнэбулган сумын газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар Төрийн албаны зөвлөлд захиалга ирүүлсэн, үүний дагуу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс уг албан тушаалд шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор бүртгүүлсэн иргэдээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авсан, уг шалгалтанд нэхэмжлэгч Ц.Нямцэцэг бүртгүүлэн оролцож, 72 оноо (хамгийн өндөр) авсан, гуравдагч этгээд Ж.Банзрагч уг шалгалтанд ороогүй, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 196 дугаар тогтоолоор Ц.Нямцэцэгийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн, талууд эдгээр үйл баримттай маргаагүй, эдгээр үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “... /шаардлага/ хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэсэнтэй нийцжээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж заасан байх тул “томилох эрх бүхий этгээд” буюу Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь Ц.Нямцэцэгийг зохих албан тушаал болох тус аймгийн “Эрдэнэбулган сумын газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилсон шийдвэр гаргаж, баталгаажуулах үүрэгтэй байна.

Шүүхүүд уг хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, гуравдагч этгээд Ж.Банзрагчийн “... нэр дэвшүүлнэ гэсэн болохоос шууд томилно гэж хуулинд заагаагүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд Ж.Банзрагч нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын Б/07 дугаар тушаалаар Эрдэнэбулган сумын Газрын даамалын албан тушаалд түр томилогдсон, ажиллаж байх хугацаандаа Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байгаль хамгаалагчийн албан тушаалын сул орон тооны төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж, оноогоор тэнцэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 114 дүгээр тогтоолоор түүнийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байтал уг тогтоолыг үндэслэн Ж.Банзрагчийг Эрдэнэбулган сумын Газрын даамалын албан тушаалд жинхлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтад нийцээгүй байх тул хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр зөв, гуравдагч этгээдийн “...Эрдэнэбулган сумын газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллах эрхтэй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргалаас 2015 оны 211 дугаар албан тоотоор Төрийн албаны зөвлөлд хандаж, “... сул орон тоонд төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлуулах”-аар, Эрдэнэбулган сумын Засаг даргаас 2015 оны 01/328 дугаар албан тоотоор хариуцагчид хандан “...Ж.Банзрагч нь ... Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчиж томилогдсон ... /тул/ төрийн жинхэнэ албанд анх орох иргэний сонгон шалгаруулалт ... зарлуулах”-аар тус тус хандсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, хариуцагч эдгээр үйл баримттай маргаагүй тул Эрдэнэбулган сумын Газрын даамалын албан тушаалын сул орон тоог “... байгууллага дотроосоо нөхөж, Ж.Банзрагчийг жинхлэн томилсон” гэх гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээж авах боломжгүй, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан нь төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар төрийн албаны сул орон тоог нөхөх харилцаанд хамааралгүй гэж үзнэ.

Иймд, гуравдагч этгээд Ж.Банзрагчийн “... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Рэнцэндоржоос 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн  шүүхийн 221/МА2016/0535 дугаар магадлалыг хүндэтгэн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2016/0535 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Банзрагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА