Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0439

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Б*******

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.А*******

Гуравдагч этгээд: Т******* ХХК хоорондын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т*******, Д.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагч Н.А*******, гуравдагч этгээд Т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Э.Б*******аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
  2. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 3/8877 дугаар албан бичгээр шүүхэд ханд гэсэн хариуг авсан байна.
  3. Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
  4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтээр Т******* ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт явуулжээ.
  5. Т******* ХХК 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 21/489 дүгээр гомдолдоо Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийн хэрэгжүүлэгчээр батламжилж эрх олгосон. Төслийг хэрэгжүүлэхэд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 1 тоот болон 11-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бус олгогдсоноос төсөл хэрэгжих боломжгүйд хүрч, олон оршин суугч, иргэд хохирч байна. ... Иймд дээрх Y-2205018474 дугаар бүхий бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
  6. Иргэн Э.Б*******, Я.Г******* нар нь Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 11-р байрны 1 тоот 44 м2 хэмжээтэй 3 өрөө байр, 2 тоот байр 24 м2 байр, нийт 69 м2 талбайтай 2 байрын өмчлөгч байжээ.
  7. Улмаар Улсын бүртгэлийн газарт 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 11-р байрны 1 тоот барилгыг үйлчилгээний зориулалтаар өргөтгөсөн ба нийт 239.142 м2 болгон өөрчлөлт оруулж бүртгэхийг хүссэн 11-896900 дугаар мэдүүлэг гаргасныг, улсын бүртгэлийн байгууллага хүлээн авч, Y-2205018474 дугаарт бүртгэлд өөрчлөлт оруулж, 239.1 м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийж, 000431666 дугаар гэрчилгээг олгожээ. /х.х-н 70-84/
  8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч дээрх бүртгэлийг Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 11-р байрны 1 тоот барилгыг үйлчилгээний зориулалттай болгож бүртгүүлэхдээ өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2205018842 дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 11 дүгээр байрны 2 тоот орон сууцны талбайг нийт талбайн хэмжээнд давхардуулж, газар эзэмших эрх олгогдоогүй өргөтгөлийн барилгын хамт бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг бүртгэсэн гэсэн үндэслэлээр дээрх мэдүүлгийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
  9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т*******, Д.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б*******, Я.Г******* нар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 11-р байрны 1, 2 тоотыг Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авч хууль ёсны шударга өмчлөгч болсон. Улмаар өөрийн өмчлөлийн уг байрандаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор архитектор О.О*******аар кафе, цайны газрын зориулалтаар үйлчилгээний барилгын өргөтгөлийн зураг гаргуулж тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлүүдийг зохих газруудаас нь авч Улаанбаатар хотын архитектор бөгөөд ХБХОГ-ын дарга М.Цээр батлуулж 250 гаруй сая төгрөгөөр батлагдсан зургийн дагуу барилгын өргөтгөл бариулж хоолны газар ажиллуулж эхэлсэн бөгөөд 2017 оны 2 дугаар сард Улсын бүртгэлийн газарт дээрх барилгын өргөтгөлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар зохих хууль тогтоомжийн дагуу хүсэлт гаргаж 11-р байрны 1,2 тоотыг, өргөтгөлтэй нийлүүлж зурсан хэмжилтийн зургийн дагуу 239,1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болгон 2017.03.27-ны өдөр гэрчилгээгээ гардан авсан Үлгэрчилсэн загварын дагуу сууц өмчлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулна." 5.6-д "Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй төслийн аль ч үе шатанд тохиролцох, ойлголцолд хүрэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ." гэх үүргүүдээ төсөл хэрэгжүүлэгч нь зорчсон. Учир нь 2017 оноос хойш өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ компани байрны хууль ёсны өмчлөгч Я.Г*******тай барилгын дахин төлөвлөлтийн талаар уулзалт хийж мэдээлэл өгөх, гэрээ хийх ямар нэг ч уулзалт хийгээгүй билээ.

Маргаан бүхий дүгнэлтийн тодорхойлох хэсэгт Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно." гэж заасныг зөрчсөн гэж үзэж дүгнэсэн байна. Энэхүү заалт нь газрын эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх агуулгатай байтал орон сууцны өмчлөх эрхтэй холбон мөн тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар орон сууцны барилгын өргөтгөлд газрын гэрчилгээ олгодоггүй байх үед авсан байхад хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан зорчсон гэж дүгнэсэн байна.

Маргаан бүхий дүгнэлтийн тодорхойлох хэсэгт Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно." гэж заасныг зорчсон гэж дүгнэсэн байна. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Орон сууц, түүний дэд бүтцийг шинээр барих, шинэчлэх, өргөтгөх арга хэмжээг орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ." хэмээн заасан. Мөн Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д "Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барихад барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 10.1, 23.2, 28.2-т заасны дагуу ангилал, зураг төсөл, баримт бичгийн дагуу олгоно." гэж тус тус зааснаас үзвэл тодорхой зөвшөөрлийн үндсэн дээр өргөтгөл хийх боломжтой байгаа нь харагдаж байна. Энэ ч үүднээс Э.Б*******, Я.Г******* нар нь холбогдох хууль тогтоомжийн дагуу өргөтгөлийн зураг гаргуулж, эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авсан байх тул дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй. Маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журам"-н 14.1-д заасныг үндэслэсэн бөгөөд 14.1 дэх заалт нь "Шалгалтаар илэрсэн нөхцөл байдал, алдаа, зөрчлийг боломжит бүхий л арга хэрэгслээр баримтжуулсан байна." гэж тусгасан байна. Дээрх заалтын агуулгаас харвал өмчлөх эрхэд халдахад үндэслэл болохуйц заалт биш байгаа нь харагдаж байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №6167 дүгнэлтийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү" гэжээ.

  1. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.А******* шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт Т******* ХХК-иас ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 21/489 дугаартай гомдолд "Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/736 дугаар захирамжаар тэргүүн Чансаа ХХК-ийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийн хэрэгжүүлэгчээр батламжилж эрх олгосон. Төслийг хэрэгжүүлэхэд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 1 тоот болон 11-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль зөрчиж олгогдсоноос төсөл хэрэгжих боломжгүйд хүрч олон оршин суугч, иргэд хохироод байна. Улсын мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 01-01/05, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 01-01/08 дугаар шийдвэрээр тус Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байр нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга барих төлөвлөх барилгын норм ба дүрэм /БНбД/ 22.01.01-ийн холбогдох заалтуудыг хангахгүй болсон, улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон тул тус байшингийн ашиглалтыг 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглосон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай А/977 дугаар захирамжаар Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт "Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно" гэж заасны дагуу орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах ажлыг түдгэлзүүлэх арга хэмжээг авах тухай захирамжийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг. Гэтэл ашиглахыг хориглосон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 11 дүгээр байрны 1 тоот 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Y-2205018474 дугаарт бүртгэж, 11-1 тоот 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Y-2205032435 дугаарт тус тус бүртгэж үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, хууль зөрчсөн бүртгэл хийгдсэн байна. Иймд дээрх Y-2205018474, Y-2205032435 дугаар бүхий бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлоор Н.А******* миний бие нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны A/341 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам"-д заасны дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Хяналт шалгалтын явцад нэхэмжлэл гаргагч Э.Б*******ын хамтран өмчлөгч Я.Г*******д Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахад эрхийн улсын бүртгэлийн Y2205018474 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байрны 1 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн нийтийн эзэмшлийн талбайд баригдсан өргөтгөлийн талбайн хэсэгт газрын гэрээ гэрчилгээ авч байгаагүй гэдгээ хэлж байсан. Мөн хяналт шалгалтаар Я.Г*******, Э.Б******* нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018842 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 11 дүгээр байрны 2 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Y-2205018474 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байрын 1 тоот орон сууцнуудаа өргөтгөлийн хэсэгтэйгээ нийлүүлэн нийт 239.1 м.кв талбайтайгаар бүртгүүлэхдээ 2 тоот орон сууцны 000094912 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн хэлтэст буцаан өгч бүртгэлийг хүчингүй болгуулахгүйгээр өөр дээрээ авч үлдэн бүртгэл давхардуулсан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон. Дээрх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь хэсэгт заасан "Улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох", Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно", Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт "Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно" гэж заасныг тус тус зөрчиж бүртгүүлсэн нь тогтоогдсон тул хяналтын улсын байцаагч 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 6167 дугаартай дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтэд нэхэмжлэл гаргагчийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y2205018842 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 11 дүгээр байрны 2 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Y2205018474 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байрын 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэвээр үлдээж, зөвхөн улсын бүртгэлийн хуулиуд, газрын тухай хууль, орон сууцны тухай хууль тогтоомж зөрчиж бүртгүүлсэн өргөтгөлийн талбайн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэргүүн чансаа ХХК эрхийн улсын бүртгэлийн 22050323 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамжны 11-1 тоот үл хөдлөх эд хөрөнгөд давхар гомдол гаргасныг 6167 дугаартай дүгнэлтээр өргөтгөлийн хэсгийг хүчингүй болгож хамтад нь шийдвэрлэснийг өмчлөгч Б.Даваасүрэн, Н.Наранжав нар хүлээн зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлд өргөтгөлийн хэсгийн талбайгаа хүчингүй болгуулж бүртгүүлснийг дурдах нь зүйтэй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл Орон сууцны тухай хууль, Газрын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж бүртгүүлсэн нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хууль, Улсын бүртгэлийн хууль, Улсын бүртгэлийн уйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журамд үндэслэж улсын байцаагч дүгнэлт гаргасан. Хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
  2. Гуравдагч этгээд Т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, түүний өмгөөлөгч Д.Батхуяг нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: " Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар Т******* ХХК-ийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийн хэрэгжүүлэгчээр батламжилж, эрх олгосон. Улсын мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01-01/08 дугаар шийдвэрээр тус тус Баянгол дүүргийн 1-р хороо, орон сууцны 11 дүгээр байр нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбД 22.01.01 /2006-ын холбогдох заалтуудыг хангахгүй болсон, улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон тул тус байрны ашиглалтыг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглосон. Улмаар Нийслэлийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай А/977 дугаар захирамж гаргаж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 11 дүгээр байрыг дахин төлөвлөж, барилгажуулж, тус орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02-01/1387 дугаар захирамжаар Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д "Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно" гэж заасны дагуу орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах ажлыг түдгэлзүүлэх арга хэмжээг авах тухай захирамжийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг. Гэтэл ашиглахыг хориглосон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 11 дүгээр байрны 1 тоотод 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Y-2205018474 дугаар бүртгэж, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, хууль зөрчсөн бүртгэл хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Иргэн Э.Б*******ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно. 6.4. Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно. гэсэн 2 тохиолдолд улсын бүртгэлийг хүчингүй болгох, бусад тохиолдолд шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.

3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Иргэний хуулийн 183.2, 183.3 дахь хэсэгт зааснаар эрх нь зөрчигдөж байгаа этгээдийн өргөдлийг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулахаар заажээ.

4. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно. гэж заасан ба энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргааны хувьд хохирч байгаа этгээдийн хувьд нөгөө талдаа шаардлага хүргүүлж, улмаар түүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бүртгэлд өөрчлөлт оруулах заалт бөгөөд энэ нь тухайн тохиолдолд хамаарахгүй байна.

5. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй. гэж заажээ. Уг хуулийн заалтаас үзвэл жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоох асуудал яригдах бөгөөд Т******* ХХК тухайн байрны өргөтгөлийн жинхэнэ эзэмшигч гэж маргаагүй.

6. Түүнчлэн маргаан бүхий өргөтгөлийн бүртгэлийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хийснээс хойш буюу Т******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/736 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулан хэрэгжүүлэх эрхийг олгож, газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгожээ. /х.х-н 45,106/

7. Гуравдагч этгээдээс Нийслэлийн Засаг даргаас Улсын бүртгэлийн газарт ашиглалтын шаардлага хангахгүй байгаа байрны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах ажлыг түдгэлзүүлэх хүсэлтийг явуулсаар байхад бүртгэл хийгдсэн гэх боловч уг албан бичгийг 2017 оны 4-р сарын 18-ны өдөр буюу дээрх бүртгэл хийгдсэнээс хойш улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлжээ. /х.х-н 210-211/

8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл өмнөх бүртгэлийг хүчингүй болгоогүй атлаа давхардуулан бүртгэл хийсэн нь тогтоогдож байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллага өмнөх бүртгэл болох Y-2205018842 дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 11 дүгээр байрны 2 тоот орон сууцны бүртгэлийг хүчингүй болгож өөрсдийн алдааг зөвтгөх боломжтой юм.

9. Мөн нэхэмжлэгчийн мэдүүлэгтээ хавсаргасан баримтуудаас үзвэл Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2004 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр орон сууцны зориулалтыг өөрчилж, үйлвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох тухай тушаал /уг тушаалаар зөвхөн 69 м2 талбайн зориулалтыг өөрчилөхөөр тусгасан/, үйлчилгээний талбайн хэмжилтийн тайланг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулсан байх бөгөөд тухайн газрыг эзэмших гэрээ болон гэрчилгээ байхгүй байна. /х.х-н 70-78/

10. Хэдийгээр тухайн барилгын өргөтгөлийг барихад газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй боловч уг бүртгэлийг хийлгэснээс хойш эрх нь үүссэн Т******* ХХК-ийн өргөдлийн дагуу Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч биш этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

11. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Э.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, 6.6, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ