Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 439 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0071/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Баас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, 6.6, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох” хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч нь Улсын ерөнхий байцаагчаас олгогдсон эрхийн хүрээнд иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулинд зааснаар өргөдөл гомдлыг хүлээн авч тухайн бүртгэл улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчилтэй баримт бичиг эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулах талаар холбогдох иргэн хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулж ажилладаг.

3.2. Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6167 дугаар дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэг болон 4 дүгээр зүйлийн 4.1.4 дахь хэсэг мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсгийг тус тус үндэслэж гарсан байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3 дахь хэсгийг үндэслэл болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.   

3.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Э.Бын өргөтгөлийн барилга нь тусдаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2 тоот байсаар байхад давхардуулж бүртгэсэн гэж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байхад бүртгүүлсэн нь газрын тухай хууль болон орон сууцны 1 болон 2 тоот нийт 69 м.кв талбайд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон байхад орон сууцыг өргөтгөж орон сууцны тухай хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар “ТЧ” ХХК-ийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11,12 дугаар байрны барилгажилтын төслийн хэрэгжүүлэгчээр батламжилж, эрх олгосон бөгөөд төсөл хэрэгжих газрыг тус компанид эзэмшүүлсэн.   

4.2. Тус төслийг хэрэгжүүлэхэд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 1 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль зөрчиж олгогдсоноос төсөл хэрэгжих боломжгүйд хүрч, олон оршин суугч, иргэд болон газар эзэмшигч гуравдагч этгээдийн эрх, ашиг зөрчигдөж хохироод байна. 

4.3. Тодруулбал, Улсын мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01-01/08 дугаар шийдвэрээр тус тус Баянгол дүүргийн 1-р хороо, орон сууцны 11 дүгээр байр нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбл 22.01.01/2006”-ын холбогдох заалтуудыг хангахгүй болсон, улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон тул тус байшингийн ашиглалтыг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглосон.

Улмаар Нийслэлийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай А/977 дугаар захирамж гаргаж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 11 дүгээр байрыг дахин төлөвлөж барилгажуулж тус орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.

4.4. Мөн нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02-01/1387 дугаар захирамжаар Орон сууцны тухай хуулийн 151дугаар зүйлийн 1516-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно” гэж заасны дагуу орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах ажлыг түдгэлзүүлэх арга хэмжээг авах тухай захирамжийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.

4.5. Гэтэл ашиглахыг хориглосон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 11 дүгээр байрны 1 тоотод 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ү-2205018474 дугаарт бүртгэж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, хууль зөрчсөн бүртгэл хийгдсэн байсан тул гуравдагч этгээдийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасныг хүлээн авч, хуулийн дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

4.6. Гэтэл анхан шатны шүүх хуулийг илтэд буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3 дахь хэсгийг үндэслэл болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Маргаан бүхий газар нь “ТЧ” ХХК-ийн эзэмшлийн газар, уг газар дээр төсөл хэрэгжүүлэхээр батламжлагдсан этгээд байтал тус компанийг газартай холбоотой асуудлаар гомдол гаргах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй ба төрийн захиргааны байгууллагад ямар ч этгээд гомдол гаргах эрх хуулиар олгогдсон. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь нэг үл хөдлөх эд хөрөнгийг давхар бүртгүүлсэн, мөн уг үл хөдлөх эд хөрөнгө нь газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй хууль зөрчиж баригдсан байна” гэж дүгнэсэн атлаа газар эзэмшигч “ТЧ” ХХК-иас тус газартай холбоотой гомдол гаргах эрхгүй гэж үндэслэлгүй тайлбараар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн нь хуульд нийцэхгүй.

 Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгчээс  “жинхэнэ өмчлөгч бус хөндлөнгийн этгээд болох “ТЧ” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч улсын байцаагчийн дүгнэлт гаргасан, өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан” гэсэн үндэслэлээр “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагчаас “... Э.Б нар нь Баянгол дүүргийн 1-р хороо, ... 2 тоот ... 1 тоот орон сууцуудаа өргөтгөлийн хэсэгтэйгээ нийлүүлэн нийт 239.1 м.кв талбайтайгаар бүртгүүлэхдээ 2 тоот орон сууцны 000094912 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн хэлтэст буцаан өгч бүртгэлийг хүчингүй болгуулахгүйгээр өөр дээрээ авч үлдэн бүртгэл давхардуулсан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь хэсэг, Орон сууцны тухай хуулийн 15.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн болох нь  тогтоогдсон ... Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журамд үндэслэж улсын байцаагчийн дүгнэлт гаргасан ...” гэж, гуравдагч этгээдээс “... орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах ажлыг түдгэлзүүлэх арга хэмжээг авах тухай захирамжийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн ... гэтэл ашиглахыг хориглосон ... 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ү-2205018474 дугаарт бүртгэж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, хууль зөрчсөн бүртгэл хийсэн ...” гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

4. Шүүх хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар бүхий “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтээр “иргэн Э.Б, Я.Г нарын өмчлөлд ... эд хөрөнгийн талбайг давхардуулж, газрын гэрээ, гэрчилгээгүй байхад өргөтгөлийн хэсгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэсэн нь холбогдох хуулиудыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлгийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

4.1.  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, 13.1.1-д  “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх”, 13.1.2-д “үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг өөрчлөгдөх”, 13.1.3-д “үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт өөрчлөгдөх” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:”, 13.2.1-д өргөдөл, 13.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол өөрчлөлтийг тусгаж, баталгаажуулсан кадастрын зураг, 13.2.3-т үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг өөрчлөгдсөн бол эрх бүхий байгууллагын шийдвэр, 13.2.4-т барилга байгууламжийн зураг төсөл, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, 13.2.5-т “бүртгүүлэхээр мэдүүлсэн бусад өөрчлөлтийг нотлох баримт”, 13.2.6-д “улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт” гэж,  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт зөрчилтэй бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20 дугаар зүйлийн 20.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.8-д “Улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох” гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж тус тус заасан.

4.2. Хэрэгт авагдсан баримтаар  Э.Б, Я.Г нар нь  эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаартай, Баянгол дүүргийн 1-р хороо, 11 дүгээр байр, 1 тоот хаягт байршилтай 44 м.кв, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018842 дугаартай, Баянгол дүүргийн 1-р хороо, 11 дүгээр байр, 2 тоот хаягт байршилтай, 29 м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2004 оны 02 дугаар сарын 19-ний өдөр  бүртгүүлсэн байх бөгөөд Нийслэлийн улсын бүртгэлийн газар нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороо, 11 байр, 1 тоот хаягт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн зориулалт, хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулан бүртгэхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өргөдөл, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2004 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 59 дугаар /59 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон/ тушаалыг хавсаргасан “Зөвшөөрөл олгох тухай”, “Үйлчилгээний талбайн хэмжилт”-ийн тайлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаартай, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтууд[1]-ыг хавсаргасан, үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

4.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус зааснаас үзвэл Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын нэгж болон улсын байцаагч нь улсын бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах зорилгоор улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн, түүнд нийцэж гарсан дүрэм журам зөрчигдсөн үйлдлийг таслан зогсоох, бүртгэлд өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, хууль зөрчсөн зөрчлийг арилгах талаар холбогдох этгээдэд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах арга хэмжээг авах хууль ёсны эрх бүхий этгээд байна.

4.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар “ Орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай” шийдвэрээр “ ... Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрмийн ... холбогдох заалтуудыг хангахгүй болсон, улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон ... нийтийн орон сууцны зориулалттай ... байшингийн ашиглалтыг ... хориглосугай ...” гэж шийдвэрлэсэн, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01-01/08 дугаар “Орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай” шийдвэрээр “... ашиглалтын шаардлага хангахгүй ... газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон ...” гэж шийдвэрлэсэн, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02-01/1387 дугаар “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын тухай” албан бичгээр “... ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай ... сууц өмчлөгчид нь өөрийн орон сууцыг өрөө тус бүрээр нь хувааж, улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд ... улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах ажлыг түдгэлзүүлэх арга хэмжээ авч ... хэрэгжүүлнэ үү” гэсэн албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна.

4.5. Мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх, барилгажуулах тухай” А/977 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар "Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай” захирамж,  Газар эзэмших эрхийн гэрчилгээний 000001891 дугаартай Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/10 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 3522.0 м.кв бүхий үйлчилгээний орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатай газрыг “Тэргүүнчансаа” ХХК-нд эзэмшүүлсэн гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд авагдсан байна.

4.6. Улсын бүртгэгч тухайн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 11 дүгээр байрны 1 тоот нэхэмжлэгч Э.Бын өмчлөлийн 239.1 м.кв талбай бүхий өргөтгөлийн барилгын үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохдоо дээрх эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууцны ашиглалтыг хориглосон байхад орон сууцны барилгын зориулалтыг өөрчилсөн байхад нягтлан шалгаагүй нь, мөн хүсэлт гаргагч уг өргөтгөлийн хэсэгт хамаарах газрыг хуульд заасан журмын дагуу өмчилж эзэмшээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд бүртгэж гэрчилгээ олгосон нь, мөн өмнөх бүртгэл хүчинтэй хэвээр байхад бүртгэл хийсэн нь тус тус хууль бус байх тул эдгээр үндэслэлээр тус үл хөдлөх хөрөнгөд холбогдох улсын бүртгэлийг хууль зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

4.7. Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллага “ТЧ” ХХК-ийн гомдлыг хүлээн авч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14.1-д заасныг тус тус үндэслэн хяналт шалгалт явуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтээр Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн нь дээр дурдсан үндэслэлээр хуульд нийцсэн байхаас гадна хариуцагчаас “өмнөх Ү-2205018842 дугаартай орон сууцны бүртгэл хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:”, 20.1.8-д “Улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох” гэж заасныг зөрчсөн” гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгчээс үүнийг үгүйсгэж маргаагүй байна. 

4.8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, 6.5-д “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна” гэж заасан байна.

4.9. Анхан шатны шүүх “... хэдийгээр тухайн барилгын өргөтгөлийг барихад газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй боловч уг бүртгэлийг хийлгэснээс хойш эрх нь үүссэн “ТЧ” ХХК-ийн өргөдлийн дагуу Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч биш этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна ...” гэсэн дүгнэлт, үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзлээ.

4.10. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар “ТЧ” ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байруудын барилгажилтын төслийг хэрэгжүүлэгчээр батламжлагдаж эрх олгогдсон, төсөл хэрэгжих газрыг тус компанид эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдсоноос үзвэл нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийгдсэнээс хойш уг газартай холбоотой эрх үүссэн гэж үзэхээр байх боловч төсөл хэрэгжүүлэх 11 дүгээр байрны 1 тоот орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлж өргөтгөлийн хамт бүртгүүлсэн бүртгэл хуульд заасан журмын дагуу хийгдсэн эсэхийг нягтлан шалгуулахаар “ашиглахыг хориглосон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 11 дүгээр байрны 1 тоотод 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ү-2205018474 дугаарт бүртгэж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасныг хууль бус гэж үзэх буюу тус компанийг улсын бүртгэлийн байгууллагад хандаж гомдол гаргаж шалгуулах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй, уг бүртгэлийг хүчингүй болгосноор тус үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэмшигч гэдэг утгаар хууль ёсны эрх сэргэх тухай ойлголт байхгүй боловч маргаан бүхий актаар хүчингүй болсон Ү-2205018474  дугаар улсын бүртгэл хууль бус байсан болох нь маргаан бүхий актаар тогтоогдсон, уг үл хөдлөх хөрөнгийг бүртгэлийн улмаас  ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчид хамгаалагдах хууль ёсны эрх үүсээгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Э.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, 20 дугаар зүйлийн 20.1.8, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Бын “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.                                                                                                                                                                                   

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны 138-151