Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/01362

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/01362

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  тоотод байрлах,******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13,851,400 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 104,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан 13,851,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Манай компани******* ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 16/133 дугаар гай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр захиалагч ******* ХХК-ийн захиалгын дагуу гүйцэтгэгч******* ХХК нь******* дүүргийн 20 дугаар хороонд 12мкв * 16мкв харьцаатай 5 метрийн өндөртэй автомашины засварын байрыг 107,700,000 төгрөгөөр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэж 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр актаар хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.******* ХХК гэрээт ажлыг 2016.10.25-нд дуусгасан ба 2016.11.11-ний өдрөөр барилга хүлээж авах техникийн комиссын акт үйлдэгдсэн байдаг. Гэвч гүйцэтгэсэн ажиЛд доголдол илэрч баталгаат хугацаа дуусаагүй байхад дээврийн хэсгээр борооны ус гоожсон тул******* ХХК-нд 2017.06.22-ны өдөр засвар хийлгэхээр 17/577 тоот албан шаардлага хүргүүлсэн. Тус албан шаардлагын хариуг өгөөгүй, засвар хийгээгүй тул******* ХХК-тай утсаар холбогдоход тус компанийн захирал М.Б танай шаардлагыг биелүүлэх боломжгүй, хандах газартаа ханд гэж хариу өгч байсан. иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн хаягийг тогтоож эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж хариуцагчийг эрэн сурвалжлуулж хаяг тогтоогдсон. Манай компани үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний "Хөрөнгө-эстимэйт ХХК-иар 2019.07.18-ны өдөр дээрх барилгад Хохирлын үнэлгээний тайлан" хийлгэхэд 13,431,200 төгрөгийн хохирол учирсан байсан бөгөөд тус барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэснээс барилга өдрөөс өдөрт муудаж байгаа. Иймд хариуцагч******* ХХК-иас Хохирлын үнэлгээний тайлан-гаар тогтоогдсон хохирол болох 13,431,200 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 350,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 13,851,400 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн агуулгатай уялдаж өгөхгүй байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч би нэхэмжлэлийн шаардлагыг Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон барилгын доголдлыг арилгах зардалд 13,851,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж тодруулж байна гэжээ.

 

2.Хариуцагч хариу тайлбар, татгалзлаа 2014 оны 7 дугаар сарын 7-нд барилгын ажил гүйцэтгэх гэрээ ******* ХХК-тай манай компани байгуулаад эхний 12*16м2-ыг харьцаатай 5 метрийн өндөртэй 207 м2 талбай бүхий барилгын ажлыг хийнэ гэж тохирсон байсан. Явцын дунд дахиад 33 м2 нэмэгдэж 2 давхар болж барилга маань нэмэгдсэн байдаг. ******* ХХК-аас гарч байгаа нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй. Яагаад вэ гэхээр барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.3-т заасан байдаг. Дуусаагүй барилгыг улсын комисс хүлээж аваагүй, авах боломжгүй, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Улсын комисс хүлээж авсан юм байхгүй, техникийн комисс өөрсдөө ажилласан боловч дараа дараагийн шатын комисс ажиллаагүй. Зөвхөн манай хийсэн ажлыг гэрээг дүгнээд хүлээж авсан. Хүлээж авсан акт байгаа. Тэрнээс биш улсын комисс хүлээж аваагүй. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т барилга байгууламжийг ашиглалтад өгснөөс хойш нэг жилийн хугацаанд зөвшөөрч тохируулах хугацаа гэж байдаг. Энэ хугацаанд хамтарсан үзлэг хийгээд болж бүтэхгүй байх юм бол захиалагч тал, гүйцэтгэгч тал зургийн автор, 3 талаасаа үзлэг хийгээд болж бүтэхгүй байх юм бол тэрийгээ тусгаад аль нэг хохирсон, хохироосон тал нь манайх жишээ нь муу юм хийх юм бол тэрийгээ засаж залруулах хугацаа байсан. Гэтэл ******* ХХК нь нэг ч удаа бид нарт хандаж хэлээгүй, нэг ч удаа хамтарсан үзлэг хийгдээгүй, зөвхөн хүлээж аваад авсныхаа дараа жил бүтэн жил 2016 онд аваад 2017 онд үлдэгдэл мөнгийг маань барьцаа болгож байж байгаад 2017 онд сайхан болчихлоо гээд үлдэгдэл мөнгөө өгөөд хоёр тийшээ салсан. Энэ олон жилийн дараа гэнэтхэн ийм яриа эхэлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Барилгын маань дээврийн бүтээц гэж байгаа. Эндээс ус гарах ямар ч боломжгүй. Яагаад вэ гэхээр барилга маань урд талаасаа арагшаа метр 20-ийн өндөрлөөгөөтэй хагас налуу ус тогтох боломжгүй. 20 см-ийн хатуу хөөстэй, дээвэр дотор, гадна талдаа 2 талдаа 5, 5 см-ийн зузаан төмөртэй, 3 талаар 25, 25 см-ийн илүү төмөртэй. Илүү төмрийг даваад дотогшоо урсаад дахиж хана руугаа орвол ус орно гэж байдаггүй. Урд талдаа 80 см-ийн өргөнтэй дээврийн бүтэц нь ийм байна. Яндангийн агааржуулалтын хоолойгоор ус орлоо гэж яриад байгаа юм. Яндангийн агааржуулалтын хоолой маань яах вэ гэхээр агааржуулалтынхаа зураг төслийг нь ******* ХХК нь өөрөө гаргаж өгсөн. Ямар инженерийн тооцооллоор энд нь хийвэл сайн агааржуулалт орно, тэнд нь хийвэл сайн агааржуулалт орно гэдгийг нь тооцоолчихсон байгаа. Шинжлэх ухааны инженерийн тооцоолол гэдэг чинь зүгээр нэг хүн дураараа хийсэн зүйл биш, бид нар тэр зургаар гүйцэтгэсэн. Бид нар агааржуулалтын нүхээр ус орлоо гэхээр ус орох нөхцөл байхгүй. Яагаад гэхээр яндангийн нүх шиг нүхнүүд гарсан байгаа. Тэрний дээд талын хэсэгт нь малгайвч гээд яндангийн нүхийг 2 дахин томсгосон том ус орчих вий дээ гээд бороо цас, нус орох вий дээ гээд тийм юм хийсэн. Тэр том юмыг доогуур нь дахиж борооноос дээшээ гараад тэр нүхээр орно гэж хаана ч тийм юм байхгүй. Яндангаа суурилуулахдаа стандарт нормын дагуу силикондоод хар битумаар дахин шаваад, ийм тохиолдолд гэмтлээр ус орно гэж байхгүй. Бид нарын хувьд юу гэж бодож байгаа вэ гэхээр энэ барилга байгууламж маань барихдаа цахилгаан сангийн шийдлүүдийг нь инженерийн шугам сүлжээ, цахилгаан халуун хүйтэн ус, халаалт энэ бүх цахилгааны шийдлүүдийг манайх хийгээгүй. Үүнийг ******* компани өөрсдөө хийсэн, энэ гэрээнийхээ ар талд өөрсдөө хийнэ гээд тусгачихсан байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүгчдийн бүрэлдэхүүнтэй би очиж үзсэн. Тухайн барилга байгууламж хүлээж авснаас хойш 4 жилийн дараа шүү дээ. Яваад очиход халаалтын систем байхгүй. 5 метрийн өндөр, өндөр гэдэг нь яах вэ гэхээр хамгийн халуун хүйтэн, харших магадлал өндөртэй, 5 метрийн өндөртэй, 2 том хаалгатай, тэр хаалганыхаа дээд талынх нь халаалтын хөшиг тавина гээд журам заасан байдаг. Тэрийгээ тавиагүй, халаалт нь юуг шийдэж байгаа нь халаалт ч байхгүй, өөрсдөө хийнэ гэсэн байхгүй. Машин угаадаг газар, засвар үйлчилгээ хийдэг газар. Өөрсдийнхөө буруугаас үүдэлтэй юмаа манайхаар засуулна гэж байхгүй, болохгүй шүү дээ. Газаа шийдсэн юм уу, тогоо шийдсэн юм уу гэхээр шийдсэн юм нь байхгүй. Бид нар бүгдээрээ очиж үзсэн байхгүй, 2 том хаалгыг хийсэн боловч байнга онгойж гарна, өвөл хүйтэн нь онгойж гарна, машин дотор нь машин орж гарна, дээд талд нь халуун хөшиг хийнэ гэсэн зураг дээрээ ийм байсан, бас л ******* ХХК хийнэ гэсэн байхгүй, одоо ч гэсэн хийгээгүй. Энэ мэтийн ийм байдлаасаа үүдээд манайхаар юмаа засуулах гээд байгааг үгүйсгэж байна. Бид нар ор тас алга болсон биш. 2017 онд манайхаас очиж цонх шиллэсэн. 11 ажилтан, 11 зөрчил үүсгээд тэрнийх нь 10-ы нь тухайн үед нь бүгдийг нь бэлдэж дахиж техникийн комисс хүлээлгэж өгөөд, цонхны шиллэг нь яах вэ гэхээр дулаан орохоор болъё, тийм учраас танай ажлын чанарыг үзэж байж үлдсэн 16,000,000 төгрөгөө өгье гэсэн. За тэгье гээд албан бичгээр тохиролцсон. Бид нар амаараа тохиролцсон. Албан бичиг нь энд байна. Тохиролцоод очиж цонхны шиллэхдээ биетүүдийг дахиж харж, манай хүмүүс бэлдсэн юмнуудаа авч очоод дахиж шинээр нь давхарласан. Тухайн үед давхарлаад явахад танайх ямар ч зөрчилгүй боллоо. Нэг жил харлаа, цас, бороо орохыг харлаа, боллоо гээд манайд 16,000,000 төгрөгөө өгөөд эцэслэн шийдвэрлэсэн. Манайх дахиад авлагатай байсан чинь 16,000,000 төгрөг өгөөд бусдыг нь хасаж тооцлоо дуусгавар болно гээд 2017 оны 4 дүгээр сард барилгын чанар чансаатай холбоотой бүх юм дуусгавар боллоо гээд үлдэгдэл мөнгөө өгөөд манай авах ёстой байсан мөнгөний хагасыг нь өгөөд тэр чигтээ орхисон. Энэ өдрөөс эхлээд бид нар сөрөг нэхэмжлэл гаргах хугацаа эхэлсэн. Манай буруутай үйлдлээс үүссэн гэж үзэхгүй байгаа. Ард талын хана хууларсан гээд байгаа. Ард талын хана яагаад хууларсан бэ гэхээр дан том машин ордог. Том машин ороод арагшаа ухрахдаа ард талынхаа ханыг мэддэг, ******* компани аргаа бараад урд талд нь хязгаарлах төмөр хийгээд өгсөн байдаг. Жолоочид энэ төмрөөс хойшоо явбал ард талын хана цохино гээд аргаа бараад тийм юм хийгээд өгчихсөн байгаа. Бид нарыг очиход том машин зогссон байсан хананд нь наалдаад тулчихсан байсан. Хана цохилтоос үүдээд мултарчихсан. Бид нарын буруугаас болж мултарсан бол хажуу тал нь мултрахгүй яасан юм, урд тал нь мултрахгүй яасан юм. Өөрсдөө хийх ёстой барилгынхаа бүрэн бүтэн байдлыг гүйцээж хийгээгүй, инженерийн шугам сүлжээг хийгээгүй. Энэнээс үүдээд цана цохих юм уу тэр байдлаас болж ус гоожоод халуун хүйтэнд хэдэн замаскууд нь бүгд үрчийсэн. Энэ байдлаараа манай буруу гээд олон жилийн дараа ингээд байгаа нь хууль бус гэж бодож байгаа. Тийм учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан 104,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Барилгын гүйцэтгэлийн явцад гэрээнд тусгагдсан зардлаас илүү гарсан зардал болох 17,850,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

3.1.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай компани нь 2016 оны 06.28-ны өдөр *******ХХК-ийн******* дүүргийн 20-р хороонд байрлах 12:16м2 бүхий 5м өндөртэй 207м2 авто машины засварын байрыг барьж гүйцэтгэсэн. Гэрээгээр 2016 оны 07 дугаар сарын 29-нд дуусахаар 1 сарын хугацаатай гэрээ хийсэн. Гэрээнд зааснаар санхүүжилтийг дээрх хугацаанд 4 хуваан олгохоор тохиролцож тусгасан боловч явцын дунд санхүүжилтээ өгөхгүй барилгын ажлыг удаашруулснаас гэрээний дагуу санхүүжилтээ цаг тухай бүрд нь өгөөгүй улмаас барилгын ажил 11 дүгээр сар хүртэл явагдсан. Энэ хугацаанд ажилчдын цалин, хоол унд, хөдөлмөр хамгаалал, болон бусад урсгал зардлууд нэмэгдсэн. Нийт 3 сар 10 хоног (100 хоног) хэтрэлттэй ажиллаж бид санхүү эдийн засгаар хохирсон. Иймд бид дунджаар 16 ажилчдын хоол ундыг тооцоход (1 ажилтны өдрийн 3 удаагийн хоолыг 8000 төгрөгөөр бодож) 12.800.000 төгрөг, 16 ажилтны өдрийн цалинг тооцоход (1 ажилтны өдрийн дундаж цалин 45000 төгрөг) 72.000.000 төгрөг, Хөдөлмөр хамгааллын зардал 600.000 төгрөг, Ажилчдын амьдрах гэрийн түрээс 2ш гэр (1 гэрийн сарын түрээс нь 250.000 төгрөг) 1.500.000 төгрөг, Нийт 86.900.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Үүнд үндсэн нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамж болох 246.250 төгрөгийг нэмж нийт 87.146.250 төгрөгийг үндсэн нэхэмжлэл дээр нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус барилгын ажил гүйцэтгэх гэрээг 107,700,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Мөн барилгын гадна талд өнгөлгөөний тоосго өрнө гэж 17,169,537 төгрөгийг хариуцагч тал манай компаниас нэмж авсан.******* ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манайд барилгын үлдэгдэл зардал болох 16,700,000 төгрөгийг өгөөчээ гэсний дагуу манайх 10,000,000 төгрөгийг олгоод үлдэгдэл 6,700,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгийг олгосон. Манайх хариуцагч******* ХХК-д гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн үлдэгдэл төлбөр байхгүй. Бид бүх төлбөрийг төлсөн. Барилгын гүйцэтгэлийг хоцроож, манай компанийг хохироосон байж одоо сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

6.Нотлох баримтаар нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн гэрчилгээ хуулбар /хх-ийн 3/, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 5/, барилгын ажил хүлээлгэн өгөх тухай мэдэгдэл хуулбар /хх-ийн 7/, шаардлага хүргүүлэх тухай /хх-ийн 8/, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх 9-16/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/00730 дугаар шийдвэр /хх-ийн 17-18/, техникийн комиссын дүгнэлт 43-44/,******* ХХК-ийн хүсэлт /хх-ийн 45/, гэрээ дүгнэсэн акт /хх-ийн 46/, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/285 тоот албан бичиг /хх-ийн 168/, монгол шуудан ХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 169/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 170/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 171/, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/55 тоот албан бичиг /хх-ийн 172/, Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 173/, хамтран эзэмшигчийн бүртгэл /хх-ийн 174/, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 175-178/, Архтектур төлөвлөлтийн даалгавар /хх-ийн 179-184/, барилгын ажил гүйцэтгэх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16/133 дугаар гэрээ /хх-ийн 189-190/, авто засварын зураг төсөл, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 26/, хоёр хуудас фото зураг /хх-ийн 48-49/, орлогын мэдүүлэг /хх-ийн 64/, өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт /хх-ийн 65/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 66-67/, фото зураг /хх-ийн 68/, зарлагын баримт /хх-ийн 69-71/, цалингийн цэс /хх-ийн 72/, татварын өрийн тооцоолол /хх-ийн 73/, барилгын ажил гүйцэтгэх санхүүжилтын тооцоо /хх-ийн 83/,******* ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг /хх-ийн 84/, нэхэмжлэл /хх-ийн 85/, кассын орлогын ордер /хх-ийн 86-87/, нэхэмжлэл /хх-ийн 88/, татвар төлөлтийн лавлагаа /хх-ийн 104/, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /хх-ийн 105-106/, кассын зарлагын ордер /хх-ийн 108-114/,******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 01 дүгээр сарын тайлан /хх-ийн 115/,******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 10 дугаар сарын тайлан /хх-ийн 116-117/, татварын өрийн тооцоолол /хх-ийн 118/, татварын албанаас мэдэгдэх хуудас /хх-ийн 119/, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан акт /хх-ийн 120/, хана сууринд төмөр бетон бүс хийсэн акт /хх-ийн 121/, суурь хийсэн акт /хх-ийн 122/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 123-125/, тооцооны хуудас, зарлагын баримт /хх-ийн 126-130/, цалингийн цэс /хх-ийн 191-194/, төсөвт өртгийн нэгдсэн товчоо /хх-ийн 195/, цалингийн нэгтгэл /хх-ийн 196-201/, материалын хэрэгцээ /хх-ийн 202-204/, нийт барилгын тээврийн тооцоо /хх-ийн 205-207/, машин механизмын хэрэгцээ /хх-ийн 208-209/, улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 231/, Хаан Банк ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 232-234/, Капитал банк ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 235-239/, Үндэсний татварын алба тодорхойлолт /хх-ийн 240/, татвар суутган төлөгчийн тайлан /хх-ийн 241-242/, мэдэгдэх хуудас /хх-ийн 243/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх хуудас /2хх-ийн 3/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /2хх-ийн 4-7/, эд хөрөнгө битүүмжлэх тухай /2хх-ийн 8-9/, шүүхээс Монгол шуудан ХК-ийн албан бичиг /хх-ийн 80/, үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан матераил /хх-ийн 135-153/, Монгол шуудан ХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08/363 дугаар албан бичиг /хх-ийн 154/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 75-98/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч******* ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 16/133 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр ******* ХХК-ийн захиалгын дагуу гүйцэтгэгч******* ХХК нь******* дүүрэг, 2 дугаар хороонд 12:16 м.кв харьцаатай 5 метрийн өндөртэй автомашины засварын байрыг 107,700,000 төгрөгөөр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэж, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр актаар хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.******* ХХК гэрээт ажлыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгасан ба 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр барилга хүлээж авах техникийн комиссын акт үйлдэгдсэн. Гэвч гүйцэтгэсэн ажилд доголдол илэрч баталгаат хугацаа дуусаагүй байхад дээврийн хэсгээр борооны ус гоожсон. Манай компанийн зүгээс мэргэжлийн байгууллага болох Хөрөнгө эстимэйт ХХК-аар шинжилгээ хийлгэж, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг дүгнэлтээр дээврээс ус гоожсон гэдгийг тогтоосон байдаг. Иймд талуудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон барилгын доголдлыг арилгахтай холбоотой зардал 13,431,200 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 350,000 төгрөг, эрэн сурвалжлуулахаар төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 13,851,400 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

1.2.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Нэхэмжлэгч ******* ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 16/133 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр******* дүүрэг, 2 дугаар хороонд 207 м.кв талбай бүхий засварын газар барихаар тохирсон. Явцын дунд талбайн хэмжээ нэмэгдсэн. Барилгын тухай хуульд заасны дагуу барилгыг улсын комисс хүлээж аваагүй байхад нэхэмжлэгч ашигласан. Манай ажлыг хүлээж авсан. Ашиглалтад өгснөөс хойш зөвшөөрч тохирсон хугацаа гэж байдаг. Ажлын талаар доголдол байсан бол бидэнд хэлэх боломжтой байсан ч ямар ч шаардлага гаргаж байгаагүй. Олон жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Барилгын дээврээс ус гоожих ямар ч боломжгүй. Дээвэр дээр ус тогтох боломжгүй налуутай. Тодор талдаа хөөстэй бөгөөд зузаан төмөртэй. 3 талаар дахиж төмөрлөсөн хийцтэй. Дээврийн яндангийн агааржуулалтын хоолойгоор ус орсон гэдэг. Энэ зураг төслийг нэхэмжлэгч тал өөрөө гаргаж өгсөн. Бид тэр зураг төслөөр хийсэн. Бид яндангийн дээр хаалт хийж өгсөн. Яндан суурилуулахдаа стандартын дагуу хийсэн. Харин барилгын цахилгаан, санг нэхэмжлэгч тал өөрөө хийсэн. Барилга баригдсанаас хойш 4 жил болоход халаалт хийгээгүй хэвээр байсан. 2 том халаагч, хаалганы дээр халаалтын хөшиг тавихаар байсан ч тэрийгээ хийгээгүй байсан. Машин угаадаг газар. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Барилга хүлээлгэж өгөх үед 11 дутуу ажил байсан бөгөөд тухайн үед 10-ыг нь засаж, цонх дулаан болохоор засахаар болж зассан. Ингээд манай үлдэгдэл төлбөрийг жилийн дараа шилжүүлсэн. 2017 оны 04 сард барилгын талаар бүх тооцоо дуусгасан. Манай буруугаас хохирол үүсээгүй. Угаалгын газар машин орж ухраад мөргөдөг. Түүнээс болсон гэмтэл байгаа. Энэ байдлаас цана цохиж ус гоожсон гэж үзэж байна. гэж тайлбарласан.

 

1.3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Барилга барихаар гэрээ хийснээс хойш 33 м.кв талбай нэмэгдсэн. Гэрээний дагуу санхүүжилтээ тохирсон байсан. Санхүүжилт нь хугацаандаа орохгүй байснаас хугацааг сунгасан. Үүнтэй холбоотой ажилчдын болон бусад зардал нэмэгдсэн. Мөн гадна өнгөлгөөг шавардлага имүлсээр хийхээр тохирсон байсан. Үүнийг өөрчилж өнгөлгөөний тоосгоор хийхээр болсон. Үүнтэй холбоотой ажилчдын хөлс нэмэгдсэн. 2017.4.11-нд үлдэх төлбөрийг төлж дуусгаснаар хугацаа хэтрүүлсэн нь нотлогдож байна. Гадна фасад өнгөлгөөний тоосгоор хийсэн учир нэмэлт зардал 17,850,000 төгрөг гарсан. Санхүүжилт хугацаандаа олгоогүйгээс 100 хоног сунаж ажилласан ажилчдын цалин өдрийн 45,000 төгрөг, хоол өдрийн 8,000 төгрөгөөр тооцоход нийт 104,750,000 төгрөг болсон. гэж тайлбарласан.

 

1.4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Барилгын тухай хуульд зааснаар барьсан барилга нь барилгын зөвшөөрөл шаардахгүй. Хариуцагч хаяг дээрээ байдаггүй байсан юм. Бид эрэн сурвалжилж олж албан бичиг явуулсан юм. Мэдээллээ солилцдоггүй байсан. 1 жилийн дотор зүгшрүүлэх ажлын талаар өөрсдөө холбогдох, үзэх боломжтой байсан. Манай санхүүжилт өгөөгүй гэдэгтэй холбоотой шаардлага гаргаж байсан зүйл байхгүй. Талууд барилгаа хүлээлцэж албан бичгээр доголдол арилгахаар мэдэгдсэн. 2016 оны 11 сарын 01-ний өдөр тооцоо хийж, төлбөрөө авсан. Бүх тооцоогоо нийлээд 17,700,000 төгрөгийг олгохоор тохирсон. 2019 он хүртэл илүү зарцуулсан тооцоо байсан бол шаардах эрх нь байсан. Хөөн хэлэлцэх хугацаандаа шаардлага гаргаагүй байна. Хийсэн ажлын тооцоо хийгээд дуусгасан. Мөн манай барилга дээр ажиллахад гарсан зардал болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тухайд

 

2.1.Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч******* ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 16/133 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээгээр хариуцагч******* ХХК нь******* дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн хашаанд 12х16 м.кв харьцаатай, 5 метрийн өндөртэй, 207 м.кв талбай бүхий автомашины засварын байрыг 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр хүртэл хугацаанд барьж, нэхэмжлэгч ******* ХХК нь ажлын хөлс 107,700,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ./1хх-ийн 5-6/.

 

2.2.Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. Талууд гэрээ хуульд заасан хэлбэрээр, сайн дурын үндсэн дээр хүсэл зоригийн илэрхийлэл болгон байгуулсан байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

2.3.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн болох автомашины засварын барилгын ажлыг гүйцэтгэхдээ доголдолтой хийсэн гэж үзэж доголдлыг арилгуулах засварын зардлыг Хөрөнгө-эстимэй ХХК-ийн дүгнэлт, үнэлгээг үндэслэн 13,431,200 төгрөгөөр тооцож гаргуулахаар шаардсан.

 

2.4.Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т заасны дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх эрхтэй.

 

2.5.Хариуцагч гэрээт ажлыг хийж, ажлаа 2016 оны 11 сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид акт үйлдэн хүлээлгэж өгсөн болох нь Барилга хүлээж авах техникийн комиссын актаар тогтоогдож байна. /1хх-ийн 44/ Шүүхээс 2020 оны 04 сарын 17-ны өдөр маргаан бүхий барилгад үзлэг хийсэн байх бөгөөд үзлэгээр авто засварын барилгын хойд хана, зүүн хана дагаж ус гоожсон, ...2 давхарт гал тогооны урд хана шохой хууларсан, зүүн урд байх 00-ын өрөөнд ус гоожсон, гол тогоо, 00-ны өрөөний урд паркетан шал хөндийрсөн, гал тогооны хана өнгөн хэсэг замаск хагарсан, гал тогоон залгаа өрөөний баруун урд булан замаск хууларсан, барилгын гадаа баруун тийш харсан төмөр хаалга, амлгаа цуурсан, барилгын баруун талын гадна талын хэсэг хөндийрсөн байдалтай болсон нөхцөл байдал тогтоогдсон.

 

2.6.Дээрх эвдрэл, гэмтлийн засварын зардлын дүн Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон хэдий ч уг эвдрэл гэмтэл хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажил доголдолтой байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

2.7.Иймд хариуцагч******* ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний дагуу доголдол засах болон холбогдон гарсан зардалд нийт 13,851,400 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

3.Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

3.1Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгчээс гэрээгээр тохиролцсон хугацаанд санхүүжилтээ олгоогүйгээс ажил гүйцэтгэх хугацаа хойшлогдож, ажилчдын цалин, хоол, байр /2 гэр/, хөдөлмөр хамгаалалтын зардал болон бусад зардал нэмэгдэж 86,900,000 төгрөгийн нэмэлт зардал, мөн барилгын гаднах хана хөөс, шавардлага байсныг өнгөлгөөний тоосгоор өнгөлөхөөр өөрчилснөөс төсөв нэмэгдэж 17,850,000 төгрөгийн зардал тус тус нэмэгдэж гарсан үндэслэлээр нэхэмжлэгчээс нийт 104,750,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

3.1.Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т гэрээний нийт үнэ 107,700,000 төгрөг байна. Энэ үнээс захиалагчаас хангасан материал болон гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасаж тооцох, 3.2-т гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан суурийн ажил эхлэхэд бэлэн болж, ажилчид талбай дээр байрласны дараа ажлын урьдчилгаа 31,000,000 төгрөгийг, гүйцэтгэх ажлын дундын санхүүжилтээр суурь, тоосгон өрлөгийн ажил гүйцэтгэж дууссаны дараа 30,000,000 төгрөгийг, угсралтын болон заслын ажил хийгдсэний дараа 30,000,000 төгрөгийг, гэрээгээр тохиролцсон ажил 100 хувь дуусаж, ажлыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл 16,700,000 төгрөгийг олгож дуусгахаар тохиолцсон байна.

 

3.2.Барилгын ажил гүйцэтгэх гэрээг талууд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дүгнэжээ. Гэрээ дүгнэсэн баримтад гэрээний нийт дүн 107,700,000 төгрөг, нэмэлт 33м.кв ажилд 17,169,537 төгрөгийг нэмж тооцсон байх бөгөөд олгосон санхүүжилтээс үлдэх 39,424,537 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид өгөхөөр тооцоо нийлсэн байна. Энэхүү тооцоо нийлсэн дүнг хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд үлдэгдэл 39,424,537 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрч маргаагүй. /1хх-ийн 46, 83, 85-88/

 

3.3.Ийнхүү тооцоо нийлж, гэрээ дүгнэх үед барилгын гаднах ханыг өнгөлгөөний тоосгоор өнгөлөхөөр өөрчилснөөс төсөв нэмэгдэж 17,850,000 төгрөгийн зардал гарсан, санхүүжилт хойшлогдсонтой холбоотой 86,900,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан талаар тусгагдаагүй.

 

3.4.Түүнчлэн нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй нэг үндэслэлээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шаардлагыг нэхэмжлэгчид өмнө нь гаргаж байсан нь тогтоогдохгүй байна.

 

3.5.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016 оны 11 сарын 01-ний өдөр дүгнэсэн байх тул энэ хугацаанаас эхлэн хариуцагчид шаардах эрх үүсэж, хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Хэрэв хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

3.6.Иймд нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох 104,750,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,210 төгрөгийг, хариуцагч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 839,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-д холбогдох 13,851,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох 104,750,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Гэрэлт фокус ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,210 төгрөгийг, хариуцагч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 839,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР