Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020

 

Ц.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02050 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Хд холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч, уг байранд миний өндөр настай аав, ээж амьдарч байгаад 2014 онд нас барсан.

Үүнээс хойш Ц.Хын хүү Н.Батсайханг эхнэр, хүүхдүүдийн хамт түр амьдрахыг зөвшөөрч, 2 жил гаран үнэ төлбөр аваагүй. Гэтэл нь одоо Ц.Х амьдарч байгаа.

Би 2016 оны 8 дугаар сараас эхлэн уг орон сууцыг Ц.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тэрээр янз бүрийн байдлаар шүүхэд худал мэдүүлсээр 3 жилийн хугацаа өнгөрч, хугацаа хожин амьдарсаар байгаа нь намайг хохироож байна.

Иймд Ц.Хын хууль бус эзэмшилээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Цэрэндагва, Ц.Галя нар нь гэр бүлийн амьдралтай байх хугацаандаа Ц.Энхбат, Ц.Энхтуяа, Ц.Х, Ц.Э гэх 4 хүүхэдтэй болсон.

Д.Цэрэндагва, Ц.Галя нар 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 87 тоот 2 өрөө орон сууцыг авч улмаар миний хүү Э.Батсайханд шилжүүлсэн.

Гэтэл Ц.Э нь банкнаас зээл авахад өөрийн нэр дээр эд хөрөнгийн баталгаатай байх ёстой, орон сууцыг түр миний нэр дээр шилжүүлж өгөөч гэж гуйсан учраас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан.

Гэтэл өнөөдөр хууль, шүүхийн эрх бүхий байгууллагад тус эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мэтээр илэрхий худал зүйл ярьж байна. Ц.Х нь тус орон сууцыг худалдан авсан үеэс аав, ээжтэйгээ амьдарч тэднийг асарч, халамжилж байсан.

Ц.Х нь уг орон сууцыг анх аав, ээж нь авсан цагаас амьдарч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Хын хууль бус эзэмшлээс Ц.Эын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот, 26 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэгч нь 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлийг шилжүүлэн авсан боловч эзэмшлийг нь хүлээн аваагүй байдаг.

Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж байгаа тохиолдолд түүний эзэмшлийг ч шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэтэл бэлэглэгч буюу Э.Батсайхан нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлж өгөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй байхад Э.Батсайханд холбогдуулан шаардлага гаргаагүй.

Өөрөөр хэлбэл анхнаасаа бэлэглэгчээс хүлээн аваагүй эзэмшлийг бэлэглэгчээсээ шаардахгүйгээр гуравдагч этгээдээс эзэмшлийг шаардаж байгаа нь хууль бус гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан хорооны тодорхойлолтоос үзвэл Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоотод орон сууцанд Ц.Хаас гадна түүний эгч Ц.Энхтуяа нь оршин суудаг болох нь нотлогддог. Ц.Энхтуяагийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хөндөж байна гэж үзэн Ц.Энхтуяаг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахад шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх, тайлбар гаргах боломжийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байна.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зохигчдын эцэг, эх нь өөрсдийн хөрөнгөөр худалдан авч гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг бий болгосон байдаг. Иймээс зохигчдын эцэг, эх нас барсан тул тэдгээрийн хүүхдүүд адил хэмжээгээр өмчлөх эрхтэй.

Иймээс хариуцагч Ц.Х нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот хаягт байрлах, 26 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцогдох, үндсэн нэхэмжлэлтэй харилцан хамааралтай гэж үзнэ.

Гэтэл сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, түүнтэй холбоотой нотлох баримт гаргах, мэтгэлцэх боломжийг олгоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э хариуцагч Ц.Хд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот, 26 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар тогтоолоор төрөөс хувьчилсан 0044746 тоот гэрчилгээг үндэслэн 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Г.Нарсайхан, Г.Мөнхсайхан нарын өмчлөлд бүртгэжээ. Г.Нарсайхан, Г.Мөнхсайхан нар нь 2001 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Ц.Лувсан-Очирын өмчлөлд, Ц.Лувсан-Очир нь 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Ц.Галягийн өмчлөлд, Ц.Галя нь 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Э.Батсайханы өмчлөлд, Э.Батсайхан нь 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Ц.Эын өмчлөлд уг орон сууц өмчлөх эрхийг тус тус шилжүүлсэн болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7/10458 тоот албан бичгээр гаргасан лавлагаагаар тогтоогдсон байх ба энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх70/

 

Ц.Х уг орон сууцад одоогоор оршин сууж байгаа талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч Ц.Х нь Ц.Э банкнаас зээл авахын тулд орон сууцны өмчлөх эрхийг Э.Батсайханаас түр шилжүүлж авсан гэж тайлбарлаж байгаа боловч уг үйл баримт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02447 дугаар шийдвэрээр Э.Батсайханы 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэргэсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2115 дугаар маргадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2019/00314 дүгээр тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Иймд Ц.Э нь уг орон сууцны өмчлөгч бөгөөд уг орон сууцыг Ц.Х хуулийн дагуу эзэмшиж байгаа нь тогтоогдохгүй  байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Хын хууль бус эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч Ц.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2019/11105 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Учир нь тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлон улсын тэмдэгтийн хураамжийг төлөх байжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ц.Энхтуяаг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2019/10912 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох бөгөөд Ц.Хд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүхийн шийдвэр нь Ц.Энхтуяагийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг Ц.Энхтуяа эзэмшиж байгаа талаар дурдаагүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                   ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                Э.ЗОЛЗАЯА